• Өнөөдөр 2026-04-07

НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...

     Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 75 жилийн ойд зориулан Төрийн шагналт Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулахаар болжээ. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Д.Нацагдорж хөгжмийн зохиолчийн “Үүлэн заяа” дуурийг дөрөвдүгээр сарын 11, 12-нд тоглохоор бэлдэж байна.

   Дуурь, симфони, балет, концерт, дуу зэрэг олон суут бүтээлийг Монголын урлагт мөнхлөн үлдээсэн гайхамшигт энэ хөгжмийн зохиолчийн бүтээлээр “амьсгалж” байгаа эдгээр өдрүүдэд бид ч мөн түүний тухай бичвэрийг уншигч танд хүргэж байна.
 
 Хаад, ноёд, хатан, гүнжийн тухай дууриуд...
 
   Түүний дууриудаас “Гүн гэрийн гүнж” дуурийг нэг удаа үзэж, харин аялгууг нь хийсэн “Нутгийн чулуу” дууг нь олонтой сонсож байсан билээ. Сэтгэл аргадсан монгол аялгуу гэдэг нь дуурийн ч, дууны ч хөгжмөөс нь мэдрэгддэг. Тэрээр “Үүлэн заяа”, “Өгөдэй хаан”, “Гэсэр хаан”, “Гүн гэрийн гүнж” дөрвөн дуурийн аялгууг хийсэн байна. Хаад, ноёд, хатан, гүнжийн сэтгэлийн өнгө аясыг хөгжмөөр илэрхийлнэ гэдэг аргадахад нь аргадаж, гунихад нь гуньж, зовниход нь зовниж гэмээнэ сая нэг хэн ч сонссон сэтгэлд ойр бүтээл төрдөг байх. Түүний хөгжим хүний сэтгэлийн хөдлөл бүрийг нарийн мэдэрснээрээ эрхгүй ялгарч сонсогддог. “Гүн гэрийн гүнж” дуурьд гэхэд цуурын аялгуу, хатан эхийн бүүвэйн дуу голлож, бүгдийг зөөллөх шиг намуухан аялгуу эгшиглэдэг. 
 
      -Хаа нэгтээ цуурын аялгуу сонсогдох шиг, хатан эх бүүвэй аялж байх шиг...-
 
Хатан минь, хатан минь ээ

Хатан болдыг өгөөд явжээ

Хайрт минь, хайрт минь
Хаан ялалтыг өгөөд явжээ...” гээд Жи Жи Шаньюй хаан “Гүн нэрийн гүнж” дуурийн төгсгөлд бүгдийг ойлгон дуулдаг. Тэндээс л Цай Вэн Жи гүнжийн Хүннү төрд байгуулсан гавьяа тодорно.
 
     Арван хэдхэн насандаа Хан гүрэнд богтлогдож ирэхдээ Жи Жи Шаньюйд хайртай болж, түүний ялалтын төлөө, Хан гүрний ирээдүйн төлөө бүхнийг хийх нэгэн болно гэдгээ мэдээгүй. Гэсэн ч хайртай хоёр үрээ төрүүлж, хатан болохдоо хайр гээчийг мэдэрсэн ч зүрх сэтгэлийнх нь гүнд нутаг, хөгшин настай аав нь бодогдсоор л байж. Ийм нэг эмэгтэйн амьдрал, хувь заяа, дотоод сэтгэл, гавьяаг энэ дууриар үзүүлжээ.

Цай Вэн Жи гүнж дуурьт,

Өсөж, төрсөн нутаг минь
 Өндийж босгосон газар минь" хэмээн нутаг усаа үгүйлж буй хэсэг нь түүний дотоод сэтгэлийг илүүтэй тодруулан өгүүлж буй юм.
 
 
    Дуурь бүжгийн эрдмийн театрын Б.Сүхээ найруулагчийн найруулсан гурван бүлэг, таван үзэгдэлт энэ дуурийн зохиолыг монголчуудын эртний нүүдэлчдийн өв соёлын тухай Гүн гэрийн гүнж хатагтай Цай Вэн Жигийн бичсэн 18 цуврал шүлэг дээрээс бичсэн гэдгийг хөгжим судлаач Л.Эрдэнэчимэг ярьсан байдаг. Тэрээр шүлэг бичдэг, зурдаг авьяас билигтэй эмэгтэй байсан нь энэ дуурь бүтэх гол үүтгэл болсон байна. Хатад эртнээсээ ухаан билгээрээ хаадыг залж, улсаа мандуулж, гавьяа байгуулахад нь том туслагч байсан тухай бид мэднэ. Харин харь гүрнээс богтлогдон ирээд, Хүннү гүрний том нэгэн хааны алдар сууг мандуулсан эл гүнжийн түүхийг бид төдийлөн мэддэггүй. Тэгвэл хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж гэж хүмүүн ийм нэг сайхан дуурь бичиж, олондоо хүргэснээр Гүн гэрийн гүнжийн түүхийг бид мэдэж болсон нь энэ юм.     
 
 
   Бид Цай Вэн Жи гүнжийн дүрийг бүтээсэн Ш.Наранчимэг дуучинтай ярилцахад энэхүү дуурийнхаа талаар "Цай Вэн Жи гүнж бол бичгийн хүний угсаа гаралтай эрдэм мэдлэгтэй хүн байсан байгаа юм. Онцлог гэхээс илүү сэтгэл үймрүүлдэг хэсэг нь тавдугаар үзэгдэл дээр Жи Жи Шаньюй бид хоёр хүүхдүүдээ нэг нэгээр нь аваад салдаг хэсэг. Тэр хэсэгт бүгдээрээ их эвгүй болдог. Миний хувьд ч аль болох уйлахгүйгээр дуулах гэж их хичээдэг" хэмээн ярьсан. Харин Ц.Тэлмүүн-Очир удирдаач “Гүн гэрийн гүнж” дуурь Монголын дуурийн зохиолуудаас хамгийн эртний дууриудын нэг. Тэр дундаа тухайн үеийн Хүннү гүрний сул болон давуу тал нь юу байсан, Хан гүрэнтэй ямар холбоотой гэдгийг илүү тод томруунаар үзүүлдэг. Мөн Жи Жи Шаньюй хаан ямар их золиос гаргаж улс гүрнээ авч явж байгаа, үүний зэрэгцээ Гүн гэрийн гүнж болох гол дүр өөрөө эхнэр, ээжийн үүргээ хойш тавиад, улс гүрнүүдийн хоорондын эв түнжинг урдаа тавьж байгаа сэтгэл гээд олон зүйлийг агуулсан. Хөгжмийн хувьд Ц.Нацагдорж гуайн бусад дуурийг бодоход уянгалаг бичсэн санагдсан. Мэдээж дан уянгын ая явахгүй, тэр дунд бүжгийн хөгжим, холимог ритм бүхий урсгалын хөгжим ч бийгээрээ их сонирхолтой" гэж байв. 
 
      Ийнхүү харь орноос ирсэн турьхан, эмзэг нэгэн бүсгүйн түүхийг дуурь болгон бичиж, тайзнаа амилуулан, хүний сэтгэлд хүргэж чадсан нэгэн сайхан бүтээлийг өнөөдрийн бид тайзнаас үзэхэд гарцаагүй өөр нэгэн аялал, ондоо мэдрэмж байлаа. Цуурын аялгуу сонсогдсоор л...

-"ХӨДӨӨГИЙН САЙХАН” СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН ТЭМДЭГЛЭЛ-

Түүний томоохон бүтээлүүдийн нэг бол “Хөдөөгийн сайхан” симфони.
 
      Анир үл алдрах энэ талд нар алгуурхан тусаж, агшны төдийд бүх зүйл тодорч, өнгө, утгаа олж, хараагаа мянгантаа бэлчээлээ ч харж үл барам тэнэгэр тал, холын уулс, тэртээд жирэлзэх зэрэглээ… Аяа уудам энэ талыг, уянгатай энэ хөндийг, тойром бүрд голуудын эзэн нь өөрөө бид гээд бодохоор хэчнээн сайхан. Санах, бодох, үгүйлэх, дурсахын амт бас энэ бүхнээр дамжин илэрч, хоргодож, хоргоож, бишрэн бахдахын дээд нь ч мөн эндээс л төрөн гардгийг ухаарах тусам сэтгэлийн дотор яруу, уянгатай бүхэн нэгэн дор эгшиглэж, зүрхний гүнээс догдлол ургана. Алхах бүрд бойтогны минь хонх жингэнэж, намайг хол яваагүйг ээжид минь мэдэгдэж, элсэн дээр нь хөрвөөж, эрх шорооноос нь амсаж, чулуугаар нь гэр барьж, шулганан тоглож өссөн эрх бага насаа эргэн дурслаа. Тэгэхэд толгод, уулс, аав, ээж минь арай залуу байсан шиг ч санагдана. Ерөөс цөм л хараа булаам торгоны өнгө шиг шинэхнээрээ байсан шиг бодогдоно.
 

      Ийм нэг бодлыг минь дэмнэж хуур эгшиглэнэ. Хүний сэтгэлийн хөг алдруулж, зөөлрүүлэн татагч энэ агуу хөгжмийг чагнаж суухад эрхгүй мэлмэрэн уйлж, бөмбөрүүлэн зогсмоор болдог. Бор толгод, борог өвс, цэцэгт тал, цэнгэг ус, алтран асгарах элс, ариун догшин уулс, хөхрөгч тэнгэр, хөндий уудам дэнжүүд. Нар нэг л мэдэх нь ээ тусаж, бороо дусалж, салхи сэвэлзэн, цас хучна. Сар шөнийн гүнийг гэрэлтүүлж, одод анивчин үзэгдэнэ. Энд эрхисийн үзэсгэлэн, ид шидийг хэчнээн харж, биширч, бахдана вэ, бид. Танил, дотно, тааваар дураар, тансаг баян, тааламжит сайхан хөдөө нутаг үргэлж саруулхнаараа, мөнхөд сайхнаараа. Өнөөдөр ч биднийг торниулан өсгөлцсөн бүхэн тэр л хэвээрээ оршиж, хөгжмийн сайхан аялгуунд нэг нэгээрээ тодорч, бодож саатах бүрд аялгуу улам сонсголонтой, эгшиглэнтэй, өгүүлэмжтэй болж ирнэ. Бүгдийг багтаасан, бүхнийг хөглөсөн, дурсаж болох бүхнээр дүүргэсэн хүний оюун санаа, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийн бүтээл гэдэг ийм байдаг ажээ. Үнэхээр сэтгэлд, бодолд, дурсамжинд бүтнээрээ эгшиглэж, бүлээсгэж чадлаа. "Хөдөөгийн сайхан" хөгжмөөс буулгаж авсан минь энэ.
 

НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188