• Өнөөдөр 2024-04-26

БОАЖ-ын сайдад дэмжигдсэн Б.БАТ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ

2022-01-18,   3964

         Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын утааны асуудлыг шийдэж чадахгүй, “урагшгүйтсэн” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасандаа ихэд уурсаж, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргатай нь “хөтлөлцүүлээд” үүрэгт ажлаас нь чөлөөлчихлөө. Тэгэх мөртөө ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээр Н.Уртнасанг залгамжлуулахаар нэрийг нь оруулж, намынхнаараа дэмжүүлээд, УИХ-д танилцуулахаар боллоо. Танхимаасаа ганцхан Н.Уртнасанг сугалсан нь угтаа утаанаас ч болоогүй, улс төрийн “зохиомол” томилгоо яриа ч байна. Учир нь ШӨХТГ-ын дарга буюу БОАЖ-ын сайдад дэмжигдсэн Б.Бат-Эрдэнэ нь Л.Оюун-Эрдэнийн удирдлага дор НАМЗХ-нд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, чухамдаа "Л.Оюун-Эрдэнийн хүн" гэх шошготой нэгэн. Тиймдээ ч "Л.Оюун-Эрдэнэ танхимаараа өөрийн хүмүүсээр бүрдүүлэх төлөвлөгөөгөө Б.Бат-Эрдэнээр эхлүүлж байна" гэж харах хүн олон байна. Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дэмжигдээд байгаа Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ, У.ХҮРЭЛСҮХ ХОЁРООР “ШИДҮҮЛЖ” ЯВСААР ШӨХТГ-ЫН ДАРГА БОЛСОН Б.БАТ-ЭРДЭНЭ САЙДЫН СЭНТИЙД ЗАЛРАХ НЬ ЭЭ

 
        Б.Бат-Эрдэнэ нь Увс аймгийн Бөхмөрөн сумын уугуул боловч Орхон аймгийн Цагаанчулуут багийн харьяалалтай. 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүхч, солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд “Эксэл Трэвел” ХХК, “Эйрлинк” ХХК-иудад менежерээр ажиллаж байгаад 2003 онд хувийн бизнесээ эхлүүлж, “Силк роуд” ХХК, “Эйр тикет” ХХК-иудыг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажилласан байдаг. Ийнхүү хувийн бизнес эрхэлж байх зуураа “шинэ баян”-уудын “JCI Монгол” байгууллагад элсэж, жил гаруй хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажилласан. Улмаар 2010 онд МАН-ын улстөрчдийг бэлтгэх дамжаа буюу НАМЗХ-д хөл тавьсан байдаг. Түүнийг ингэж НАМЗХ-д элсүүлж, улс төрд “уруу татсан” хүн нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Тухайн үед Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан учраас багаа бүрдүүлж байсан хэрэг. Ингээд Б.Бат-Эрдэнэ хоёр жил гаруй НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дотоод протокол хариуцсан хурган даргын албыг хашиж байгаад 2012 онд холбооныхоо Ерөнхий нарийн бичгийн дарга болж, Л.Оюун-Эрдэнийн яг дэргэж очиж, гурван жил хоршиж ажилласан байдаг. Ингэж байтал 2015 онд У.Хүрэлсүхийн хараанд өртөж, ивээлд нь багтсанаар Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх гэх  сэтэртэй болсон. Хачирхалтай нь, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ердөө таван сар ажилламагцаа МХЕГ-ын дэд даргын албанд тушаалд очсон байдаг.
 
Түүхч мэргэжилтэй, дээрээс нь зөвлөх төдийхөн явсан атлаа МХЕГ-ын дэд дарга болж “крандуулсан”-д нь олон ч хүн эгдүүцэж байсан гэдэг. Олны хэл амнаас болсон уу, У.Хүрэлсүх эмзэг туссан уу, ямартай ч Б.Бат-Эрдэнэ энэ албан тушаалдаа жил ч бололгүйгээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөх болж тушаал буурсан. Жил орчмын дараа зөвлөхийн ажлаа больж, “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүнээр ажиллах болсон байдаг. Гэтэл 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болоод буцаж ирсэн. Тухайн үед түүнийг “У.Хүрэлсүхийн татаасаар буцаж ирсэн” гэж жиг жуг хийцгээж байв. Гэтэл ЗГХЭГ-ын дэд дарга жигдэрч байтал нь алдарт “ЖДҮ”-гийн дуулиан дэгдэх нь тэр. Гэтэл мань Б.Бат-Эрдэнийн хадам ахын “Рич холдинг” ХХК ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан нь баримттайгаа гарч ирж, Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалаараа нөлөөлж, зээл олгуулсан болж таарсан. Ингээд Б.Бат-Эрдэнэ чимээгүйхэн ажлаа өгч, өнөөх “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ынхаа тэргүүний ажлаа хийх болсон. Ингээд жил гаруй хугацаанд нам гүмхэн байж байтал 2020 оны УИХ-ын сонгууль болж, МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Сонгуулиас хоёрхон сарын дараа буюу 2020 оны наймдугаар сард Б.Бат-Эрдэнэ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдох нь тэр. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол Засгийн газрын тохируулагч агентлаг. Харин нэгэн цагт Б.Бат-Эрдэнийн дарга буюу НАМЗХ-ны Ерөнхийлөгч явсан Л.Оюун-Эрдэнэ тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байлаа. Томилгоо хэний санаачилгаар хийгдсэн нь илүү тайлбаргүйгээр эндээс харагдаж буй байх. Гэтэл ингээд ч зогссонгүй, Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болсноосоо дахиад хоёрхон сарын дараа “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогдож, “давхар дээл” нөмөрсөн. Тэр цагаас "Эрдэнэс тавантолгой"-д "эзэн" суусан Б.Бат-Эрдэнэ эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тухай шүүмжлэлд нэг биш удаа өртөж байсан ч эдгээр нь даргын суудалд нь нөлөө үзүүлж чадаагүй. Харин одоо тэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дэмжигдээд байна. Хувиараа бизнес эрхэлж явсан Б.Бат-Эрдэнийг НАМЗХ-д хөтөлж оруулж, дэргэдээ байлгах замаар ирээдүйн улс төрд бэлтгэсэн, дараа нь үргэлж олны анхаарлын төвд байдаг ШӨХТГ-ын даргаар өргөмжилж, олонд таниулсан Л.Оюун-Эрдэнэ нь одоо Ерөнхий сайд, МАН-ын дарга. Ингээд харвал, Б.Бат-Эрдэнэ сайдын сэнтийд залрах нь цаг хугацааны л асуудал байсан мэт. Тэгвэл одоо тэр цаг нь ирж, Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх төлөвлөгөөгөө Б.Бат-Эрдэнээр ийнхүү эхэлж байна.

"ХУУДУУТАЙ" ХОМ

 
        Б.Бат-Эрдэнэ 2020 оны ХОМ-тээ өөрөө жилд 12 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 10 сая сая төгрөгийн орлоготой, 450 сая төгрөгийн нэг орон сууцтай, 50 сая төгрөгийн Chrysler автомашинтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 400 м2 газартай, 10 сая төгрөгийн хадгаламжтай, “Монгол Тулгат финан” ХХК, “Монмарт трэйд” ХХК-иудыг эзэмшдэг гэж мэдүүлжээ. Гэхдээ энэ түүний үнэн ХОМ биш гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ 2003 онд “Силк роуд” ХХК-ийг үүсгэн байгуулж, Ерөнхий захирлаар нь ажиллаж байсныг дээр намтарт нь дурдсан. Тэгвэл одоо Б.Бат-Эрдэнийн нэр дээр “Силк роуд иенмедиа” ХХК бүртгэлтэй байна. Тус компанийн захирлаар Б.Бат-Эрдэнэ өөрөө, харин хувьцаа эзэмшигчээр нь БНСУ-ын “Еинмедиа” болон “Силкроуд нетворк” ХХК бүртгэлтэй байна. “Силкроуд нетворк” ХХК нь өөр хүний нэр дээр боловч, үүсгэн байгуулагч нь Б.Бат-Эрдэнэ өөрөө. 
 
Цаашлаад Б.Бат-Эрдэнэ төрийн алба хашиж эхлэхээсээ өмнө “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “Силк роуд трэвел” ХХК, “Силк роуд констракшн” ХХК, “Эйрзоне” ХХК зэрэг компаниуд эзэмшиж байсан. Гэхдээ төрийн албанд ормогцоо энэ компаниудаа зарсан гэж хэд хэдэн ярилцлагадаа дурдаж байжээ. Хачирхалтай нь, түүний зарсан гэх компаниуд нь өөрөөс нь тийм ч их холдоогүй байна. Тухайлбал, “Эйрзоне” ХХК гэх нислэгийн тийз борлуулалтын компанийг түүний төрсөн дүү Б.Баттогтох удирддаг ажээ. Харин “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ, “Силк роуд трэвел” ХХК-иудыг нь Б.Номин гэх эмэгтэй удирддаг. Гэтэл Б.Номин нь Б.Бат-Эрдэнийн өөрийнхөө нэрээр байгуулсан “Бат-Өлзийн Бат-Эрдэнэ” сангийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ажээ. Харин Б.Бат-Эрдэнэ өөрөө тус сангийнхаа тэргүүн нь юм байна. Зарсан компаниудынхаа захирлаар өөрийнхөө санг удирдуулж байгааг юу гэж ойлгох нь уншигч таны мэдэх хэрэг. 
Харин гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийг нь шүүж үзвэл, эхнэр Д.Болортуяа нь дээр дурдсан буюу Б.Бат-Эрдэнийн ХОМ-т байдаг “Монгол Тулгат финан” ХХК, “Монмарт трэйд” ХХК-иудыг эзэмшдэг аж. Харин аав Ц.Бат-өлзий нь “Институт мөөг” ТББ-тай, төрсөн дүү Б.Баттогтох нь дээр дурдсан “Эйр зонен” ХХК-тай. Цаашлаад эхнэрийнх нь төрсөн ах Д.Жавхлан нь барилгын “Рич констракшн” ХХК, “ХАНТЭСО констракшн” ХХК-иудтай. Харин эхнэрийн нь төрсөн дүү Д.Мөнхдөл нь “Орд геод” ХХК, “Кирвей” ХХК-иудыг эзэмшдэг. Уг нь Д.Жавхлан, Д.Мөнхдөл, Д.Болортуяа нар “Рич холдинг” ХХК-ийг эзэмшдэг байсан боловч дээр дурдсанчлан 2018 онд ЖДҮХС-аас 400 сая төгрөгийн зээл авсан асуудлаасаа болж, Б.Чулуун гэх хүний нэр дээр шилжүүлжээ. 

        Сонирхуулахад, Б.Бат-Эрдэнийн эхнэр Д.Болортуяагийн төрсөн ах Д.Жавхлан нь 2020 оны Орон нутгийн сонгуулиар МАН-аас Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. Барилгын компанийн захирал залуу гэнэт л МАН-д элсэж, улмаар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсонд хадам дүүгийнх нь оролцоо байсныг үгүйсгэх аргагүй билээ. 

       Ямартай ч төрийн албанд томилогдож асан цагаас нь хойш тоолбол зургаан жил гаруйхны дотор бараан намтар багагүй хуримтлуулсан Б.Бат-Эрдэнэ ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дэмжигдээд байна. Л.Оюун-Эрдэнээр "халамжлуулж" өдий хүртэл дэвшиж ирсэн Б.Бат-Эрдэнэ сайдын сэнтийд залрах нь бараг л тодорхой. Гагцхүү Н.Уртнасан орлож, Улаанбаатар хотын утаатай тэмцэх чадах эсэх нь л сонин байна. Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ хоёр хоршиж, НАМЗХ-г удирдаж байсан нь тэр л биз, улс түмнийг удирдах, утаатай тэмцэх гэдэг чинь улс төрийн намын дэргэдэх холбоог удирдахаас тэс өөр юм шүү дээ. 
 

БОАЖ-ын сайдад дэмжигдсэн Б.БАТ-ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 09:32:05
    Ц.Т: "шинэ баян"-уудын JCI Монгол байгууллага ч гэх шиг сэтгүүлчийн ёс зүй байна уу? Идэвхтэй залуучуудын ТББ шүү дээ. Маш олон мундаг төсөл хэрэгжүүлдэг. Нийгэмд эерэг өөрчлөлт бүтээж буй залуус байдаг юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-18 09:23:31
    Иргэн: Наадах чинь БОЯыг самарна. ШӨХТГт бхдаа худлаа сүржигнэхээс өөр юу ч хийгээгүй. Поп гаруудад итгэж алга ташдаг эргүү иргэд ухаархаас нааш ийм хүмүүс бидний толгой дээр гарсаар л бх болно. Чадваргүй, боловсролгүй мэргэжлийн бус долдой нараас салаагүй цагт Монгол хөгжинө гэж мөдгүй ээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188