• Өнөөдөр 2024-05-13

М.Түмэнбаяр: Ялагдсан сэтгэлээ нуух, ялсан сэтгэлээ дарах үе олон

2020-11-05,   1846

Таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр  2018 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль төгссөн. Тэрбээр есөн настайдаа таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байжээ. Инчонийн Азийн аварга шаргаруулах наадмаас хүрэл мадель хүртэж олон улсын амжилтын гараагаа эхэлсэн гэдэг. Мөн зүүн азийн наадмаас хүрэл, Оюутны азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр, Армийн дэлхийн аваргын хүрэл, дэлхийн универсиад наадмын мөнгө зэрэг Монгол Улсын анхны гэсэн тодотголтой амжилтууд түүнийх. Харин өнгөрсөн долоо хоногт  болж өндөрлөсөн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тэр мөн л тэргүүлж, улсын аварга болсон юм. Ийнхүү “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Түмэнбаяртай ярилцлаа.  

-Таеквондогийн улсын аварга болсонд баяр хүргэе. Та бусдаас өөрийгөө  юугаар давуу гэж боддог вэ?

-Миний бусдаас ялгарах давуу тал бол тууштай, хичээнгүй зан гэж боддог. Тухайлбал, өнөөдөр тэмцээн дууслаа гэхэд маргааш нь бэлтгэлдээ гарч  дараагийн тэмцээндээ бэлдэж чаддаг. Энэ нь миний хувьд бусдаас ялгарах онцлог. Ихэнх тамирчин тэмцээний дараа урт, богино хугацаанд амардаг. Хэрвээ миний гар бэртвэл хөлөөрөө  бэлтгэл хийх, хөл бэртвэл гараараа бэлтгэл хийж болдог. Аливаа тамирчинд сэтгэл байвал ямар ч нөхцөлд бэлтгэл хийж болдог гэдгийг тархиндаа суулгаад, зорилгоо тодорхойлох юм бол бүхнийг даван туулах бүрэн боломжтой.

-Анх яагаад таеквондогоор хичээллэж эхэлсэн бэ. Тухайн үед гэр бүлийнхэн нь хэрхэн дэмжиж, туслаж байв?

-Би 26 настай. Найман настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед гадуур тоглож байгаад таеквондогийн “Нэгэн бүл” нэртэй клубын цонхоор цагаан хувцас, хар бүстэй ах нарын бэлтгэлээ хийж байгааг хараад сонирхолтой санагдаж эхэлсэн.  Түүнээс хойш одоог хүртэл тус спортоор тууштай хичээллэж байна. Тэмцээнд оролцож эхлэхэд гэр бүлийнхэн маань дуртай хүлээн зөвшөөрч, багаас эхлээд дэмжиж, туслаж байна.

-Таеквондогийн спорт юугаараа бусдын сонирхлыг татаж чаддаг вэ. Та юунд нь дурлаж байв?

-Хүнийг маш хүнлэг, цэгцтэй болгодог спорт. Нэг насны зөрүүтэй ч энэ спортоор хичээллэсэн хүүхдүүд ах бол ах, эгч бол эгч гэж бусдыг хүндэлж сурдаг. Тиймээс бусад спортоос ялгаатай гэж бодож байна. Тулааны спорт дэвжээн дээр нэг хүн гарч байгаа ч түүний ард маш олон хүний  сэтгэл зүрх, хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Хамт олны амжилт надаар ч юм уу, эсвэл бусад тамирчнаар илэрхийлдэг гэсэн үг.

-Тамирчин хүнд бэлтгэл маш чухал байдаг шүү дээ. Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Энгийн үед өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Энэ нь миний өдөр тутмын амьдрал гэсэн үг. Тэмцээн дөхсөн үед өдөрт гурван удаа бэлтгэл хийж, өөрийгөө эрчимжүүлдэг. Бэлтгэлийн системийг нарийн төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг. Тэмцээн хол байвал биеийн ерөнхий хөгжлөө сайжруулах,тэмцээн ойрхон байвал тактик болон тулааны үед ямар аргаар өөрийгөө хамгаалах зэрэг техник, ур чадвар дээр ихэвчлэн ажилладаг. Тамирчин бүрийн тулалдах онцлог, ур чадвар харилцан адилгүй. Тийм болохоор тамирчин бүрийн тулалдах хэв маяг өөр байдаг. Жишээлбэл, би өндөр эсвэл намхан хүнтэй хэрхэн тулалдах ёстой вэ гэдэг тактикт суралцах ёстой.

-Дасгалжуулагч нь бэлтгэл хангахаас  гадна хувь хүн рүү хандсан ямар зөвлөгөө өгдөг вэ?

-2014 оноос хойш БНСУ-ын мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлагаар бэлтгэлээ хангаж байна. Манай багшийг Монголд ирсэнээс хойш Монголын таеквондогийн амжилт ахисан. Багш маань бидэнд “Бэлтгэл хийхээс гадна өөрийгөө сайн амраа гэдэг. Чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрөөгөөрэй, өмнө нь орсон тэмцээнийхээ бичлэгийг дахин үз. Өдөр бүр биеэрээ давтахаас гадна өөрийгөө өөр өнцгөөс олж харах арга замыг нээж хар” гэж захидаг. Заримдаа зохиолын ном унших даалгавар өгдөг.

-Та таеквондогийн улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 63 кг-ын жинд оролцож улсын аварга болсон. Тус тэмцээнд хэчнээн тамирчин оролцсон бэ?

-Хэд хоногийн өмнө насанд хүрэгчдийн таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд оролцож түрүүлсэн. Мөн “Алдар” спорт хорооны тамирчид нийлбэр дүнгээрээ улсын аварга боллоо. Тус тэмцээнд 500 орчим тамирчин оролцсон. Өөрийнхөө жинд таван тулаан хийж ялсан.

-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?

-Олон улсын олимпийн эрх авах тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Ирэх гуравдугаар сард болох байх. Тэмцээндээ амжилттай оролцохоор  одооноос бэлтгэлээ хийж байна.

-Багадаа ямар мөрөөдөлтэй байсан бэ. Мөрөөдлийнхөө хэдэн хувийг биелүүлсэн гэж бодож байна вэ?

-Энэ спортоор хичээллэж эхлэхдээ дэлхийн аварга болох мөрөөдөлтэй болсон. Одоогоор зорилгынхоо 70-80 хувийг биелүүлсэн. Дэлхийн аварга болохын тулд өөрийгөө тултал нь дайчилна гэж бодож байгаа. Дэлхийн аварга болсны дараа өөрийнхөө мэдэж сурсан, биеэрээ туулж, мэдэрсэн бүхнээ ирээдүйд дэлхийн аварга болох тамирчдад зааж сургаж, дасгалжуулагч болох мөрөөдөлтэй.

-Таеквондогийн спорт манай улсад хөгжиж байна уу. Цаашид хэрхэн хөгжих төлөвтэй байна вэ?

-Манай улсад 1993 онд хамгийн анхны таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Би 2013 онд үндэсний шигшээ багт албан ёсоор орж одоогийн амжилтаа гаргасан. Монголын тамирчид дэлхийн хэмжээний тамирчны түвшинд хүрчихсэн. Гэхдээ тулааны тактик, техникийг бага зэрэг сайжруулбал олимп, дэлхийн медальтан төрөх цаг нь ойрхон байгаа гэж боддог.

-Яг л түүн  шиг болох юм сан гэж мөрөөдөж, үлгэр жишээ авдаг тамирчин бий юү?

-Яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Солонгосын тамирчдын бичлэг их үздэг. Мөн найзуудаасаа суралцдаг даа.

-Таеквондогийн спорт таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ. Тус спорттой амьдралаа холбоогүй бол өөрийгөө хэрхэн төсөөлөх вэ?

-Таеквондогүйгээр өөрийгөө төсөөлж ч чадахгүй байна. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь 70 орчим хувийг таеквондо эзэлж байна. Цаашид тамирчны карьер дууслаа гэхэд дасгалжуулагчаар ажиллана. Энэ спортоос бусдын болоод өөрийнхөө мөн чанарыг таньж мэдсэн. Энэ спортоор дамжуулж өөрийгөө илэрхийлж сурсан, өөртөө итгэх итгэлтэй болсон, үнэнч шударга тууштай зантай болж, өөрийгөө олж чадсан гэж боддог.

-Тэмцээнд оролцохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг  вэ. Сэтгэлээр унасан үедээ өөрийгөө ямар аргаар сэргээдэг вэ?

-Бэлтгэл дээр миний сэтгэл зүй илүү  ажиглагддаг. Заримдаа ачаалал даах чадвар суларч, амьсгаадаж, ядардаг. Миний өрсөлдөгч ч надтай ижил ядарч байгаа гэдгийг мэдэрч сул дорой байдлаасаа хурдан гарахыг боддог. Нэг үгээр хэлбэл, өрсөлдөгчөө сэтгэлгээгээрээ ялж сурахыг хичээдэг. Энэ нь миний давуу тал болж чаддаг.

-Тулааны талбар дээр гараад тулалдахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Тамирчин хүн байнга ялагдаж, ялахгүй. Ялагдсан сэтгэлээ нуух үе байна. Ялсан сэтгэлээ дарах тохиолдол олон. Тухай бүрт нь өөрийгөө захирч чаддаг байх ёстой. Ялагдчихлаа гээд гутрах биш, багийнхаа тамирчдад “одоо чи ялах ёстой шүү” гэж итгэл, найдвар хүлээлгэж, урамшуулах тохиолдол гардаг.

-Сэтгэл зүйн байдлаас болоод гутрах, шантрах үе гарч байв уу. Хэрвээ шантарч байсан бол хэрхэн даван туулсан бэ?

-Олимпийн дэлхийн аварга болно гээд тархиндаа суулгачихсан учир тэр хүртэл надад юу тохиолдохыг мэдэхгүй. Надад тулгарч буй ямар нэг бэрхшээл, ялагдал бүрийг надад тохиох хамгийн жижиг бэрхшээл гэж өөрийгөө тайвшруулдаг. Багахан  хичээхэд л энэ бүхнийг давах чадвартай гэж өөрийгөө омогшуулдаг. Би 10 сартай хүүхэдтэй. Сүүлийн үед хүүхэд минь миний сэтгэл зүйг дэмжиж, хурцалж байна. Өсөж буйг нь харах их урамтай. Миний ямар аав байхаас шалтгаалж, миний хүүхдийн ирээдүй тодорхойлогдох учраас заавал амжилт гаргана гэсэн итгэл найдвар дүүрэн, бадарч байна. Төдийлөн их шантарч байгаагүй. Бэртэл, гэмтэл авч байсан. Өвдөгний чагтан холбоос гэмтэж, гурван сарын хугацаанд хөдөлгөөн хорьж байсан. Тухайн үед гар, чээжин биеийн хөнгөн дасгал хийдэг байсан.

-Таеквондогийн спортоор дамжаад олон найз нөхөдтэй болсон байх. Найзуудынхаа талаар ярьж өгвөл?

-Миний эргэн тойрны хүмүүс спорттой холбоотой. Баг, тамирчид, удирдлагууд, үе үеийн шигшээ багийн тамирчидтай дотно байдаг. Энэ спортод олон жил цаг заваа зарцуулсан учраас спортын хүмүүстэй найзалдаг. Гаднын 20 орчим улсад очиж тэмцээнд оролцож байсан. Улсын аварга шалгаруулах тэмцээнд жил бүр ордог. Олон улсын тэмцээнд жилд таван удаа оролцдог.

-Таеквондо жингийн спорт учраас хоолны дэглэм барьдаг байх. Ямар төрлийн хүнс хэрэглэхийг зөвлөдөг вэ?

-Байнга хоолны дэглэм барьдаг. Таваас илүү жин хасаад тэмцээнд оролцох юм бол ажиллах чадвар нь 70 орчим хувь буурна гэж үздэг. Жингээ барихын тулд өдөр тутмын амьдралдаа чанартай хүнс хэрэглэж, гэртээ хооллодог. Тухайлбал, нарийн ногоо, өндөгний цагаан, булчин мах иддэг.

-Таеквондог та юу гэж тайлбарлах вэ?

-Таеквондо гэдэг нь хөл, гар, оюуны урлаг гэсэн утгатай. Дэвжээн дээр гарсан тамирчныг харахад амархан юм шиг санагдаж магадгүй. Бидний гар өдөр тутмын олон зүйл хийхэд оролцдог. Харин хөл бол алхах,гүйх үүрэгтэй. Хөлөө гар шиг ажиллуулах нь  хүч хөдөлмөр, ур ухаан шаарддаг болохоор бусад спортоос ялгардаг. Хөлөөрөө өрсөлдөгч тамирчныхаа зайг мэдэрч хамгаалах нь харагдаж байгаагаас хэд дахин илүү хэцүү зүйл.

-Найман настайгаас хойш өнөөдрийг хүртэл бэлтгэл хийхэд юу хамгийн их өөрчлөгдсөн бэ. Одоо юун дээр илүү ач холбогдол өгч бэлтгэл хийдэг вэ?

-Бага байхад клубын системээр хичээллэдэг байсан. Мэргэжлийн тамирчин болсноос хойш өдөрт хоёр удаа мэргэжлийн түвшинд бэлтгэл хийж байна. Одоо өөрийнхөө ашиглаж буй техник бүрийг анзаарч ажигладаг болсон. Өрсөлдөгч тамирчин ямар техник хийх боломжтой түүний хариулт юу байх билээ гэдгийг дасгал хийж байхдаа бодож сэтгэдэг. Нэг нүүдлийн заадах нүүдлийг бодож чадахгүй бол ялж чадахгүй.

-Танд өөрийн болгосон тактик бий юү. Ямар тактикаар илүү оноо авч чаддаг вэ?

-Олон улсын тэмцээнд оролцохдоо намхан тамирчны тоонд ордог. Хүч, ур чадвар, тэсрэлт, хурд зэргийг түлхүү ашиглаж, оноо авах давуу байдлыг үүсгэдэг. Мөн эргэлттэй өшиглөлтийг сайн хийдэг.

-Таеквондогийн спортоор хичээллэж буй тамирчид, үеийн найзууд, багшдаа хандаж юу хэлэх вэ?

-Мэргэжлийн тамирчин болох гэж зорьж буй залуучууд зорилгоо зөв тодорхойлоод, тууштай байж эцсийг нь  үзээрэй. Дасгалжуулагчдаа маш их талархаж явдаг. Би дасгалжуулагчгүйгээр ганцаараа хэчнээн бэлтгэл хийгээд амжилтад хүрч чадахгүй. “Алдар” спорт хорооны удирдлага, үндэсний шигшээ багийн удирдлага, Монголын таеквондогийн удирдлагууддаа дэмжиж тусладагт маш их баярладаг шүү гэдгээ хэлье.

 


М.Түмэнбаяр: Ялагдсан сэтгэлээ нуух, ялсан сэтгэлээ дарах үе олон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-06 00:47:46
    Anand: Uneheer mundag tamirchin ymaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 21:29:06
    Duugees ni : Agaadaa iluu ih amjiltiig husie Ta chadnaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 11:40:10
    Zochin: Mundag zaluu bn aa ulam ih amjilt
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-05 11:31:54
    Зочин: ҮШБ-ийн тамирчин М.Түмэнбаяртаа амжилт хүсье.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188