• Өнөөдөр 2024-03-29

Галын шугамынхныг загнаж, ажил хийдэг дүр эсгэхээ болино уу С.АМАРСАЙХАН САЙД АА

2021-07-15,   1897

      Наадмын амралт ес хоног үргэлжилж, Улаанбаатар хот эзгүйрлээ. Төрийн өндөрлөгүүд ч хөдөө гадаа аялж, бүтэн жилийнхээ ядаргааг тайлахаар нутгийн зүг хүлгийн жолоо залжээ. Харин “ар дааж”, хариуцлага хүлээж үлдсэн цөөн хүн байна. Үүний нэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нөгөө нь Шадар сайд С.Амарсайхан. 
 
Тэд чухам наадмаар ч амрахгүй, өдөр шөнөгүй, ээлжгүй ажиллаж байгаагаа харуулах гэж хэрэндээ л хичээж байгаа харагдана. Гэвч эндээс ажил хэрэгч хүний зан огтоос харагдахгүй юм. 
 
        Шадар сайд С.Амарсайхан амралт зугаалгаар явж чадаагүйдээ цухалдсан юм уу, ямартай ч их л бухимдалтай ажиллаж байгаа харагдлаа. Галын шугаманд ажиллаж байгаа хэдэн муу сайн бор алба хаагчдаа толгойг нь эргэтэл загнаж, нэг тийм “дээрэнгүй” камерын өмнө сүржигнэх. Хүнд хэцүү үед голомтод ажиллаж, арын албыг хариуцлагатай үүрч байгаа нэгэндээ дэм өгч, урмаар тэтгэхийн оронд зандарч, загнах хэрэг байв уу. 
 
        Бүүр тодруулбал, өнгөрсөн мягмар гарагт Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн онцгой комиссын үйл ажиллагаатай танилцсан. “Шинэ дарга ирсэн шүү, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг шиг хөдөөгийн хэдэн эмч, алба хаагчид хэрэндээ л Шадар сайдыг хүлээж авч байгаа харагдсан. Болж бүтэхгүй, дутуу зүйлсээ учирлаж, боломж нөөцөөрөө ажиллаж байгаагаа тайлбарлаж байв. Харин Шадар сайд ихэд “омогтой” “Ингэж ажиллахгүй, тэгж ажил. Ийм бүрэлдэхүүнтэй, хайнга ажиллаж болохгүй” гэхчлэн зааварлаж, хатуу үүрэг даалгавар өгч харагдана лээ. Хэдий хариуцлагатай, хүнд цаг үе ч гэлээ галын шугамынханд сэтгэлийн дэм юу юунаас илүү чухал гэдгийг Шадар сайд маань ухаагүй бололтой. 
 
       Яг үнэндээ Шадар сайдын ил үйлдлийг хараад түүнд хэн нэгнээс хариуцлага нэхэх эрх бий билүү гэж асуумаар санагдав. Зарчим ярьж байгаа бол тухайн хүн өөрөө зарчимтай байх ёстой болов уу. Халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдүүлэх асуудалд өөрөө нэлээд их зөрчил гаргасан хүн нь тэр өөрөө. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шадар сайдын эхнэр ХӨСҮТ-өөр “аялж” халдвар хамгааллын дэглэм ноцтой зөрчсөн алдаа гаргасан. Удалгүй түүний хүү Боловсролын зээлийн сангаас 77 сая төгрөг авсан дуулиан дэгдэж, Шадар сайд улаан цайм мэдэгдэл хийж, гэрийнхнийгээ өмгөөлж зогссон удаатай. Энэ мэт Шадар сайдын фактуудыг тоочвол чамгүй олон баримт гарна. Сайд дарга гэхээр л газар дээр нь очиж, камер харж хүн загнадаг баймааргүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт, хүн хүч, техник хэрэгслийн хүрэлцээ юу билээ. Асуудлыг нь шийдэж өгөөд хариуцлага нэхэж байгаа бол өөр хэрэг. 

     Гэтэл С.Амарсайхан сайд хөдөөгийн жирийн алба хаагчдаас хариуцлага нэхэж, ажил хийж байгаа дүр үзүүлж байгаа нь олонд таалагдсангүй. Коронавирусийн халдвар монголд аюул дагуулах хэмжээнд тархсан хариуцлагагүй хандсан алба хаагчдадаа арга хэмжээ авч чадсан уу гэж түүнээс ам асуух хүн олон биз ээ.

    Улсын онцгой комисс бүтэн жил хагасын хугацаанд олон ч удаа хөл хорио тогтоож, иргэдийг хорьсон. Гэтэл өнөөдөр халдварын тархалт буурах нь битгий хэл хөдөө орон нутгаар тархаж, улам нууц, далд хэлбэртээ болчихлоо. Сүүлийн долоо хоног халдварын тоо бага багаар буурч байгаа гэх тоон үзүүлэлт танилцуулах болсон.
 
Гэвч шинжилгээний үнэ тэнгэрт хадаж, шинжилгээ өгч байгаа хүн ховор болсон нь тоон үзүүлэлтэд нөлөөлсөн байх гэх хардлага олны дунд бий. Цаашдаа С.Амарсайхан сайд ажлаа амаараа биш, ухаанаараа хиймээр байна. Галын шугам дээр ажиллаж байгаа хэдэн эмч, цагдаа нараа загнаж зандрахын оронд асуудлыг нь шийдэж, урам өгч ажиллаач ээ.
 

Галын шугамынхныг загнаж, ажил хийдэг дүр эсгэхээ болино уу С.АМАРСАЙХАН САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-16 21:13:39
    Ганзоо: Налайхын үйлдвэрлэлийн парк чинь таны нэрийг барьж баахан хуурамч газар олголтыг Батжаргал хийж байна даа!???
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-15 23:58:21
    Зочин: ЭРГЭЛТ Ч ГЭНЭ ҮҮ ЭРГҮҮ ШАНТААЖЧИН ЛАЛАРУУДАА ОДОО БОЛИОЧ ЭЭ ӨӨР ХАРЛУУЛАХ МУУЛАХ СЭДЭВ ОЛДОХГҮЙ ИХ ЗОВЖ БНА УУ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188