• Өнөөдөр 2026-04-08

ТЭРБУМТАН ДАРГА НАРААР ХҮРЭЭЛҮҮЛЖ, ТУСЛАХАА ЗАХИРЛААР ТАХИАД ТУЙЛЖ БАЙНА, Т.АУБАКИР

2026-04-08,   115

       Өнгөрсөн 10 жил Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам найман сайдын үүр үзээд буй. Харамсалтай нь, энэ яаманд “яая даа” гэсэн сайд заяагаагүй. Жишээ нь, 2022 онд ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан ядуу иргэдийг “Улныхан” гэж нэрлэдэг” гэж ам алдсанаар сайдаас огцорч байлаа. Түүний оронд Т.Аюурсайханыг ХНХ-аар сайдаар томилсон ч төд удалгүй “нүүрсний хулгай”-н хэргээр АТГ-ын хаалга татаад ажлаа өгч байлаа, гэх мэтээр. 
 
Тэгвэл өнгөрсөн оноос ГБХНХ-ын сайдаар Т.Аубакир ажиллаж буй. Ямар багаар яамаа удирдаж буйг нь шагайж үзтэл туслахаа хүртэл дарга болгочихсон, басхүү дандаа тэрбумтан дарга нараар хүрээлүүлээд сууж байна. 
ТУСЛАХ Т.БОДАУГАА ЯАМНЫХАА ХАРЬЯА СЭРГЭЭН ЗАСАХ, ТУСЛАХ, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ДАРГА БОЛГОЖЭЭ 
 
      ГБХНХ-ын сайд Т.Аубакир 10 гаруй хоногийн өмнө яамныхаа харьяа Сэргээн засах, туслах, технологийн үндэсний төвийн даргаар өөрийн туслах Тимур Бодауг томилсон. Т.Бодау нь 2020 оноос хойш Т.Аубакирын туслахаар ажиллаж, цув, цүнхийг нь барьж гүйснээс бусдаар төрийн байгууллага удирдах байтугай төрд ажилласан туршлагагүй нэгэн. Гэсэн ч Т.Аубакир туслах Т.Бодаудаа яам толгойлж, ямба эдэлж буйнхаа зангарагийг үзүүлж, 60 албан хаагчтай Сэргээн засах, туслах, технологийн үндэсний төвийн дарга болгоод залчихжээ. 
Цаашилбал, ГБХНХ-ын сайд Т.Аубакир өнгөрсөн оны есдүгээр сард яамныхаа харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболдыг чөлөөлж, түүний оронд нутгийн дүү З.Бауыржаныг томилсон. Харин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаас чөлөөлсөн З.Энхболдыгоо Т.Аубакир яамныхаа харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирлаар томилж “аргалсан” байгаа юм. 
 
      ГБХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь асар их мөнгө эргэлдүүлдэг, тиймдээ ч үе үеийн ХНХ-ын сайдууд энэ газрын даргаар өөрийн хүнээ тавьдаг. Нэг жишээ дурдахад, 2016 онд Н.Номтойбаяр ХНХ-ын сайд болмогцоо өөрийнхаа “Монголын алт” ХХК-ийн дэд захирал Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилж байлаа. Гэвч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа хоёр эрх мэдлээ ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг завшсан хэргээр хамтдаа шүүгдсэн. Ингээд Н.Номтойбаяр нэг жил, Б.Нямдаваа хоёр жилийн ял сонсож байлаа. Өөр жишээ ч бий. Одоогийн Ерөнхий сайд Н.Учралын Ахлах зөвлөх Л.Дашдэмбэрэл 2020 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож, 2022 онд 600 сая төгрөг завшсан хэрэгт холбогдоод ажлаа өгч байлаа. Товчхондоо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын томилгооны цаана асар их ашиг сонирхол байдгийн хоёрхон жишээ нь энэ. 
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР ТЭРБУМТАН ДАРГА НАРААР ХҮРЭЭЛҮҮЛДЭГ
 
        Эхэнд дурдсанчлан, ХНХ-ын сайдаар ажиллаж асан Д.Сарангэрэл “Манай яамныхан ядуу иргэдийг “Улныхан” гэж нэрлэдэг” гэж ам алдаад, ард түмэнд шүүмжлүүлээд Засгийн газраас хөөгдөж байлаа. Яамных нь хөрөнгөлөг дарга нар ядуу иргэдийг "Улныхан" гэж ярьсныг Д.Сарангэрэл нийтэд ам алдчихсан хэрэг л дээ. Тэгвэл одоо ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг тойрч суугаа гурван дарга ч ядуу иргэдийг "Улныхан" гэж дуудахаар хөрөнгөлөг юм. 
 
        ГБХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагыны газрын даргаар Д.Мөнгөнтуул гэх эмэгтэй ажилладаг. Тодруулбал, Д.Мөнгөнтуул нь жилдээ 1.1 тэрбумын орлоготой,  1.1 тэрбумын 700 гаруй толгой малтай, тэр тусмаа хурдан удмын 100 адуутай, Land Cruiser 200 хөлөглөдөг, нөхөр Г.Отгонбаатар нь “Үйзэн тал групп” ХХК, “Соёмбо буудай” ХХК-иудыг эзэмшдэг. “Соёмбо буудай” ХХК нь Дорнод аймгийн Халх гол суманд 16.2 сая м2 буюу 1629 га тариалангийн талбайтай. Харин “Үйзэн тал групп” ХХК нь 9.4 сая м2 буюу 946 га тариалангийн талбайтай.  Өөрөөр бол, ГБХНХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнхтуул нь Дорнодын газар тариалангийн хоёр том компанийн эзэн. ГБХНХ-ын сайд Т.Аубакир өөрөө 2000 оноос хойш газар тариалангийн “Сэлэнгэ тариа” ХХК, “Тариан цацал” ХХК-иудыг эзэмшиж, удирдсан. Тиймдээ ч Т.Аубакир яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрыг газар тариалангийн бизнестэй Д.Мөнгөнтуулаар удирдуулсаар байгаа байж болох. 
 
      ГБХНХ-ын Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул гэх эмэгтэй ажилладаг. Ц.Мөнхзул нь Т.Аубакиртай Засгийн газрын танхимд зэрэгцэж суугаа ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлангийн төрсөн ах Ж.Баяржавхлангийн эхнэр. Жилдээ 1.5 тэрбум төгрөгийн орлоготой, 3.6 тэрбумын нэг орон сууц, нэг зуслангийн хаустай, 651 сая төгрөгийн Mercedes Benz GLE 400 болон Lexus 570 жийптэй, 124 сая төгрөгийн хадгаламжтай. Нөхөр Ж.Баяржавхлангийнх нь эзэмшдэг “Пауэр бласт” ХХК  нь Төв аймгийн Сэргэлэн суманд Тэсрэх бодисын үйлдвэр,  тэсрэх материалын агуулахын цогцолбортой. “Шивээ овоо” ТӨХК, “Багануур” ХК, “Тавантолгой” ХК, “Цемент шохой” ТӨХК, “Эрдэнэс силвер ресурс” ХХК, “Өсөх зоос” ХХК тэргүүтэй уул уурхайн хувь, хувьсгалын том компаниудын тэсэлгээг хариуцаж ирсэн. 
 
        ГХХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнханд гэх эмэгтэй ажилладаг. В.Рэнцэнханд нь 1.1 тэрбумын гурван орон сууц, 214 сая төгрөгийн дөрвөн автомашин, 673 сая төгрөгийн хадгаламжтай. Нөхөр Г.Сэргэлэнбат нь эрүүл мэндийн салбарт алдартай  “Нахиа импекс” ХХК-ийн эзэн. “Нахиа импекс” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийн 90 орчим тендерт шалгарсан байдаг. 
 

ТЭРБУМТАН ДАРГА НАРААР ХҮРЭЭЛҮҮЛЖ, ТУСЛАХАА ЗАХИРЛААР ТАХИАД ТУЙЛЖ БАЙНА, Т.АУБАКИР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188