• Өнөөдөр 2024-04-26

АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ

2020-11-23,   2597

-САНААНД ХҮРЭХГҮЙ БОЛ БҮТЭН ӨДӨР ЯВЖ АВСАН БАЙСАН Ч БҮХ ЗУРГАА УСТГАХ ҮЕ БИЙ-

     Тэр бол зэрэгцээ ертөнцийн “эзэд”-ийн гэрэл зурагчин. “Энэ орчлонд хүн бүхэн өөрийн гэсэн даалгавартай ирдэг” гэдгээр бол гэрэл зурагчин Л.Жаргал амьтдын “нүүр царай, бие бялдар”, хэв маяг, тайлагдашгүй амьдралыг нь хүн төрөлхтөнд нээн таниулах үүрэгтэй ирсэн гэмээр. Түүнийг нэг хэсэг “Шувууны Жаргал” хэмээдэг байсан бол одоо “Шавьжны Жаргал” гэдэг болжээ. Магад тэр дахиад л хэсэг хугацааны дараа бидний нэр, зүс төдий гадарладаг хэрнээ огт мэдэхгүй өөр нэгэн зэрэгцээ ертөнцийн үүдийг монголчуудадаа нээн замчлах биз ээ. Ийн хэлсний учир нь, тэрбээр шувууд, эрвээхэй, цох гэх мэт амьтдын дүр төрхийг, биеийн бүтцийг, харцыг, хамрыг, нүдийг, гар, хөлийг гэрэл зургийн хальснаа буулган хүмүүсийн мэлмийд хүргэн, танилцуулдаг билээ. Хэрвээ энэ цаг үед ийм адармаатай, баргийн хүний барьж аваад тэвчээр заан цаг наргүй зүтгээд байхгүйн дээр сайн дурын гэж болохоор энэ ажлыг тэр хийгээгүй сэн бол бид хамгийн наад зах нь шувуудын гоо үзэсгэлэнт дүр төрхийг тийм тод, ийм ойлгомжтойгоор харж чадахгүй байсан билээ. Тэр зөвхөн гэрэл зураг аваад зогсохгүй монголчуудад, Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст амьтдын талаарх танин мэдэхүйн асар том, шинэ хаалгыг цэлийтэл нээн өгч, энэ төрлийн өв санг бий болгохоор зүтгэж буй нэгэн. Ингээд амьдралынхаа дийлэнх хугацааг ямар нэг амьтан “дагаж”, хөдөө хээрээр тэнэн өнгөрүүлж буй чадварлаг, авьяаслаг, уйгагүй зүтгэгч гэрэл зурагчин Л.Жаргалтай ярилцлаа. 

-Та хүүхэд нас, өсөж төрсөн нутаг, аав ээжийнхээ тухай манай уншигчдад хуваалцаач?

-Манай гэрийнхний намтар тэр үеийн хүмүүсийнхтэй ижил, онц сонин юмгүй. Би Улаанбаатар хотод төрж өссөн, 1970, 1980-аад оны хотын хүүхэд ямар байдаг тэр л ахуй, амьдралд аж төрсөн. Аав Дорноговиос Халхголын дайнд цэрэгт мордоод, ээж Увсаас арван хэдтэй шинэ үсгийн багшаар аймаг, хот явсан, хожим нь нам, төрийн албанд зүтгэсээр бурхан болсон. Би Гадаад яам, уурхайд насаараа ажилласан, ажлын хоёр мөр товч намтартай. Эгэл сэхээтний хүүхэд.  

-Хүүхэд бүхэн л мөрөөдөмтгий байдаг. Та ямар хүсэл, мөрөөдөлтэй хүүхэд байв?

-Багадаа ном их уншдаг, тэр ч утгаараа мөрөөдөмтгий жаал байсан биз. Амьтны ертөнцийг их сонирхож, зун зусланд загас жараахай, соно шавьжаар их тоглодог байлаа. Гэрийнхэн голдуу цэргийн хүмүүс байсан болохоор нисгэгч, цагдаа, мөрдөгч болно гэсэн санаа байсан байх. Эмээ маань намайг бичиг, үсэг мэдэхгүй учраас Ч.Лодойдамба, Банзрагч, Д.Намдаг, Л.Түдэв зэрэг мундагуудын номыг дуудаж өгсөөр бага, дунд ангидаа манай сонгодог зохиолчдын бүтээлийг дуусгасан бол өөрөө Бианки, Куприн, Тургенев, Пришвин, Марк Твен, Ж.Лондон, Б.Гржимек, Ж.Гуудолл гээд зохиолчдын амьтны тухай номнуудыг их шимтэн уншдаг байсан. Миний үеийнхэн бүгд ялгаагүй биз. Хожим нь нэрт зээр судлаач болсон, манай ангийн найз Лхагвасүрэн асантай тэр үеийг дурсан ярьдаг байлаа. Харин амьтан сонирхдог ч биологич болно гэж ер бодож ч байгаагүй.  

-Та гэрэл зурагчин болсон түүхээсээ хуваалцвал. Гэрэл зурагчин болоход юу нөлөөлсөн бэ. Анх юуны зураг авч байсан бэ?

-Миний аавын үеийнхэн юм их уншдаг, сурдаг, биеэ айхтар дайчилж шинэ соргог юм оролдсоор байгаад сурдаг хүмүүс байлаа шүү дээ. Аав гэрэл зураг сонирхож, гэр орон, найз нөхдийн хүрээнд зураг авдаг байсан. Нэг их гэрэлтэй чийдэн асааж байгаад биднийг гэртээ ээлжилж жагсаагаад л Фэд хэмээх камераар зураг авдаг, дараа нь угаалгын өрөөнд улаан гэрэл асаагаад таг болдог байлаа. Би бол тэр камерыг нь танк болгож, шалан дээр түрж тоглочих санаатай. Ахлах ангид байхдаа нэг найзынхаа аавын камерыг нууцаар аваад найз нар, гудамжны нохой муур, юу л таарна бүгдийнх нь зургийг нэг хэсэг авсан. Ардчилсан Германы Практика гэж ганган камер байсан. Пионерийн нэг их хурал чуулганы зураг авч самбар хийж байсан санагдана. Ямар зураг авч байсан бол гэж бодохоос одоо ичдэг. Хожим дээд сургууль, ажил төрөл гээд гэрэл зургаа хэсэг орхисон.  

-2011 оноос хойш шувууны зургаар дагнасан гэж уншсан. Таныг аль аймагт ямар шувуу байдгийг анддаггүй гэж хүмүүс ярьдаг юм билээ. Шувууны болоод гэрэл зургийн судалгааг хэрхэн хийдэг вэ?

-Уул уурхайд ажиллаж байхдаа байгаль орчны үнэлгээг монгол залуу эрдэмтэн судаачдаар хийлгэе гэж санаачлаад, шувуу сонирхдог судалдаг хүмүүстэй таарч, шувууны зураг сонирхож эхэлсэн. Сайн зураг авахад ямар камер хэрэгсэл хэрэгтэй вэ гэж хүмүүс асуудаг. Хариулт нь камер дуран биш, харин уйгагүй уншиж, суралцах хэрэгтэй. Нэг цуврал, нэг шинэ төрлийн зураг авах гэж баахан юм интернэтээс ухна. Гадаад хэл гадарладаг, хайлтаа зөв томьёолж чадвал бүх мэдээлэл бий. Би шувуу судалдаггүй, зүгээр  сонирхогч. Судлаач нартай хамтраад аялах, ажиллах завшаан таарч мэдээлэл олж авч байлаа. Дээр нь шувууны зураг авч байхдаа тэвчээртэй, сайн ажиглаад явбал болдог доо. 

 Ахлах ангид байхдаа нэг найзынхаа аавын камерыг нууцаар аваад найз нар, гудамжны нохой муур, юу л таарна бүгдийнх нь зургийг нэг хэсэг авсан

 

 

-Амьтдын зургийг хүссэнээрээ авах боломж тэр бүр олдоод байдаггүй ховор агшин, бас асар торгон мэдрэмж байх. Авсан зургаа үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ.  Өмнө, одоо?

-Зэрлэг шувуу, амьтан, шавьжны зургийг ханатлаа авах боломж хомс тохиолддог. Амьтан амар амгалан бол хааяа бас болно. Ихэнхдээ үргэлж цочих, үгүйдээ л холдоод алслаад явахаас өмнө нүдний гал, ер нь сонирхолтой дүрс, өнцөг таарах агшныг тав, зургаан кадрын богино цувралаар, гөрөөл барих, ноцолдох, эвцэлдэх мэт агшныг камерны бичих зайнд багтаагаад аль болох олныг авна. Хамгийн мундаг амьтны зурагчдын ашигтай ажиллагааны хувь 10-15 орчим хувь гэдэг бол минийх дөрөв, таваас хэтрээгүй. Авсан кадрын тоо зуу ч бай, мянга ч бай, боловсруулах үедээ тав арваас илүүгүйг үлдээж хадгална биз. Заримдаа бүтэн өдөр яваад авсан зурагнууд санаанд хүрэхгүй бол бүгдийг нь устгах үе ч бий. Анх баахан зураг хадгалдаг байсан бол одоо өөр. Тухайн өдрийн бүх зургаа эхнэртээ телевизийн том дэлгэц дээр үзүүлээд таалагдсаныг нь сонгоод авчихдаг болсон. Өөрөө нэг дассан дүрс, хайрцаг, гэрэлдээ явцуурах гээд байдаг. Өөр хүний хараа, санал их чухал. Одоо өөрийн санаанд хүрэх зураг ховор болсон, жилдээ 10-15 зургаас хэтрэхгүй.      

-Та таарч байсан хамгийн сонин шувуунаасаа нэрлээч. Шувууны зургийг ямар цаг мөчид олж дарвал сайхан зураг гардаг вэ?

-Хамгийн сүүлд судлаачдаас сонссон тоо бол 67-68 овгийн 520 зүйлийн шувуу Монгол Улсад бүртгэгдсэн байх. Энэ их том тоо, далай тэнгистэй Хойд Америк, Орос, Японд бүртгэгдсэн шувууны тоо 650-880 гэдэгтэй Монголыг харьцуулбал маш өндөр. Хэдийгээр ихэнх нь нүүдлийн шувуу боловч манай орныг шувууны байгалийн олон янз байдлаар баялаг гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, уулынх нь ч бий, ойнх ч бий, усных ч бий. Нөгөө дэлгэсэн тэрлэг шиг гэдэг Монголын баруун хязгаарт Европ зүгийнх, зүүн талдаа дорнын шувууд таардаг. Хамгийн, хамгийн гээд ярьвал дуусашгүй. Энэ жил таарсан ховор шувуунаас гэвэл Ховдын Булганд ирж зусдаг Шарга зөгийч European Bee-eaters (Merops apiaster), Дорнодод Jankowski’s Bunting (Emberiza jankowskii). Тухайн жилдээ өмнө нь хараагүй дөрөв, таван шинэ зүйл харвал том амжилт болдог. Шувууны хамгийн ганган өнгөлөг зүстэй, бас элдэв ааш араншинтай, цовоо цоглог байдаг үе нь хавар. Нүүдлийн дараа үржлийн цагт олж харж чадвал бүх шувуу гоё. Өдрийн цаг нарны хувьд бороо орсны дараа агаар тунгалаг цэвэрхэн үед сайхан зураг авч болдог. 

-Шувууны зураг авах нь амаргүй мөртлөө сонирхолтой байдаг байх. Байгаль, амьтантай харьцаж, зураг авахын тулд юуг илүү анхаарах ёстой вэ?

-Зэрлэг амьтан шувууны зураг авах, харьцах ёс зүй гэсэн бүхэл бүтэн дүрэм, заавар бий. Хөөж туухгүй байх, үргээж цочоохгүй, үржлийн үед үүр рүү нь ойртохгүй, хүний үнэр мөрөө үлдээхгүй байх нь чухал. Учир нь, хүнийг дагаад хэрээ, шаазгай махчин шувуу, үнэг хярс гээд өчнөөн амьтан явж байдаг. Бид хэрээ цугласан газар чоно ,нохой байна гэдэгтэй адил зэрлэг махчид ч хүний мөрөөр, үнэрээр өнөөх шувууны үр төл, өндгийг идчих ухаантай. Би барагтай бол үүр өндөг рүү ойртдоггүй, зураг авдаггүй. Ангаахай, дэгдээхэй хөөрхөн ч ерөнхийдөө ижил төстэй, бөрсийсэн саарал амьтад байдаг. Усны шувууд үүрлэсэн нуур, усны эрэгт хоноглохоос ч зайлсхийх хэрэгтэй. Малын бэлчээр хомсдож, үхэр мал нуурын баян бүрдний зэгс, шагшуургыг устгаж байгааг хараад их эмзэглэдэг. Шагшуурга нөхөн төлжиж ургадаггүй бол нуурын тархины булаг, шанд бохирдоод эхэлбэл ширгээд алга болдог юм билээ.

-Та сүүлийн үед цох, шавьжны зураг авахад илүү анхаарч байх шиг байна. Одоогоор хэчнээн төрлийн хэдэн зураг авсан байна вэ?

-Сүүлийн хоёр, гурван жил шавьж судлаач нартай хамтран ажиллаж байна. Тэдний бэлдсэн, туурвисан бүтээлд зураг хэрэг болоод надад санал тавьсан, би оролдоод шинэ юм сурчих санаатай, зургийн шинэ төрөл бий болгоход оролцъё гэсэн, хожим залууст хэрэг болж юуны магад. Ер нь сэхээтэн хүн хойчийн үедээ чадсан чадаагүй суурь үлдээгээд явах ёстой гэдэг итгэл үнэмшил надад бий. Миний буулгасан шавьж, бас аалз төрлийн хувьд цөөхөн. Одоогоор судлаач найз нарын хэвлүүлсэн Монгол орны усны болон хар цохны хоёр номын зураг авлаа. Одоо эрвээхэйний цуглуулгын зураг авч байгаа. Ганц зураг гаргах гэж хэдэн зуу, заримдаа мянга гаруй кадр авна. Наад зах нь дөрөв, таван цувралаар хэдэн зуун кадр авч эвлүүлнэ. Усны цох гэж чүдэнзний толгой шиг бичилхэн жижиг шавьжны цуглуулгыг буулгах гэж хэдэн сар суусан. Нүдний наагуур сахлыг нь дайруулчих ч юм уу, гэрлээ буруу тааруулаад гялайлгах зэрэг нэг л алдаа гаргасан бол бүх зургийн цувралыг эхнээс нь дахиад авна. Өглөөнөөс орой болтой 12 цаг ажиллахад хоёр гурван шавьжнаас илүү гардаггүй. Гэхдээ өвөл цагт, одоо хөл хорионд суугаа надад бол маш сонирхолтой ажил, гол нь тэвчээр хэрэгтэй дээ.       

-Шавьжны зургаа хаагуур голчлон явж авсан бэ?

-Манай орны шавьжны тоо нь 13 мянга орчим гэж сонссон. Зун бол зусландаа зураг авдаг. Манай жижигхэн хашаанд тав, зургаан зүйл зөгий, хэдгэнэ, арваад зүйл эрвээхэй лав бий. Шавьжны тоонд ордоггүй ч зургаа, долоон зүйлийн аалз хашаанаасаа олсон, Үүнээс цааш нүдэнд харагдахгүй ч хэдэн амьтан байгааг мэдэхгүй. Энэ жил судлаачдыг дагаад явж үзлээ, бас өөрөө ч Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл гээд хэдэн аймгаар явсан. Шавьжны тухай мэдээлэл интернэтэд их хомс, танихад ч бэрх. Судаачид микроскопоор судалж, гадна дотноос баталгаажуулж байж тодорхойлдог юм билээ. Их няхуур нямбай, чимхлүүр ажил. Тийм болохоор тэдний ажлын цагаас хумслахыг хүсдэггүй ч хаяа асууж лавлана. Би бол шавьжны далд ертөнцийн талаар ёстой юу ч мэдэхгүйгээ ойлгосон, одоо ч мэдэхгүй. 

Өөрөө нэг дассан дүрс, хайрцаг, гэрэлдээ явцуурах гээд байдаг. Өөр хүний хараа, санал их чухал

-Та 2015 онд “Шувууны Жаргал ба түүний нөхөд” нэртэй үзэсгэлэн гаргасан юм билээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгийн онцлог нь юу байсан бэ?

-2015 онд есөн гэрэл зурагчинтай хамтраад “Шувууны Жаргал ба түүний нөхөд” нэртэй шувууны зургийн үзэсгэлэн гаргасан. Өмнөговийн Х.Түмэндэлгэр бид хоёроос бусад нь шувуу судлаач байсан. Дээр нь шувууны зураач Б.Дорж, гэрийн шувуу тэжээдэг Б.Тулга гээд олон хүн оролцсон. Зохион байгуулалтыг манай нэртэй гэрэл зурагчин Н.Гансүх. С.Цацралт хариуцаад нийтэд хүртээлтэй нэг сайхан ажил болсон. Одоо бодоход онцлог нь шувууны сайн зургийн босго хэмжээг тогтоож, энэ байгалийн амьтныг хамгаалах үйлсийг олон нийтэд таниулсан, бас нэлээд хүнийг зурагт татсан болов уу гэж найдаж явдаг. 

-Амьтдын гэрэл зургаас өөр төрлийн зураг авдаг уу?

-Бараг үгүй дээ. Ер нь сонирхсон төрөл салбараараа л дагнаад туршлага хуримтлуулсан нь илүү байх. Зэрлэг амьтан, шувууны зураг авахад урт дуран  хэрэглэдэг, арга барил, дадлага зуршил ч байгалийн, эсвэл хүний хөрөг зургаас өөр. Манай нэг найз зураг аваад өг гээд шалаад болдоггүй, би нэлээд холдож дурандаа багтааж авч өгсөн. Мэдээж өндөр өсгөлт, таталттай дурангаар буулгахаар нүүр царайны харьцаа алдагдсан байлгүй.

-Мөрийг нь хараад ямар амьтных болохыг нь таньдаг уу. Амьтны зураг авах арга барилаасаа хуваалцвал?

-Шувууны гэрэл зураг руу идэвхтэй орохоос өмнө найз нарыг дагаж ан гөрөөнд явж байсан ч мөр таних зэрэг хэмжээнд хүрээгүй. Зэрлэг амьтан шувуунд зургийн дуран хүрэх зайнд дөхөж ойртох л бэрх. Анчин хүн болгонд нууц гэж байдаг биз, надад ч бий. Амьтнаас түрүүлж харна, гэнэдүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Гол нь үргээж цочоолгүй, харц тулгаралгүй л ойртож сурвал хэрэг бүтэх магадлалтай. Сурна гэдэг нь дадлага, удаан хугацааны туршлага байх. Гэрэл зургийн энэ төрлийг ан гөрөөтэй адилхан гэдэг бол үнэн шүү.

-Дэлхийн хамгийн анхны улаан номыг бичсэн Д.Дидро “Байгаль бол хувцас хунараа сольж, гангалах дуртай эмэгтэйтэй адил” гэж хэлсэн байдаг. Тэгвэл амьтныг цөөн үгээр тодорхойлбол юу гэж хэлэх вэ?

-Дени Дидро анхны нэвтэрхий толийг зохиосон хэдий ч түүний бүтээлд байгалийн амьтан шувуу байгаагүй. Учир нь Байгалийн ангилал зүйн тогтолцоог судалж бий болгосон К.Линнейн гол бүтээл 20-оод жилийн дараа хэвлэгдсэн. Анхны шувуу хамгаалах чиглэлийн АНУ-ын Нүүдлийн шувуу хамгаалах хууль 1916 онд гарсан бөгөөд тэр хуулийн утга снааг 1960-аад оны сүүлчээс олон улсын хэлэлцээрийн тогтолцоо бүрдэж Олон улсын байгаль хамгаалах холбооны бүртгэл буюу Улаан данс бий болсон. Монгол Улс эдгээр хэлэлцээрт ордоггүй. Сонирхолтой түүх гэвэл анчин гөрөөчин Ж.Ширас 1906 онд зэрлэг амьтны анхны гэрэл зургийг буулгаж, ангийн бууг камераар сольсон төдийгүй Нүүдлийн шувууг хамгаалах анхны хуулийг ноороглосон зохиосон хүн болсон. Тэрбээр АНУ-ын Конгрессын гишүүн байсан, амьд байгалийг хамгаалах үзэл баримтлал, хөдөлгөөнийг үүсгэгч гэж үздэг юм билээ.  Зэрлэг амьтныг хүн бүр өөрийн үзэл бодлын өнцгөөс хардаг байх. Нүүдэлчин монголчууд эртнээс идэш, ан хийх хэрэгсэл гэж хардаг байсан хэлц үг зэргээс тодорхой бол өрнөдийн тариачин удамтай хүмүүс цаг агаар шинжих,  жимс тарианы ажлын дайсан эсвэл туслагч гэж харж илүү сайн таньж тодорхойлдог болтой. Зэрлэг амьтан шувуу онгон байгальдаа амьдарч байгааг харвал эрх чөлөө, гоо сайхны бэлэгдэл, ур удмаа үлдээхийн төлөө яваа үхтлээ тэмцдэг хүнээс өөрцгүй.

Одоо өөрийн санаанд хүрэх зураг ховор болсон, жилдээ 10-15 зургаас хэтрэхгүй

-Гаднын хэчнээн орноор явж гэрэл зураг авсан бэ?

-Эх орныхоо Баян-Өлгийгөөс бусад аймгийн нутгаар аялсан. Харин шувуу амьтан харах боломжтой уул, ой мод, нуур усыг зорьж явдаг болохоор ямар аймаг, сум нь надад чухал биш. Хүний хөл багатай, мал ахуй, тариаланд нэрвэгдэж, шахагдаагүй, зэрлэг амьтан амьдрах цөөхөн нутгийг л зорьдог. Гадаадын арваад орноор гэрэл зураг авах гэж цар тахлын өмнө амжаад явсан азтай хүн дээ, би.

-Та фото зургаар юу илэрхийлэн харуулахыг зорьдог вэ?

-Сонирхолтой асуулт байна. Эхлээд хараагүй үзээгүй шувууны зургийг буулгах, тэдгээрийн хөдөлгөөн нисэлт, ааш араншинг харуулахыг хичээж, танин мэдэхүйн зургийн санааг голлодог байсан бол сүүлдээ амьтны амар амгалан, байгальдаа хүндэтгэн хайрлах, байгальдаа зөнгөөрөө жаргалтай амьдарч байгааг үзүүлэх юм сан гэж боддог болжээ. Ховордсон амьтан шувууг хамгаалах байгууллага, хүмүүст хэрэгтэй зураг авахыг хичээдэг. Нэг их тоохгүй байснаа гэнэт тийм шувуу, ийм амьтны зураг байна уу гээд хайдаг. Амьд байгаль ертөнцийг таньж хайрлан хамгаалахад оруулж байгаа миний хувь нэмэр гэвэл ойлгомжтой биз ээ.

-Гэрэл зургийн бүтээлүүдээр ном, сэтгүүл гаргасан уу. Гаднын сэтгүүлүүдэд нийтэлдэг үү?

-Хэвлэл, сонин сэтгүүлд оруулсан ярилцлага, зургийг эс тооцвол арваад ном, цомог хэвлүүлсэн. Гадаадын шувууны ном лавлах, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлд хааяа зураг авч л байдаг. Хамгийн сүүлд Саудын Арабын шувууны лавлахад зураг өгсөн, одоо хэвлэлтэд орж байгаа байх. 

Дуртай юмандаа цаг гаргахын тулд телевиз үздэггүй, улстөр, нийгмийн мэдээлэл сонирхохгүй, ийм л хүн байна   

-Гэрэл зураг дотроо олон төрөлтэй. Камертай л бол юуны ч хамаагүй зураг авна гэсэн үг биш байх. Тэдгээрийн онцлогийг хэлж өгч болох уу?

-Тийм ээ, гэрэл зураг сонирхсон хүмүүс бол камерын тухай их асууж лавлаж байдаг. Уг нь ямар төрлийн зураг, ямар зорилготой авахаа шийдвэл тухайн төрөлд зориулсан камер, дуранг сонгож болно шүү. Тэгээд ямар дуран авах нь маш чухал, камер хоёрдогч. Онцлог гэвэл шувууны зурганд урт дуран, хурд өндөртэй камер хэрэгтэй. Макро зургийн хувьд гэрлийн мэдрэмж, пиксель өндөр, өөртөө цуврал зураг авчихдаг технологи нь чухал. Өндөр үнэтэй хэрэгсэл нэгэнт авчихсан хүн түүнийг зарж өөр төрөлд шилжихэд хэцүү болохоор сонголтоо эхнээс зөв хийх нь чухал. Зэрлэг амьтан, шувуу, сүүлийн үеийн макро зургийн төрлөөр өөрийн туршлагаас хуваалцахад бэлэн.

-Монгол орны үзэсгэлэнтэй олон газраар явсан хүний хувьд таны сэтгэлд хоногшиж үлдсэн газар орон байдаг уу?

-Сонирхолтой ховор шувуу, шавьж зурагласан газрыг бол мартахгүй шүү. Харин байгалийн үзэсгэлэнт тогтоц, эсвэл түүхийн сонирхолтой газрыг анзаараад саатаад байх цаг хугацаа байдаггүй дээ. Аялалд гарах бүрт зорьсон газраа хурдан хүрэхийг л бодно, тэгээд зураг авах цагтаа их харам зантай.  

-Таны амьдралын зорилго, хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Арваад жилийн өмнөөс охид, зээ нартаа шувуу амьтны хойноос явсан аяллын тэмдэглэлээ ном болгож, үлдээхийг бодож явна. Тэд маань ямар ч мэргэжилтэй бай амьд байгальд хайртай, амьдрал нь сонирхолтой байгаасай гэдэг хүсэл бодлын үзүүрт бий. Товчхондоо, байгалийн тухай мэдлэг тухайн хүний боловсролын хэмжүүр гэж хэлж болно. 

-Монгол болон гадаад оронд зураг авахын ялгаа юу байдаг вэ?

-Хэдэн том ялгаа байдгаас дурдвал, гадаад орнуудад агаар чийглэг, цэвэр тунгалаг учраас зураг буулгахад урамтай, цэвэрхэн гарна. Амьтан шувууг алж буудаад, үргээж хөөгөөд байдаггүй болохоор ойртож дөхөхөд амар. Тухайн газар орны шувууны байршлын мэдээлэл бүрэн байдаг нь аятайхан. Манайд бол нэг том давуу тал бий, тэр нь эрх чөлөөтэй аялж, зорчиж болдог. Бас амьтан шувуу нь онгон зэрлэг болохоор сорилт өндөр. Зүгээр ойртоод зураг авчихдаг бол сонирхол багатай биз дээ. 

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлэх сонирхолтой вэ?

-Чөлөөтэй цаг гэж хийх юмгүй цагийг хэлж байгаа бол надад бараг гардаггүй дээ. Зурганд явна, боловсруулна, амьтны тухай уншина, зургийн арга барил судална, туршина, хэдэн шавьжтай зууралдаад заримдаа нойргүй хононо. Хэд хоногоор хийх ажлаа бичээд, түүнийгээ хэрэгжүүлэх гэсээр л өдөр шөнө “нисч” өгч  байна. Дээр нь уран зохиолын ном байнга уншина. Дуртай юмандаа цаг гаргахын тулд телевиз үздэггүй, улстөр, нийгмийн мэдээлэл сонирхохгүй, ийм л хүн байна.     

Тэр зөвхөн гэрэл зураг аваад зогсохгүй монголчуудад, Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст амьтдын талаарх танин мэдэхүйн асар том, шинэ хаалгыг цэлийтэл нээн өгч, энэ төрлийн өв санг бий болгохоор зүтгэж буй нэгэн

 


АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 17:21:34
    С.Амартүвшин: Сайхан ярилцлага байна. Сонирхол, хичээл зүтгэлээ хослуулсан хүний хувьд хорвоо ямар баян байдгийг харуулжээ. Нэг зүйлд төдий чинээ улам бүр мэргэшиж чадна гэдэг энэ дээ. Сайхан яриа өгсөн Жаргалд баярлалаа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 13:27:23
    С.Шинэцэцэг: Ямар сайхан ярилцлага уншчихав аа. Баярлалаа Жаргал ахдаа. Баярлалаа Эргэлт.мн -ий хамт олонд. Номын ариун ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Нүд хурц, дуран нягт байг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 13:20:17
    Намжил гуай: Маш сонирхолтой азтай хийморьтой залуу юм аа .ажлын өндөр амжилт хүсъёэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 13:15:40
    Б.Нямбаяр: Жагаа ахын жран бүтээлийг харж сэтгэлийн баясал авахаас гадна, олон залсуут шургуу хөдөлмөрийн үр дүнд хүн юу бүтээж болдогийг харуулдаг үлгэр жишээ болдог хүн дээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 12:42:04
    Л Дашням: МГИМО төгссөн хүн иым хийэ явааг олж мэюээд бахархаж байнаа Сургууль маань хүнд мэргэжил төдийгүй бас ухаарал хайрладаг нь энэ дээ Амжилт хүсэе!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 12:05:55
    Х.Түмэндэлгэр: Зугаатай шаргуу найз, энэ шавьж хорхойны зураг авч байгаа нь ядаргаатай төвөгтэй, өмнөөс нь залхуу хүрмээр ч монголд шинэ урсгалыг бий болгож байгаа нь маш чухалдаа. За тэгээд зүтгээд байж дээ. Үр шим нь залуучууд, хүүхдүүд, монголчууд байгалиа таньж мэдэж хайрлах юм даа.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 12:02:05
    Ч. Болд: Мундаг хүн шүү. Гэрэл зургаар дамжуулж ирээдүй хойч үедээ байгаль орчныг таниулж, тэр хирээрээ байгаль дэлхийгээ хайрлах ёс зүйг сургаж байдаг. Бахархан дуурайх хүмүүсийн нэг.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 11:28:20
    Х.Алексадр : Баяр хүргэе. Үнэхээр хөдөлмөрч сайхан хүн юмаа. Залуус үлгэр аваасай.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-23 11:12:59
    Баяр: Жагаадаа амжилт хүсье. Гэрэл зураг хүмүүн бидныг улам гэгээлэг болгож байгаль эх рүү маань ойртуулж байдаг шүү.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188