Алдааг нь өмөөрөхгүй ч, алдрыг нь үгүйсгэх аргагүй олимпын аваргаа дурсаж байна, монголчууд. Өдийгөөс 16 жилийн өмнө бид хар бараан өдрүүд, хайр бахархал дунд оршиж байлаа. Таван хүний амь үрэгдэж, төв талбайнхаа зүүн талд гал тавьж, чулуу нүүлгэсэн хэрэгтэй олон залуу хоригдсон түгшүүрт өдрүүд бидэнд байсан. Долдугаар сарын 1-ний хар дарсан зүүд мэт өдрүүдэд хүлэгдэж суусан монголчуудыг нэгтгэж, айдас гунигийг нь үргээсэн мэдээ бол Монгол Улсын тамирчин Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн нь байв. Хэдхэн хоногийн өмнө муудаж, буу шийдэмдээ тулсан монголчууд тэр өдөр төв талбайдаа цуглаж, баярын нулимстай “Элэг зүрхнээс уяатай, энхрий монгол орон минь” гээд дуулж, нэгдэж байлаа. Ийм том амжилт, ийм түүхэн өдрийг жирийн нэгэн малчны хүү Н.Түвшинбаяр бүтээсэн, эв нэгдлээрээ эвдэрч байсан ард түмнээ нэгтгэсэн түүхэн гавьяа байгуулсан нь арилшгүй.
.jpeg)
Энэ гавьяаг нь монголчууд дурсаж байна. Харин бусдыг нь бол зөвтгөөгүй. Н.Түвшинбаяр аваргын аав, ээж нь Булган аймгийн Сайхан сумандаа зусаж байгаа гэнэ. Тэднийх руу утас цохилоо. Ээж Х.Цэнд-Аюуш нь утсаа аваад, мэнд мэдэж, “Тийм ээ, Найдангийн утас мөн байна” гэв. Т.Найдан гуай утасны цаанаас гэргийдээ “Хэн гэнэ вэ. Чи ярь, чи ярь” гээд нэлээн төвөгшөөнгүй байх шиг байв.
.jpg)
-Сайхан зусаж байна уу, та хоёр. Зуншлага сайхан байна уу?
-Энэ жил жигтэйхэн сайхан зун болж байна. Тэнгэр хангай хураа харамгүй хайрлаж, байгаль дэлхий өнгөө засахаар хүн, малгүй л зоо тэнэгэр байдаг даа. Түүний адилаар сайхан зун болж байгаа учраас бидэнд ч өег байна. Хэдэн малынхаа захад л харуулдаж сууна даа. Манайх сумын төвөөсөө 30 гаруй км-ийн зайтай зусдаг юм. Зусдаг газартаа, амьдардаг бууриндаа л байна.
-Гүүгээ барив уу?
-Настай болсон бидэнд чадах зүйл ховор л байна. Хэдэн хүүхэд л гүүгээ барьсан. Айраг, цагаагаа чадахынхаа хэрээр л авч байх шиг байна. Зуншлага сайхан болохоор айраг, цагаа элбэгтэй байгаа.
-Олимпын наадам эхэлсэн. Та хоёр үзэж байна уу?
-Өвгөн радио чагнаж, мэдээлэл авч байх шиг байна. Ийм үед бид хүүгээ бодоод зурагт ч харж чадахгүй юм аа. Зурагтаа ч асааж дөнгөхгүй байна. “Олимпын наадам эхэллээ, үргэлжилж байна” л гэх юм. Бидэнд үзсэн, харсан зүйл алга даа. Манай зурагт ч өнгөрсөн хавраас хойш гарахгүй байгаа юм. Харин өчигдөр (уржигдар) Монголын тамирчин Б.Баасанхүү гээд жаахан охин мөнгөн медаль хүртсэн гэдгийг сонсоод их баярлалаа. Дотроо баярлаж, хоорондоо л ярьж байлаа. Хэний ч хүүхэд ялгаа юу байх вэ дээ, Монголынхоо нэрийг гаргаад, өөрийнхөө амжилтыг л ахиулж байвал бидэнд сайхан байдаг. Олон жилийн хөдөлмөр нь шүү дээ, хөөрхий.
.jpg)
-Энэ өдрүүдэд хүүг тань монголчууд дурсаж, санагалзаж байгаа. Та олимпын наадмаас алтан медаль хүртэж байсан түүхэн үйл явдлыг нь эргээд дурсахгүй юу?
-Миний хүү чинь есдүгээр ангиасаа л бөх барилдсан. Өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу чадлынхаа хэрээр хичээж, олон ч тэмцээн уралдаанд түрүүлсэн дээ. Олон хүн ч тус болж, дэмнэсэн байх. Тэр бүх хүнд л талархаж, хүүгийнхээ өмнөөс баярлаж явдаг юм. 16 жилийн өмнө миний хүү олимпын наадмын алтан медаль хүртэж байлаа. Өвгөн бид хоёр хүүгийнхээ барилдааныг үзээд эндээ л байсан. Бид чинь хүүгийнхээ барилдааныг нүд цавчихгүй, даваа алгасахгүй үзэх дуртай. Бусад хүн хүүхдээ үзэж чаддаггүй л гэсэн байдаг. Харин бид хоёр эсрэгээрээ яг л тэр цаг үед нь хамт л байхыг хичээдэг юм. 2008 оны зуны олимп бидний хувьд төдийгүй монголчуудад сайхан байсан. Олимпын аваргатай болно гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэврэлдэх нь тэврэлдээд, уйлах нь уйлаад л байж байсан цаг саяхан мэт санагдаж байна. Бид ч үхэр мал, үнээ тугалаа орхичихоод хүүгийнхээ барилдааныг үзсэн. Аварга болоход нь хамт уйлж, хамт баярлаж байлаа. Аваргын барилдааныг нь манай саахалтын айлууд хамт үзсэн. Тэр шөнөжин л хамтдаа баярлаж, хөөрч хоноцгоосон. Аварга болохтой нь зэрэгцээд хол, ойрын олон гийчин манайхыг зорьж ирсэн шүү. Их сайхан цаг хугацаа байсан даа.
-Олимпын наадамд хоёр ч удаа аваргын төлөө барилдана гэдэг ховор боломж. Дөрвөн жилийн дараа мөнгө авсан шүү дээ?
.jpg)
-Тэгэлгүй дээ. Лондонгийн олимпоор бэртчихсэн. Угтаа бол аваргаа хамгаалах том зорилготой л очсон байх. Бидэнд бас тэр бүр яриад байхгүй шүү дээ. Хүүгээ барилдаж байна, тэмцээнд явсан байна гэдгийг нь зурагтаас л харж байгаа юм чинь. Миний хүү гурван удаа олимпод зодоглосон. Хоёр удаа медалийн тавцанд зогсож үзсэн. Аав, ээжийнх нь хувьд бол үгээр хэлэхийн аргагүй л сайхан байдаг. Лондонгийн олимпоор бэртчихсэн ч гэсэн алтан медалийн төлөө барилдсан. Дараа нь харамсах зүйл хийхгүй гэсэндээ тийм шийдвэр гаргасан байх. Бид ч дэвжээн дээр хамт гарсан мэт л нүдээ салгахгүй хараад сууж байгаа юм. Хазайхад нь хамт хазайж, унахад нь хамт л унадаг шүү дээ. Хамт л бэртэж, хамт л өвдөж, хамт л баярлаж байгаа мэт санагддаг. Тэгээд сайхан барилдсан, хос медальтай болсон. Өөрөөр яах ч билээ дээ. Тэр цаг хугацаа нь тийм л байсан шүү дээ.
-Хүүтэйгээ уулзаагүй удаж байна уу. Та хоёр эргэлтээр очив уу?

-Нас өндөр гарахаар хөл муутай болчихдог юм байна аа. Өвгөн бид хоёр санасныхаа зоргоор нааш, цааш явж чадахаа больсон. Жил хагасын өмнө л хүүгээ эргэж очсон юм байна. Түүнээс хойш тэр газар руу бид хоёр зүглээгүй. Гэрээс гарахгүй шахам байгаа учраас тийшээ явах ч тэнхэл алга даа. Уржнан очсон гэсэн үг шүү дээ. Яах вэ, тэгээд өөрийнх нь буруу болохоор үүрэх ёстой ачаагаа үүрч л байгаа. Алдаж, оноод тэнд очсон хүмүүст юу нь сайхан байх вэ дээ. Хэлэх ч үг олдохгүй юм. Хүүгээ их санаж байгаа. Урьд урьдынхаас илүү энэ өдрүүдэд санаж, үгүйлж байна. Олон түмэн ч миний хүүг дурсаж байгаа гэж бодохоор сэтгэл жаахан ч гэсэн уужирч байна даа.
-Та Монголын ард түмэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Монгол Улсаас минь олон олимпын аварга, медальтан төрөх болтугай л гэж залбирах байна. Хэдийгээр бид хүүгээ бодоод зурагтаа ч асааж зүрхлэхгүй байгаа ч гэсэн чимээ чагнаж л суугаа. Миний хүү шиг адилхан хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүдийн зорилго биелж, хүссэндээ хүрээсэй гэж хэлэх байна. Олимп их сайхан шүү. Олон хүний сэтгэлийг баясгаж, улсаар нь нэгдүүлж, эвлэрүүлж чаддаг. Хүмүүсийн сэтгэл санаа л тэнэгэр байвал болох нь тэр дээ.
 (5).jpg)
-Баярлалаа, эрүүл энхийг хүсье.
-Баярлалаа, хэдийгээр миний хүү буруу зүйл хийсэн ч гэлээ амжилт, ялалтыг нь дурсаж байгаа түмэн олонд талархаж байгааг минь уламжлаад өгөөрэй.
| ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫН ААВ, ЭЭЖ: БИД ХҮҮГЭЭ БОДООД ЗУРАГТ Ч ХАРЖ ЧАДАХГҮЙ СУУНА |
|
Н.УЧРАЛ: Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ
2025-11-15 15:24:56
Э.БОЛОРМАА: МАН-ын Их хуралтай холбогдуулж улс төржиж байна гэж харж байна
2025-11-15 14:46:03
П.АНУЖИН: Ард түмнийхээ амьдралыг мэддэг хүн сонгогдох нь чухал
2025-11-15 14:23:40
Л.Оюун-Эрдэнэ: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах ерөөл дэвшүүлье
2025-11-15 14:04:51
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫН НЭЭЛТ ЧЕХ УЛСЫН ПРАГА ХОТНОО БОЛЛОО
2025-11-15 13:48:55
Д.Амарбаясгалан: МАН-ын шинэ дарга ялалтын буухиаг үргэлжлүүлнэ гэж итгэж байна
2025-11-15 13:43:38
Г.ЗАНДАНШАТАР: Энэ удаад бид ард түмнийхээ амьдралыг сайжруулсан бодит ажлаараа ялалт байгуулна
2025-11-15 13:37:47
Х.Нямбаатар: Нийслэлчүүдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд МАН-ын даргад нэр дэвшихгүй
2025-11-15 12:45:58
Г.ТЭМҮҮЛЭН: ҮЗЭЛ САНААНЫ ЭРГЭЛТ ХИЙХ ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
2025-11-15 12:28:38
Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
2025-11-15 12:16:21
Ч.НОМИН: Эрх мэдлийн эсрэг эцсээ хүртэл сөрөн зогссоныг нийгмээрээ харлаа
2025-11-15 11:15:00
Н.СҮХБҮРЭН: БИ ЭХ ОРНЫХОО ИРЭЭДҮЙД ИТГЭЛТЭЙ БАЙДАГ. ТИЙМЭЭС ИРЭЭДҮЙН ОЮУНЛАГ МОНГОЛ УЛСЫГ БҮТЭЭЛДЭЭ ШИНГЭЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2025-11-15 09:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2025-11-15 09:00:00
ХӨРШ
2025-11-15 09:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2025-11-15 09:00:00
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭН найрагчийн гэргий С.БААСАН: Хань минь намайг насаараа эрхлүүлсэн
2025-11-15 09:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ҮРГЭЛЖИД ИРНЭ
2025-11-15 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -14 ХЭМ ХҮЙТЭН
2025-11-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |