• Өнөөдөр 2025-11-11

ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ

2025-11-11,   52

          Өнгөрөгч аравдугаар сарын 15-нд МАН-ын ахмадуудыг төлөөлж УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав гурав төрийн ордонд хэвлэлийн хурал хийсэн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар хоёрын “зодоон”-ы ид үеэр гэсэн үг л дээ. 
 
Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав хоцорсон. Улмаар УИХ-ын дэд дарга асан Ж.Бямбадорж Д.Цэвээнжав руу залгаж “Хэвлэлийн хурал эхлэх гээд байна, орж ирж байна уу” гэхэд Д.Цэвээнжав “Үнэмлэхээ гэртээ мартчихсан, ордны хамгаалалтынхан оруулахгүй байна” гэсэн. Харин Ж.Бямбадорж “Ерөнхий сайдын даалгавраар яаралтай хэвлэлийн хурал хийж байгаагаа хэлээд ороод ир л дээ” гэсэн. Хэвлэлийн хурлын шууд дамжуулалт хэдийнэ эхэлчихсэн гэдгийг Ж.Бямбадорж анзааралгүй ийнхүү Ерөнхий сайд Г.Занданшатарын “даалгавар”-аар хэвлэлийн хурал хийж буй ам алдсан байдаг.  
 
        Цаашлаад, энэхүү хэвлэлийн хурлын агуулга нь ч Ерөнхий сайд Г.Занданшатарыг МАН-ын дарга болгох ёстой гэх өгүүлэмжтэй байсан бөгөөд Ж.Гомбожав, Ж.Бямбадорж, Д.Цэвээнжав гурав “Ерөнхий сайд нь МАН-ын дарга байх журамтай. УИХ-ын дарга нь МАН-ын дарга байж болохгүй. Мөн байгуулагдаад хэдхэн сар болж байгаа Засгийн газраа огцруулах тухай асуудал ярьж болохгүй” гэх зэргээр ярьсан байдаг. Товчхондоо, МАН-ын ахмадууд Ерөнхий сайд Г.Занданшатарыг дэмжиж байгаа гэж харагдуулах нь энэ хэвлэлийн хурлын үндсэн зорилго байсан гэж хэлж болно. 
      Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатарын “даалгавар”-аар 20 гаруй хоногийн өмнө дээрх хэвлэлийн хурлыг хийсэн УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжавын хүү Ц.Батбаатар зургаа хоногийн өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар\ЭМДЕГ\-ын даргаар томилогджээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийг нь дэмжиж хэвлэлийн хурал хийсэн УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжавыг “шагнаж”, хүү Ц.Батбаатарыг нь ЭМДЕГ-ын даргаар томилсон байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 
          Сонирхуулахад, ЭМДЕГ-ын даргаар Увсынхан томилогддог бичигдээгүй хуультай болжээ. Өмнө нь ЭМДЕГ-ын даргаар УИХ-ын дарга асан М.Энхболдын дотнын найз, Увсын уугуул Л.Бямбасүрэн томилогдон ажиллаж байгаад авлигын хэргээр АТГ-ын хаалга татаад чөлөөлөгдсөн. Дараа нь, УИХ-ын гишүүн, Увсын уугуул, Т.Мөнхсайханы дотнын найз, өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Увсын тойрогт нэр дэвшээд унасан С.Энхболдыг томилсон. Харин зургаа хоногийн өмнө ЭМДЕГ-ын даргаар томилогдоод буй Ц.Батбаатарын аав Д.Цэвээнжав нь Увс аймгийн Малчин сумын уугуул. МАН-д Малчин сумаас төрсөн, үе тэнгийн хоёр улстөрч байдгийн нэг нь ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, нөгөө нь УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав. Тиймдээ ч Ц.Нямдорж, Д.Цэвээнжав хоёр тун дотно нөхөрлөж, Ар гүнтийн аманд хөршлөн амьдарч ирсэн түүхтэй.  
 

ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188