• Өнөөдөр 2026-05-05

ЭРХЭМСЭГ ТУЯА

        Ааль ялдам, эрхэмсэг нэгэн жүжигчин бол А.Туяа. Х-ТҮЦ продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр урлагт өөрийн өнгө төрх, туяа гэрлийг татуулсаар яваа. Нийслэлийн 62 дугаар сургуулийг төгсөөд,  СУИС-ийн жүжигчний ангид тэнцэж, Ардын жүжигчин Э.Лхамхүүгийн шавь болсон байдаг. “Central” телевизийн захирал Г.Анхбаяр, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, “Fantastic” продакшны жүжигчин Э.Алдар нартай нэг анги. Дунд сургуульд байхдаа дээд ангийнхаа охины гуйлтаар “Үнсгэлжин” наадамд оролцож, загварын тайзнаа анх гарсан гэдэг. Түүнээс хойш цөөн хэдэн удаа загварын шоунд оролцож байжээ.

     Дөрөвдүгээр курсдээ тэр Х-ТҮЦ продакшнд хөл тавьж, түүнээс хойш олон сайхан номерт нь дүр бүтээж, оролцсоор ирсэн билээ. Энэ тухай “И.Одончимэг эгчийг би шүтдэг, Аглуу, Н.Онон ах нарыгаа маш их хүндэлдэг. Багаасаа үзэж, хайрлаж өссөн жүжигчдээ ойроос харах нь бүү хэл, хамтдаа ажиллах боломж надад олдсон. Маш гоё хамт олонтой ажиллаж, их зүйлийг сурсан л даа. “Х ТҮЦ”-ийн бүтээл бүрээр бахархдаг” гэжээ. Харин тоглосон кинон дотроос нь бидний хамгийн сайн мэдэх нь  “Single ladies” цуврал. Тэрбээр эл киноны анхны ангид 2013 онд тоглож, түүнээс хойш 2015 онд “Single ladies-2”, 2017 онд “Single ladies-3”, 2020 онд “Single ladies-4: Төгсгөл ба эхлэл”, 2023 онд “Single ladies-5: Сүйт бүсгүй” гэхчилэн ангиудын гол дүрийг бүтээсэн.

      Тэрбээр “Би амьдрал дээрээ их шооч хүн. Бас жаахан хэнэггүй, цайлган талдаа гэх үү дээ. Хэчнээн бүтээж байгаа дүр нь уран бүтээл боловч, надаас л гарч байгаа учраас заримдаа тодорхой хэмжээгээр жинхэнэ намайг харуулах тал бий. Надтай хамтарч ажилладаг, намайг сайн мэддэг хүмүүс бол андахгүй. Анх уулзсан хүмүүс намайг их л аальгүй, галзуу, их зантай гэж боддог юм шиг байгаа юм. Тэгээд мэддэг болоод тодорхой хугацаа өнгөрсний дараа “Хүүе ээ чи ийм байсан юм уу” гэдэг. Би чинь эсрэгээрээ эршүүд, дуугүй, бас хүнийг шогловол шоглочихдог зантай хүн шүү дээ” гэж өөрийн зан чанарын тухай ярьсан байдаг.

 

    Энэ араншин нь “Single Ladies”  киноны дүрээс их ажиглагддаг. Хөөрхөн, хөгжилтэй, үзэсгэлэнтэй, эрхэмсэг бүсгүйн дүрээр үзэгчидтэй уулзаж, үргэлж сайхан эерэг энерги түгээдэг тэрбээр харин дүрийнхээ талаар “Ерөнхийдөө найруулагчдаас надад сайхан, эмэгтэйлэг, аальгүй хүүхний дүр л ирдэг шүү дээ. Миний хувьд тэдгээр дүрээс аль болох татгалзахыг хичээж байгаа. Сүүлд “Мөрөөдлийн театр”-ын “Дундын бүсгүй” жүжиг дээр тоглосон. Бас л өнөөх сайхан, аальгүй хүүхний дүр ирсэн. Энэ уран бүтээлд тоглосны дараа би ахиж ийм дүр бүтээхгүй гэж бодсон л доо. Арай өөр түвшний, өөрөөр харагдах дүр дээр ажиллахын тулд уран бүтээлийн саналууд дээр цинзур тавьж эхэлсэн. Мөн тоглох дүр, хамт олон, найруулагч маш чухал гэж харж байгаа” хэмээжээ.

     Түүнийг тодотгох мөн нэг онцлог нь тэрбээр уран бүтээлчийнхээ хувьд хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн уран бүтээл хийх хүсэлтэй байдаг нь. Магад энэ хүслийнх нь нэгэн хэсэг “Амьдрал нулимсанд дургүй” киноных нь дүрээр илэрсэн болов уу. Ингээд найруулагчаас оноосон дүр бүхнээ чадварлаг бүтээж, урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч, тодорч чаддаг түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Удахгүй сонин содон, сонирхолтой олон ч дүрээр үзэгчидтэйгээ уулзах байх аа.


ЭРХЭМСЭГ ТУЯА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188