• Өнөөдөр 2024-04-24

МАН-ЫН “ТЭРГҮҮН ХАТАГТАЙ” Х.БУЛГАНТУЯАГИЙН ХАМТРАГЧИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ААС 100 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

2022-12-21,   1289

Украины дайн, урд хөршийн ковидод жагсагчид буруугүй шүү, Х.Булгантуяа гишүүн ээ

             МАН-ын “Тэргүүн хатагтай” болтлоо “мандаж” яваа УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Ардын намынхан ч, ард түмэн ч ойлгохгүй нь. Хэдхэн хоногийн өмнө Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Сүүлдээ жагсагчдын ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо” гэж хэлээд арга ядсан байдалтай зогсож байсан. Харин УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа ард түмний жагсаалын утга учрыг, шаардлагыг анхнаасаа ойлгоогүй бололтой. Өөрөөр хэлбэл, жагсаалын арав дахь хоног хүртэл Х.Нямбаатар сайд жагсагчдын шаардлагыг дүнгэн данган ойлгоод, 11 дэх өдрөөсөө мухардсан бол Х.Булгантуяа гишүүн анхнаасаа ойлгоогүй, анхаарлаа хандуулаагүй бололтой гэсэн үг.

Учир нь, тэрбээр өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын талаар ам нээж, ард түмний талд байгаа гэдгээ илэрхийлж, саймширч байгаад буруудав.

          Тэрбээр  “Талбай дээр жагсаж байгаа хүмүүсийг ганцхан энэ нүүрсний хулгайтай ч биш, юмны үнийг буулгах, ОРОС, УКРАИНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ, УРД ХӨРШИЙН КОВИДЫГ ДАРАХ дээр нэгдэж чаддаггүй юм бол ядаж авлига, албан тушаалын хэргүүдийн эсрэг нэгдээчээ л гэх гээд байгаа юм" гэж хэлсэн нь түүнийг ийн дүгнэхэд хүргэлээ.

             Угтаа бол Украины дайн, урд хөршийн ковидыг эсэргүүцэж ард түмэн жагсаагүй юм л даа. Хулгайд алдсан эх орны баялаг, боломжийг нь хулгайлсан нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг, хариуцлага тооцохыг, хялбаршуулсан журмаар ял завшихыг, ял наймаалцахыг эсэргүүцэж хүйтэн шалан дээр хонон өнжин эсэргүүцээд, тэмцээд байгаа юм. Харин эрхэм гишүүний ойлгосноор Төрийн түшээд дэлхий нийтийг түгшээж, сандаргаж буй дайн, цар тахлыг зогсооход нэгдээгүй, хамтраагүй хэмээн ард түмэн уурсаад байгаа гэнэ. “Будаач, будаач гэхээр сахлаа будчихлаа” гэдэг шиг буруутай байлаа, байлаа гэхэд Х.Булгантуяагийн “ангийнхан” урд хөршийн ковид, Орос, Украины дайнд ямар хамаа байх билээ.

        Ямартай ч Х.Булгантуяагийн цухалдаж ирээд хэлсэн үг нь оновчгүй, ард түмэнд таалагдсангүй. Эсэргээрээ түүнийг боловсролоо зузаатгахыг, хэлж, ярьж байгаагаа бататгахыг, боловсруулахыг нөхөрсөг зөвлөмж болж хувирав.

          Гэвч өнөөх гишүүн чинь гэмшсэн, гэрэвшсэн ч янзгүй “Үг хэлснээс болж боловсролгүй тэнэг болов. Ойлгомжтой хэлж чадахгүй байх. Муулах сэдэв хайж байсан хүмүүс, мөнгө нэхсэн зарим хүнд бөөн өгөөш боллоо. Ер нь уран илтгэгчид, умартал ярьдаг хүмүүсээ л дарга, гишүүд болгоё. Бидний хэдэн цаас, тоо бодсон нөхөд бараг тэнцэхгүй юм байна. Сайхан ярьдаг хүмүүс сайн хийчих байх” хэмээн цахим хуудастаа хов хүргээд, өөрийгөө өмөөрөөд, өрөөлийг доромжлоод амжжээ.

         2013 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар 32-хон настай Х.Булгантуяа гэх бүсгүй томилогдож, дөрөвхөн жилийн дараа Сангийн дэд сайдаар томилогдож байв. Улс төрд ингэж хурдан шат ахисан нь анхаарал татаж, “Хэний хүн, яаж яваад ороод ирэв” гэх яриа зүй ёсоор гарсан. Тухайн үедээ “Петровис” группийн ерөнхийлөгч Ж.Оюунгэрэл агсан түүнийг МАН-ын Нарийн бичгийн дарга болгон дэвшүүлж, улмаар Сангийн дэд сайд болгож, улс төрд оруулж ирсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан билээ. Түүнээс хойш ч нэг биш удаа "крандуулсан" жишээ түүнд бий. Өнгөрсөн жил гэхэд эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, "крандуулсан" байдаг. Харин өчигдөр тэр өөрийгөө боловсролтой, мэдлэгтэй, тоо сайн боддог, цаас нухдаг хэмээн “крандав”. Крандуулсан жишээ нь дахиад нэгээр нэмэгдчихлээ гэсэн үг л дээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гэж хэн бэ.

МАН-ЫН "ТЭРГҮҮН ХАДАГТАЙ" БОЛТЛОО ӨӨРИЙГӨӨ "ШИДСЭН" Х.БУЛГАНТУЯАГИЙН БОГИНО НАМТАР

          УИХ-ын гишүүн Х.Булгантуяа наймхан жилийн дотор “Петровис” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаас НАМЗХ-ны дэд тэргүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга, Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болтлоо дэвшиж чадсан товч бөгөөд дардан намтартай нэгэн. Ховор хувь заяа гэх үү, хэтэрхий том артайнх гэх үү тэр ингэж хурдан дэвшсэн. Сангийн дэд сайд байхдаа нууцаар захидал бичиж "Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахад шалтгааныг бий болгосон" хэмээн шүүмжлүүлж байсан ч УИХ-ын гишүүн болж чадсан. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн парламентад суулгахаар онцгойлон анхаарч зүтгүүлсэн хүмүүсийнх нь нэг гэдэг. Тиймдээ ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын алба, тоотой холбоотой төсөл, хөтөлбөр, ажлуудыг аминчлан хариуцуулдаг гэх. Сангийн дэд сайд байхдаа хүүхдээ төрийн ордонд хөхүүлж байсан зураг нь цахим орчинд тарж, "төрийн жинхэнэ хар хүн" хэмээн магтуулж явсан үе түүнд бий ч УИХ-ын гишүүн болсноосоо хойш зэс нь цухуйж яваа. Өнгөрсөн жил гэхэд Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор нартай хамт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Тэгвэл тэр өдгөө Орос, Украины дайн, урд хөршийн ковидын бурууг Төрийн ордны нөхдөөсөө, ард түмнээс хайгаад буруудлаа.

ХОМ: УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯГИЙН ЖИЛИЙН ОРЛОГО ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

             2020 оны ХОМ-ийг нь харвал, өөрийн орлого нь жилд 29 сая, гэр бүлийн орлого нь 118 сая төгрөг, 410 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 75 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай, 629 м2, 697 м2 бүхий 20 сая төгрөгийн хоёр газартай, 33 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас 100 мянган төгрөгийн авлагатай, “Гарден Артс” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 Харин 2021 онд өөрийн орлого нь жилд 91 сая, гэр бүлийн орлого нь 36 сая төгрөг, 560 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, зуслангийн байшинтай, 45 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг автомашинтай, 629 м2, 697 м2 бүхий 20 сая төгрөгийн хоёр газартай, 106 сая төгрөгийн хадгаламжтай, бусдаас авах 10 сая төгрөгийн авлагатай, “Гарден Артс” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

            Эндээс харвал тэрбээр УИХ-ын гишүүн болоод “их” мөнгө олдог болжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн орлого нь жилийн 91 сая буюу 2020 оныхоос гурав дахин нэмэгдсэн байна. Үүгээр ч зогсохгүй байшин, орон сууцных нь үнэлгээ 150 сая төгрөгөөр нэмэгдэж, томорчээ. Мөн тэрбээр гишүүн болоод хоёр машиныхаа нэгийг зарж, бусдад нэмээд 9.900.000 төгрөг зээлсэн бололтой юм. Түүнчлэн хадгаламжиндаа 33 сая төгрөгтэй гишүүн болж байсан бол жилийн дараа 106 сая төгрөгийн хадгаламжтай болжээ.  

Харин 2015 онд буюу Сангийн дэд сайд байхдаа гэр бүлийн нийт орлого нь жилд 50 сая төгрөг, 790 сая төгрөгийн гурван орон сууцтай, 46 сая төгрөгийн хадгаламжтай, “Гартен артс” ХХК, “И Пи Си Эм” ХХК, “Си Эс Пи Эм” ХХК, “Тай Ки Тек” ХХК гэсэн дөрвөн компанитай гэж мэдүүлж байжээ.

           Улс төрд хөл тавьсан хүмүүсийн хөрөнгө, орлого үлэмж өсдөг байтал Х.Булгантуяагийнх эсрэгээрээ 2015 оныхоос буурсан гэж мэдүүлсэн нь анхаарал татна. Гэхдээ бодит байдал дээр түүний хөрөнгө орлого буураагүй буюу бизнесийн хамтрагч, гэр бүлийн хүнийх нь бизнес эсрэгээрээ цэцэглэж байгаа гэхэд болно. Жишээ нь, УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн 2016 оны ХОМ-тээ дурдаж байгаад 2018 оноос дурдахаа больсон "Си Эс Пи Эм" ХХК-ийг өдгөө түүний ээж Г.Оюунгэрэл эзэмшдэг. Мөн түүний аав С.Хүрэлбаатар, ээж Г.Оюунгэрэл хоёр нь "Эй Эстейт" ХХК-ийг эзэмшдэг бөгөөд Х.Булгантуяагийн 2020 оны УИХ-ын сонгуулийн зардалд энэ компаниараа дамжуулан 20 сая төгрөгийн хандив өгч байжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯАГИЙН БИЗНЕСИЙН ХАМТРАГЧ Э.ХАСАР “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ААС 100 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ

            УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Гарден артс” ХХК-ийг Энхриймаагийн Хасар гэх иргэнтэй хамтран эзэмшдэг ажээ. Судлаад үзвэл, Э.Хасарын нэр дээр “Састэйнэйбл энвайронментал консалтинг” ХХК, “Тусгаар тогтнолын түүчээ” ТББ, “Дриймгэйм жорней” ХХК, “Хятад, тайваньд төгсөгч, суралцагчдын холбоо” ТББ, “Их баруун хөшигт” ХХК, “Тогтвортой ногоон хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ, “Энержи воркс” ХХК, “Эн И Ти” ХХК, “Эс И Си” ХХК-иуд эзэмшдэг юм байна. Эдгээр компаниуд нь Х.Булгантуяагийн “Гарден артс” ХХК-ийн “Улаанбаатар, Хан-Уул, нэгдүгээр хороо, 19 хороолол, таван тоот” хаяг дээр давхар бүртгэлтэй байдаг аж. Э.Хасар гэгч нь 2002 онд Колорадогийн Их сургуулийн төгссөн, эдийн засагч мэргэжилтэй, “Туушин” ХХК-д менежер, “М Си Эс” группт менежер, албаны даргаар ажиллаж байсан нэгэн ажээ.

     УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн бизнесийн хамтрагч Э.Хасар гэгч нь хувийн компаниудаараа төрийн хэд хэдэн тендерт шалгарсан баримтууд байна. Тухайлбал, “Эс И Си” ХХК нь 2018 оны гуравдугаар сард “Эрдэнэс таван толгой” ХК-ийн тус бүр нь 100 сая төгрөгийн санхүүжилттэй “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-Биологийн олон янз байдлын судалгаа”-ны хоёр тендерт ялсан баримт байна.

         Үүнээс гадна Э.Хасарын уг компани Хотын стандарт, хяналтын газраас бага багаар тендер "тоншсоор" л байна. Тодруулбал, энэ оны зургадугаар сард "Усны брилга байгууламж бүлгийн "Хөв цөөрөм үүсгэх болон хур тундасны усыг хуримтлуулах, дахин ашиглахад тавигдах шаардлага" хотын стандартын төсөл боловсруулах тендерт ялж, 30 сая төгрөг авчээ. Мөн хураангуйд орсон гэх үгээр халхавчилж, цөөнгүй тендерт ялжээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯАГИЙН НӨХӨР О.БАТСҮРЭНГИЙН ШАТАХУУНЫХАНТАЙ, ЯПОНЧУУДТАЙ ХОЛБООТОЙ БИЗНЕСҮҮД

         УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн нөхрийг О.Батсүрэн гэдэг ажээ. Тэрбээр “Симпл глобал трейд” ХХК, “Тайкитехнологи” ХХК, “Монгол Японы бизнес харилцааны нийгэмтлэг” ТББ-тай ажээ. Япон улсад сургууль төгссөн, гадаад харилцаа, хуулийн мэргэжилтэй, Гадаад харилцааны яаманд ажиллаж байгаад хувийн бизнес эрхэлж эхэлсэн нэгэн аж.

    Хайж үзвэл, О.Батсүрэнгийн “Тайкитехнологи” ХХК-д “И Пи Эм Си” ХХК, “Даиейпробис монгол” ХХК, “Даией-Пробис” ХХК-иуд хувь эзэмшдэг юм байна. “Даией пробис монгол” ХХК нь Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Самбалхүндэвийн буюу Далан давхарын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн НИТХ-тай концессийн гэрээ байгуулж байсан компани юм байна. Энэхүү төсөл нь 42 тэрбум төгрөгийн санхүүжилттэй байсан гэх мэдээлэл бий.

          Түүнчлэн О.Батсүрэн нь “Симпл глобал трейд” ХХК-д нь “Газ петро ойл” ХХК давхар хувьцаа эзэмшдэг бөгөөд “Улаанбаатар, Баянгол, наймдугаар хороо, ард аюуш, 11, 34 тоот” гэх нэг хаяг дээр бүртгэлтэй байдаг юм байна. Мөн энэ хаяг дээр “Эм Ай Жи Эс инженеринг” ХХК давхар бүртгэлтэй байна. Энэ компани нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, шатахууны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани ажээ.

       Мөн О.Батсүрэнгийн “Тайки технологи” ХХК-ийн “Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, зайсан, 25\1, 30 тоот” хаяг дээр “И Пи Эм Си” ХХК давхар бүртгэлтэй байна. “И Пи Эм Си” ХХК-ийг Х.Булгантуяа 2015 оны ХОМ-тээ дурдаж байжээ. Энэ компанийг Д.Баттуяа, Б.Бат-Оргил, Т.Зууннаст гэх гурван хүн эзэмшдэг бол Т.Зууннаст нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах шинжээч албан тушаалтай нэгэн гэх юм байна лээ.

Х.Булгантуяагийн хамаарал бүхий этгээдийн болох хамтран эзэмшдэг компаниудыг танилцуулахад ийм байна. 12 настай охиныг автомашинаараа дайрч, чирсэн жолоодох эрхгүй М гэх эмэгтэй өмөөрч суусан Х.Булгантуяа гишүүн бодлогогүй үгнээсээ болж, боловсролоо боловсруулж чадаагүйгээ болж буруудах нь энгийн үзэгдэл болжээ. 


МАН-ЫН “ТЭРГҮҮН ХАТАГТАЙ” Х.БУЛГАНТУЯАГИЙН ХАМТРАГЧИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ААС 100 САЯ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-24 19:43:35
    зочин: дэлхийн боловсролтой, шуурхай дайчин чанартай, идэвх оролцоотой залуухан эмэгтэй гишүүнээ их оролдох юм даа. Булгантуяа гишүүн их ирээдүйтэй улс төрч санагддаг, ийм хүний оронд амаа ангайгаад хүлээж байгаа хараал хэрүүл болсон арзайсан инфлүүнсэр хүүхнүүд л орж ирэх байх даа. Иргэд бид тэнэг биш ээ төрд ямар хүн байхыг бас ч гадарлана шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-21 19:37:58
    иргэн: тэр тусмаа гарчигт "жагсагчид ковид, дайнд буруугүй шүү" гэж бичих нь бүр санаатай мушгин гуйвуулсан гэж харагдахаар байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-21 19:36:58
    иргэн: хэнийг өмөөрөх гэсэнгүй, бичээч ахвхайн алдааг олсоноо бичье: дайн ковидын асуудлаар "нэгдэж чадахгүй юм бол албан тушаалын хэргээр нэгдээч" гэж жагсагчид үзэж байна - үүний утгыг нь хялбарчилбал хоёр санаа гарч байна 1-"гадны сөрөг нөлөөг гэтлэхдээ улс төрчид нэгдэж үнэ буулгаж чадахгүй байна " , 2-"албан тушаалын хэрэгтэй тэмцэхдээ нэгдээч" гэж. Энд жагсагчид ковид, дайныг эсэргүүцэв гэсэн санаа огт алга байна, харин улс төрчид нэгдэж хамтарч үр дүнд хүрээч гэсэн санаа байна, хэл сайн мэдэхгүйгээдээ эсвэл зүгээр сенсаци хөөсөндөө хэлсэн үгийг мушгин гуйвуулж болохгүй байх аа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188