• Өнөөдөр 2024-05-20

Хэрэг илрүүлж явсан Р.Чингис хотын бүтээн байгуулалт, хөгжлийн тухай мэдэх нь юу л бол

2021-03-15,   971

БОДЛОГО ТОДОРХОЙЛОХООС ИЛҮҮ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮН ХАЖУУДАА БАЙЛГАХ НЬ СҮРТЭЙ ХАРАГДАНА ГЭЖ Д.СУМЪЯАБАЗАР ТООЦООЛСОН БАЙЖ МЭДНЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын дарга, нийслэлийн нэгдүгээр орлогчоор томилоод буй. Уг томилгоог ихэд яаруу, сандруу хийж, ажлын цаг дууссан хойно тамга, тэмдгийг нь хүлээлцүүлсэн тухай ойр тойрныхон нь ярьдаг. Тодруулбал, нийслэлчүүдийг нэг л өглөө сэрэхэд хотын нэгдүгээр орлогчоо сольчихсон сонирхолтой үйл явдал одоогоос сар гаруйн өмнө буюу хоёрдугаар сарын 9-нд өрнөсөн гэсэн үг.  
 
Д.Сумъяабазар ийн томилгоо хийхдээ хуулийн байгууллагад ажиллаж байсан нөлөө бүхий хүнийг хажуудаа авсан нь ямар нэг зайлшгүй шалтгаантай байж таараа гэх хардлага нийтийн дунд өрнөсөн. Түүгээр ч барахгүй түүнийг намын даргатайгаа түнжин муудаж, одоогийн Шадар сайд С.Амарсайхан нартай таарамжгүй харилцаатай учир ийн өөрийгөө хамгаалах баг бүрдүүлж байгаа гэх бор шувуу ч нисэх болсон. Нээрээ ч Д.Сумъяабазар шаардлагатай бол хууль хүчнийнхнийг дайлчлах, тэднээр хүрээлүүлэхэд Р.Чингис хэрэгтэй. Тэрнээс биш, нийслэлийн хөгжил цэцэглэлтэд анхаарч, бүтээн байгуулалт, бодлого тодорхойлуулахыг зорьсон бол мэргэжлийн, чадварлаг хүн авчрахаа тэр юу эс андах.  

Хотын нэгдүгээр орлогч дарга Р.Чингист Цагдаагийн ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж байсан ч цагдаа удирдах, иргэдийг хөгжүүлэх хоёр тэнгэр, газар шиг ялгаатайг сануулах нь зүйтэй  болов уу. Хэрэг илрүүлж, хэрэгтний араас мөшгиж, хэсэгхэн хугацаанд удирдах албан тушаал хашсанаас өөр төрийн бодлого тодорхойлох түвшний туршлагагүй шахам түүнд нийслэлийн 1.5 сая иргэнийг удирдана, амь амьжиргаанд санаа тавина гэдэг амаргүй байх нь тодорхой. Гол нь Засаг даргаасаа ч илүү үүрэг, хариуцлага хүлээх чухал албан тушаал бол нийслэлийн нэгдүгээр орлогч. Улаанбаатар хотыг өнгөтэй өөдтэй авч явах, бодлогыг нь тодорхойлох гол хүч нь гээд хэлчихэд хол зөрөхгүй. Тийм ч учраас хэрэг шалгаж явсан Р.Чингис хотын бүтээн байгуулалтад нэмэр болох нь юу бол гэх иргэдийн шүүмжлэл үнэний ортой байх талтай. 

Нийслэлд цар тахлын үед хөл хорио тогтоохоос гадна хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай ажил олон бий. Ядаж л ковидын улмаас эдийн засгийн уналтад ороод байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн хөл дээр нь босгох, дэмнэх тал дээр бөх, цагдаа хоёр ямар бодлого хэрхэн ярьж, хэрэгжүүлэх нь тун бүрхэг. Ер нь ч Д.Сумъяабазар чадварлаг, мэргэжлийн, тулхтай боловсон хүчингүй, баггүйгээрээ улс төрийн хүрээнийхэндээ хол хаягддаг. Энэ сул талаа тэр засаж, додомдож чадахгүй байгаа нь, улс төрийг мэргэжлийн түвшинд хийх амбицгүй муйхараар зүтгэх хүсэлтэй нь нэгдүгээр орлогчийн томилгооноос нь л харагдана. 
 Нийслэлийн 1.5 сая хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, амьжиргаа, ковидын сөрөг нөлөө, хямрал, уналт Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл яамай болов бололтой, энэ тохиолдолд
Магад Р.Чингисийг хотын орлогчоор томилсон нь зөвхөн ковидын нөхцөл байдалд тохируулсан, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх хугацааны томилгоо байж болох талтай. Учир нь, эрх баригч намынхан Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрт ашигтайгаар эргүүлэх байдаг арга чаргаа хайж байгаа. Тэд хэдийгээр “Хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг аль чадахаараа явуулна” гэж ам гарч байгаа ч ачир дээрээ хөл хориог аль болох удаан тогтоох, сонгуулийг ашигтай байлгах тактик боловсруулж суугаа. Үүндээ нэмэр болгох зорилгоор л нийслэлийн нэгдүгээр орлогчоор бодлого тодорхойлохоос илүү хүчний байгууллагын хүн томилох нь Д.Сумъяабазарт улс төрийн хүрээнийхэнд сүртэй харагдахаас гадна карьераа өсгөхөд нь ашигтай санагдсан байж мэднэ. Үгүй ядаж өмнөх орлогч Ж.Сандагсүрэнгээс арай биерхүү, цагдаагийн байгууллагад олон жил ажилласных мэдээлэл хийхдээ хоолой нь чичрэхгүй, дуу чангатай юм даа. Түүнээс биш Монгол Улсын төрийн алба цэрэг, цагдаа, бөх, дуучингаар улсын хөгжлийг тодорхойлуулдаг болтлоо боловсон хүчингүйдсэн баймааргүй.
 
Юутай ч энэ томилгоо нь Сумъяабазарт л дэмтэй байгаасай гэж найдъя. Нийслэлийн 1.5 сая хүн амын хөгжил, хөдөлмөр эрхлэлт, амьжиргаа, ковидын сөрөг нөлөө, хямрал, уналт Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл яамай болов бололтой, энэ тохиолдолд. 
 

Хэрэг илрүүлж явсан Р.Чингис хотын бүтээн байгуулалт, хөгжлийн тухай мэдэх нь юу л бол
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188