
-Чөлөөт бөхийн 2026 оны залуучуудын “U20”, “U23” ангиллын УАШТ-д барилдсан уу?
-Би энэ жил чөлөөт бөхийн залуучуудын “U23” ангилалд ороод мөнгөн медаль авсан. Харин залуучуудын “U20” ангилалд ороогүй.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Отгонбатын Цэлмүүн гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Архангай аймгийн Хотонт суманд төрж, өссөн.

-Одоо хэдэн настай вэ?
-Би энэ жил 22 нас хүрч байна.
-Ажилладаг уу. Сурч байгаа юу?
-Би оюутан. Тийм болохоор одоогоор ажил хийдэггүй.
.jpg)
–Чөлөөт бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Үгүй ээ, чөлөөт бөхөөс өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Миний анхны сонгож хичээллэсэн төрөл л чөлөөт бөх байсан. Одоо хүртэл чөлөөт бөхөөрөө хичээллэж байгаа.
.jpg)
-Одоо ямар клубт, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа вэ?
- Одоо “New Gen team” спорт клуб дээр чөлөөт бөхийн дасгалжуулагч, ОУХМ Д.Гомбодорж багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа.

–Чөлөөт бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
- Чөлөөт бөхөөр анх 2018 оноос хойш хичээллэсэн гэхээр найм дахь жилдээ тасралтгүйгээр хичээллээд явж байгаа юм байна.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Чөлөөт бөхийн спортын мастер цолтой.

–Анх яагаад чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон бэ?
-Манай саахалт айлын ах, намайг чөлөөт бөхөөр хичээллүүлээч гэж манай аав, ээж хоёрт санал тавьсан юм. Тэр санал, хүсэлтийг аав, ээж хоёр зөвшөөрсөн. Тэгээд л би анх удаа Улаанбаатар хотод ирж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
–Чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойш ямар эерэг өөрчлөлтүүд гарсан бэ?
-Чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн үеэс хойш миний бие бялдрын хөгжил сайжирсан. Өмнө үеэсээ илүү эрүүл, чийрэг, тэсвэр хатуужилтай болсон.
-Босоо, болон хэвтээ барилдаанд гол төлөв ямар мэхийг хийдэг вэ?
-Босоо барилдаанаас гол төлөв гарт эргээ, давхар хамах, хөнтөрөө гэх мэт мэхийг хийдэг. Харин хэвтээ барилдаанд накат шахах мэхийг хийж байгаа.

–Чөлөөт бөхөөр спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
- Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U17” насны ангиллын УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Залуучуудын “U20” ангиллын УАШТ-ий хошой алт, мөнгө, “U23” ангиллын УАШТ-ээс хошой мөнгөн медаль авч байсан. Насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальтай. Залуучуудын “U20” ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Тус Азийн аварга 2025 онд Монгол Улсад зохион байгуулагдаж байв. Чансааны оноо олгох тэмцээнээс эрхээ авч, Азийн аваргад амжилттай оролцож байсан.
-Чөлөөт цагаараа чөлөөт бөхөөс гадна өөр юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа байнга, тогтмол биш ч гэсэн хааяа нэг ном унших дуртай. Мөн цэвэр агаарт, алхах, сэргэлт авч амрахыг хичээдэг.
–Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-Сэтгэлд хоногшин хамгийн сайхан тэмцээн гэвэл залуучуудын “U20” ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Тэр л ДАШТ илүү дурсамжтай үлдсэн дээ.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд хүлээж байгаа вэ?
-Чөлөөт бөхийн 2026 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий өмнө бэртэл аваад, тэгээд улсын аваргад ороогүй өнжсөн. Харин дараа жилийн 2027 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орох төлөвлөгөөтэй байгаа.
| О.ЦЭЛМҮҮН: Бие бялдрын хөгжил сайжирч, тэсвэр хатуужилтай болсон |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |