Ай мөн ч их бяртай, зоригтой, яахаас ч буцахааргүй, ичиж зовохоо мэдэхгүй дөвчигнөж байна даа, Засгийн газрын залуухан хэдэн сайд нар. Тэр тусмаа Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үүнийг оройлон орж, Л.Оюун-Эрдэнийнхээ "жадны үзүүр" болох гэж хичээж байгаа харагдах юм. "Бөөсөнд хутга" гэдэг шиг л Хууль зүйн сайд Х.Нямбаатар хар жийп хөлөглөж, хууль хяналтынхан, хэвлэл мэдээллийн багаа араасаа дагуулан давхиж, Замын-Үүдийн хилийн боомт дээр өнгөрсөн даваа гарагт баавартай нь аргагүй очлоо.
Тэртээх их хэлмэгдүүлэлтийн буюу 1937 оны До яамны ногоон малгайтнуудын дарга шиг л “Тэрийг барь. Засгийн газар эндэхийн том мафитай тэмцэж байна” гээд л мөн ч сүртэй харагдана лээ. Ардчилсан Монгол Улсад өмнө нь арай ч ингэж хүнийг камерын өмнө саатуулж байсангүй. Гэтэл сайд Х.Нямбаатар золтой л “Наад хэдэн авлигачаа авч гараад урд жалганд нь бууд, наад муу эх орноосоо урвасан тагнуулаа шоронд аваачиж ясыг нь цайлгаж, хэргийг нь хүлээлгэ” гээд тамхины утаа баагиулж зогссонгүй. Бусдаар бол До яамны ногоон малгайтнуудаас ялгагдах юм байсангүй.
ЗАМЫН-ҮҮД СУМАНД ӨРНӨСӨН ИХ БАРИВЧИЛГАА 1937 ОНЫ ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШИГ СҮРТЭЙ БАЙВ
Замын-Үүд сумын Засаг дарга, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын нэр бүхий алба хаагчдыг хуулийн байгууллагаар шалгуулахын тулд буу шийдэм агсаж, цагдаа, тагнуул зэрэг хууль хүчний байгууллагаар айлган сүрдүүлэх, хэвлэлийн байгууллагаар олон нийтэд шууд цацах, ажиллагааг Засгийн газар нь өөрөө явуулав.
Угтаа бол эл үйлдэл нь цар тахлын үед иргэдийг айдаст автуулсан хэрцгий явдал байлаа. Гэвч хэзээний сүржин, “поп” Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төөрч учирсан үеэл гэх Л.Оюун-Эрдэнийнхээ өмнөөс гал ус руу ороход бэлэн гэдгээ харуулж, баруун гар нь гэдгээ олон нийтэд мэдрүүлэхийг хичээж байгаа нь тод харагдав.
Үнэндээ Замын-Үүд суманд өрнөсөн их баривчилгаа 1937 оны их хэлмэгдүүлэлт шиг сүртэй байв. МАН-ынхан Зөвлөлт Холбоот Улсын захиалгаар 1937 оны хэлмэгдүүлэлтийг гардан хийж байхад ийм үйл явдал өрнөсөн гэдэг. Монголын сор болсон залуус, эх орноо гэсэн сэтгэлтэй, эрдэм мэдлэгтэй, оюуны чадамж сайтай хүн болгоныг буудан хөнөөсөн гашуун түүх бидэнд бий. Мөн ч олон хүн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөж, хагацал зовлон гэдгийг ханатал амсаж байсан гунигт түүхийн мөр улбаа одоо ч тасраагүй байна.
.jpg)
Тэр үед гагаа буутай, тухайн үеийн Дотоодыг аюулаас хамгаалах яам буюу (ДАХЯ)-ны ногоон малгайтнуудаас монголчууд сүнсээ гартал айдаг байв. “Хэзээ ирээд бариад авч яваад, хаана аваачиж, духанд минь сум зоох бол” гээд дагжин чичирч, уул хад бараадан зугтаадаг байлаа. Гэтэл ардчилсан тогтолцоотой орчин үеийн тусгаар тогтносон улсад иргэнээ дайчлан баривчилж, "буу тулгах"-ыг үздэг юм байна.
ЕРӨНХИЙ САЙДЫН УРДАА БАРЬДАГ “МОД” НЬ Х.НЯМБААТАР БОЛОВ УУ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даалгавраар Замын-Үүд боомтод ажилласан Хууль зүй, дотоод хэргийн сайдын сүржигнэл өнгөрсөн 30 жилийн түүхийг үгүй хийж, ардчилсан улсад баймгүй үйлдлийг харуулав. Өөрөөр хэлбэл, тэд монголчуудыг айлган сүрдүүлж, нэг намын эрхшээлд оруулж буйгаа илтгэх шиг.
Уг нь Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь өөрийн биеэр танилцаад эрх бүхий албан тушаалтнуудад 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөөд ирсэн байдаг. Гэтэл ердөө хоёрхон хоногийн дараа Хууль зүйн сайдаа, хууль, хяналтын байгууллагын баг бүрэлдэхүүнтэй нь илгээж, дуулиан шуугиантай баривчилгаа явууллаа.
ХДЗХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан баг Дорноговь аймгийн Замын-Үүдэд ажиллахдаа зургаан албан тушаалтныг цагдан хорьж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхан, Замын-Үүд суман дахь Хилийн 0108 дугаар ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн авто замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах С.Саруул нарыг дайчлан баривчлаад буй.
Ингэхдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр баривчилгааны үйл явцыг нээлттэй ил тодоор харуулж, иргэдийг айдаст автуулав. Монголын төр иргэддээ дэндүү дээрэнгүй, ханддагийн тод жишээ энэ боллоо.
Х.Нямбаатар Замын-Үүдийн хил дээр До яамны “Ногоон малгайтнууд”-ын дарга шиг л ханхалзаж байлаа |
|