• Өнөөдөр 2026-05-22

МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА

2026-05-22,   104

          Ардчилсан намын хэсэг гишүүд хамтарсан Засгийн газарт халаа сэлгээ хийх сургаар намынхаа даргыг онгоцонд суумагц сайдын суудалд хошуурч, ёстой л гурав, дөрөвдүгээр араандаа хийнэ гэгч болов бололтой. Гэтэл үнэн хэрэг дээрээ Ардын намынхан дотоод зодооноо яаая гэж байж Ардчилсан намынхныг шоглож, зургаан сайдын суудал өгөх цуурхал тарааснаар  сөрөг хүчнийхэн дунд хэрүүлийн алим тарьж, хөөрхөн шоглоод авав.


          Харин О.Цогтгэрэл, түүний шинэ хамтрагч намын генсек С.Баярцогт нарын аль аль хамтарсан Засгийн газарт орох санал ч ирээгүй, орох сонирхол ч байхгүй байгаагаа тодорхой илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга О.Цогтгэрэл “Би хэсэг хугацаанд чөлөөтэй байж байгаад өнөөдөр ажилдаа ирж байна. Албан ёсоор яригдсан зүйл одоогоор байхгүй. Ардчилсан нам Засгийн газарт хамтрах асуудлаар би өмнө нь олон удаа байр сууриа илэрхийлсэн. Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт ажиллах ёсгүй, буруу гэж үздэг. Энэ байр суурин дээрээ одоо ч хэвээр байна. Яагаад гэвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүн тодорхой гарсан. Парламент олонх, цөөнхтэй болсон. Олонх нь олонхийнхоо ажлыг хийх ёстой, цөөнх нь цөөнхийнхөө үүргийг биелүүлэх ёстой. Энэ зарчмыг алдагдуулж болохгүй” гэсэн бол АН-ын генсек С.Баярцогт “Ардчилсан нам хамтарсан Засгин газарт оррохгүй. Тийм санал ч ирээгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн билээ. Нэмээд Ардчилсан намын бүлэг дотроо арай учир мэдэх гишүүд нь ч хамтарсан Засгийн газарт бялуу хуваалт хийхгүйгээр дараачийн хоёр сонгуульд хүссэн хүсээгүй ялах магадлал өндөр байгаа. Тиймээс ирэх сонгуулиа бодоод Ардын намд ачааг нь үүрүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг ч илэрхийлж байгаа харагдана.

       Харин их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр зургаан сайдын суудлаар арай хийж өндийж байгаа намынхаа карьерыг тавиад туучих шахсан гишүүд ч Ардчилсан намд цөөнгүй байгаа бололтой. Тэр тусмаа ирэх сонгуулиар рейтинг нь унасан гишүүд энэ удаад сайдын суудалд суугаад буух санаархлаа барьж ядан хошуурч гүйснийг Засгийн  газрын хэрэг эрхлэхийн дарга Б.Энхбаяр үгэн дотроо үг нууж, ёжилсон нь ч бий. Тэрбээр энэ талаар “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газарт Ардчилсан намыг урьсан гэх худал мэдээлэл цахим орчинд тархсан. Үүнийг зориудаар тараасан ташаа мэдээлэл гэж үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайд энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Засгийн газар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа бөгөөд ямар нэгэн халаа, сэлгээ хийх, хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригдаагүй” хэмээн сануулсан удаатай.

Ийн үнэндээ Ардын намынхан хамтарсан Засгийн газрын халаа сэлгээний асуудлыг дотооддоо жиг жуг тарааж түүнд нь хуртсан Ардчилсан намынхан сайдын суудалд хошуурч гүйгээд  Ардын намынхан Ардчилсан намынхныг зодолдуулсаар байна, үнэндээ.

Уг нь Ардчилсан намынханд унаж яваа Ардын намын рейтинг дээр дөрөөлж гараад хамтарсан Засгийн газарт багтахаас илүү хэдэн сайдын суудал хувааж авах бүрэн боломж баймаар. Харамсалтай нь, АН-д тавьсан МАН-ын БЭТ-чид үүргээ гүйцэтгэж, тэднийг зодолдуулах ажлаа гаргууд сайн хийж байгаа бололтой.

    Өнгөрсөн хугацаанд төрд дангаараа ноёрхсон Ардын намынханы идээ бээр нь ил гарч, ард түмний өмнө арчаагаа алдаж, үнэн төрхөө илчилж эхэллээ.  Ингэхдээ тэд Монголын төрийг гацаанд оруулж, эрх мэдэлдээ өөрсдөө барьцаалагдаж, хаашаа ч хөдөлж чадахгүй гав дөнгөтэй болцгоосноо ил цагаан харуулж байна. Есөн сарын хугацаанд Ерөнхий сайдаа хоёр удаа огцруулж, УИХ-ын даргаа хоёр удаа солилоо. Үр дүнд хүрэхгүй нь тодорхой болов. Өнөөдөр тэдний зодоон нийслэл рүүгээ орж, хотын даргаа  огцруулчихаад, дараагийн хотын даргаа тодруулах гэж мөн ч их дүлэгнэж байна.

      Одоо ердөө жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болох атал эрх баригч намынхны улс төрийн зодоон ид дундаа халуурч бүлээрч байна.  Ингэхдээ нэг нэгнийхээ булхайг дэлгэж, хэдэн сая ам.доллараар яригдах их хулгайгаа илчлэлцэж, хэн нь их идснээ шалгаруулах марафонд ороод байгааг ч монголын улс төрд өрнөж байгаа үйл явдлууд харуулж байна.

       Тэр байтугай эхлээгүй төслөөсөө идсэн уусан нь илчлэгдэх дээрээ тулж, “Намайг алчихаад төлсөө зогсоогоорой” гэж улайрах хүртлээ галзуурч байна, МАН-ынхан. Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойх лидэргүй болтлоо эрх мэдэлд хошуурцгааж байна. УИХ-ын даргад, Ерөнхий сайдад хэчнээн ч хувилбар дэвшүүлээд хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй, Засглалын хямралд хүрч байгааг харж, дүгнэж байгаа хүн олон байгаа биз. Улс төрийн лидэргүй, нам дотроо хүлээн зөвшөөрөгдөх хүнгүй болтлоо хагарч байгаа МАН-ынхан нэмээд ард түмэнд ч хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй боллоо.  Эдийн засаг, иргэдийн амьжиргааг ярих юм биш. Эрх баригч намынханд найдах зүйл огтоос алга.  Нөөцийн маханд дугаарлаж, 60 сая малтай Монголчуудыг хот, хөдөөгөөр нь талцуулах ажлыг ч хийж байгаагаас өөрцгүй байна тэд. Ийм л цаг үед Ардчилсан намынхан амандаа орж ирсэн шар тосыг хэлээрэй түлэхчихгүйхэн шиг эвтэй, тооцоо судалгаатай байх нь юу юунаас илүү чухал байна.      

       Өөрөөр хэлбэл, “ах” намынхаа арганд орчихгүйхэн хэрсүү байж чадвал ирэх сонгуулиар  боломж бий, тэдэнд.

 


МАН АН-ЫНХНЫГ ЗОДОЛДУУЛСААР Л БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188