-Таны аав улсын начин Д.Тавинтай Архангай аймгийн Хайрхан сумын харьяат хүн шүү дээ. Хэнтий аймаг руу нутаг сэлгэх болсон нь шалтгаантай юу?
-Танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Аав яагаад нутаг сэлгэж байснаа ярьж байгаагүй. Захиргаадалтын үед нааш томилогдоод л суурьшсан байх гэж би таамагладаг. Ер нь Дадал суманд буриад олонтой байсан болохоор улсын бодлогоор халх болон бусад ястнуудыг суурьшуулж байсан юм билээ. Аав тэдний л нэг байх. Одоо Дадал суманд цэвэр буриад айл бараг байхгүй.
-Д.Тавинтай гуай улсын наадмын зүлэг ногоон дэвжээнд тун цөөн зодоглосон байдаг. Яагаад барилдахаа больсон юм бол?
-Аав Дадал суманд ирж, аж төрөн сууснаас хойш дахин барилдаагүй. Нэг удаа “Үеийнхээ бөхчүүдийн барилдааныг радиогоор сонсохоор зодог шуудгаа өмсмөөр байх юм” гэж ээжид ярьж байсан гэдэг. Хөөрхий минь, барилдахгүй болсон эхэн жилүүддээ “Олон жил уралдсан морь өөрийгөө уядаг” гэдэг шиг багаасаа ахыгаа дагаж барилдсан болохоор наадам дөхөхөөр сэтгэл санаа нь үймрээд хэцүү байсан биз. Аав улсын наадмын дэвжээнд гурав л гарсан гэдэг юм. 1941 онд тав давж, начин цол хүртээд цэрэгт алба хаагаад дайн дууссаны дараа нааш ирсэн юм билээ.
Аав Дадал суманд ирээд Чингисийн гэрэлт хөшөөний ойролцоох Гурван нуурын амралтыг барьж байхдаа ээжтэй танилцаж, гэр бүл болсон байдаг. Миний ижий, аав хөдөлмөрч, тусч сайхан сэтгэлтэй хүмүүс байлаа. Хөдөлмөрөөр амьдралаа бүтээж болдгийг бидэнд үлгэрлэсэн дээ. Даанч би гэж эрхийн тэнэг амьтан буруу замаар алхчихсан юм. Одоо хэчнээн харамсаад ч “Борооны дараа цув нөмөрнө” гээч болсон байна. Хүн залуудаа алдаж байгаагаа мэддэггүй юм билээ.
-Улсын арслан Д.Лувсанжамц, Д.Тавинтай начин нарыг “Аат” хэмээн нэрийддэг байсны учрыг та мэдэх үү?
-Дархан аварга Ж.Мөнхбат гуай засуулдаа “Миний малгайг бариад туг руу ойртож бай. Би энэ мууг нутгийнх нь зүг рүү шидчихээд очно” гэсэн гэдэг шиг аархаж барилддаг байсан юм билээ. Тухайн үедээ дархан аварга Ж.Мөнхбат гуайг шиг л содон үзэгдэл байсан хэрэг л дээ. Тиймээс үзэгчид “ах, дүү Аат” хэмээн нэрийддэг байсан биз. Түүнээс биш ойгүй их бяртай, овлигогүй зантай бөхчүүд байгаагүй л юм билээ. Би л муу аавынхаа нэрийг сэвтүүлж, ясыг нь өндөлзүүлж яваа хүн. Ямар сайндаа хүмүүс намайг “Аат”-ын хүү тайрдас” гэх вэ дээ.
-Та бие томтой хүн байна шүү дээ. Яагаад Тайрдас гэх нэртэй болов?
-Ах нь залуудаа мөрийтэй тоглож, архи дарс ууж, зодоон нүдээн хийж аавынхаа буяныг цацах шиг болсон хүн. Намайг залууд “Атамаан Сүхээ” гээд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийнхан андахгүй мэддэг байлаа шүү дээ. Тэгж, саагиж, онгирч яваад хэцүү нэртэй газрын хаалга хоёр, гурав татсан даа. “Хүн буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэдэг ямар үнэн юм бэ гэдгийг ой тойндоо ортол сайн олгож авлаа. Шоронд олон жил болсон хүн хөдөлмөрийн чадвараа бараг алдаад гарч ирдэг. Гараад ирэхэд хамаг хөрөнгө үгүй болчихсон, наашаа гэх хүнгүй хэцүү л дээ. Зулайг минь гишгэж төрсөн ганц эгч минь л намайг илүү байшиндаа байлгаж байна.
Хотоос ирсэн анчид манай нутгийн хүнээс “Тавинтай Сүхээгийнх хаана вэ” гээд асуутал “Аатын хүү Тайрдас Балж голын хойхно байгаа” гэсэн байна лээ. Хүнд ад үзэгдэнэ гэдэг чинь энэ шүү дээ.
-Аав тань төрсөн ахынхаа хэрхэн барилдаж байсан талаар хуучилдаг байв уу?
-Аав ахынхаа тухай бахархал дүүрэн ярьдаг байсан. Би ингэж барилдаад, тэгж давж байлаа гэж ярихаас илүүтэй “Ах минь тэр үед тийм мэхийг хүний санаанд оромгүйгээр их уран, нарийн хийсэн” гэж сэтгэл тэнүүн ярьдаг байв. Аавын ах Д.Лувсанжамц Архангай аймгийнхаа баяр наадамд 1937, 1938 онд түрүүлж, 1940 онд үзүүрлэсэн гэдэг. Мөн Хэнтий аймгийн баяр наадамд 1942 онд түрүүлж, дараа жил нь Хэнтий аймаг байгуулагдсаны 20 жилийн ойн баяр наадмаар ирээдүйн даян аварга Ц.Чимэд-Очирыг улсын начин цолтой байхад нь барилдаж зэрэг шахам өвдөг шороодож, хөлийн цэцийн шийдвэрээр үзүүрлэж байсан түүхтэй.
-Д.Лувсанжамц гуай царай төрхийн хувьд аавтай нь хэр адилхан байсан бэ?
-Ер нь их адилхан. Сайн таньж, мэдэхгүй хүмүүс андуурах нь энүүхэнд. Дугуй бор царайтай, алиа наргиа яриатай, биеэр зузаан, дунд зэргийн нуруу зэрэг нь нэгнээ дуурайсан мэт адилхан. Одоогийнхоор бол канондсан юм шиг ялгахын аргагүй хүмүүс.
Аав ахынхаа талаар “Гол мэх нь халж суйлах, гүйх, дамжин ордог баруун, зүүн аль ч талын барилдаантай, гарын хуруундаа их хүчтэй, бяр чадалдаа итгэж барилддаг бөх байсан. Гар нь маш урт, өвдгөндөө бараг хүрдэг байсан болохоор суйлах мэхийг чадмаг хийдэг. Хоёр хуруу нь эсрэг бөхийн хонгонд хүрэх юм бол баттай давдаг. Аймаг, сумын наадамд очихдоо ногт ганзагалж явдаг байсан” гэж ирээд л омогшин ярьдаг байлаа.
-Д.Лувсанжамц арсланг “Том чулуу өргөж байсан” гэж бөх сонирхогчид ярьдаг. Хаанахын ямар чулуу өргөж байсан юм бэ?
- Аав, Д.Лувсанжамц ах болон үеийн нөхөд нь наадмын бэлтгэлд гарч байсан үе юм билээ. Тэр үеэр Архангай аймгийн Хайрхан сумын Өлийн давааны аманд байх 400 гаруй килограмм жинтэй чулууг ах өргөж, 50 метр газар явсан гэдэг. Тухайн чулууг дараа нь дөрвөн хүн газраас дөнгөж хөндийрүүлээд л алдсан гэдэг юм. Д.Лувсанжамц ах барилдахаа больсныхоо дараа олон жил бөхийн засуулаар ажилласан. Хөөрхий минь, 1969 онд бурхны оронд одсон.
Үүнээс гадна нэгэн сайхан түүх байдаг юм. Одоогийн Архангай аймаг, хуучнаар Түшээт хан аймгийн барилдаанд түрүүлсэн бөх нанжин гахай гөлмөөр шагнахыг сонсоод аав, Д.Лувсанжамц ах хоёр бэлтгэлээ сайн хийжээ. Наадмын урд өдөр гэрээсээ мордож, үдээс хойш Бугат гэдэг газар нэг айлд очиж. Гэтэл айлын унинд нанжин гахай гөлөм хавчуулаастай байсан гэдэг. Тэр үед Д.Лувсанжамц ах гэрийн эзэнд “Энэ гөлмөө надад өгчих. Эмээлээ гоёод наадамд очих гэсэн юм. Бөхийн барилдаанд түрүүлээд шагналд нь авах гөлмөө өгье” гэжээ. Гэрийн эзэн зөвшөөрч, гөлмөө өгөөд дээрээс нь морьдыг нь юүлж өгсөн байна. Ах хэлсэн ёсоороо наадамд түрүүлж, буцах замдаа өнөөх айлаараа дайрч түрүү бөхийн шагналаа өгч байсан гэдэг юм.
-Таны аав Д.Тавинтай гуай ямар зан араншинтай хүн байсан бэ?
-Аав их зөөлөн сэтгэлтэй хүн байсан. Байнга л инээж явдаг байв. Хошин яриагаар бусдыг хөгжөөдөг хүн байлаа. Хүнтэй муудалцах нь бүү хэл ширүүн ч хардаггүй байсан. Намайг элдэв хэрэгт орооцолдохоор ээж “Тавинтай чи энэ хүүдээ юм хэлээч, чихнээс хонх уяад салахаа болилоо” гэхэд аав “Залуу хүн тэгж байгаад ухаарах байлгүй дээ” гэдэг байсан. Бурхан болохоосоо хоёр жилийн өмнө аав намайг ортой хүлээд алд хэрийн сураар хэд сайн ороолгоод “Надаас хойш чи яаж амьдрах хүн бэ” гэж байсан. Тухайн үед би нас залуу, цус шингэн, олон найзтай хүн газардахгүй л гэж бодож байв. Гэтэл ааваасаа хойш амаараа шороо үмхсэн дээ.
-Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа
-Баярлалаа.
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ |
|
2025-07-12 19:19:18
2025-07-12 18:20:00
2025-07-12 17:22:30
2025-07-12 16:51:10
2025-07-12 16:05:42
2025-07-12 16:01:37
2025-07-12 15:50:55
2025-07-12 15:06:54
2025-07-12 14:43:23
2025-07-12 14:41:22
2025-07-12 14:16:13
2025-07-12 14:14:38
2025-07-12 13:12:09
2025-07-12 11:43:39
2025-07-12 11:37:52
2025-07-12 11:22:56
2025-07-12 10:08:52
2025-07-12 09:47:33
2025-07-12 09:27:52
2025-07-12 09:17:28
2025-07-12 08:42:27
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 07:00:00
2025-07-12 06:00:00
2025-07-12 06:00:00
2025-07-11 18:24:21
2025-07-11 17:35:10
2025-07-11 17:06:28
2025-07-11 16:42:38
2025-07-11 15:36:59
2025-07-11 14:49:07
2025-07-11 14:39:59
2025-07-11 14:10:49
2025-07-11 14:07:09
2025-07-11 13:45:12
2025-07-11 13:20:02
2025-07-11 12:29:43
2025-07-11 12:10:28
2025-07-11 12:00:00
2025-07-11 11:53:59
2025-07-11 10:48:20
2025-07-11 09:22:24
2025-07-11 08:57:03
2025-07-11 08:04:28
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 07:00:00
2025-07-11 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |