• Өнөөдөр 2024-04-29

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Оюунгэрэл, МАН-аас Сү.Батболд яригдаж байна

2021-01-12,   1128

Коронавирусийн хажуугаар хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд сураг, ажиг тавьж байна. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь эргэлзээтэй байгаа. Учир нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр дэвших боломжгүй болсон гэх зөрүүтэй байр суурийг хуульчид илэрхийлж байгаа юм. Дэвших, дэвшихгүй гэх асуудал “хурцадвал” Үндсэн хуулийн цэц энэ маргааныг зохицуулах аж.  

Мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгад дахин нэр дэвшиж, зургаан жил төрийн тэргүүн хийх хүсэл бий. Өнгөрсөн намар аймгуудаар явж ээжүүдэд өөрийн гараар одон, шагнал гардуулсан нь түүний карьерыг нэмэгдүүлсэн. Мөн хөл хорионы үед өрх бүрд нэг сая төгрөг өгөх санал гаргасан нь түүнд том оноо авах боломж байв. Гэтэл Засгийн газар түүний саналыг нам дарж, удаа дараа буцаасаар байгаа юм. Саяхан энэ саналаа УИХ-д дахин өргөн барьсан. Ингэхдээ оффшор бүсээс оруулж ирсэн мөнгийг иргэдэд өгөх санал гаргаад байгаа ч эрх баригч намаас үүнийг нь үгүйсгэсээр байгаа билээ.

Нөгөө талаар Ардчилсан намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд санаа тавих нь битгий хэл дотоод маргаанаа шийдэж чадахгүй байгаа. Тэд тамгаа “булаацалдаж”, нэг хэсэг нь “Шонхор” таурт нөгөө хэсэг нь “Бодь” цамхагт орсон гэх мэдээлэл бий. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаас өмнө Ардчилсан намынханд даргаа сонгох том ажил байна.

Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ шинэ он гарсны дараа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч Х.Баттулга” хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. Түүнчлэн намын даргын сунгаандаа оролцож, цаашлаад Ерөнхийлөгч болох урт холын бодол тээчихээд, одооноос сонгуулийн далд сурталчилгаагаа эхлүүлээд байгаа аж.

Ардчилсан намд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэх тоглогч бий. Өнгөрсөн намар намын батлахаа сэргээж, намын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцоно гэдгээ мэдэгдэж байв. Тэрбээр Х.Баттулга Ерөнхийлөгчтэй хэзээнээсээ “дайсагнаж” ирсэн. Үе үе цахим хуудсаараа Ерөнхийлөгч Х.Баттулгад үг дайж харагддаг. Харин Ц.Оюунгэрэлийг Х.Баттулгын эсрэг тавьсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нүүдэл ч  байж болох юм.

Үүнээс өөр сонголт АН-д үгүй бололтой. Хотын дарга асан Э.Бат-Үүл, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин нарын нэр дуулдаж байсан ч өөрсдөө уг асуудлыг үгүйсгэсэн байдаг. Харин Ардчилсан намд Р.Амаржаргал гэх лидер бий. Хэрвээ Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар ялалт байгуулвал Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилно хэмээн мэдэгдэж байсан. Одоогоор С.Эрдэнэ намаа “атгаж” байгаа учраас Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд “сойх” магадлал өндөр байгаа юм.

-У.ХҮРЭЛСҮХ ХОЙШ СУУЖ, СҮ.БАТБОЛД, Г.ЗАНДАНШАТАР НАРЫГ ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ-

Харин МАН-аас У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэх хүлээлттэй байгаа. Гэхдээ өнгөрсөн ням гарагт болсон МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихгүй гэх “яриа” болсон аж. Учир нь, түүнийг Засгийн газрын тэргүүнээр тогтвортой ажиллах ёстой гэж намын гишүүд үзсэн байна. Өөрөө ч үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлж, энэ онд болох намын 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд ялах том зорилт тавиад байгаа гэдгээ илэрхийлжээ. Хэрвээ У.Хүрэлсүх биш бол МАН-аас хэн нэр дэвших вэ гэдэг асуудал хурлын үеэр яригджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболд “Намын нөхөд нь итгэл хүлээлгэвэл нэр дэвшихээс татгалзахгүй” гэх байр суурь илэрхийлсэн байна. Тэгээд ч сүүлийн үед илтэд өөрийнхөө талаарх ярилцлага, нийтлэлийг хэвлэлүүдээр явуулж, сөрөг мэдээллийн хариу тайлбарыг цаг тухайд нь гаргаж байгаагаас үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаа хангаж буй бололтой. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд горилж байгаа ээлжит хүнээр Байгаль орчны сайд Д.Сарангэрэлийг нэрлэж байгаа аж. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй гэх “гавьяа”-г үүрч, чамгүй нэр хүндтэй болсон нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сэдлийг өгсөн бололтой. Ямартай ч МАН-ын эмэгтэйчүүд дотроос нэр дэвших боломжит хувилбар гэж түүнийг үзэж буй аж.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж нарын нэр яригдаж байна. Мөн өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай, ёс зүйтэй гэдэг утгаараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дахин нэр дэвшүүлэх тухай ч яригджээ. МАН-ынхан ирэх гуравдугаар сарын 1-нд болох Их хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг тодруулах бололтой.  

Одоогийн байдлаар МАН дотор хамгийн өндөр рейтингтэй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Өнгөрсөн гуравдугаар сард улстөрчдөөс хамгийн өндөр рейтингтэй нь байснаараа өнөөдрийн ялалтыг авчирсан гэж хэлж болно. Харин сонгуулиас хойш түүний улс төрийн рейтинг тогтмол хувиар буурч байсан бол өнгөрсөн арванхоёрдугаар сард бүх өрхийн цахилгаан, дулааны үнийг тэглэсэн нь сайнаар нөлөөлжээ. Хатуу хөл хорионы нөхцөлд Засгийн газар нүдээ олсон шийдвэрийг гаргасан хэмээн иргэд ам сайтай байсан.

Тиймээс эрх баригч нам хүчтэй байгаа учраас Сар шинэ цаашлаад сонгуулиас өмнө ямар ч “гэнэтийн бэлэг”  барихыг таашгүй байна. Ямартай ч Засгийн газар зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох ажлаа тавдугаар сарын 21-нээс олгохоор мэдэгдсэн нь сонгууль угтсан бас нэг том ажил болж байгаа юм.

Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихгүй гэх баттай бус мэдээлэл гарч байгаа ч нэг талаараа олон нийтэд таалагдах гэсэн заль байж мэдэх юм. Учир нь, “Ардын хүү” болж тодорч гарч ирэх амбиц түүнд бий. Нэг ёсондоо “МАН-аас У.Хүрэлсүх л нэр дэвшиж байж ялалт байгуулна” гэх иргэдийн хүсэлтийг хүлээж байхыг үгүйсгэхгүй.

-С.ГАНБААТАР ДАХИН НЭР ДЭВШИХ БОЛОМЖТОЙ-

Мөн “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаа. МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнгөрсөн удаад С.Ганбаатарыг нэр дэвшүүлж бараг л ялалт байгуулах дөхсөн. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэх дүүрэн итгэлтэй байгаа нь гарцаагүй. Харин “Зөв хүн электрот эвсэл”-ээс одоогоор хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна. “Нэр дэвшигчээ нийт ард түмнээсээ асууж байж тодруулна” хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдэгдэж байсан. Тэгэхээр сар шинэ өнгөрөөд намууд нэр дэвшигчээ тодруулах ажилдаа ханцуй шамлан орох бололтой.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль цар тахлын амаргүй нөхцөлд явагдахаар байгаа. Эдийн засаг, иргэдийн амьдрал сайнгүй байна. Тиймээс зөв тоглолт хийж чадсан нэгнийг дараагийн төрийн тэргүүн болох шалгуур хүлээж байна.


Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Ц.Оюунгэрэл, МАН-аас Сү.Батболд яригдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188