• Өнөөдөр 2024-04-20

ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗОРИУЛЖ, БААХАН СУУЛГАЦ "БУЛШИЛЛАА ДАА"

2022-05-21,   626

-ТӨСВИЙН МӨНГӨӨР МОД ТАРЬСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН АЖЛЫГ ХОЁР ХАВРЫН ДАРАА НЭГ БҮРЧЛЭН ШАЛГАЯ-

         Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэлхий нийтийн өмнө хэлсэн үгэнд нь хүрч, сэдсэн санааг нь гүйцэлдүүлчих гээд манайхан мөн ч их хичээл, зүтгэл, хөрөнгө мөнгө гаргаж  байна даа. Тэр тусмаа төрийн албаныхан Улаанбаатар хотын хаа нэг ойролцоо газар хүрз, жоотуу, хувинтай ус барьчихсан модны нүх ухаж зогсох. Ард түмэн ч мод тарих үйлсэд гар бие, зүрх сэтгэлээ зориулаад оролцож байгаа бололтой. Барилдахаасаа таахалзах нь их гэдэг шиг л хэдэн суулгац тарихын тулд хувцас хунараа хүртэл жигдэлж бусдад гайхуулах сурталчилгаа хийгээд л. Зоосон модныхоо дэргэд зогсож зургаа авахуулж л байгаа болохоос хөрсөнд нь бордоо хийх, ургаж дуустал нь усалгаанд хэдэн литр ус орохыг мэдэж байгаа хүн тун ховор. Цаанаас нь хуваарилж өгсөн  бут сөөг, модны суулгац тэргүүтнийг ургах үгүйг нь ч мэдэхгүй суулгаж байгаа харагдах юм. Иймэрхүү дүр төрхтэйгөөр тэрбум мод  тарьж, ургуулах  өрнүүн их ажил Монгол Улс даяар анхны хавартаа өрнөж байна.

МАНАЙХАН, МОД ТАРЬЖ БАЙНА ГЭЖ МӨН Ч ХӨӨРЦӨГЛӨЖ БАЙНА ДАА

15м өндөр, 5-6м диаметр ургах Улиас модыг ингэж ойрхон тарьжээ. 2022.05.14

        Мод тарьж байгааг буруутгаагүй юм шүү. Харин ч дөрвөн мөчөө өргөөд дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байна. Гэхдээ “Найрах арга чинь буруудаад байна” гэдэг шиг буруу аргаар, буруу технологиор тарьж, ирэх хавар энд, тэндгүй ухсан нүхтэй дахиад л хөөрцөглөсөн хүмүүс хүрз, жоотуу, хувинтай усаа бариад гараад ирэх вий гэхээс эмээсэндээ бичиж байна. Тэрбум мод тарих ажил ямар ч төрийн бодлогогүй, дарга нарт таалагдах гэсэн хурган амбийцтай хүмүүсийн улс төрийн тоглолт болон хувирч байна. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүхэд ажил хийсэн болж харагдах гээд л бие биенээсээ урьтаж, Улаанбаатар хотын ойролцоох дуртай газраа эзэнгүй мод суулгаж байна, угтаа. “Тэр ч аманд онцгой байдлын газрынхан мод тарилаа. Тэр банкныхан тэрбум мод аянд нэгдлээ. Тэр албаныхан тэдэн сая мод тарьж, гүйцэтгэлээ” гэсэн төлбөртэй мэдээ, пост цахим хуудаст хөвөрч байна. Тэгээд том том тайз засчихаад, хүлээн авалт хийгээд хөөрч гүйлдэх ч нэгэн байна. 

“ТЭРБУМ МОДЫГ ТАРИХ ШИГ АМАРХАН ЮМ БАЙХГҮЙ. ХАРИН ТАРИХ АРГА НЬ БУРУУ БАЙНА”

         Тэрбум мод тарих ажлыг олон эрдэмтэд дэмжиж байна. Харин ургуулах тал дээр хэн ч анхаарахгүй, хавар, намартаа мод тарилаа гэж хөөрцөглөж, энд, тэндгүй ухсан нүх үлдээдэгт харамсаж, буруутгаж байгаагаа зарим эрдэмтэд ярилаа. Ой судлалын ухааны нэгэн доктор ярихдаа “Сүүлийн үед Монгол Улсын газар нутгийн ихэнх хувьд цөлжилт маш хурдацтай тэлж байгаа. Тэр тусмаа говийн аймгуудаар цөлжилт эрчимтэй явагдаж, ургамал ургахгүй болсон. Дэлхийн дулаарал, элсий нүүдэл, мод, бут устаж үгүй болж байгаа. Хүний буруутай үйл ажиллагаа, малын тоо толгой нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас цөлжилт асар богино хугацаанд хүрээгээ тэлчихлээ. Цөлжилтийг сааруулах арга нь ерөөсөө л мод тарих. Мөн агаарын бохирдлыг ч гэсэн мод тарьж байж л шийднэ шүү дээ.  Өөрөөр хэлбэл, ургуулж чаддаг бол У.Хүрэлсүхийн санаачилсан тэрбум мод тарих санаачилга маш зөв шийдэл. Үүнийг би хоёр гараа өргөөд дэмжиж байна.  Гэтэл чухал санаачилга маш буруу тийшээ яваад эхэллээ. Тэрбум модыг тарих шиг амархан юм байхгүй. Манайхан “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж ярьдаг. Яг үүнтэй адилхан зүйл хэрэгтэй байна. Эхлээд мод тарих газраа олж тогтоох, судалгаа хийх хэрэгтэй. Тэгээд хөрсний судалгаа хийх ёстой. Тухайн газарт ямар мод тарьж суулгавал илүү хурдан ургах вэ гэдгийг нарийн судалгаа хийх нь чухал. Бүр хөрсний чийг нь ямар хэмжээнд байгаа, хөрсний ихэнх хувь нь чулуулаг, шар элстэй байна уу. Хэдэн хувьд нь  шимт буюу бор хөрс агуулагдаж байгааг судлаач, эрдэмтэд шинжлэх ухааны үндсэн дээр хийж гүйцэтгэх учиртай. Элсний нүүдэл эрчимтэй явагдаж байгаа газарт хангайн уулнаас мод авчирч  суулгаад ямар ч нэмэр болохгүй. Мөн зөөлөн бор хөрсөнд ургаж буй модыг үндэстэй нь сугалж авчраад чулуутай хөрсөнд суулгачихвал сэргэж чадахгүй байсаар борц болоод хатчихна. Хөрсний судалгаа хийгдсэний дараа аж ахуйн нэгж, компаниудад тохирох газарт нь тохирох модны захиалга өгөх ёстой. Говьд ургадаг модны суулгацыг нэг хэсэгт нь  өгөөд үрсжүүлээд ургуулаад, гарын ая даахтай болгох хэрэгтэй. Үүний дараа элсний нүүдлээ хашаалаад цөлийн бүс нутагт хэрхэн ногоон байгууламж болгож байгаа жишгээр сүрлэн дөрвөлжин давхарга буюу тогоо үүсгэн суулгах нь хамгийн үр дүнтэй. Энэ мэтээр бодлоготойгоор тарьвал Ерөнхийлөгчид хэрэгтэй, үгүй бол түүнийг хэн ч үнэлэхээ болино” гэв.  

ТАРИХ БУС УРГУУЛАХ ЧУХАЛ

          Бид угаасаа л хавар, намартаа мод тарьдаг байсан. Тарьсан модны тэн хагас нь, тэрнээс ч олон нь үхээд, ухсан нүх үлддэг нь нууц биш. Харин энэ жилийн тухайд тооноос илүү үр дүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хоолойгоо сөөтөл хэлсэн ч тоож байгаа хүн алга. Хүмүүстэй уралдаж очоод, хаана ч хамаагүй нэг талбайд мод хатгаж байна. Олон мод тарихын тулд зай засваргүй нүх ухаад, шамбааралдсан нүхэнд модоо тарьж байна. Дээрээс нь шалаанкаар татсан худгийн хүйв хүйтэн ус пал хийтэл нь асгаж байна. Ингээд тарьсан модныхоо дэргэд гэр бүлээрээ, хамт олноороо албаныхантай зургаа авхуулчихаад яваад өгчихөж байна. Тэр мод ургах үгүй нь хэнд ч сонин биш. ургатал нь хайрлаж хамгаална гэсэн сэтгэл мод тарьж байгаа хүмүүсийн гуравны хоёрт нь алга даа, харамсалтай нь. Хэтэрхий тооны араас хөөцөлдөх бус ургуулах гэж улайрмаар байна. 

      Үүнийг шүүмжилж, эрдэмтний нүдээр, гарц гаргалгаатай гаргаж тавьж байгаа хүн олон. Үүний нэг нь УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл. Тэрбээр өнгөрсөн намар өөрийн цахим хуудастаа “Мод тарина гээд  байгаа ч манайханд ямар ч тооцоо судалгаа, бэлтгэл байхгүй байна. Баахан нүх ухаад л хөрсөө сүйдлээд эхэллээ. Би олон жил мод тарьж байгаа хүн. Эхлээд наад зах нь хөрсөө судлах хэрэгтэй. Ганцхан жишээ хэлэхэд, Хятадын Эрээн хотод мод ургуулахын тулд зарим газрын хөрсийг тэр чигээр нь сольж байсан гэдэг. Дор хаяж таван жил нялх хүүхэд мэт арчилж байж мод болно. Дээр нь усны асуудлаа шийдэхгүй бол мод ургуулах тухай бодоод ч хэрэггүй. Энэ мэт  шийдэж, бэлтгэх асуудал маш олон бий. Нэгэнт тэрбум мод тарих том зорилт тавьж байгаа бол дор хаяж бүтэн жил бэлтгэл хангах шаардлагатай байсан юм. Маш их мод тарьж, ургуулж байгаа Хятадын туршлагыг хараад шинжлэх ухаан юм байна гэж ойлгосон. Мод ургуулах их л амархан гэж бодоод байгаа бололтой. Үгүй шүү дээ, маш хэцүү.Энд тэндгүй мод тариад байхаар нь хэрэгт дуртай амьтан юм болохоороо тарьсан моднуудыг зах зухаас нь явж үзлээ.Тэгээд тэсэлгүй хэдэн зүйл хэлье гэж бодоод. Наад зах нь мод гэдэг амьтан, хүн гэдэг амьтантай адилхан өөрийгөө өвөлд бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, усаа юүлж,”тос”-оо дээш нь татдаг. Өвөлд бэлэн болсон мод навчаа бүрэн гөвж, нахиагаа зангидсан байдаг. Ингээгүй нөхцөлд тарьсан мод, суулгац амьдрах чадвар нь муудаж өвөл хөлдөж үхэх эрсдэлтэй болдог гэж насаараа мод ургуулсан аваргууд ярьдаг. Энэ жил хур, бороо элбэгтэй, оройтсон чийг ихтэй байгаа учир одоохондоо мод өөрийгөө өвөлд бэлтгэж амжихгүй байна. Одоо ч гэсэн навчаа гөвөх нь байтугай бүтэн шарлаагүй л байна. Энэ агуулгаар нь харвал одоо субботник маягаар тарьсан моднууд эрсдэлтэй өвөлжих магадлал өндөр юм. Намар л бол хэдийд ч тарьж болно гэж бодож болохгүй нь. Би бол энэ намар тарих модоо их л бодолтой тарина даа л гэж бодоод төлөвлөөд, зэхээд тохиромжтой цагаа хүлээж байгаа” гэж бичсэн байлаа.

Үр дүн нэхдэг байя. Тэрбум модны ажил дээр төрийн албан хаагчдаас ядаж үр дүн нэхье. Хоёр жилийн дараа “За, танай байгууллага энд тэдэн төгрөгөөр тэдэн ширхэг тийм мод тарьсан юм байна. түүний чинь хэд нь ургасан бэ. Энэ хугацаанд хэрхэн арчилж, хамгаалсан бэ. Хамгаалаад байхад ургасан нь хэд юм, ургаагүй нь хэд юм” гээд баримттайгаар асуугаад, баримттайгаар дүн тавъя, Ерөнхийлөгч өө.

УУЛЫН МОДЫГ БУЛГАЛЖ, УЛААНБААТАР ХОТ РУУ ЗӨӨЖ, ҮНЭТЭЙ ХАУСНЫ ХОРООЛЛЫН ҮҮДЭНД БУЛШИЛХАА БОЛЪЁ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, БОАЖ-ЫН САЙД АА

      Дээрээс нь хот, хөдөөгүй мод тарьж байна гэж хөөрцөглөхдөө ургасан модны амийг таслахаа болъё, Ерөнхийлөгч өө, Байгаль орчин, аялал жуулчлын сайд аа. Урин цаг ирлээ. Шилжүүлэн суулгах нэрийдлээр ойн сантай найман аймгийнхаа ойгоос хамгийн залуу, хамгийн сортой гэсэн модыг машин машинаар нь зөөж Улаанбаатар хот руу, үнэтэй тансаг хорооллын үүдэнд суулгах цуваа хэзээ мөдгүй үргэлжлэх нь. Ганцхан баримттай жишээ дурдахад, өнгөрсөн намар Сэлэнгэ аймгийн таван сумаас мод шилжүүлэн суулгах нэрээр мөнгө угааж, байгаль орчны эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн таван компанийн асуудал бүрэн дуусаагүй байна. Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах багийн илрүүлснээр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас цаасан дээр бичсэн тоогоор 2000 гаруй мод булгалаад аваад явсан байдаг. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээр бичсэн тоо гэдгийг цохон тэмдэглэж үлдээе. Хэдийгээр цаасан дээр бичсэн зөвшөөрлөөр “Ойг сийрүүгжүүлэх шаардлагатай, нийслэлийн ногоон байгууламжид хөрөнгө оруулалт хийж байгаа” гэх гоё ганган үгээр халхавчилсан боловч угтаа энэ ажил цэвэр мөнгө угаалт байсан. Ойг сийрэгжүүлэх талбайгаас бус модны захаас, зулзаган ойг сүйтгээд явсныг бид газар дээрээс нь баримттайгаар хүргэсэн билээ. Мөн модны компаниуд нэг ширхэг зулзагасан нарс модыг 35-60 мянгаар худалдаж аваад, улсад 380-600 мянган төгрөг болгож зардаг гэх ноцтой зөрчлүүд ч бий. Ууланд ургаж байсан модыг Улаанбаатарт авчирч, булшилчихаад инээж зогсоно гэдэг бол эмгэнэл шүү. 

 

 

 

 


ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗОРИУЛЖ, БААХАН СУУЛГАЦ "БУЛШИЛЛАА ДАА"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-22 18:56:05
    Малчин: Ийм коммунизмын үеийн кампанит ажил амжилт олж байсан түүх байдаггүй. Бид Лениний төрсөн өдрөөр коммунист субботник хийж байсан. Яг түүнтэй адил санагдахгүй байна гэж үү, хэн Хүрэлсүх ерөнхийлөгчид үнэнчээ харуулах, долигонох уралдаан болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-21 09:51:45
    Иргэн : Ямар урагшгүй өмхий амтай пизда ийм юм Өглөө бичээд сууж байдаг байна аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-16 09:19:00
    Hors: Hors sendiicheef duuslaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-16 09:17:36
    Mod tarih gej bulshilj bn: Yg uenen ingej ch mod taridguimaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188