• Өнөөдөр 2026-05-20

ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД

2026-05-20,   144

         Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нөөцийн махыг худалдаалахгүй, гэх “даалгавар” өгч, махны үнийн өсөлтөд нөлөөлсөн байж болкошгүй гэх шалтгаанаар үүрэгт ажиллаасаа чөлөөлөгдсөн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хотын даргад хариуцлага тооцож, огцруулснаар шинэ хотын даргын марафон эхлээд байна.


       Ингэхдээ шинэ хотын даргад Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нарын дундын хувилбар гэгдэх Д.Пүрэвдагвын нэр яригдаж эхлээд байна. Түүний хувьд Ерөнхийлөгчийн хүргэн байсан гэдэг мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Ямартай ч ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 25-нд дараагийн хотын даргыг тодруулах юм. Монгол Улсын хүн амын 60 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Тиймээс иргэдийн олонх амьдардаг Улаанбаатарын хотын удирдлагад чамгүй өндөр шаардлага тавьж, нийслэлийн тулгамдсан асуудлууд болох утаа, түгжрэлийн асуудлаас эхлээд орчны бохирдол, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон ажлууд хүлээгдэж буй.

          Өнгөрсөн онд нийслэлд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, төсвийг нэмэгдүүлсэн. Нийслэл бонд гаргасан гэгчлэн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлууд ч нийслэлд бий.  Гэвч одоогоор хоёр том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болж, түр зогсоогоод байгаа юм. Тухайлбал, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг хийхээр газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн. Улмаар Гадаадын зээл ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөлд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч тус хуулийн төслийг УИХ-аас дэмжигүй унагаасан юм. Улмаар Сэлбэ дэд төвийн бүтээн  байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийн эх үүсвэр тодорхой болж байгаа гэсэн үг. Мөн Туулын хурдны тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоохоор болсон. Улаанбаатар хотын 2026 оны дулааны улиралд хэрэгжих хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Туулын хурдны зам байлаа. Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байхаар төлөвлөсөн. Төслийн газар чөлөөлөлтөд нийт 112 нэгж талбар өртсөнөөс 10 нэгж талбарыг чөлөөлөөд байсан юм. Гэвч байгаль орчны нөлөөллийн асуудлаас шалтгаалж тус бүтээн байгуулалтын ажлыг түр зогсоох Засгийн газрын шийдвэр гараад байна.

Ийн дараагийн  хотын дарга эхлүүлэхээр төлөвлөсөн болон эхлүүлээд зогсоосон томоохон төсөл хөтөлбөрөө үргэлжүүлэх үү гэдэг нь олны анхаарыг татаж байна. Тэгвэл бид дараагийн хотын даргын хүлээгдэж буй хийх ажлуудыг эргэн сануулж байна.

МЕТРО ТӨСӨЛ

      Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлсэн. Энэ онд нийслэл метронд 2.5 их наяд төгрөгийг гадна, дотноос хөрөнгө оруулахаар тооцоолсон хэмээн мэдээлж байлаа. “Метро” байгуулах төсөл нь Толгойтоос Амгалан хүртэлх чиглэлд 19.4 км үргэлжилнэ. Нийт 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм. Иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болох аж. Мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150’000 ажлын байр шинээр бий болно. Цагт 17,206 хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Зогсоол хоорондын зай 1.3 км. Метроны барилгын ажил 2027 онд багтаан дуусгаж, 2028 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж байна.

Төслийг хэрэгжүүлэхэд нийт 2,445.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Олон улсын санхүүжүүлэгчийн тавьсан шаардлагыг хангах бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний хүрээнд БНСУ-ын “Иноген ХХК” болон Монгол улсын “Эко Натур” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байна.

ДЦС-V ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСӨЛ

        Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг 2026 онд эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байлаа. Тус станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 26 га талбайд барих бөгөөд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15.1.1-т заасан “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх юм.

ДҮҮЖИН ТЭЭВЭР

        Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр болсон.

      Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай. Төслийн урьдчилсан судалгаагаар дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Баянгол болон Хан-Уул дүүргийг холбосон нийтийн тээврийн шинэ төрөл бий болж, авто замын ачаалал буурах, зорчигчдын зорчих хугацаа богиносох, нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх давуу талтай. Төслийг Францын “Пома групп” хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ

         Нийслэлчүүдийн хамгийн  тулгамдсан асуудал болох агаар хөрсний бохирдлыг бууруулах ажил үе үеийн хотын дарга нарын шүдний өвчин байсаар ирсэн. Тэр тусмаа өвөл утааны асуудал нийслэлчүүдийн гол санаа зовох асуудал болдог. Өнгөрсөн жил БНХАУ-аас 200 тэрбум төгрөгөөр хагас коксжуулсан нүүрс оруулж ирж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

       Ингэснээр Улаанбаатар хотын утааны асуудал бага ч болов буурсан ч чанар хэрэглээний асуудал өнгөрсөн өвлийн гол маргаантай сэдэв байсан. Тэгвэл ирэх жил шинэ хотын дарга ямар шийдэл хайх вэ гэдэг нь анхаарал татах гол сэдэю болох нь.

 


ДАРААГИЙН ХОТЫН ДАРГЫН ХҮЛЭЭГДЭЖ БУЙ АЖЛУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188