Энэ жил улс төрийн хоёр ч том сонгууль өрнөл ихтэй, ширүүн өрсөлдөөнтэй, хүн бүрийн анхаарлыг татсан, тархийг гашилгасан үйл явц болж өрнөв. Угаас уг сонголтоос улс орон хэрхэн хөгжин дэвжих ирээдүй шалтгаалах учир уур амьсгал ийн өрнүүн байхаас аргагүй. Үүнийг нуршихын учир сонгуулийн уур амьсгалыг сэргээн сануулахын сацуу нэгэн сонирхолтой, мөн чухал асуултыг танаас асуухыг хүссэн юм.
Улс орны эдийн засгийг өнөөгийн түвшинд хамгийн байж болох зөв арга замаар урагшлуулах сонгуульд эдийн засгийн салбарууд нэр дэвшлээ гэж бодъё. Тэгвэл та “хэн”-ийг эхэлж дугуйлах вэ, тэргүүн эгнээнд заавал байх төлөөлөл “хэн” бэ?
30 гаруй жилийн өмнө төр бүх өмчийн эзэн байв. Харин 1990 оны ардчиллаас хойш ганзагын наймаа хүчээ авч, төр бус өөртөө илүү найдах их тулаанд орцгоосон. Улмаар мөнгө эрэн хайх хэрэгцээнд тулгуурлаж банкны салбар цэцэглэн хөгжсөнөөр өртөг өндөр боловч санхүүжилтийн нэгэн чухал хэрэгсэл болж хувирсан. Бид бага багаар дэвжсэн, алхам алхмаар суралцсан. Харамсалтай нь ковидын дараах шалгалтад бид дахин “болоогүй байгаагаа харуулж”, олон хүн хөрөнгө оруулалт нэрээр мөнгөө салхинд хийсгэв.
Тийм ч учраас хүмүүс нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, бодитой өсөн дэвжээсэй хэмээн хүсэж байна. Уг хүсэл тэмүүлэлтэй уялдуулж дээрх асуултыг асуусан нь ийм учиртай.
Төвөг удам энэ олон бичвэрийн эцэст хариултаа болгооё. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг зөв замаар урт хугацаанд тогтвортой өсөн дэвжүүлэхэд заавал тэргүүн эгнээнд байх нэг салбар бол хөрөнгийн зах зээл юм. Төрийн ордны баруун урд байрлах, тэртээ 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж байсан дөрвөн давхар намхан барилга хэдэн арван давхар “шилэн цайз” болж өргөжих ёстой. Яг л төв замын урд байрлах том дэлгэцтэй, өндөр шилэн барилгууд шиг.
Алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Уорроен Баффет “Бороо орохыг таах нь чухал биш. Оромж босгох нь чухал” хэмээн хэлсэн байдаг. Тодруулбал, тэр “оромж” нь хөрөнгийн зах зээл юм. Өөрөөр хэлбэл, уг зах зээл хөгжсөнөөр маш олон эрсдэлийг даван туулах, хөгжин дэвжих нөмөр нөөлгийг бий болгоно. Мөн тэрбээр “Чи хөгжил дэвшлийг хүсэж байгаа бол хөрөнгийн зах зээлтэй зөвшилц” хэмээн хэлснийг нэмж хачирлая.
Хэдхэн жилийн өмнө талбай дээр жагсаал болж, “нүүрсний хулгайч” нарт асар ихээр бухимдаж, шударга ёсыг тогтоох ёстой хэмээн үймж байв. Ард олонд “Яагаад Монголын баялаг эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар урссан юм, яагаад авлига албан тушаалын гэмт хэрэг татвар төлөгчдийн нурууг аваад байгаа юм, яагаад шударга ёс тогтохгүй байгаа юм, хэн энэ шударга ёсыг тогтоох ёстой юм бэ” гэх асуулт бас бухимдал байлаа. Ер нь нүүрсний хулгай ч бус төрийн өмч тойрсон олон асуудал, байгалийн баялаг дээр энэ асуулт давтагдсаар өнөөг хүрсэн. Энүүхэндээ л хэлэхэд нэг баатар гарч ирээд шударга ёсыг тогтооно гэдэг маш ярвигтай зүйл. Тийм ч учраас “хэн” биш “юу” энэ шударга ёсыг тогтоох вэ хэмээн асуултаа өөрчилбөл зүйтэй. Энэ бол хөрөнгийн зах зээлийн хөгжил. Хөрөнгийн зах зээл хөгжсөн улс оронд эдийн засаг нь хамгийн эрүүл, зөв замаар тогтвортой өсөн хөгждөг, бие биедээ итгэх сэтгэл зүй илаарьшиж, эрж хайгаад байгаа шударга ёсны салхи сэвэлзэж эхэлдэг жамтай. Уг салбарын олон жилийн хөгжлийн явц үүнийг бат нот болгосон.
Тэгвэл хөрөнгийн зах зээлийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэж буй чухал хоёр алхмыг энд тодотгоё. Эхнийх нь Монголын экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, бусад түүхий эдийг биржээр дамжуулж борлуулах болсон явдал юм. 2022 оны 12 дугаар сарын 14-нд “Экспортод гаргах нүүрсний цахим арилжааны журам”-ыг баталсан. Мөн сарын 23-нд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдав. Одоо уг зохицуулалтын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрсний арилжаа явагдаж байна. Мөн төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг биржээр арилжаалав. Журмын дагуу Монголын нүүрсийг худалдан авах сонирхолтой компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр бүртгүүлнэ. Эдгээр компани гэрээ байгуулснаар арилжаанд орох эрх нээгдэнэ. Нөгөө талаас нүүрсээ борлуулах компаниуд нүүрсний чанар, дуудах доод үнийн хамт Монголын хөрөнгийн биржид өгнө. Уг мэдээллийг Монголын хөрөнгийн бирж нээлттэй мэдээлснээр худалдан авагч нар суурь үнийн 5 хувьтай тэнцэх дэнчин байрлуулж арилжаанд оролцож эхэлдэг.
Бүхний нүд, сонор дор хулгай хийх боломжгүй. Нөгөө талаас үнийн өрсөлдөөн явагдаж, ашиг өгөөж нэмэгдэх, хөрөнгө оруулагч нарын итгэлийг өсгөж, тааламжтай уур амьсгал бүрдүүлэх олон давуу талтай.
Цаашид уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг улам идэвхжүүлэх, үүссэн дата баазад тулгуурлаж олон талын дүн шинжилгээ хийж үйл ажиллагаа болоод татварын оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, уул уурхайн арилжаанд зуучлагч брокерын компаниудын оролцоог өсгөх зэрэг ажил тасралтгүй, эрчимтэй үргэлжлэх учиртай.
Дараагийн асуудал бол Монголын хөрөнгийн бирж нэг эзэмшигчээс 7453 эзэмшигчтэй болсон явдал юм. Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн 66 хувийг Сангийн яам, 34 хувийг олон нийт эзэмшиж байна. Энэ бол төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн хяналтад аваачих томоохон ажлын эхлэл байлаа. Өмнө нь төрийн 100 хувийн өмчтэй хөрөнгийн бирж хэмээн “google”-ээс хайлт хийхэд Монголын хөрөнгийн бирж ганцаараа торойж байдаг байсан бол энэ зүйл түүх болон үлдлээ. Монголын хөрөнгийн биржийг хамгийн багадаа хувьцаа эзэмшигч 7452 этгээд хянана гэдэг аливаа эрсдэлт нөхцөл байдлыг хязгаарлах боломжийг бүрдүүлж байна. Учир нь public болсон компани зах зээлийн дүрмийн дагуу бүх зүйлээ дэлгэн тайлагнах үүрэгтэй, энэ нь ч нарийн зохицуулалтаар явдаг журамтай байдаг.
Яг энэ зарчмыг төрийн өмчит бусад аж ахуй нэгжүүд, тэр дундаа уул уурхайн салбарт гүн гүнзгий оролцоотой компаниудад оруулж ирэх учиртай. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хяналттай болгох ёстой юм. Ер нь хариуцлага ямар замаар илүү бат бөх тогтдог вэ гэвэл өөрийн эрх ашиг, сонирхол уялдаатай болсон үед байдаг. Хувьцааг нь 500 мянган төгрөгөөр авсан байхад 100 мянган төгрөг болоод уначихвал хүн бухимдана. Эсвэл өөрийнх нь итгэж оруулсан мөнгийг зориулалтын бусаар зарцуулж, шахааны өгөөжгүй бараа худалдан авч, ур чадваргүй ажиллаж үрэн таран хийж байгаа бол мөн л бачуурна. Тийм ч учраас ийм байдлыг бий болгохгүй байж, өгөөж хүртэхийн тулд хувьцаа эзэмшигч олон нийт тухайн компанийн үйл ажиллагаанд хүссэн хүсээгүй өндөр хяналтыг тавьж, шударга, үр өгөөжтэй, сайн ажиллахыг шаардаж эхэлдэг. Энэ зарчим эрүүлээр хөгжиж, шударга ёсыг тогтоох гол олз болдог.
Саяхан Ховд аймгийн Мянгад суманд иргэд, компани хооронд ширүүн маргаан өрнөв. Одоо ч энэ маргаан сошиалд идэвхтэй явж байна. Нэг хэсэг нь компанийг өмөөрч, нутгийн иргэдийг Монголын эдийн засгийг хорлогчид хэмээн дуудаж байгаа бол нөгөө талд баялгийн өгөөжөө хүртдэг, ил тод байдаг байсан бол малчид ингэж эсэргүүцэхгүй хэмээн шуугьсаар...
Газрын ховор элемент бол стратегийн чухал түүхий эд. Дэлхийн батерей үйлдвэрлэлийн 90 хувийг дангаар хангаж буй БНХАУ-ын хувьд онц чухал түүхий эд билээ. Энэ үүднээс манайх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах учиртай. Нөгөө талд энэ нь олон нийтийн хяналт дор байж, үр өгөөжийг нь хамтдаа хүртэх, эрсдэлээ ч цуг үүрэлцэх зарчмын асуудлыг хөндөж тавих ёстой мэт. Үүн дээр нөгөө л хөрөнгийн зах зээлийн үүрэг оролцоог татан оруулж ирэх бололцоотой хэмээн үзнэ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоор төсөл хэрэгжүүлэгч компанийн тодорхой хувийг орон нутгийн иргэдэд эзэмшүүлэх зохицуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хэрэгжүүлэх бололцоотой. Ингэхдээ зүгээр өгөх бус, зах зээлийн зарчмын дагуу орон нутгийн иргэд хувьцааг бодит ханшаар худалдан авч, хувьцаа эзэмшигч болох үүд хаалгыг нээх хэрэгтэй. Хувьцаа эзэмшигч болсноор мөнгөө оруулсан хүн компанийн бага ч болов эрсдэлийг үүрэлцэж байна. Хамгийн гол нь компанийн эзэн болсноор сэрэмжилж болгоомжлоод байгаа эрсдэлүүдэд хяналт тавьж, харилцан ойлголцох боломж бүрдэнэ. Мэдээж хувьцаагаар дамжуулж нутгийнхаа баялгаас өгөөж хүртэх шударга хуваарилалтын тогтолцоо үйлчлэх нь дамжиггүй билээ.
Бид энэ зарчим руу явах ёстой мэт. Малчид гэхээр хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар юу ч ойлгох боломжгүй гэх үе өнгөрсөн. Брокерын компанийг төлөөллөө болгон сонгож, түүгээр дамжуулж хяналтаа тавихаас гадна малчдад тохирсон хамгийн энгийн хэлбэрт хувиргасан мэдээллийг түгээх боломж ч бий. Тухайлбал, Австралийн Баялгийн сан тайлан мэдээллээ хамгийн ойлгомжтой энгийн хэлбэрт хувиргаж иргэдийн утсанд суулгасан апп-аар дамжуулж түгээдэг.
Хэн нэгэн ирж өмгөөлж, өөрчлөн гэж хүлээх бус ямар зарчим, үйл ажиллагаа хамгийн оновчтой хяналттай, өгөөжтэй байх боломжтой вэ гэх тогтолцоо буюу ”юун”-д найдах цаг нэгэнт ирээд байна.
Төсөв данхар байж болох ч хяналтгүй байж болохгүй
Төсөв асар дуулиантай батлагдаж байна. 35 их наяд төгрөг болгож өнгөрсөн оноос 60 хувиар нэмэгдүүлж байгаад Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд бухимдлаа илэрхийлсэн. Нөгөө талд Сангийн сайд төсвийн зардлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байсан тухай тайлбарлаж байна лээ. Аль аль нь миний зөв хэмээн үзэлцсээр өнгөрсөн сарын нэгэн том дуулиан болж өнгөрлөө. Тэгвэл үүнд нэг ийм агуулга яригдах учиртай. Төсвийг томруулж болно оо, асуудалгүй гэе. Төрд хийх зүйл их, хэрэгцээ шаардлага, хэтийн төлөвлөгөө нь ч байгаа юм байна. Одоо үүнтэй уялдаад нэг зүйлийг орхилгүй хийе. Төрийн өмчит компаниудаас public болгоё. Тодорхой хувийг олон нийтэд санал болгож, бодит хяналтыг бүрдүүлье. Шилэн болгоё. 35 их наяд өндөр дүн ч зарлага нь зөв зүйтэй, хяналттай, авлигаас ангид байж, түүнд олон нийт хяналт тавих системийг бүрдүүлээд өг гэх асуудал юм.
Өнөөдөр АНУ-ын нийт эдийн засгийн 90 гаруй хувийг олон нийтийн компани бүрдүүлдэг. Америк улиг болсон ойлгомжтой сэдэв байж болно. Тэгвэл бидний нэг нам давамгайлсан, чанга гарт захирагдсан Хятад улсад ямар байдаг вэ. Хятад улсад төр, олон нийтийн эзэмшил хосолсон олон компани бий. Хятадын эдийн засгийн хүчирхэг байдал, цэвэр тунгалаг хяналт, авлигаас ангид байх зорилго тэмүүлэл нь хөрөнгийн зах зээлээр дамжиж хэрэгждэг. Жишээ нь манай нүүрсний томоохон худалдан авагчийн нэг “Чалко Трейдинг Хонгконг” компанийн толгой компани болох “Чалко” нь Нью-Иорк, Хонг-Конг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл, төр, олон нийт хамтарч хамгийн хүчирхэг металлургийн компанийг хөгжүүлж чадсан. “Чалко”-гийн нийт үнэлгээ 2023 оны байдлаар 200 тэрбум юань хол давсан байдаг. Олон улсын зээлжих зэрэглэлийн Fitch агентлагаас тус компанийг А хэмээн үнэлдэг. Дэлхийн өнгөт металлын салбарын хамгийн өндөр үнэлгээтэй компани гэсэн үг. Мөн “Чалко” дөрвөн жилийн хугацаанд Шанхайн хөрөнгийн биржээс мэдээлэл нээлттэй болгох А зэрэглэлд хүрч, хоёр жилийн хугацаанд Хятадын төрийн өмчит үйлдвэрийн газрын “ESG*Pioneer 50 индекс”-т багтсан амжилттай байна. Уг үнэлгээний тухайд тодруулбал, төвлөрсөн удирдлагатай төрийн өмчит 426 бүртгэлтэй компанийг тодорхой шалгуураар үнэлж шилдэг 50 аж ахуй нэгжийг шалгаруулдаг. Үүнд нийгэм, эдийн засагт бүтээж буй үнэ цэн, эрсдэлийн удирдлага, санхүүгийн цэвэр тунгалаг байдал зэрэг олон шалгуур багтдаг. Уг үзүүлэлтээр эхний 50-д багтана гэдэг “Чалко”-гийн хувьд төр, олон нийтийн итгэл хүндлэлийг бүрэн дүүрэн хүлээж, үлгэр жишээ болж, итгэл төгс урагш тэмүүлж буйг илтгэнэ.
Төр иргэнтэйгээ ингэж хамтарч ажилладаг. Хөрөнгийн зах зээл түүхэн үүргээ ингэж нэр төртэй гүйцэтгэдэг билээ.
Энэ мэтчилэн, бидний мэдэх WeChat чат, Pubg зэрэг тоглоомыг бүтээгч, Хятадын хамгийн өндөр үнэлгээтэй (зах зээлийн үнэлгээ нь 2023 оны байдлаар 472 тэрбум ам.доллар) “Tencent Holding” компани хөрөнгийн зах зээлээр дамжиж, асар өндөр өсөлтийг бий болгож чадсан зэрэг жишээ олон бий.
Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтийн хяналт, оролцоог бий болгох нь хэзээ ч буруу сонголт байсан тохиолдол үгүй. Ялангуяа, баялгийн тэгш хуваарилалтыг биежүүлэхэд хөрөнгийн зах зээл асар чухал үүрэгтэй билээ.
Хөрөнгийн бирж бэлэн байна
Энэ бүхэнд хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал, Монголын хөрөнгийн бирж бэлэн үү гэх асуулт юм. Бэлэн. Бэлэн байхаас ч аргагүй билээ. Нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцооны шилжилтийн дараа төрийн эзэмшилд байсан өмчийг хувьчлах үүрэгтэйгээр байгуулагдаж байсан Монголын хөрөнгийн бирж түүхэн цаг хугацаанд багагүй бэрхшээлийг даван туулж, сонгодог утгаараа хөгжих том гараан дээр эр чадлаараа гарч ирсэн байдаг.
2012 оны 7 дугаар сарын 2-нд олон улсын нэр хүнд бүхий Миллениум Ай Ти цогц системийг нэвтрүүлэв.
2013 оны 5 дугаар сарын 24-нд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдав. Тухайн оны 10 сарын 3-нд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдав.
2020 оны 3 сарын 31-нд төлбөр тооцооны Т+2 горимд шилжлээ.
Энэ мэтээр хөрөнгийн бирж дэд бүтэц болоод хууль эрхзүйн орчны хувьд шат дараалсан амжилтуудад хүрч, туршлагажиж, чадваржиж, бэхэжсэн байдаг. Банкуудын IPO-г амжилттай зохион байгуулсан нь Монголын хөрөнгийн биржид ямар их нөөц байгааг харуулсан үйл явдал болсноос гадна олон нийт хөрөнгийн зах зээлд оролцоогоо хангах, үүрэг ач холбогдлыг нь танин мэдсэнээр зөвхөн өгөөж хүртэхээс гадна эдийн засгийн хяналттай, зөв өсөлтийг бий болгоход үүргээ гүйцэтгэх өндөр сонирхолтой нь харагдсан.
Одоо Монголын хөрөнгийн биржид сорилтыг нь ахиухан өг. Ер нь эцсийн дүндээ ур чадвар, мэдлэг биднийг хөгжүүлдэггүй. Харин сорилт жинхэнэ хөгжлийг бий болгодог. Хэчнээн сайхан мэдлэгтэй, өндөр ур чадвартай боловсон хүчинтэй байгаад сорилттой нүүр тулахгүй алгуурласаар байвал амжилт, хөгжил ирэхгүй. Харин эр зориг гарган сорилттой нүүр тулж, ханцуй шамлан үзэлцэнэ гэдэг бахдам мөч. Тийм ч учраас тэтгэврийн реформыг бүрэн утгаар нь эхлүүл. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг бүхэлд нь хөрөнгийн биржээр дамжуулж явуул. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийнхээ хувьцааг хөрөнгийн бирж дээр зоригтойгоор гарга. Хажуугаар нь хөрөнгө оруулагч, хувьцаа сонирхож буй иргэдэд татварын тааламжтай орчин бүрдүүлээд өг. Бодлогоор уриалан дууд. Хөрөнгийн биржийн хөгжлөөр дамжуулж маш олон асуудлыг цэглэнэ. Тиймээс хөрөнгийн биржид түүхэн үүргээ ахиулан гүйцэтгэж, эдийн засгийг тогтвортой өсгөх, нийгэмд шинэчлэл авчрах хүнд сорилтуудтай нүүр тулах боломжийг нь олгоно уу.
Бид түмний өмчийг хяналттай болгож, шударга ёсыг авчирч, эдийн засгийн өсөлтийг бий болгож, баялгийг тэгш хуваарилж, хөгжин дэвжихийн тулд хэнд итгэх вэ хэмээн асуусаар ирлээ. Мөн тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гэдэг ч яг яаж гэдгээ тодорхойлж мэдэхгүй өдийг хүрлээ. Тэгвэл энэ механизм чинь хөрөнгийн зах зээлийн өсөлт хөгжил юм.
Г.Батзориг
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ХӨГЖИЛ ДАЛЛАНА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |