• Өнөөдөр 2024-03-28

ТАНИЛЦ: Ж.БАТБАЯСГАЛАНГИЙН БАРИЛГАЧИН ТӨЛӨӨЛӨГЧИД

2022-12-27,   1000

      Ж.Батбаясгалангийн толгойлж буй “бяцхан парламент” буюу НИТХ томчуудын тавиулууд, бизнесийнхээр дүүрснээс болж Улаанбаатарчуудын амьдрал урагшлах бид ухраад байгааг бид цувралаар шүүмжилж эхэлсэн. Улаанбаатар хотын иргэдэд “үйлчилсэн” гэж улирал тутам урамшуулал авдаг НИТХ-ын 45 төлөөлөгч жилдээ 11 тэрбум төгрөгийн орлоготой, Зайсанд голдуу 110 орон сууцтай, тэдгээр нь нийт 38 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж буй. Чухамдаа хосгүй баячуудаа “хот удирд” гээд сонгочихсон болж таараад байгаа. Атал хотын хөгжил таг гацчихсан, төрийн ажил явуулах байтугай төв зам дээрээ давсаа цацаж чадахаа больтлоо “дампуурсан”. 
Тэгвэл энэ удаад Ж.Батбаясгалангийн “ангийнхан”-аас хамгийн хөрөнгөлөг, барилгачин төлөөлөгчдийг танилцуулъя. 

ТӨРСӨН НУТГААСАА ТЕНДЕР “ТОНШИГЧ” П.ГАНЗОРИГ

     Улстөрч болохоосоо өмнө тэр “Даатгал”-ын П.Ганзориг гэж танигдсан. Одоо бол НИТХ-ын төлөөлөгч Пүрэвжавын Ганзориг. Гэхдээ хувийн бизнесүүд нь хувьсгалын ажлаас нь илүүтэй цэцэглэж байгаа. Тэр хувьд төрсөн дүү нар болох П.Гантогоо, П.Гантулга, П.Эрдэнэбаатар болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр У.Сийлэн нартай хамтран барилга, даатгалын бизнес эрхэлдэг. Тухайлбал, төлөөлөгч П.Ганзориг түүний төрсөн дүү Пүрэвжавын Гантогоо, УИХ-ын гишүүн Т.Доржхандын эхнэр Уламбаярын Сийлэн нар “Их эрин констракшн” ХХК-ийг хамтран эзэмшдэг байсан. Харин 2020 оны сонгуулийн өмнөхөн Т.Доржхандын эхнэр У.Сийлэн, Төлөөлөгч П.Ганзориг нар нэрээ хасуулж, түүний төрсөн дүү П.Гантогоо ганцаараа эзэмших болжээ. “Их эрин констракшн” ХХК нь хот, хөдөөгүй барилга барьдаг. Гэхдээ төлөөлөгч П.Ганзоригийн гэр бүлийнхэн Хөвсгөл аймгаас гаралтай тул түүний дүү П.Гантогоо нь “Их эрин констракшн” ХХК-иараа Хөвсгөл аймгийн сургууль, цэцэрлэгийн барилгын тендерүүдийг илүүтэй “түүдэг” болсон. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 640 хүүхдийн суудалтай сургууль, спорт заал барих 10.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 480 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих 4.0 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Үүнээс өмнө нийслэлийн хэд хэдэн тендерүүдэд оролцож явсныг нь ч дурдах нь зөв байх. 
Төлөөлөгч П.Ганзориг ба Д.Доржхандын эхнэр У.Сийлэн нарын холбоо хамаарлын тухайд тун ойр. Тухайлбал, Т.Доржхандын эхнэр У.Сийлэн “Монре даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Харин Төлөөлөгч П.Ганзориг 2011-2015 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин одоо “Монре даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар түүний дүү П.Эрдэнэбаатар ажилладаг. “Монре даатгал” ХХК-ийн хувьд төрийн байгууллагуудын даатгалын тендерүүдэд шалгарсан олон түүхтэй. Тухайлбал, 2020 онд Батлан хамгаалах яамны Цэргийн алба хаагчдын гэнэтийн ослын даатгалын 139 сая төгрөгийн тендерт шалгарсан байдаг. 

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ДАГНАСАН Д.ЭНХБАЯР

     НИТХ-ын төлөөлөгчид дундаас олонд танигдаагүй, үг хэлж үзэгддэггүй мөртөө хамгийн хөрөнгөлөг нь Д.Энхбаяр. Төлөөлөгч Д.Энхбаяр хувьдаа 10 орон сууц, нэг үйлчилгээний барилгатай зэрэг хөрөнгөөрөө бусдыгаа “тоосондоо” хаяж буй.  
 
      Төлөөлөгч Д.Энхбаяр хувьд “Шинэ гэр түншлэл” гэх барилгын компанитай. Хас банкны борлуулалтын менежер байх үедээ хэсэг Япончуудтай танилцаж, тэд нь түүнийг барилгын салбарт дэмжиж оруулсан гэдэг. Өдгөө Д.Энхбаяр “Шинэ гэр түншлэл” ХХК-ийг эхнэр Б.Жавзанпагматайгаа хамтран удирддаг. Тэдний “Шинэ гэр түншлэл” ХХК нь байгуулагдмагцаа л Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн хоёр төсөл хэрэгжүүлсэн, одоо дахиад хоёр төсөл хэрэгжүүлж байгаа. Хувийн компаниараа нийслэлтэй гэрээлж төсөл хэрэгжүүлж байгаа мөртөө өөрөө НИТХ-д төлөөлөгч болоод ороод ирчихсэн овсгоотой эр. Чухамдаа дахин төлөвлөлтөөр дагнасан төлөөлөгч. Одоо хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн төслүүдийг нь дурдвал, Баянзүрх дүүргийн XIII, XIV хороонд 16 давхар, 15 блок бүхий 1500 айлын орон сууцны “Найрамдал” цогцолбор хороолол, Хан-Уул дүүргийн XVII хороонд 9-22 давхар, 4 блок бүхий 256 айлын “Гэгэ ресиденс” хотхоныг тус тус барьж байгаа. 
Төлөөлөгч Д.Энхбаяр “Шинэ гэр түншлэл” ХХК-иараа өмнө нь БЗД-ийн XVI хороонд 476 айлын “Шинэ гэр” хотхон, ХУД-ийн XX хороонд 360 айлын “Цагаан орд” хотхоныг тус тус барьсан. 

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ Ч ХОЛ ХАЯХ ХӨРӨНГӨТЭЙ Б.ОДСҮРЭН

      НИТХ-ын төлөөлөгчдөө байтугай, УИХ, Засгийн газрын гишүүдийг ч хол хаях хөрөнгөлөг улстөрч бол Б.Одсүрэн. “Метро молл” худалдааны төвийн эзэн гэдгээр нь олон нийт эчнээ мэдэх биз. Тэр жилд 3.5 тэрбум төгрөгийн орлоготой, хувьдаа 4.4 тэрбум төгрөгийн 9 орон сууцтай, 3.0 тэрбумын урлаг, түүхийн үнэт эдлэл, 6.4 тэрбум төгрөгийн хадгаламж, 5.6 тэрбум төгрөгийн авлага гэх мэтээр хөрөнгийнх нь жагсаалт хөвөрнө. Төрийн ордонд түшээ болж залрах хангалттай бэлтэй ч бизнес нь нийслэлээс хамаардаг тул тэр энд тухалсан гэлцдэг. Мөнгөтэй л бол төрд хуц ч бай, хурга ч бай дарга болох нь “моод” болсон цаг хойно. 
 
Төлөөлөгч Б.Одсүрэн төрсөн дүү Б.Гэрэлсүрэнтэйгээ хамтарч “Тайм констракшн” гэх барилгын компани эзэмшдэг. Түүний “Тайм констракшн” ХХК нь 2019 оноос “Титан таур констракшн” ХХК-д захиалга өгч, Хан-Уул дүүргийн XV хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд 16 давхар, таван блок бүхий “Сити молл” гэх цогцолбор хотхоныг бариулж эхэлсэн. 
 
Харамсалтай нь, “Сити молл” барилга баригдаж байх үед туслах ажилчнаар ажиллаж байсан 17 настай хүү 2019 оны наймдугаар сарын 20-нд тус барилгаас унаж амиа алдсан байдаг. Осол гарахаас долоон сарын өмнө НМХГ-аас “Тайм констракшн” ХХК-д хоёр ч удаа “Барилгын ажлын аюулгүй байдлаа ханга” гэдэг зөвлөмж хүргүүлж байсан гэдэг. 
Улмаар төлөөлөгч Б.Одсүрэнгийн “Тайм констракшн” ХХК нь “Сити молл” хотхоныг нэрийг “Парк гарден” болгон өөрчилж, ашиглалтад оруулсан. Тус хотхоны орон сууцны захиалга одоо ч явагдаж буй. 
 
      Ж.Батбаясгалангийн "ангийнхан"-ы бизнес энэ мэтээр үргэлжилнэ. Ж.Батбаясгалангийн өөрөө "муу нэрт" Т.Бадамжунайн охинтой "Алтан хот" ББСБ-аар мөнгө "хүүлдэг" байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс нэрээ хасууж, өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр бизнесгүй гэх болсон. Гэсэн ч жилдээ 300 гаруй сая төгрөгийн орлоготой, хөрөнгөөрөө бусдаараа хол хоцрохгүй яваа. Учир нь түүний хоёр ах, хоёр эгч нь алс Америкт бизнес хийдэг, Ж.Батбаясгалан түүнээс нь хувь хүртдэг гэх юм билээ. 
 
  Үргэлжлэл бий...
 

ТАНИЛЦ: Ж.БАТБАЯСГАЛАНГИЙН БАРИЛГАЧИН ТӨЛӨӨЛӨГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188