• Өнөөдөр 2024-04-28

ТАНИЛЦ:Ховдын цэнхэр хязгаараар аялахад тохиримжтой газрууд

2022-09-18,   751

     Олон ястны өлгий тодотголтой Ойрад түмний нутгаар  айлчилбал үзвэл зохистой байгалийн дурсгалт газруудыг санал болгож байна.

          Хойд Цэнхэрийн агуй

    Тус агуй нь  Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун зүгт 30 орчим километрийн зайд оршдог.  Агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтад байдаг. Хамгийн сонирхолтой нь манай улсад одоо байдаггүй  тэмээн хяруул, арслан, заан, одос үхэр зэргийг дүрсэлсэн байдаг. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байдаг. Зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдохыг давхар нотлож байдаг.

Уг агуй нь шохой чулуун тогтоцтой дотроо бөмбөгөрдүү оройтой, шалнаас тааз хүртэл 20 орчим метр өндөр.  Хойд цэнхэрийн агуйг “Гурван цэнхэрийн агуй” ч гэж нэрлэдэг. Монгол Алтайн нурууны ар биеэс эх авсан урд Цэнхэр, дунд Цэнхэр, хойд Цэнхэрийн гурван гол Манхан сумын төв орчимд нийлж урсдаг учраас ийнхүү нэрлэгддэг ажээ. Уг Хойд цэнхэрийн агуйн дурсгалыг 1996 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн өв соёлд бүртгэсэн бөгөөд Монголын таван гайхамшгийн нэг юм.

 

      ДӨРГӨН НУУР

       Дөргөн нуур нь Их нууруудын хотгорын бүлэг нууруудын дунд талбайгаараа бага боловч гүнээрээ Хяргас нуурын дараа ордог. Хамгийн гүнзгий зүүн хэсэгтээ 27 метр дундаж гүн нь 14.3 метр. Нуурын 10 хувь нь 0-4 метр гүн, 20 гаруй хувь нь 20 м-ээс илүү гүнзгий аж. Нуур хамгийн өргөн хэсэгтээ 16.8 км, хамгийн урт нь 24 км бөгөөд дунджаар 12.7 км юм. Дөргөн нуурт арал хойг, булан тохой байхгүй, эргийн шугам бага хэрчигдсэн 79.1 км урт эргийн шугамтай. Нуурын эргийн байдал бусад нууруудыг бодвол илүү цөлөрхөг ялангуяа нуурын зүүн хойт талаас 50-100 метр харьцах өндөртэй. Бага нуурын манхан элс уснаа гүн түрж нуурын ёроолыг хучдаг. Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван Харын тал Сээх нуур руу хэвгий бэл үргэлжилж говийн хайргаар хучигдсан байна. Зөвхөн Хомын хоолой, Ногоон нуурын зах, Мэргэний шанаа хавьд намгархаг болж бага хэмжээний нишингэ ургана. Энэ нуур нь гадагш урсгалгүй учир нилээд давсажсан шорвог устай.

 

       ХАР УС НУУР

      Талбайн хэмжээгээрээ Их нууруудын хотгорын бүлэг нуурууд дотор Увс нуурын дараа хоёрт, улсын хэмжээнд гуравдугаарт тооцогдно. Хар ус нуурт том жижиг арав гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 ам километр талбайтай, 30 орчим километр урт, усны мандлаас 272 метр өндөр Агшаб хэмээх арал байдаг. Тэрээр Хар ус нуурыг хойд урд гэсэн том жижиг хоёр хэсэгт хуваана. Хойд урд нуурыг 1-2 метр гүнтэй, 50-100 метр өргөн, 20 гаруй километр урт Лүн Юм гэдэг нэртэй хоолой холбоно. Хар ус нуур нь 70450 ам километр талбайгаас усажна. Үүний 70% нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Энд цэнгэг уст нууруудаас гадна ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс байдаг бөгөөд байгалийн гайхамшигт урлан мэт оршдог. Зарим тохиолдолд үзүүлэн болгож зориуд урласан мэт харагддаг. Уг нуур нь эртний тектоник хотгорт тогтсон боловч геологийн удаан хугацааны турш ширгэж татарснаас эргийн байдал налуу талархаг байдалтай болсны дээр эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан байна. Хар ус нуур нь усны хагалбар уулсаас хол, зөвхөн нуурын зүүн урд талаас нутгийнхан “Талын даваа” гэж нэрлэдэг Жаргалант Хайрхан уулын шувтрах үзүүр уснаа түрж хадан гацаа үүсгэнэ. Нуурын эргийн шугамын урт нь 306.8 км болно.

          Мөнххайрхан уул

    Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад хавтгай дөрвөлжин километр талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорх хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

        Бодончийн хавцал

        Бодончийн гол нь Алтайн нурууны дундах хоёр талаараа уулаар хүрээлэгдсэн сүрлэг хавцлын дундуур урсдаг учир Бодончийн хавцал гэж нэрлэжээ.

Ховд аймгийн төвөөс 300-400 км алслагдан, улсын хил дагуу байрлах Булган, Үенч, Алтай сумыг зориход 110 км үргэлжлэх Бодончийн хавцлыг дайран өнгөрдөг. Тус хавцал нь Ховд аймгийн Алтай суманд байдаг. Алтайн нурууны Бага улаан даваанаас огцом эргэлт ихтэй хавцлын төгсгөл хэсэг хүртэл 100 орчим км зам туулахдаа сүрлэг чулуун хадан уулс, гол, зэрлэг амьтан, ургамал гээд нүд булаах байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Сэнжит хад, нохой чулуу, тэмээ чулуу, маань чулуу зэргийг үзэх боломжтой юм.

        Харуул овоо

    Ховд аймгийн  Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км зайд Жаргалан уулын орой дээр байх сүрлэг чулуун байгууламжийг “Харуул овоо” гэдэг. Овооны өндөр нь 25 метр, суурийн диаметр нь 50 метр орчим ажээ. Судлаачид эл овоог XYII-XYIII зууны үед хамааруулан үздэг бөгөөд нутгийн хил хязгаарын тэмдэг, ямар нэгэн дохио дамжуулах тэмдэг болгон байгуулсан болов уу хэмээн үздэг.  Өөрөөр хэлбэл, харуулын цамхаг бөгөөд ямар нэгэн довтолгоо, аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал, утаа, дуут сум, зэрэг хэрэгслээр дохио өгөх, дайн тулааныг ажиглах зориулалттай байсан хэмээдэг. Булган голын хөндийд нутаглах торгуудуудын босгосон 13 овооны нэг юм. Харуул овоо нь гурван үеэс бүтнэ. Доогуураа өргөн цүлхгэр, дээшээ нэгэн жигд нарийсч цамхаг хэлбэрийг бий болгосон.  Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж, дундуур нь модон шургаагаар бэхэлгээ хийж зангидсан байдаг.

       Ямаан усны бичигт хад    

               

     Ховд аймгийн Үенч, Алтай сумын заагт Ямаан усны хавцал оршдог. Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан. Дундуур нь горхи урсдаг. Харин уг горхиноос янгир, ямаа ундаалдаг учраас Ямаан ус гэж нэрлэх болжээ. 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны  зургуудын дотор чухал байр эзэлдэг. Хавцлын хананд янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байна. Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг нотлох боломж гарчээ. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн хэмээн үздэг.  

             Баянзүрхийн буган чулуун хөшөөд

    Баянзүрхийн буган хөшөө нь Мөст сумын төвөөс баруун зүгт 50 гаруй км-т Баянзүрх багийн төвийн орчимд бий. Энэ хөндийд нийт 30 гаруй буган чулуун хөшөө байдаг. Баянзүрхийн буган хөшөө нь “Тал дахь уран баримлын үзэсгэлэн” мэт сүрлэг бөгөөд Баруун Монгол дахь буган хөшөөний хамгийн том цогцолбор юм. Дээрх дурсгал буй газар орон нь эртний түүх соёлын дурсгалуудаар арвин баялаг. Тухайлбал буган хөшөөдөөс чанх өмнө зүгт овоолоостой хүрээ далантай хэд хэдэн том хиргисүүр, 10 гаруй булш байдаг бөгөөд энэ нь Баянзүрхийн хөндий Баруун Монголын эртний түүх соёлын чухал бүс нутаг болохыг илтэдэг.


ТАНИЛЦ:Ховдын цэнхэр хязгаараар аялахад тохиримжтой газрууд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188