• Өнөөдөр 2024-04-19

Гэр бүлээс дотно ГЭР БҮЛ минь

2021-01-05,   1665

       Манай үеийн залуу уран бүтээлч, утга зохиолд шимтэгчид нэгэнтэйгээ уулзаж, ярьж суухаараа “Ямагт биднийг уулзуулдаг яруу найраг мандтугай” хэмээдэг. Сонирхол нэгт залуус нэг дор цуглаж, өөрсдийн шүлэг, бүтээлээсээ бусдадаа хүргэж, нэгэн гэгээн замаар хамт дөтөлж яваа нь ямар ч залуу хүний амьдралд ховор тохиох учрал болов уу. Энэ удаад миний бие “МУБИС-ийн утга зохиолын нэгдэл”-ийн өрх дор нэгдэж, хэрхэн өөрийн яруу найргийн "далавч”-аа олж, гэгээн жимээр тэдний хамт алхах болсон дурсамж тэмдэглэлээ хүргэе.

“МУБИС-ийн утга зохиолын нэгдэл” анх 1965 оны үеэр байгуулагдаж, яруу найрагч Ш.Гүрбазар, А.Эрдэнэ-Очир, Х.Ичинхорлоо, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зэрэг “том гарууд”-ын цугладаг газар болжээ

       Гурван жилийн өмнөх хацар хайрсан хүйтэн өвөл бид анх танилцаж, би “МУБИС-ийн утга зохиолын нэгдэл”-ийн гэр бүлийн нэгэн гишүүн болж байжээ. Өмнө нь хэд хэдэн удаа уулзаж, зүс таньдаг болсон “Р.Чойномын нэрэмжит залуу нас утга зохиолын дугуйлан”-гийн гишүүн, анд Н.Пүрэв-Очир намайг анх гэр бүлтэй минь нэгтгэсэн гэж хэлж болох юм. Гэвч бидний анхны уулзалт утга зохиолын нэгдлийн өрөөнд бус, МУБИС-ийн яруу найргийн нэгэн жижиг наадмын дараа гудамжинд болж өнгөрсөн юм. Тэр үед “МУБИС-ийн утга зохиолын нэгдэл”-ийн эрхлэгч С.Батзориг ахтайгаа танилцаж байв. Анх харахад биерхүү, ширүүн харцтай эр байсан тул бодож, тэвдэлгүй “Ах аа” гэдэг болов. Одоо бодох нь хулчийсан ч байж мэдэх юм шүү. Гэхдээ ямар ч хүнд хүндлэл гэдэг зүйл байх нь зөв гэдгийг мэдэх учир яаран түүнийг “Чи” гэчихэж чадахгүй л байсан болов уу. Түүнээс хойш С.Батзориг ах бид хоёр үе үе уулзаж, утга зохиол, урлагийн тухай мэддэг, чаддагаа нэгэндээ хуваалцаж, “буу халдаг” болсон юм.

       Тухайн үед би МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн нэгдүгээр дамжааны оюутан, сургуулиа ч сайн мэддэггүй байлаа. Харин тэр үед л намайг салж, хагацашгүй гэр бүлтэй болгосон хүн нь С.Батзориг ах. Өвлийн нэгэн өдрийн гадаах хүйтний жин хацар хайрч, чих хөлдөөчих гээд байсныг ч хэлэх үү, бид хоёр гадуур алхсаар МУБИС-ийн төв байр руу орж, дулаацах гэж хэсэг дотор хаалганы дэргэд зогсов. Дулаацаж аваад, сургуулийнхаа төв байрны гурван давхрын 308 тоот хичээлийн тэнхимд орлоо.  Тус ангид аман зохиол судлаач Р.Чүлтэмсүрэн багш, оюутнуудыг цуглуулж, тойруулж суугаад “МУБИС-ийн утга зохиолын нэгдэл”-ийн түүхийн талаар ярьж байна. Нэгдэл анх 1965 оны үеэр байгуулагдаж, түүнээс хойш яруу найрагч Ш.Гүрбазар, А.Эрдэнэ-Очир, Х.Ичинхорлоо, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зэрэг “том гарууд”-ын цугладаг газар болсон аж. Үүгээр тогтохгүй өнөө үеийн шилдэг яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Д.Урианхай, Б.Галсансүх, Б.Баттулга, Г.Сүхзориг зэрэг мөн л “томчууд” урилгаар ирж, залуус бидний шүлгийг сонсож, зөвлөгөө өгч, нэгэн өдрийг хамт өнгөрөөнө. Цаг үргэлж хүмүүсээс дөлж, ганцаараа байх дуртай надад шинэ гэр бүлийн уур амьсгал, харц, ярианы өнгө таалагдсан учир тэдэнтэй нэгдэхээс өөр сонголтгүй болсон юм.

Таван хормын шүлгийн уралдааны ялагчдаа өгөх гэж нэгдлийн бүх гишүүн гэрээсээ ном зөөдөг байлаа

       Утга зохиолын дугуйландаа өөрийн их сургуулийн лекц, семинаараасаа илүү идэвхтэй оролцоно. Хааяа хичээлээ тасалчихаад л дугуйландаа суудаг байлаа. Дугуйлан гэдэг нь нэг талаараа дугуйрч суухыг хэлнэ. Долоо хоног бүрийн пүрэв гарагт залуус өөр өөрсдийн гэгээн хүслэндээ хөтлөгдсөөр ирж, ангийн ширээ, сандлыг дугуйруулан тавин суугаад, өнгөрсөн хэдэн өдөр бичсэн шүлгүүдээ уншсанаар нэгдлийн үйл ажиллагаа эхэлдэг. Манай нэгдлийн эрхлэгч нь утга зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь гэж “аймар том” хүн байв. Түүний нэр нь үргэлж бидэнтэй хамт явах ч, дугуйлан дээр хожуу нэг ирж, оюутнууд бидэнд зөвлөгөө өгч, хамт ярилцаж суухаас бусдаар утга зохиолын нэгдлийн өрөөгөөр шагайх ч үгүй.

       Тэр бүх хугацаанд бидэн дундаа арай олон ном уншиж, илүү номын дуу сонссон С.Батзориг ах дугуйланг эрхэлнэ. Харин бид түүнийг эрхлэгч, нэгдлийн тэргүүн гэхээсээ илүүтэй “Нэгдлийн загалмайлсан эцэг” хэмээн хошигнох ч биш, хүндлэх ч биш дуудаж, зарласаар нэгэнтээ дасал болсон юм. Долоо хоног бүр нэгдэл цуглахдаа таван хором буюу таван минутад шүлэг бичиж, дундаасаа санал хураасны эцэст тухайн өдрийн шилдэг шүлгийг бичсэн хүнд ном гардуулна. Уралдааны ялагчдаа өгөх гэж нэгдлийн бүх гишүүн гэрээсээ ном зөөдөг байлаа.

Амьдралын мөчүүдийг яруу найрагчийн нүдээр хардаг тэд

       Манай нэгдэл бусад сургууль, хувийн дугуйлан, нэгдлүүдээс дутахааргүй, бүр илүү ч гарч мэдэхээр авьяаслаг залуустай. Үүндээ ч бидний дундаас онгирох нь онгирч, дуугүй сууж, хүлцэх нь  ч бий. Тэдгээр залуус бүгд өөрийн дотоод яруу найргийн "жигүүрээ” олсон. Жишээлбэл, А.Сайханбаярын

“...Хорин нэгэн хавар хөхөлбөр саран улаан сүүдэртэй байсан

Цагирган усны долгио тэнгэрт нумарсан

Тэнд нь жараахай эрхэлж, ирж, буцах цаг эрэг дээр нь амсхийсэн.../хэсэглэн авав/” хэмээх гурван мөрөөр эхэлдэг “Хорин нэгэн хавар" гэж шүлэг бий. 21 насандаа энэхүү шүлгийг бичсэн түүний гэгээн догдлол, дотоод ертөнцийнх нь гэрэл гэгээт өнгө бидний гэр бүлийн далавчинд авьяасын өд нэмдэг юм. Мөн нэгдлийн гишүүн Б.Санчирын таван хоромд бичсэн

Бурхан гэрт орж ирэхдээ гутлаа тайлахаа мартаж

Эмээд загнуулсан.

Буудлын өрөөнөөс манайд залрахдаа далавчаараа энд ирсэн

Тэр автобусанд сууж үзээгүй. Үзэх ч үгүй

Тэнэг хүмүүст бурхан далавч тараасан

Тэгээд удалгүй далавч дуусна

Сүүлчийн далавч бурханд л үлдэнэ

Тэгээд бас тэр манайд ахиж ирэхгүй” гэх шүлэг нь бидэн дундаа л нэг хэсэг "од" болж, мань эр “Панк Санчир” хоч авч, дугуйлангийн таван хормын дархан аварга болоод байлаа. Дээд курсийн Э.Эрдэнэтөгс ах

“...Чи биднийг танилцахад үндэслэсэн мод

Цэцэглэж гүйцээгүй л

Өөрсдийг минь хагацахыг хүлээж

Өдөр бүр ургасаар байна

Хөдлөх ч үгүй эндээ суусаар

Хөл минь хөрстэй нийлж үндэс болтол

Чамайг би хүлээж чадах ч

Чи яваагүй л.../хэсэглэн авав/” хэмээн биднийгээ нэгэн үе шуугиулаад авсан юм. Түүнийг шүлэгнүүдээс онгодтой, гойд, хүчирхэг мөртүүд үндэслэж, ургаж гардаг нь нэгдлийн маань даль жигүүрийн хамгийн хүчирхэг хэсэг нь. Таван хормын шүлгийн уралдаанд санал тэнцвэл нэг хормын дотор нэг мөр бичиж, өрсөлдөх учиртай. Тэр үеэр нэгдлийн эрхлэгч С.Батзориг

Бороо орохыг улаараа мэдэрнэм” хэмээж, нэг хэсэгтээ л нэгдэл дотроо нэг мөртийн дээд хязгаарыг тогтоосон гэж хэлж болно.

Гэвч дээрх ганц мөр шүлгийг "өвдөг сөхрүүлэх"-д хүргэсэн Д.Нямгаваа ах

Хүн байхыг надад хүн заахгүй” гэж бичин, шуугиан тарьж байлаа. Чимээ шуугиан, догдлолд дунд өнгөрсөн бидний хамгийн сайхан мөчүүд нэгдлийн өрөөнд, таван хормын үеэр урсаж өнгөрнө. Харин Б.Батцоожийн нэгэн шүлгээс хэсэглэхэд

Цаг хугацаа амсхийж цасаар мэгшихэд

Цантсан цонхны цаана хоёр зүрх жиндэж хонодог.

Саалийн үнэртэй нимгэхэн тэрлэгний үнэрт

Сарыг өвөртлөөд хоёулаа зүүдэлж хонодог.” гэх нандин мөртүүд бий. Цаашилбал С.Цэрэнням

Чамайг байсан бол яваад оччихмоор

Ийм сайхан үдэш ганцаар харьж явна

Онцын сонингүй орцны хаалгууд урьдынхаараа дүнхийж

Орон гэр эзгүйчилсэн харанхуй өмнөөс угтана /хэсэглэн авав/” гэнэ. Хүн гэх амьтны өдөр тутмын амьдралын хамгийн сайхан, аль эсвэл хамгийн гунигтай мөчүүдийг яруу найрагчийн нүдээр хардаг тэд бол миний мэдэх хамгийн авьяаслаг залуус.

       Хэдий сургуулиа төгссөн ч “МУБИС-ийн утга зохиолын нэгдэл”-дээ үнэнч, залуу яруу найрагч Г.Барсболд, Л.Сайнбаяр ах нар үе үе ирэх нь бий. Энэ хоёр маань намайг оюутан болохтой зэрэгцээд сургуулиа төгссөн. Залуу яруу найрагч Г.Барсболд “Ялагдал” хэмээх яруу найргийн түүврээ хэвлүүлж

Яруу найрагч аа! Азгүй амьтан минь

Амьдарч эхэлснээс хойш

Амрах эрхгүй хоёр гар чинь

Хэдийд нь шүлэг бичих вэ?.../хэсэглэн авав/” хэмээн бичсэн нь бидэн дундаа л хамгийн тод "од” нь байв. Харин яруу найрагч Л.Сайнбаяр ах

Аав минь диваажингийн хаалганд цоож урлаж суугаа

Будаг нь халцарсан өөжин шиг гуниглан суугаа

Борцны шуудайг хэрээнүүд цоолчихдог өдрүүдийг

Ээж минь нөхсөөр суугаа.../хэсэглэн авав/” хэмээсэн нь мөн л дугуйлангийн дүү нартаа яруу найргийн хувьд маш сайн үлгэр дуурайл болж байлаа. Нэгэн удаа Л.Сайнбаяр ах нэгдэл дээр ирж, таван хормын шүлгийн уралдаанд бичих шүлгийн сэдэв өгч, ялагчид нь ном дурсгахаар болов. “Буузны өвдөлт” гэдэг нэлээд этгээд гарчигтайгаар эхэлсэн таван хормын уралдаанд бидний нэрлэж, заншсан нэгдлийн загалмайлсан эцэг, эрхлэгч С.Батзориг

Буузны өвдөлт бол хонь, ямаа, адуу, үхрийн өвдөлт

Тэмээ л тэдэн шиг дорой өвддөггүй

Тэнгэрт ойр оршдог,

Тэгээд л уйлж чаддаг” гэж бичсэн нь өдгөө ч санаанаас гаралгүй тодхон үлджээ.

Утга зохиол бол оюун ухаант хүний амьдрах гэр орон юм

       Жил бүр болон хоёр жилдээ нэг удаа зохион байгуулагддаг оюутнуудын томоохон яруу найргийн МУБИС-ийн “Янжинлхам”, СУИС-ийн “Бадрангуй ай”, “МУИС-ийн “Чөлөөт сэтгэлгээний дуулал" зэрэг наадамд бүгд л өөр өөрсдийн өнгө аясаар шүлгийн уяа сойлгоо тааруулж, хүч үзнэ.

       Зарим яруу найргийн наадам нь шүлгээсээ илүүтэй хүнийг нь уралдуулчихаад байсан болохоос биш бүгд аз жаргалтай төгсгөлтэй учран золгоно. Хүн уралдуулна уу, шүлэг уралдуулна уу, аль нь ч бай бид түүний дараа гадуур хамт зугаалж, яруу найрагч агсан А.Эрдэнэ-Очир, Ц.Доржсэмбэ нарын шүлгүүдийг чангаар уншиж алхахдаа бүгд хамгийн сайн, сайхан бүхний нөмөр нөөлөг дор байгаагаа мэдэрнэ. Нэгдлийн залуус чухам энэ үеэр л өөр өөрсдийн чадах хамгийн өндөртөө нисдэг, түүндээ хүрдэг болов уу.

       Дугуйлангийн үйл ажиллагаа зөвхөн яруу найргаар хязгаарлагддаггүй. Шүүмж судлал, үргэлжилсэн үг, шог, хошин зохиол зэрэг бусад утга зохиолын төрлөө ч орхиж, хаяхгүй байхыг хичээнэ. Долоо хоног бүр нэг хүн сэдэв, санаа, зохиолч, зохиолын тухай байр сууриа илэрхийлж, дараагийн долоо хоногт нь түүний талаар судалж, хоорондоо хэлэлцэж, мэтгэлцэнэ. Зарим тохиолдолд дуу хөгжим, кино урлаг, сэтгэл судлал, философи руу ч "хандрах" нь бий. Харин намайг хоёрдугаар курст ороход доод ангид маань Ц.Хонгор гэх туранхай бор хүү орж ирэв. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа анхны яруу найргийн түүврээ хэвлүүлсэн тэрбээр нэгдлийн гишүүн болмогцоо л дугуйлангийн веб сайтыг нээж, хөгжүүлэхээр болсон юм. Бидний тухай, бидний шүлэг, бидний хамгийн сайн, сайхан сэтгэлийн өнгө нийтлэгдсэн тус сайтад ормогц л “Утга зохиол бол оюун ухаант хүний амьдрах гэр орон юм” хэмээх үгс бий. Эдгээр үгс бол бидний нэг өрх дор нэгэн гэр бүл болж, гэгээнээс гэгээн хүслэнд автаж, тэрхүү хүслээ үргэлжлүүлэн гэрэлтүүлэхийг илэрхийлэх үгс юм.

"Бидний нэг нь заавал том зохиолч болно"

       Цаг үе улиран одож, би ч нэгдлийнхээ нэгэн хэсэг болсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, дээд курсийн ах, эгч нар төгслөө. Дээр дурдсан С.Батзориг, Д.Нямгаваа, С.Цэрэнням, Э.Эрдэнэтөгс нар төгсөж, нэгдэл дээр хамгийн идэвхтэй байж, бусдыгаа уриалдаг гэр бүлийн гишүүд үгүй болов. Тэд багшийн мэргэжил эзэмшин төгссөн билээ. Тэд төрж, өссөн нутаг усандаа багшлахаар болж, тэднийг явснаас хойш нэгдэл эзгүйрэв. Дээд курсийн ах нарын хөгжилтэй яриа, нэгдэж, нэгэн гэр бүл болж байсан үе саяхан мэт санагдана.

       Тэр цагт бидэн хоорондоо ярьж асан “Бидний нэг нь заавал том зохиолч болно” гэх үгс өдгөө ч цээжний минь гүнд хадаатай. Хэдий манай гэр бүлийнхэн хамгийн сүүлийн уулзалтаасаа хойш олон арван сар уулзалдаагүй ч үргэлж зүрхэндээ нэгнийгээ хадгалж яваа. Хэзээ нэгэн цагт, магадгүй гэр бүлийн маань хэн нэгэн гишүүн амлалтаа биелүүлж, том зохиолч болох цаг дор бид дахин нэгэнтээ бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах гэрэлт ирээдүй хүлээж буй.


Гэр бүлээс дотно ГЭР БҮЛ минь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-05 12:26:21
    зочин: Гэр бүлтэй минь АДИЛ гэхээс биш ИЛҮҮ ДОТНО гэвэл хэцүү л байна. Гэр бүл нь 2-рт уу?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188