Шатахууны үнэ огцом нэмэгдэж, эдийн засаг элгээрээ хэвтсэн амаргүй цаг үед УИХ-ын дарга Г.Занданшатар эдийн засгаа “боомлох” мэдэгдэл хийлээ. Тэрбээр саяхан Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзах үеэрээ Төв банканд том мөнгөн дэвсгэрт гаргах талаар судалж үзэх үүрэг өгсөн. Угтаа бол энэ хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө УИХ-ын дарга ард түмнээсээ уучлалт гуйж, өгсөн үүрэг даалгавраа эргэж харах шаардлагатай байна. Жил гаруй хугацаанд хөл хориулж, бизнес эрхлэх боломжгүй болсон аж ахуйн нэгжүүд, шатахууны үнэд дарлуулж, хүнсээ авч чадахгүйд хүрсэн иргэдээ доромжлосноос ялгаагүй үйлдэл гаргав. Гэлээ ч УИХ-ын дарга Төв банкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, үүрэг даалгавар өгснөөрөө хууль зөрчсөн үйлдэл гаргалаа.
Хэрэв зээ Г.Занданшатар даргын өгсөн даалгаврыг Монголбанк гүйцэтгэж, том хэмжээний мөнгөн дэвсгэрт хэвлэвэл монгол мөнгө үнэгүйдэж, шуудай мөнгөөр талх авдаг болох нь
Сонгуулийн үеэр халамжаар бөмбөгдөж, иргэдийн аманд бэлэн хоол хийж өгөөд эдийн засгаа эргэлтгүй болгосон эрх баригч намынхан одоо эдийн засгаа хэрхэн хэрхэн сэргээх вэ гээд толгойгоо гашилгаж сууна. Ямар сайндаа л мөнгө хэвлэх талаар УИХ-ын дарга нь даалгавар өгөх билээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улс одоо хэрэглэж байгаа 20 мянган төгрөгийн дэвсгэртийнхээ тоог нэмж, 50 мянгат, 100 мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрттэй болно гэсэн үг. Хэрэв зээ Г.Занданшатар даргын өгсөн даалгаврыг Монголбанк гүйцэтгэж, том хэмжээний мөнгөн дэвсгэрт хэвлэвэл монгол мөнгө үнэгүйдэж, шуудай мөнгөөр талх авдаг болох нь.Том хэмжээний мөнгө хэвлэсэн улс орнууд эдийн засгаа уналтад оруулж, ядуу буурай орон болсон жишээ дэлхийд цөөнгүй бий. Яг л ийм ирээдүй биднийг хүлээж байхыг үгүйсгэхгүй юм.
Угаасаа мөнгө хэвлэх нь инфляцыг нэмэгдүүлж, эдийн засагт сөргөөр нөлөөлдөг нь хууль бий. Энэ талаарх эдийн засагчдын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.
ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР: МАНАЙХ ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТ ҮЙЛДВЭРЛЭХ ШААРДЛАГАГҮЙ
Хэрвээ энэ саналыг Монголбанк өөрөө гаргасан бол зөв байж болно. Тодруулбал, мөнгө хэвлэх шаардлагатай байна гэдэг судалгаагаа Төв банк өөрөө гаргаж, саналаа танилцуулсан бол зарчмын хувьд зөв байх байлаа. Тоог нь өсгөхгүй ч мөнгө шинээр хэвлэх асуудлыг Монголбанк өөрөө шийддэг. Манайх 1994 онд баталсан Төв банкны тухай хуулиа сайжруулж, шинэчилж байгаа.
Ингэж байгаагийн гол зорилго нь Төв банкыг бодлогын хувьд хараат болгох гэж байгаа юм. Тэгэхээр шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэх нь Монголбанкны бодлогын асуудал болно гэсэн үг. Тэгэхээр дээрээс нь үүрэг өгч байгаа нь шат дараатай арга хэмжээ биш болчихлоо. Төв банканд УИХ даалгавар өгч болохгүй. УИХ зөвлөлдөж болох байсан. Манайтай төстэй улс орнууд ч ийм жишээ байхгүй. Төв банк нь парламент дээрээ хэлэлцүүлэг хийж, зөвлөмж ярилцдаг болохоос үүрэг даалгавар өгдөггүй. Манай үндсэн чиглэл ч ийм.
Хоёрдугаарт, манайх яг одоогийн нөхцөлд том мөнгөн дэвсгэрт гаргах шаардлагагүй. Ямар нөхцөлд улсууд том мөнгөн дэвсгэрт хэвлэдэг вэ гэхээр эдийн засаг нь саарч, инфляц нь өсөж байвал том мөнгөн дэвсгэрт хэвлэдэг. Англи, Америк зэрэг Баруун Европын өндөр хөгжилтэй Төв банк нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг газрууд сүүлийн 100 жилд мөнгөн дэвсгэртийнхээ тоог нэмээгүй. Харин бодлогын алдаа гаргаж, Төв банк нь хараат эдийн засгийн алдаатай бодлого гаргадаг улсууд том мөнгөн дэвсгэрт гаргадаг. Сүүлийн үед Африк болон Латин Америкийн улсууд мөнгөн дэвсгэрт хэвлэж байна. Учир нь, тэнд инфляц нэмэгдэж, төгрөг хоорондын харилцаа утгаа алдсан. Гол нь манайх яагаад том мөнгөн дэвсгэр хэвлэх ёстой вэ гэдэг шаардлагаа огт судлаагүй байна. Судлаад мөнгө хэвлэлээ гэж бодоход Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй.
ЭДИЙН ЗАСАГЧ Л.ОЮУН: МӨНГӨ ХЭВЛЭХ ЗАРДАЛ БАГАСАХ УЧИР ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТ ХЭВЛЭЖ БОЛНО
Мөнгөн дэвсгэртийн томруулах нь инфляцад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Нөгөө талдаа мөнгө хэвлэх зардлыг багасгана. Тэгэхээр аль эдийн засагт үр өгөөжтэй вэ гэдгийг судлах нь зүйтэй. Инфляц нэг оронтой тоогоор нэмэгдэх нь аюул биш. Хэрвээ хоёр оронтой тооноос дээш гарчихвал эдийн засгийг хямраана. Том мөнгөн дэвсгэрт гаргахдаа хэрхэн эргэлтэд оруулах вэ гэдэг нь чухал.
Мөн хуучин мөнгөн дэвсгэртэй хэр буцааж татаж байна вэ зэрэг олон асуудал хөндөгдөнө. Тэгж байж үр дүн нь харагдана. Эдийн засаг руугаа мөнгө оруулж байж, эдийн засгаа эргэлтэд оруулна. Эдийн засагт мөнгө хүний организмаар цус нь болж байна гэсэн үг. Мөнгө оруулж байж, эдийн засаг хөгжинө. Шууд мөнгө оруулах нь буруу ойлголт гэж харж болохгүй. Тэгэхээр мөнгө хэвлэхдээ арга, хэрэгслүүд механизм нь хэр явж байна гэдгээс үр дүнг нь дүгнэх боломжтой. Урьд нь манайх мөнгөн дэвсгэртийн тоог томруулж байхад цогио, хэт инфляц үүсэж байгаагүй. Эдийн засгийн тэжээл болж байсан.
ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Манай улс том мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх шаардлагатай, шаардлагагүй |
|