“Хамаг бие бөөс, хуурсандаа баригдахаас гадна тэр чигтээ хир даг болчихсон, арьс нь хатуурч, дарайгаад сайртсан амьтан л гүйж явдаг байлаа. Өмсөж яваа хувцасны талаар бүр ярих ч юм биш. Ямар өнгөтэй, ямар загварын хувцас байсан нь мэдэгдэхээ байтлаа хиртэж, халтартсан ч сольж өмсөх юм байхгүй юм чинь өнөөхтэйгээ л явна. Хүн өлсөхөөр яадаг гэж бодож байна. Хогийн бункер байна уу, хог, хаягдал, угаадас, шавхруу байна уу ер хамаагүй. Идэх л юм байвал юунаас ч, хаанаас ч хамаагүй олж хоолойгоороо давуулахыг л хүснэ, дайрна, эрнэ, булаана. Өлсгөлөн, дутуу гуцуу хүний зан ааш авах юмгүй зэрлэгшиж, амнаас гарах үгний ихэнх нь хүн сонсохын аргагүй хараал болоод ирдэг юм билээ. “Муу гудамжны гөлөг. Эндээс хурдан зайл” гэсэн үг миний нэр шиг л болчихсон байлаа. Бүр сүүлдээ хүнд зодуулаад сурчихсан. Толгой дээрээ дэвсүүлж, цустайгаа холилдоод эвхрээд хэвтэж байхдаа ч өвдөлтийг тэсээд сурчихсан байлаа. Ийм л амьдрал туулсан. Одоо тэр бүхнийг эргээд бодохоор хамаг бие зарсхийж, шар үс босох шиг болдог. Миний хүүхэд нас ямар ч хэцүү тавилан туулсан юм бэ дээ гэж бодохоор өрөвдөх шиг, өөрийгөө тэвэрмээр ч юм шиг болдог” хэмээн амьдралынхаа түүхийг ярих залууг Б.Рэнцэн гэдэг. Тэр хүмүүсийн мартах шахаад байгаа 1990-2010 он хүртэл Улаанбаатар хотын гудамжинд гэр оронгүй траншейн, орц, хонгилоор гэр хийн амьдарч байсан гудамжны зуун зуун хүүхдийн нэг юм. Тэр траншейны гэгдэх хэцүү амьдралаас хэрхэн өөрийн хүч, ухаанаар өнөөдрийн амгалан тайван, хэнээс ч дутахгүй сайхан амьдралд хүрсэн тухайгаа бидэнд халган халган байж ярьсан юм. Ингээд түүний хүүхэд насны гашуун хийгээд адармаат түүхийг уншигч таны өмнө дэлгэж байна.
2001 он. 10 настай Б.Рэнцэн.
Намайг гурван настай, дүүг минь долоон сартай байхад ээж өвчний улмаас нас барж, бид өвөөтэйгөө үлдсэн. Надад анхнаасаа л аав гэж хүн байгаагүй. Гэрийн бүх хүн аавын тухай ярьдаггүй, надаас тас нуудаг байлаа. Харин дүүгийн аав гэж нэг ах байсан ч ээжийг жирэмсэн байхад орхиод явсан юм билээ. Өвөө, дүү бид гурав Бичил хороололд гурван өрөө байранд дутагдах зүйлгүй, долоон жил амьдарсан. Ээжээс хойш бид амьдрах гэж хэрэндээ л хичээсэн. Ээж айлын дундах, эгч, дүүтэй. Хамгийн хачин нь, ээжийн эгч, дүү бид хоёрт үнэн голоосоо дургүй. Гэрт ирэх болгондоо л нүд үзүүрлэж, зодож, цохино. Нэг нүдээрээ ч харж чадахгүй байгаа юм шиг л байдаг байсан. Ээжтэй минь анхнаасаа л харилцаа тааруу байсан. Өш хонзонтой хүн шиг тэрийгээ бид хоёроос аваад байсан юм шиг санагддаг. Намайг есөн настай байхад өвөө минь хүнд өвдөж, хэвтэрт орсон. Ээжийн эгч нь өвөөг асрахаар гэр бүлээрээ манайд нүүж ирлээ. Дүү бид хоёрыг ялих шалихгүй юмаар шалтаглаж зодно. Энэ тухай нь хэлэхээр өвөө итгэхгүй. Сүүлдээ өвөөгийн орны хөл дээр байнга сууж байдаг байсан болохоор гадарласан байх. Гэсэн ч өвөө сүйдтэй өмөөрч чадаагүй. Ингэсээр жил тойрч, өвөө минь бурхан болсон. Бидний амьдарч байсан байрыг ээжийн эгч нэр дээрээ шилжүүлж авахын тулд дүү бид хоёрыг өргөж авлаа. Тэндээс л хүний жинхэнэ чанар танигддаг юм билээ. Хүн харахад дүүгийнхээ хоёр хүүхдийг өөрийнхөө таван хүүхэдтэй өсгөх гэж байгаа эмэгтэй. Ачир дээрээ төрсөн дүүтэйгээ аавынхаа байр, эд хөрөнгийг булаацалдаж байгаа араатан байсан. Өвөө өнгөрөөд л бид хоёрын зарц, боол шиг амьдрал эхэлсэн. Гэрт хүн ирээд, бүх хүн зочны өрөөнд амттай хоол, чихэр, жимс идэж байхад миний дүү шал зүлгээд, би нойл угаагаад л байж байдаг байсан. Тэр гэрт болохгүй байгаа бүгдийг л бид хоёр руу чихэж загнана, зодно. Нэг үгээр бол бид хоёр гэрийнхнийнхээ уураа гаргадаг, өш хонзонгоо авдаг мишок шиг л байсан. Ингэж байгаад эгч ахиад нэг хүнтэй сууснаар бидний хүүхэд нас бүрмөсөн дууссан даа.
Гэрт ажил хийдэг хүн байхгүй. Би 50 төгрөгөөр ундаа аваад, 100 төгрөгөөр гудамжинд зарж, талхны мөнгө олно. Миний олж ирсэн талхыг хувааж идчихээд, дүү бид хоёрт жижигхэн булан өгнө. Хоол хийхээрээ өгөхгүй, гал тогооны өрөөнийхөө хаалгыг хааж байгаад л өөрсдөө идчихдэг. Хааяа аяганы дундуур хоол өгөөд бид хоёрыг үүдний өрөө рүү хөөнө. Нөхөр нь архи уухаар, хоолгүй болохоор, хүүхэд нь өглөө хичээлээсээ хоцрохоор, ус, цахилгааны төлбөрөө төлөхгүй байж байгаад контороос таслачихаар гээд бүх болохгүй юмны буруутан нь бид хоёр байдаг байлаа.
Нэг удаа эгч “Та хоёр өвөөгөө алсан алуурчид. Та хоёрын дуу чимээнээс болоод миний аав өнгөрсөн. Та хоёр үхээд өгөөч” гээд биднийг аймшигтай зодсон. Өмнө нь яаж ч зодсон тэвчдэг байсан ч хэлсэн үгэнд нь гомдоод дүүгээ аваад тэр гэрээс зугтсан. Миний амьдралдаа сонссон хамгийн аймшигтай, муухай үг тэр байсан. Тэгээд гэрээсээ гараад өдөржин гудамжаар явж байгаад бид байрныхаа найман давхарт очиж хоносон. Хүүхэд юм болохоор өөрсдийнхөө хамгийн сайн мэддэг газарт л очно шүү дээ. Дүүгээ тэврээд хогийн бункерийн хажууд унтаж байсан чинь үүрээр гэрийнхэн олоод ирсэн. Өглөө нь дахиад л зодуулж байгаа юм. Тэгээд тэрнээс хойш зодуулахаараа л гэрээсээ гараад зугтаачихдаг боллоо. Ингэж явсаар эгч нөхөртэйгөө нийлээд бидний байрыг зарж, Дэнжийн 1000 руу хашаа, байшин руу нүүлээ.
Биднийг орон сууцанд амьдардаг байхад тэдний том хүү нь огт ирж байгаагүй. Архинд ороод, гудамжинд гарчихсан байсан юм билээ. Тэгээд арай гайгүй болоод гэртээ ирсэн. Тэр ах ээжээсээ илүү бид хоёрыг яргалж, тарчлааж зовоож эхэлсэн. Дэгээ төмрөөр шилбэ рүү маань хөл дээрээ зогсож чадахгүй болтол шавхуурдаж, хүний санаанд багтамгүйгээр л тамладаг байсан. Толгой хагалах, гар, хуруу гэмтээх, нүд, нүүр хөх няц болгох энүүхэнд. Эгчийн нөхөр нь хүүхдүүдийнх нь аав биш учраас хоорондоо таарамжгүй харилцаатай. Тэр ах бид хоёрыг заримдаа өмөөрч, нууж хаагаад хоол унд өгдөг байсан. Гэхдээ тэр хүн айлд хоргодож байгаа учраас бид хоёрыг ил цагаан өмөөрч чадахгүй. Хэрэв өмөөрвөл хоорондоо хэрэлдээд, гэрээсээ хөөгдөх шахам юм болно.
2003 он. 12 настай Б.Рэнцэн.
“Өвөөгөө алсан алуурчин” гэдэг үг намайг тэдэнтэй хамт үлдээгээгүй. Бодох тусам л зэвүү хүрээд байдаг болчихсон учраас би дахиад гэрээсээ зугтаасан. Эргэж очихгүй гэж шийдээд явсан. Эмэгтэй хүүхэд гудамжинд амьдрахад хэцүү учраас арга буюу дүүгээ үлдээсэн. Аймшигтай газар үлдээж байгаагаа мэдэж байгаа ч миний гомдол, үзэн ядалт тэнд байх аргагүй байлаа. Хуучин амьдарч байсан байрныхаа ойролцоо очиж, орцны хамгийн дээд давхарт хэсэг амьдарлаа. Цаасан хайрцаг дэвсээд нөмрөөд унтчихдаг байсан. Хамт сурч байсан найзуудын минь гэр Бичилд учраас тэдэнтэй нийлдэг. Хичээлийг нь тарахаар өдөржин хамт явна, тоглоно, дэмий тэнэнэ. Тэд надад гэрээсээ өмсөх хувцас, хоол унд гаргаж өгнө. Заримынх нь аав, ээж өдөр гэртээ байхгүй учраас орж усанд орно. Харин орой болохоор найзууд маань гэр рүүгээ ороод, би орцны үүдэнд ганцаараа үлддэг байлаа. Маргааш нь тэднийг гарч ирэхийг өдөржин хүлээнэ, өлсөнө, цангана. Ер нь тэр хавийн бүх хүн л манай өвөөг, намайг таньдаг байсан. Өвөө, дүү бид гурав шинэ жилээр өвлийн өвгөн болоод Бичил хорооллын айлуудаар орж бэлэг тарааж байсан. Дээрээс нь өвөө багш учраас нэр хүнд сайтай, олон хүнээр хүрээлүүлж амьдарч байсан даа. Харамсалтай нь, намайг гудамжинд гарснаас хойш хэн ч алгаа дэлгээгүй. Бүгд л намайг гудамжны хулгайч, тэнэмэл хүүхэд гэсэн нүдээр харж, дөлнө. Таньдаг байсан хүмүүс танихгүй царайлаад яваад өгөхөөр эвгүй, гомдмоор л байсан. Тэглээ гээд яах вэ, иймэрхүү хандлага, хүмүүсийн ялгаварлан гадуурхалтад дасчихдаг юм билээ. Сүүлдээ найзуудын минь аав, ээж дургүйцэж, надтай найзлахыг зөвшөөрөөгүй. Байнга л хөөж туугаад, орцонд ч байлгахгүй байсан. Бичилийн орон сууцны голд дээшээ гарсан шаттай үсчний газар байсан юм. Би шатных нь дор хэсэг байрласан. Шөнө орой айна, унтаж чадахгүй үүр цайлгана. Унтаж чадахгүй байх чинь л хамгийн хэцүү. Унтчихвал хэдэн цаг ч гэсэн юу ч мэдрэхгүй өнгөрчихнө шүү дээ.
...Хүн дассан газраараа л эргэлдээд, тэндээ хоргодоод байдаг юм билээ. Хуучин гэрийнхээ хаалганы үүдэнд мөн ч их суусан. Тэнд очихоор ээж, өвөөгөө санаад, гэрийн маань үнэр үнэртээд байдаг байсан. Тэгээд нүдээ хавдтал уйлна. Тэр үед толгой өвдөөд, ходоод гэдэс наалдах шахаад, тэнхээгүй, сульдчихдаг байсан. Орцонд олон хонохоор оршин суугчид цагдаа дуудчихна. Сайхан унтаж байтал цагдаа нар ирээд өшиглөөд, цохиж нүдээд хэлтэс рүүгээ ачаад явна. Маргааш өглөө нь хаяг тодорхой биш учраас гаргаад явуулчихна.
...Сүүлдээ хоолны газрын үүд сахиж суугаад хаягдал хоол иддэг болсон. Хүмүүсийг босох үед нь уралдаж, очоод л тавагтай хоолных нь үлдэгдлийг гялс иднэ. Хоол хаана байна нохой шиг л дагуулж харж байгаад гүйхээрээ очно. Дуусгаж амжаагүй байхад зөөгч нар нь таваг булааж аваад, чих тас мушгих нь холгүй чихдээд гаргана, араас өшиглөнө, толгой тархиар хана мөргүүлнэ. Хүн биш, гудамжны нохой шиг л харьцдаг байсан.
Найзуудынхаа гэр рүү очихоо больсон учраас нэг мөсөн гудамжны хүүхэд болсон. Усанд орохгүй учраас нүүр, гар сайртаад, үс чих дарж ургаад хүн харахын эцэсгүй. Муухай үнэртэй, бие дээгүүр бөөс, хуурс гүйгээд, ноорхой хувцас маань битүү амьтан болчихно. Хогийн бункер, гудамжны үзүүр зэрэг хүний хөлнөөс холхон очоод хувцсаа нэг сайн гөвж аваад өмсдөг байлаа. Тоолдог бол хэдэн арван бөөс хувцаснаас унадаг байсан байх. Хумсны хир, биеэс үнэртэх үнэрийн тухай бодохоор одоо ч эвгүй оргиж байна.
Тэгж яваад нэг хүүхэдтэй танилцлаа. Тэр хүүхэд гудамжинд амьдардаг хэрнээ мөнгөтэй, хүүхдүүдийн тоглоомын мөнгийг даагаад, дэлгүүрээс баахан идэх юм авч өгөөд байсан юм. Тэгэхээр нь “Энэ хүүхэд баян юм байна, найзалъя” гэж бодоод танилцсан. Тэр надад өөрийнхөө амьдралын түүхийг хүний санаанд оромгүйгээр зохиож ярьж өгсөн байсан. Аав, ээж нь Замын-Үүдэд амьдардаг, баян хүмүүс байдаг гэсэн. Тэгээд бид Улаанбаатараар хэсэг тансаглаж байгаад түүний гэр рүү явах гээд галт тэргэнд суух боллоо. Галт тэргэнд суугаад удаагүй байтал яах ийхийн зуургүй хоёр цагдаа ирж, гавлаад хэлтэс рүү аваад явсан. Тэгсэн чинь тэр хүүхэд Их дэлгүүрийн урд талд байсан машинаас цүнх хулгайлсан юм байна лээ. Жолооч нь хаалгаа түгжихгүй орчихоор нь урд суудал дээр нь байсан цүнхийг аваад зугтаачихсан гэсэн. Цүнхэн дотор нь гурван сая төгрөг байсан юм билээ. Тухайн үеийн гурван сая төгрөг гэдэг чинь асар их мөнгө шүү дээ. Гэхдээ бүх мөнгөө үрж амжаагүй, урд талдаа цүнх үүрээд, хийчихсэн байсан гэсэн. Уйлаад л, зодуулаад л байцаагдаад байсан. Анх удаа байцаагдаж байгаа болохоор үнэхээр айж байлаа. Хамгийн гол нь цагдаа нар хаяг тогтоох газар руу миний мэдээллийг явуулаад, манай гэрийнхнийг олчихсон байсан. Намайг хулгай хийгээгүй гэдгийг тогтоож, гэр рүү маань явуулсан. Харин тэр найзыг минь Хүүхдийн хорих руу аваад явсан. Буруу хүнтэй найзалснаас болоод гэмт хэрэгтэн болох шахсан. Азаар гэмт хэрэгтэн болж ачигдаагүй ч жил гаруй хугацааны дараа араатан шиг гэрийнхэндээ баригдаад харьсан.
2005 он. 14 настай Б.Рэнцэн.
...Гэртээ очтол дүү минь сургуульд сураагүй, эгчийн хүүхдэд зодуулаад Гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн байсан. Хэвтэрт ортол нь миний дүүг зодоод, эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Тэгээд дүүтэйгээ уулзаж чадаагүй. Гудамжинд хоёр жил орчим амьдарчихсан хүүхэд чинь ааш зан нь өөрчлөгдөнө шүү дээ. Дээрээс нь том болчихсон учраас урдаас нь эсэргүүцэл үзүүлнэ. Дөнгөж очсон болохоор зодож, нүдээгүй. Гэхдээ л хүйтэн хөндий харилцаа байсан. “Наад гудамжны гөлгөө усанд явуулаарай. Гарч хашаа хороо цэвэрлэ. Буцаагаад алдчихав” гээд л гол зүсмээр үгээр доромжилно. Ер нь хүний бие өвдсөн ч эдгэчихдэг, сэтгэл өвдөхөөр эдгэдэггүй юм байна лээ.
Гэртээ хариад удаагүй байсан чинь миний бие дээгүүр улаан товгор товгор юм туурж эхэлсэн. Гэрийнхэн сэжиглээд, өмсөж явсан хувцсыг маань шатаагаад, үсийг минь хуссан. Тэгээд ч бие дээрдэхгүй болохоор нь эгч дагуулж яваад эмнэлэгт үзүүлсэн чинь арьсны өвчин тусаж, хамуурсан байсан. 100 айлын арьсны эмнэлэгт долоо хоног хэвтлээ. Энэ хугацаанд хэн ч намайг эргэж ирээгүй. Долоо хоногийн дараа эмнэлгээс гудамжиндаа гарсан.
1000 нэрийн бараа, Бичил хороолол, Өргөөгийн арын хэсэг миний гэр. Тэр хавийн шөнийн цэнгээний газраар явж лааз, пивоны сав түүнэ. Шөнийн 02:00, 03:00 хүртэл яваад хоёр шуудайг түүнэ. Өглөө нь тэрийгээ Гандангийн дэнжийн хогийн цэгт тушаагаад, мөнгөөрөө сонин, сэтгүүл аваад, түүнийгээ Бөмбөгөрөөр явж зарна.
Олон ч удаа шуудайтай лаазаа булаалгаж, дээрэлхүүлсэн. Гудамжны хүүхдүүд чинь нэг нэгэндээ хачин дээрэлхүү. Бүлэг бүлгээрээ явдаг болохоор бушуухан юмаа дээрэмдүүлээд л зугтаах, салахаас өөр гарцгүй. Заримдаа зодолдоод дийлдэгч дараа нь омгийн ах нар нь ирээд алах шахна. Тархи толгой руу дэвсээд, цус, нөжтэй минь холиод хаячихдаг. Надад нийлдэг хүн бараг л байгаагүй. Ганцаараа л хогоо түүнэ. Өвөл даараад хэд хэдэн удаа траншейнд хонож байсан ч бүгд эзэнтэй учраас хөөгдөнө. Зарим траншейнд бүүр айл амьдардаг байсан шүү дээ. Янзын сайхан тохижуулаад, дотор нь хоол ундаа хийж иддэг. 1000 нэрийн барааны хойд талын траншейнд унтаж байсан чинь хоёр ах орж ирээд, хамаг юм дээрэмдээд, хөөгөөд гаргасан. Дахиж траншей руу хамраа цухуйлгаагүй. Өөр газар бол учиртай, ядаж л ухаан алдаад хэвтэж байвал хүмүүс эмнэлэг, цагдаа дуудчихна. Траншейд бол хэн ч мэдэхгүй байсаар үхэх юм байна гэж бодсон.
...Бөмбөгөр дээр зарж үзээгүй юм байхгүй. Зар сонин аваад “Ах аа, эгч ээ сонин авах уу. Сонин аваарай” гээд дуу шиг аялаад гүйнэ. Хоолны газар руу ороод ширээ болгоноор “Үлгэрийн ном авах уу. Ном авах уу” гээд асууна. Тэрэг түрнэ, хүмүүсийн ачааг зөөнө. Нэг өдөр бөөний төвөөс тор аваад, нугалаад зарсан. “Тор, цүнх аваарай. Тор цүнх аваарай” гээд хашхираад явдаг боллоо. Гэхдээ хамгийн хэцүү нь хүмүүс надад итгэхгүй. Байнгын гар, хөлөөс татаастай, уяатай нохой шиг л авч яваад юмаа зөөлгөнө. Мөнгөө өгөх болохоороо гонжирно, бага мөнгө өгнө, “Дутуу байна” гэж хэлэхээр зодох гэж дайрна, хөөнө. Давгүй ч мөнгө олж байсан учраас цахим тоглоомын газарт хонож эхэлсэн. Олсон мөнгөнийхөө ихэнхийг нь өгөөд, шөнөжин тоглоод хононо. Сүүлдээ бараг донтсон. Тэнд л очихгүй бол буудалцаж байгаа цэргүүд, дүрүүд нүдэнд харагдаад, чихэнд сонсогдоод байдаг. Дээрээс нь дулаахан болохоор даарах зовлонгүй сайхан. Би чинь орцноос хөөгдөхөөрөө нэг давхрын айлын тагтны доор цаасан хайрцаг дэвсээд, хаалт хийгээд унтдаг. Ер нь голчлон л тагтны дор амьдарсан. Хөл их даарна, өглөө хамаг бие хөшчихсөн, хөлдөх шахам сэрнэ.
Гудамжны амьдралдаа хэдийнэ дасчихлаа. Гэхдээ гутарч, өөрийгөө азгүй гэж бодсонгүй. Зүгээр л өдөр хоногийг өнгөрүүлэхийг хүсдэг байсан. Хулгайн хэрэгт холбогдохоос өмнө ганц, хоёр удаа буруу зүйл хийж байсан. Тэгээд хорих руу ачигдах шахсан учраас зүрхэнд ороод дахиж хулгай хийгээгүй. Гудамжны, гэр оронгүй ч зөв амьдрах ёстой гэсэн бодол намайг ихэнхдээ дийлж байсан. Болохгүй, бүтэхгүй замаар явж байгаа хүн бүрийг замын төгсгөлд шорон хүлээж байгаа гэдгийг ойлгосон гэсэн үг. Дүү минь том болоод ахыгаа хайгаад уулзах гэтэл шоронд байж байвал яана. Надад гомдсон гомдол нь хэзээ ч анигдахгүй гэж би айж байсан л даа. Гэрийнхээ хажууд заримдаа очиж дүүгээ харна. Миний дүү бахь байдгаараа л зарцаа хийсээр байсан. Надад орох орон байхгүй учраас дагуулаад явах боломж байгаагүй. Яг л надтай адилхан гудамжны хүүхэд болно шүү дээ. Тэр үе л хамгийн хэцүү байлаа. Дүүд минь надаас өөр хэн ч байхгүй, газар дээр ганцхан ахтай. Гэтэл ах нь ор сураггүй хаяад явчихсан. Надаас илүү зовлон үзсэн. Дахиад нэг очсон чинь гэрийнхэн маань нүүгээд явчихсан байсан. Тэгээд л сураг тасарсан даа.
2006 он. 15 настай Б.Рэнцэн.
...Гудамжны гэгдэх хүмүүсийг ачих шийдвэр гарсан юм шиг байна лээ. Манай тэр хавийн траншейны бүх хүнийг нэг л өдөр пургон машинтай цагдаа нар хэдэн талаас нь хамаад ачиж эхэлсэн. Цагдаа нарт баригдахгүй гэсэндээ амьдарч байсан бүх газраа өөрчлөөд л явсан. Гуйлгачин, архичин, дээрэмчдээр яралзаж байсан траншейн хоосорч, таггүй болж, эзгүйрсэн. Нэг удаа 1000 нэрийн барааны хойд талын саравчинд сууж байсан чинь нэг хүүхэд ирээд яриа өдөөд байлаа. Гудамжны хүүхдүүдийг цагдаа нар ашиглаж, нэгээр нь нэгийг нь бариулна. Хөл, гар нь болчихдог байсан гэсэн үг. Тэгээд “Чи гудамжинд хэдэн жил амьдарч байна вэ” гээд асуугаад байхаар нь итгээд “Удаагүй ээ, хоёр жил болж байна” гэж хэлээд удаагүй байтал хоёр цагдаа ирээд бариад авсан. Намайг Зайсангийн Хүүхдийн хорих руу аваачсан. Уг нь ачиж яваад, маргааш нь сулладаг байсан ч тэр удаад олон хоног байлгасан. Гудамжны хүмүүсийг хаягжуулж, гэрт нь буцааж, заримыг нь асрамжийн газар, заримыг нь төрийн бус байгууллагын асрах төв рүү хүргүүлж байсан юм билээ. Намайг Ботаникийн эцсийн асрамжийн газарт хуваарилж, хүлээлгэж өгсөн. Ингэж л би гудамжнаас асрамжийн газрын хүүхэд болсон.
Гэнэт олон хүн хүүхэдтэй амьдрах маш хэцүү байсан. Миний сэтгэл зүй гэмтчихсэн, хэнийг ч хүлээж авч чадахгүй болчихсон байсан гэсэн үг. Гомдол, үзэн ядалт чинь сүүлдээ сэтгэл гэмтээдэг өвчин болчихдог юм билээ. Маш их хараал хэлдэг, түргэн ууртай, хэн нэгнийг гомдоочихоод түүнийгээ юман чинээнд боддоггүй болчихсон байлаа. Хэнтэй ч таарахгүй, хүүхдүүдтэй зодолдоод, багш нарынхаа урдаас хэрэлдээд ер нь хэцүү байсан. Асрамжийн газрынхан биднийг 55 дугаар дунд сургуульд оруулсан. Тэнд асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд явдаг байсан юм билээ. Сургуульд ороод арай дээрдсэн, хичээлдээ идэвхтэй болж, нийгэмшиж, олонтой харилцаж эхэлсэн. Сургуульд явахыг хүсдэг байсан болохоор сайн сурахыг маш их хичээсэн. Сүүлдээ багш нартаа тоогдож, тайланг нь шивж өгдөг боллоо. 10 хуруугаараа хурдан шивдэг учраас багш нар надад хоол авч өгөөд, ажлаа хийлгэдэг байсан юм. Хамгийн хэцүү нь асрамжийн газрын хүүхдүүд тусламжаар ирсэн хувцас өмсдөг учраас дандаа адилхан байна. Хэн ч харсан асрамжийн газрын хүүхэд гэдгийг мэднэ. Үүнээс болоод хувцасныхаа загвар, хийцийг өөрчилж, юм оёж сурсан. Бас сургууль маань зайтай учраас автобусанд суухаар мөнгө нэхнэ. Бидэнд төвөөс мөнгө өгөхгүй болохоор нь захирлаараа “Асрамжийн газрын хүүхэд” гэсэн үнэмлэх гаргуулж авсан. Автобусны кондуктор “Муу сайн асрамжийнхан хойшоо яв” гээд заалаар нэг хашхирна. Тэрнийг нь сонссон бүх хүн л муухай хараад байх шиг санагдана. Зарим нь цүнх, саваа тэврээд, биднээс зайгаа бариад эхэлнэ. Тэгээд буун буутал энэ тэндээс сонжсон харцаар хараад байлгаж суулгахгүй. Ингэж явсаар 18 нас хүрч, сургуулиа төгсөөд коллежид компьютер, техникийн засварчнаар элсэн орсон. Тэр намар төвөөсөө бүр мөсөн гарсан.
2009 он. 18 настай Б.Рэнцэн.
Дахиад л хэн ч байхгүй амьдрал намайг угтлаа. Очих газар, уулзах хүн байхгүй. Ер нь Асрамжийн газрын хүүхдүүд орон гэргүй учраас төвөөсөө гараад гудамжиндаа буцаад очдог. Манай төвийн хүүхдүүдэд тусалдаг гаднын төрийн бус байгууллагынхан байсан юм. Манай төвийн зусланд зундаа ирж, долоо хоног хүүхдүүдтэй байдаг. Тэд надад дахиж хүнд итгэх итгэл, ер нь сэтгэлээ нээх боломж олгосон. Зуслан дээр байхаараа надад сайн хандаж, ярилцсаар дассан байсан гэсэн үг. Тэгээд багшаараа яриулж, хоёр найзтайгаа нийлээд, нөгөө гадаад захирал руу яваад очлоо. Очоод “Та бид гуравт туслаач. Бид гурав сургуульд сурч байгаа ч амьдрах газар байхгүй болохоор гудамжинд гарах гээд байна” гээд учирлаж хэлсэн чинь тэр хүн зөвшөөрч, хашаандаа гэр барьж өгсөн. Бид гурав хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг байсан ч хүмүүс хэд хоног ажиллуулж байгаад цалингаа өгөхгүй хөөчихдөг. Асрамжийн төвийн хүүхэд гэдгийг нь мэдээд хөөчихдөг байсан юм билээ. Цалин авахгүй болохоор сүүлдээ шантарсан, ажил хийх ямар ч урамгүй болсон. Дахиад л нөгөө захиралдаа байдлаа учирлаж хэллээ. Тэгсэн чинь “Та гурав манай төвд ажилд орж болно. Манайх хүүхдийн төвийнхөө салбарыг Монелд барих гэж байгаа” гэсэн. Бид гурав тэр зуны амралтаараа барилга дээр нь ажиллаж, модны чиглэлийн бүх ажлыг нь гардаж хийсэн. Хамгийн гол нь тэр гадаад захирал бидэнд нэг бүрчлэн ажил зааж өгсөн. Тэр хүнээс амьдрах ухаан, ажил хийх эв дүй, хүнтэй харилцах харилцаа, мөнгө хадгалах арга, англи хэл сурсан. Хоёр найз маань архи, тамхи хэрэглээд ажиллаж чадахгүй болж, би ганцаараа үлдсэн. Ер нь миний амьдрал цэгцэрч эхэлсэн гэсэн үг л дээ. Гэрээсээ гарснаасаа хойш сэтгэл амар, айх аюулгүй анх удаа амьдарч үзэж байгаа юм. Сургуулиа тараад ирэхээр хийх ажилтай, цалинтай, амьдрах газартай, орой халуун хоолтой сайхан байлаа. Гадаад захирал маань намайг сурах бүх л боломжоор хангаж өгч, оройн цагаар англи хэлний сургалт, жолоонд бүртгүүлсэн. Цалингаасаа хадгалаад, зорилго тавьж эхэлсэн. Анхны цалингаараа өөртөө гар утас, шинэ хувцас авахад надад үнэхээр итгэж чадамгүй гоё байсан.
Нэг орой англи хэлний сургалтаа тарчихаад алхаж явсан чинь утас дуугарч, дүү минь гурван жилийн дараа ярьсан. Асрамжийн төвөөс миний бүртгэлийг олж аваад, гар утас руу маань залгасан юм билээ. Тэд Шархад руу нүүгээд, дүү минь хүүхэдтэй болжээ. Тэгээд “Эмнэлгээс гараад очих газаргүй, гэрийнхэн хөөгөөд байна” гэж хэлсэн. Дүүгийн ийн ярихыг сонсоод л найман жилийн өмнөх хар дарсан зүүд шиг амьдрал минь бодогдож, би уурласан. “Өөрөө өөрийнхөө учрыг ол” гэж хэлээд, утсаа салгачихсан. Дүү минь над руу дахиж залгаагүй. Гомдсон байх л даа. Би тэр оройжин уйлсан, дахиад л хэцүү амьдрал руу юу юугүй буцаад орчих юм шиг санагдаад байсан. Хэд хоног дүүгийн талаарх бодол толгойноос гарахгүй, намайг зовоосон. Хэтэрхий амиа хичээсэн зан гаргаж, дүүгээ айлд хаяад явсан, арай гэж ахыгаа олоод ярихад нь татгалзсан гээд надад өөрийгөө буруутгах түмэн шалтгаан байлаа. Тэгээд дахиад яривал яаж ийгээд дэргэдээ авна гэж шийдсэн. Дүү минь сарын дараа над руу ахиад залгасан. Дүү бид хоёрыг эгчээс илүү зоддог ээжийн дүүгийнд нь очсон байна лээ. Аймаар зоддог байсан айлд хүүхдээ дагуулаад очсон гэж бодохоор ямар хэцүү байсан нь тодорхой. Гадаад захиралдаа өөрийнхөө амьдралыг эхнээс нь дуустал яриад, дүүтэй гэдгээ хэллээ. Тэд намайг ойлгож, дүүгээ авчрахыг зөвшөөрч, би дүүгээ очиж авсан.
2023 он. 32 настай Б.Рэнцэн.
Тэр өдрөөс хойш олон жил өнгөрчээ. Дүү маань гурван хүүхэдтэй болсон. Гадаад захирал маань эх орон руугаа буцаж, Монголоос төсөл хөтөлбөрөө татсан ч надтай харилцаатай хэвээр байгаа. Яг л миний аав шиг хандаж, амьдралд минь санаа зовдог хэвээрээ. АНУ руу намайг татаж авахаар урилга явуулсан ч ковид гараад, явж чадаагүй. Гэхдээ Монголдоо хийх ажил их байгаа учраас тийм ч их хүчлэхгүй байгаа. Би компьютерийн чиглэлээрээ их сургуульд сурч төгссөн. Коллежид эзэмшсэнтэйгээ нийлээд гурван мэргэжилтэй болсон. Одоо Австралийн коллежид хөгжим, урлагийн чиглэлээр суралцаж байна. Миний багын мөрөөдөл л хөгжим байсан учраас би суралцсаар л явна. Салбар салбарт өөрийгөө туршиж, туршлага хуримтлуулсаар өдий хүрчээ. Одоо Хөгжмийн хамтлагт гитарчин, кофе хаусд зөөгч, хувийн жижигхэн компани байгуулаад, албан байгууллага, хувь хүнд компьютер чиглэлээр тусламж үзүүлж, IT инженерээр ажиллаж байна. Мөн Монелд хашаа, байшинд амьдарч байна. Дүүгийнх маань манай хажууд амьдардаг. Хашаандаа хоёр гэр аваад, асрамжийн төвөөс гарсан дүү нарыгаа амьдруулж байгаа. Тэд сургуулиа төгсөөд, ажилтай болохоороо байр, байшин түрээслээд явдаг юм. Дараагийнх нь хүүхдүүд гарч ирээд, үргэлжлүүлээд амьдардаг.
...19 настай байхдаа аавынхаа талаар олж мэдсэн. Аавынхаа сургийг гаргаж хэн бэ гэдгийг нь мэдсэнийхээ дараа харамссан. Хүнд заримдаа мэдэх ёсгүй үнэн гэж байдаг юм билээ. Амьдралын минь том сорилтуудын нэг байсан. Ердөө миний хажууд амьдарч байсан, хамгийн хайртай хүн минь байсан.
Гэхдээ би бүх хүнийг уучилсан. Өөдөсхөн хоёр үрээ эрт орхиод явсан ээжийгээ, учир битүүлэг амьдралд үлдээсэн өвөөгөө, алдаж, онохын алинд ч дэргэд байгаагүй аавыгаа, эцэс төгсгөлгүй шуналд мансуурч, араатан шиг авирласан ах, дүүгээ, зангаа хувиргаж, надаас зугтсан хүмүүсийг, бээлийн чинээхэн дүүгээ орхиод зугтсан өөрийгөө хүртэл уучилсан. Бас баярлаж байна. Тэр олон хүний тэмцэл, эсэргүүцлийн дундуур тэсэж, тэвчиж намайг төрүүлсэн ээждээ, амьдрах газаргүй тарчилж явахад тосож авсан траншейнд, алдаа, оноо бүрдээ үнэнч үлдсэн өөртөө, өнөөдөрт хүрэхэд тусалж, алгаа дэлгэсэн бүгдэд баярлаж байна. Миний дурсахыг ч хүсдэггүй, хэн бүхэнд мэдэгдэхгүй гэж хичээдэг хүүхэд насны минь ээдрээт, зовлонт амьдрал ард хоцорсон учраас хүүхэд, залуусыг тууштай, өөртөө үнэн амьдраасай гэж хүссэндээ энэ бүгдийг чин үнэнээр нь ярилаа.
Аав, ээжтэйгээ аз жаргалтай яваа хүүхдүүдэд би атаархдаг байлаа. Харин одоо бол тэдэн шиг аз жаргалтай амьдралын төлөө эхнэртэйгээ хичээж байгаа. Арай гэж түүсэн лааз, саваа хүнд дээрэмдүүлчихээд, олсон хоолныхоо үлдэгдлийг нүдэн дээрээ асгуулчихаад, гудамжны гуйлгачин гэж захын хүнд хараалгаад явж байхдаа ирээдүйн тухай төсөөлөх нь битгий хэл боддог ч үгүй байсан. Гэхдээ одоо бол миний ирээдүй тод гэрэлтэй, би зорилготой, түүнийхээ төлөө хичээж байна. Амьдрал сайхан, амьдрах бүр ч сайхан байна.
“МИНИЙ ХҮҮХЭД НАС ШИЛ, ЛААЗТАЙ ШУУДАЙ ҮҮРЧ, МУУДСАН ХООЛ ИДЭЖ, ОРЦ, ГУДАМЖИНД ӨНГӨРСӨН ДӨӨ” |
|
2025-02-18 17:37:11
2025-02-18 17:23:41
2025-02-18 17:09:40
2025-02-18 16:59:21
2025-02-18 16:45:27
2025-02-18 16:38:03
2025-02-18 16:18:00
2025-02-18 15:51:03
2025-02-18 14:30:29
2025-02-18 14:25:28
2025-02-18 13:45:51
2025-02-18 13:20:31
2025-02-18 13:19:22
2025-02-18 13:08:59
2025-02-18 12:23:11
2025-02-18 11:50:58
2025-02-18 11:47:28
2025-02-18 11:36:41
2025-02-18 11:35:35
2025-02-18 11:33:53
2025-02-18 11:33:03
2025-02-18 11:24:50
2025-02-18 11:21:48
2025-02-18 10:35:13
2025-02-18 09:52:45
2025-02-18 09:16:56
2025-02-18 09:12:39
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |