Эрдэнэт хотоос нэгэн ирээдүйтэй бор охин самбо, жүдо бөхөөр барилдан гарч ирсэн юм. Тэрбээр дунд сургуулиас төгсөөд Улаанбаатар хотод их дээд сургуульд суралцахаар иржээ. Гэвч тогтсон клуб, спорт хороонд харъяалагдахгүй, тууштай, тогтмол бэлтгэл хийж чадахгүй яваад байв. Тэр үед нь самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ Х.Батхишиг “Чи бөхийн спортоор тууштай хичээллэх хэрэгтэй. Сайн бөх болох ирээдүй чамд байна” гэж зөвлөсөн байдаг. Тэгээд жүдо бөхийн МУГД Ш.Цэвэлмаа багшийн шавь болгож өгсөн байна. Тэр Эрдэнэтийн бор охин бол чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн анхны эмэгтэй дасгалжуулагч МУГТ, Бадрахын Одончимэг байсан юм.
Ер нь МУГТ Б.Одончимэг багш бөхийн спортоор оройтож хичээллэсэн байдаг. Одноо гавьяат дунд сургуульд байхдаа хөнгөн аталетик, цанын спортоор хичээллэдэг байсан гэдэг. Орхон аймгийн Эрдэнэт хотын дунд сургуулиа төгсөх жилээ анх барилдаж эхэлжээ. Тэдний хажуу хашааны хөршүүд болон хамаатны хүүхдүүд нь бөхийн секц, дугуйланд явдаг байж. Тэд нарыгаа дагаж арваад хоног хичээллэсэн болоод л юу ч мэдэхгүй хүүхэд 1998 оны хавар өсвөр үеийн УАШТ-д ороод хүрэл медаль хүртжээ. Намар нь хотод ирээд УБИС-д суралцсан байна. Оюутаны эхний 2-3 жилд олигтой бэлтгэл сургуулилалт хийж чадахгүй байж, ганц нэг тэмцээнд орсон болоод учир зүйгээ олохгүй урсгалаараа яваад байв.

Өсвөр үе, залуучуудын тэмцээнээс медаль хүртээд л байдаг. Харин насанд хүрэгчдийн УАШТ-д анх орохдоо дүрмээ мэдэхгүй будилж, мунгинасан юм билээ. Хүрэл медалийн төлөө Мөнгөнтуяатай таарч барилджээ. Барилдаан эхлэнгүүт дайраад ирэхээр нь дагуулаад шидсэн чинь Одноо багшид юко үнэлгээ заажээ. Тэгээд барилдааны явцад хоёр удаа даралтанд орж хоёр коко үнэлгээ алдсан байдаг. Одноо багш юко, коко үнэлгээний учрыг олохгүй “Би нэг оноотой, энэ эгч хоёр оноогоор намайг хожиж яваа юм байна” гээд буруу ойлгочихсон байна. Харин өрсөлдөгч Мөнгөнтуяа орилоод түүн руу дайраад байж. “Энэ эгч хожиж яваа байж, яагаад над руу дайраад байгаа юм бол гээд гайхаж. Гэтэл цагийн төгсгөлд ахиад даралтанд орчихжээ. Одноо багш “Би хожигдож яваа юм чинь эсэргүүцээд яах вэ” гэж бодоод цагаа дуусгасан байна. Дэвжээнээс бууж ирээд өөрийгөө юко үнэлгээгээр хожиж явснаа мэдсэн гэдэг.
Б.Одончимэг багш анх чөлөөт бөхөөр барилдахдаа 59 кг болон 62 кг-ын жингээс эхэлсэн юм билээ. Түүнийг УБИС-д сурч байхад оюутны дотуур байрны өрөөнд нь чөлөөт бөхийн охид хамт амьдарч байж. Тэдний чөлөөт бөхийн УАШТ болно гэхээр нь сонирхож дагаж яваад 1999 оны УАШТ-д орох гэсэн чинь жүдогийн хүүхэд оруулахгүй гээд бүртгэж аваагүй байна. Дараа жил нь 2000 оны УАШТ ороод, эхний тойрогт ялагджээ. Чөлөөт бөхийн дүрмийг сайн мэдэхгүй будилж яваад л хожигдсон юм билээ. Түүний дараа жилийн 2001 онд УАШТ-д түрүүлж чаджээ. Бага жинд 2004 оны Монголын бүх ард түмний спартакиад их наадамд 59 кг-ын жинд барилдаж түрүүлсэн байдаг. Дараа нь 62 кг-д УАШТ-д түрүүлжээ. Эхний хэдэн жил 63 кг-ын жинд барилдаж байв. Харин 67 кг-д нэг жил барилдаад л, дээшээ 72 кг-ын жин руу өгссөн юм билээ.

Гэхдээ тэрбээр жүдо бөхөө хаялгүй УАШТ-д оролцоод л яваад байлаа. Харин чөлөөт бөхийн 2005 оны УАШТ-д орох гэсэн чинь жүдогийн хүүхэд гэдэг шалтгаанаар хассан байна. “Чамайг чөлөөт бөхөөр дагнаж хичээллэнэ гээд гарын үсэг зурах юм бол сорил тэмцээнд оруулж болно” гэжээ. Гэтэл “Алдар” спорт хорооны дасгалжуулагч МУГД Ц.Хосбаяр, МУГТ Ц.Цогтбаяр нар ирээд “Чи чөлөөт бөхөөр барилдаач, жүдо бөхөөс илүү амжилт гаргаж чадна шүү” гэжээ. Тэр үед Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГД Ч.Насантогтох, МУГД Ш.Цэвэлмаа нар түүнийг чөлөөт руу алдахгүй гэж их л хөөцөлдөж, ятгасан гэсэн.
Б.Одончимэг гавьяат 2004 онд чөлөөт, жүдо, самбо, сүмо, кураш бөхийн УАШТ-д түрүүлжээ. Түүн шиг нэг жилд дараалан бөхийн олон төрлийн улсын аварга болсон тамирчин ховор байх. Тухайн жил жүдо, самбо, чөлөөт, кураш, сүмо бөхийн УАШТ хоорондоо арав хоногийн зайтай болсон гэдэг. Нэг төрлийнх нь улсын аваргад түрүүлэнгүүтээ маргаашаас нь нөгөөгийнх нь бэлтгэлийг хийгээд дараагийн УАШТ-д оролцоод түрүүлж байжээ. Улмаар 2004 онд жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарч, түүний дараа “Алдар” спорт хорооны жүдо бөхийн албан ёсны тамирчин болжээ. Тэр үед нь Цогоо багш “Чи чөлөөтөөр барилдвал бүр ч илүү өндөр амжилт гаргахаар байна. Хосоо ах бид хоёрын шавь болооч” гэсэн юм билээ. Ингээд л тэр эргэлт буцалтгүйгээр чөлөөт бөхийн спортыг сонгожээ.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчин болоод Монголын эмэгтэй хүнд жингийн тамирчдын нэр хүндийг дэлхийн дэвжээнд төлөөлөн олон жил амжилттай барилдсан юм. Түүний үзүүлсэн амжилтуудыг тоочоод баршгүй. Б.Одончимэг гавьяат “Хернингийн-2009” ДАШТ-ээс хүрэл, “Чэжү-2008”, “Куми-2012” Азийн аваргаас мөнгө, “Бишкек-2007”, “Паттая -2009”, “Ташкент-2011” Азийн аваргаас хүрэл, “Доха-2006” Азийн наадмын хүрэл, И.Ярыгиний “Алтан гран при” олон улсын тэмцээний аварга, Монгол Улсын 11 удаагийн аварга тамирчин болсон юм.
Одноо гавьяатыг МУГТ Ц.Цогтбаяр багш нь тамирчин байх үед нь дасгалжуулагч болгоно гэж ярьдаг байж. Үүнийг нь МУГД Ц.Хосбаяр багш нь ч дэмжсэн байна. Тэрбээр тамирчин байхдаа дасгалжуулагчийн албанд шилжсэн билээ. 2016 онд тамирчин байх үедээ өөрийн жингийн 2-3 охиныг авч, хамтдаа бэлтгэл хийж, бэлдэж эхэлсэн юм. 2017 онд давхар биетэй болсон үедээ ч хүүхдүүдийнхээ бэлтгэлийг тасалдуулалгүй хийлгэж байлаа. Тэгээд төрсний дараа үеэс багшийн албанд бүр мөсөн шилжсэн юм. “Алдар” спорт хороонд албан ёсоор 2020 онд туслах дасгалжуулагчаар орсон.

Чөлөөт бөхийн 2020 оны улсын аваргад О.Бурмаа гавьяат түрүүлснийхээ дараа “Б.Одончимэг, Г.Наранчимэг бид гурав хоорондоо өрсөлдөж, гурван биенийгээ ирлэж, хурцалж явдаг учраас өдий зэрэгтэй, олон жил тогтвортой барилдаж байгаа. Доороос бид гурвын залгамж халаа, залуу тамирчид гарч ирэхгүй байна. Хэрэв залуу тамирчид хүч түрэн гараад ирвэл бид гуравт барилдах шаардлага байхгүй ээ” гэж ярьж байлаа. 2020 оны УАШТ-ээс медаль хүртээд, Б.Одончимэг гавьяат ахин барилдаагүй билээ. Дасгалжуулагчийн албанд шилжээд, хүнд жинд дэлхийд өрсөлдөх охидыг бэлтгэн, гарган ирж чадсан юм.

Б.Одончимэг багшийн тамирчин байхдаа 2016 онд бэлтгэсэн охидоос нь ОУХМ Э.Даваанасан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. ОУХМ Г.Ариунжаргал Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, улсын аварга болчихоод байгаа. Өөрийн барилдаж явсан жингийн бөхчүүдийг бэлтгэн гаргах нь Одноо гавьяатад арай амар, дөхөмтэй байсан бололтой. Түүнтэй ижил нэг жингийн охид, нуруу, жин ойролцоо, барьц байрлал, мэх, техник зааж, бэлтгэл сургуулилалт хийхэд ойр, дөхөм байсан байх. Тэрбээр жингийнхээ залгамж халааг гаргаж ирсэндээ баяртай байгаа болов уу. Б.Одончимэг багш “Би самбо бөхийн дэлхийн аварга, МУГТ Х.Батхишиг эгчийн үгээр яваагүй бол өнөөдрийн энэ түвшинд хүрээгүй байх байлаа” гэж байлаа. Мөн тэрбээр “Би жүдо бөхөөс чөлөөт бөх рүү шилжсэн тухайн үедээ юу ч бодоогүй. Дасгалжуулагч болсны дараа л МУГД Шархүүгийн Цэвэлмаа багшийгаа ойлгосон. Өөрийн хөдөлмөр зүтгэл гаргаж бэлдсэн тамирчнаа алдах нь хэцүү байсан байх. Тэрийг нь би одоо л ойлгож байна” гэж гэмшингүй өгүүлж байсан билээ.

Б.Одончимэг гавьяатад МУГД Ц.Хосбаяр багштайгаа цуг дасгалжуулагч хийх нь түшиг, тулгууртай амар байсан гэдэг. Багшаасаа их зүйлийг сурч авчээ. Тэрбээр тамирчин байх үедээ их зүйлийг сурсан гэж боддог байж. Харин багштайгаа цуг дасгалжуулагчаар ажиллах үедээ, тамирчин байхдаа сураагүй зүйлээ багшаар заалгаад суралцаж авсан гэнэ лээ. Одноо багш дасгалжуулагч хийх үедээ яагаад багшийн энэ бүх зүйлийг сураагүй явсан юм бол гэж бодсон гэнэ лээ. Багштайгаа цуг ажиллаж байгаадаа баярладаг гэсэн. Хосоо багш намайг сайн тамирчин болгож өгсөн, одоо сайн дасгалжуулагч болгох гээд зүтгэж явна. Багш өөрийн мэддэг, чаддаг бүх зүйлээ харамгүй зааж өгч байгаа. Багш шавийн харилцаатай олон жил явсан болохоор ойлголцох тал дээр амар байдаг. Хэн хэнийнхээ зан аашийг сайн мэднэ. Энэ нь хамтарч ажиллахад давуу тал болдог. Тамирчин байх үед зөвхөн өөртөө анхаарч өөрийгөө бэлдэнэ. Дасгалжуулагч хүн жин тус бүрийн хүүхэд, нэг бүрийг бэлдэх гээд санаа тавих тийм амар биш. Дасгалжуулагч болоод л багшийнхаа зовлонг ойлгож байна. Тамирчин байх үе хамгийн амар байж ээ ярьж байлаа.

Хувь хүн зөвхөн өөрийгөө л боддог. Багш хүн олон хүүхдэд санаа зовж, бодно. Энэ хүүхдээ яаж сайн болгох вэ. Бэртэл, гэмтэл авчихгүй байгаа. Хоол, унд, ар гэрийн амьдрал нь юу болж байгаа бол. Ажил, орлоготой, амьдралын захад түүнийгээ хүргэчих юмсан гэж боддог аж. Бүх хүүхэд сайн тамирчин болох албагүй. Хүүхдүүдээ энэ нийгэмдээ хэрэгтэй. Сайн, зөв хүн болгон төлөвшүүлэх юмсан гэж боддог гэсэн. Хамгийн наад зах нь бусдыг хүндэлдэг ёс зүйтэй, хүнтэй зөв мэндэлж сургах ёстой гээд л Одноо багш зүтгэж явна. Энэ нийгэмдээ оруулж буй түүний хувь нэмэр энэ болов уу.
| ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ |
|
МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
2026-05-22 08:23:30
Чөлөөтийн “Улаанбаатар опен” дэлхийн чансааны оноо олгоно
2026-05-22 08:16:59
А. Даваабаатар “Russian Judo Tour”-аас хүрэл медаль хүртжээ
2026-05-22 07:30:00
“УЛААНБААТАР-2026” таеквондо-гийн Азийн аваргын нээлт боллоо
2026-05-22 07:20:00
Монгол Улсын туршлагыг “ЮНЕСКО”-д танилцуулав
2026-05-22 07:10:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-05-22 07:00:00
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН ДҮҮГЭЭ ЗААЗУУРДСАН ХЭРГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
2026-05-22 07:00:00
ЖҮДОГООС ЧӨЛӨӨТ БӨХ РҮҮ ШИЛЖСЭН ГАВЬЯАТ
2026-05-22 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-05-22 07:00:00
НОБЕЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ ВИСЛАВА ШИМБОРСКАГИЙН ШҮЛГҮҮД
2026-05-21 15:00:48
Элчин сайд Н.Оюундарь, В. Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-05-21 14:37:07
Д.БАТЛУТ: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болголоо
2026-05-21 13:23:11
“УЛААНБААТАР МАРАФОН-2026”-д 43 орны 46 мянган гүйгч оролцоно
2026-05-21 13:19:24
ЯРУУ НАЙРАГЧ Ц.ГОНЧИГИЙН “ХАРЗ” ТҮҮВРЭЭС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-05-21 12:19:04
ХАЙРЛАСАН БҮХНИЙХЭЭ СЭТГЭЛД ҮҮРД МӨНХ…
2026-05-21 08:35:10
М.Мөнхсувд холимог тулааны Ази тивийн аварга боллоо
2026-05-21 07:52:23
Тэтгэврийн асуудлаар Унгарт буй Монгол Улсын иргэдэд мэдээлэл өглөө
2026-05-21 07:45:24
Монгол Улс НҮБ-ын Ойн форумыг даргална
2026-05-21 07:20:00
Н.Нандин-Эрдэнэ “NCAAW”-гийн 1-р дивизонд тоглоно
2026-05-21 07:10:00
"БОДЬ ГРУПП"-ЫН ОФФТЕЙК ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ, "ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАНГ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ШАЛГАХ УУ
2026-05-21 07:00:00
2026-05-21 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-05-21 07:00:00
Б.ЦЭЛМЭГ: Саруулгэрэл эгчийн хөдөлмөрч, дайчин чанар, уртай тоглолтоос үлгэр дуурайлал авдаг
2026-05-21 07:00:00
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-05-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |