• Өнөөдөр 2024-03-29

Тусгаарлагдсан өдрүүдийн ТЭМДЭГЛЭЛ

2020-11-30,   817

Цар тахал дэлхий нийтийг хамарснаас  хойш гадаадад амьдарч буй монголчууд хүндхэн үетэй тулгараад байгаа билээ. Тэдний зарим нь Монголдоо ирсэн ч 21 хоног тусгаарлагдаж, 14 хоногийг гэрийн хорионд өнгөрөөж байна. Эх орондоо зорин ирсэн гурван хүний тусгаарлалтын тэмдэглэлийг уншигчдадаа хүргэж байна.

ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ ТИЙМ УРТ БАЙДГИЙГ АНХ УДАА МЭДЭРЧ БИЛЭЭ

Би ОХУ-д суралцдаг оюутан. Дэлхий дахиныг цочроосон аймшигт коронавирусийн анхны тохиолдол миний амьдардаг улсад өнгөрсөн гуравдугаар сард бүртгэгдсэн. Тэр ч атугай манай дотуур байрны ойролцоо нэг тохиолдол илэрсэн тухай мэдээ ирж байлаа. Түүнээс хойш нэг их удалгүй хэдэн арван тохиолдол нэмэгдсэн тул шууд л орон нутгийн нислэгээр Улаан-Үүд рүү нисэж, Алтанбулагийн боомт дээр хил хаагдахтай зэрэгцэн эх нутагтайгаа золгосон.

Хичээл номоо бараг л хаях шахуу гэрийн зүг хөдөлж, дотуур байрны жижигхэн өрөөнөөсөө амны хаалт, бээлийгээ зүүгээд гарлаа. Яагаад ч юм их түгшүүртэй байсан. Хоёр цаг тутамд амны хаалтаа солих гэсэн ч бидэнд  хангалттай маск байгаагүй. Тухайн үед эмийн сангаас нэг хүнд дээд тал нь арван амны хаалт авах боломжтой байсан ч эмийн сангийн хаалгыг татах бүрт толгой сэгсэрч байсан. Энгийн үед онгоцонд явж байсан бол танилуудтайгаа хөөрөлдөж, инээлдэн, сонин сайхнаа ярилцах байсан биз. Харин тэр үед бүгд л өөр өөрийн суудалдаа чимээгүй шигдэцгээж, тулж ирсэн аюулыг ардаа орхиж байгаа мөртлөө их л гунигтай харагдсан сан. Улаан-Үүдээс такси хөлслөөд Монголын хил рүү орж ирлээ. Маш олон цагаан хувцастай эмч, ажилчид бидний халууныг үзэж, элдэв янзын асуулга бөглүүлээд онгоцонд байсан хүмүүсээс шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг авч үлдээд бусдыг нь эрүүл мэндийн байр руу хүргэсэн. Тэнд нэлээн удаж,  тавуулаа байсан болохоор амрахаар хэвтэж байгаад унтчихаж. Нэг сэрсэн өрөөгөөр дүүрэн хүмүүс. Миний толгойн дээд талд хэдэн эгч суучихсан, намайг сэрэхэд байцаалт авч байгаа юм шиг л хаанаас ирсэн, юу хийдгийг минь асууж байгаад зөндөө загнасан. “Аав ээжийнхээ мөнгийг үрж ядсан юмнууд, тэндээ л хэвтэж байхгүй” гэсэн үг сонсоод яагаад ч юм их гомдсон. “Адилхан хүний нутгаас эх орноо зорьж байж яагаад ингэж байгаа юм бол доо” гэж бодоод юу ч дуугарч чадаагүй. Цаашид ч иймэрхүү явдлууд давтагдсаар л байсан даа. Үдээс хойш биднийг автобус ирж аваад жижигхэн галт тэргэнд суулгасан. Битүү чихсэн автобуснаас буугаад бүр ч давчуу галт тэргэнд суусан юм. Тэнд зургаан хүн гурав, гурваараа өөдөөс харж суугаад, ямар ч агааргүй битүү маск, бээлийтэй явцгаасан. Хөлс гарч, халууцаад, агаар сэлгэх боломжгүй, галт тэрэг хөдлөхийг хүлээсээр л байсан. Оройны арван цагийн үед галт тэрэг хөдөлж хэд хэд хуваагаад тусгаарласан. Миний хувьд Батсүмбэрийн “Өндөр настнуудын сэргээн засах сувилал” гэдэг газар хуваарилагдсан. Ихэнх өрөөнд хоёр хүн тусгаарлагдсан. Явсаар өглөөний зургаан цагт өрөөндөө орлоо.    

Өнөөдөр би дахиад л тусгаарлалтаас бичиж байна. Энэ удаад ч өмнөх шигээ бүтээлч, мөн  ханатлаа амарч чадаж байгаа

            Миний орсон өрөөнд хоёр ор, хоёр сандал, нэг ширээ, ариун цэврийн өрөөтэй, сүүлд ус буцалгагч нэмж өгсөн. Тусгаарлалтад байх 21 хоногийн хугацаанд гэрээс гурван удаа эргэлт ирэхийг зөвшөөрсөн. Миний тусгаарлагдаж байсан газар  өдөр бүр өөр хоол өгч байсан. Заримдаа амттай ч, хааяа шөлтэй хоолноос нь үс гарч ирдэг, зарим хоол нь түүхий байсан. “Оросоос ирсэн оюутнууд хэл ам ихтэй” гэсэн яриа гарсан болохоор хамт байсан хүмүүс бүгд энэ асуудлыг чимээгүй л өнгөрөөсөн. Хоолны хувьд заримдаа асуудалтай байсан ч өдөрт бараг таван удаа хооллодог байсан болохоор ямартай ч өлсөөгүй. (өглөө: каш, бантан, будаатай цай, талх гэх мэт, өдөр нь: нэг хоёрдугаар хоол, орой нь: янз бүрийн хоол, дундуур нь чацаргана, аарц гэх мэт уух зүйлс өгдөг байсан)

           Биднийг 14 хоног тусгаарлаад гаргах гэж байсан ч, өмнөхөн ирсэн хүнээс нэг тохиолдол илрээд 21 болгон сунгасан. Харин азтай нь бидний сунгагдсан долоо  хоногийн мөнгийг улсаас төлсөн. Интернэт орох л хар дарсан зүүд шиг байсан. Биднийг хараасан хэдэн мянган сэтгэгдлийг уншаад нүдэндээ ч итгээгүй. “Тусгаарлалтад байгаа би ингэж хямарч байхад өвдсөн хүмүүст төсөөлшгүй хүнд байгаа даа” гэж их бодсон. Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд авч ирсэн бүх номоо уншиж дуусгаж, олон дуу сурч, онлайн хичээлдээ анхаараад уйдах завгүй л өнгөөрсөн дөө. Цаг гарвал дасгал хөдөлгөөн хийх гэж оролдон, подкаст сонсож өнгөрөөнө. Бүх л зүйл дөрвөн хананы дунд өрнөж байгаа хэр нь оюун бодол маань дэлхийгээр нэг тэнэж байсан. Гэхдээ өөрийгөө их хүчлэлгүй, амрах үедээ амарч, хичээлээ хийх үедээ хийж, унтаж, идэж таргалсаар цагийг чамлахааргүй өнгөрөөсөн. Тэндэхийн эмч ажилчид тун найрсаг, хоёр өдөрт нэг удаа ирж өрөөг ариутгаж, өдөрт хоёр удаа халуун үзэж тэмдэглэсэн. Харин коронавирусийн шинжилгээг тусгаарлалтад хоёр  удаа өгсөн. Хамар руу урт саваа мод хийж авдаг шинжилгээ байсан. Бага зэрэг өвдсөн ч сөрөг гэсэн хариунд байраараа баярлацгааж байлаа. Сүүлийн хэд хоног хоолны амт чанар ч сайжирч, хэцүүхэн ч гэлээ шүршүүрт орох боломжтой болсон. Манай өрөөний шүршүүр хүйтэн устай, хаа сайгүй шүршдэг болохоор таван литрийн хоёр саваар ус халааж усанд орно. Намайг ОХУ-ын хилээр гарахад 30 гаруй тохиолдол байсан бол тусгаарлалтад ирсэн өдөр 300 болж, гарах үед аль хэдийн 20.000 давж, нэг өдөрт 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан. Бидний дараа ирсэн оюутнуудаас олноор илэрсэн болохоор олон хүн над руу нөхцөл байдлыг асууж байсан. Гэтэл үнэндээ Батсүмбэрт, дөрвөн хананы дунд юу болоод байгааг ч мэдэхгүй сууж байсан юм шүү дээ. Гадаа нисэх шувуудад атаархаад л хааяа цонх ширтэж, орж ирснээсээ хойш нэг ч өмсөөгүй гутал руугаа хараад л сонин санагдаж байлаа. Гутлаа өмсөөд тэр өрөөнөөс гарснаар тусгаарлалт дуусаагүй дөнгөж талдаа л орж байсан.

            Гэртээ хариад дахиад өөрийгөө 14 хоног тусгаарлах хэрэгтэй. Өдөр болгон халуунаа хэмжиж, аль болох гэрийнхэндээ ойртохгүйг хичээж, өрөөнөөсөө бараг гарахгүй байхад зарим нь тусгаарлалтаас гарсны маргааш нь л Улаанбаатарын хамгийн хүн ихтэй газруудаар холхисоор л байж билээ. Зүгээр ч нэг холхихгүй олонд мэдэгдэж, цахим хуудсаараа цацаж бусдыгаа хохироосоор л байсан. Өнөөдөр би дахиад л тусгаарлалтаас бичиж байна. Энэ удаад өмнөх шигээ бүтээлч, мөн  ханатлаа амарч чадаж байгаа. “Асар их сөрөг мэдээлэл дунд ядаж өөрийгөө стрессдүүлэхгүй юм шүү, муу зүйл бодохгүй юм сан” гэж хичээж байгаа. Гэрийнхэнтэйгээ анх удаа л удаан хугацаанд хэн ч хаашаа ч гарахгүй байж үзэж байна. Санасныг бодоход дажгүй шүү. Бид өдөр бүр гэрээ ариутгаж, ариун цэврийг тултал нь сахиж байна. Санитолны үнэрт дасаж байна даа.

Г.И

САЙХАН ХҮМҮҮС ОЛОН БИЙД ИТГЭЭД ӨӨРИЙГӨӨ Л УНТРААЖ, ГУТАРЧ БОЛОХГҮЙГ ИХ САЙН ОЙЛГОСОН

             Энэ жилийн гуравдугаар сарын 20-ны өдөр би ОХУ-ын Москва хотоос эх орондоо ирсэн. Тухайн үед амьдарч байсан хотод маань цар тахлын 100 орчим тохиолдол бүртгэгдэж, тархалт эд эхэлж байв. Сургууль маань олон улсын сургууль байсан болохоор гуравдугаар сард Итали, Франц, Их Британиас дадлага хийсэн нөхөд маань эргэж ирж байсан. Дээрх орнуудад цар тахал эрчимтэй тархаж байсан учраас дадлагаас ирсэн оюутнуудыг сургууль дээр ирэхийг хориглож, сургуульд хөл хорио тогтоосон ба дотуур байранд амьдардаг оюутнуудыг гурван хоногийн дотор байраа суллаж өгөхийг шаардсан юм. Хамгийн аймшигтай нь, тэр үед бүх зүйл үнэхээр тодорхойгүй байсан. Хөл хорио нь яг хэд хоног үргэлжлэх нь тодорхойгүй, төгсөх курсийн оюутан байсан учраас бүх зүйлээ орхиод явахад маш асуудалтай байлаа. "Эрүүл мэнд хамгийн чухал нь" гэж шийдээд явах гэхээр улсын минь хил хаалттай. Оюутан болохоор халаасандаа шалихгүй мөнгөтэй, дотуур байргүй, яана даа л гэж бодсон. Тэр өдрөө санаа зовж өнгөрүүлсэн дээ. Сургууль дээр ази царайтай хүүхдүүдээс илт зайгаа барьж, гудамжинд явахад биднийг "Корона" гэж хочилж, эрэгтэй оюутнууд маань зодуулсан тохиолдол ч гарч байлаа. Метронд найзтайгаа амны хаалттай явж байхад (тухайн үед оросууд тахлыг ерөөсөө тоохгүй байсан л даа) ээж хүү хоёр орж ирснээ, хүүхэд нь бид хоёрын зүг алхаж байснаа харангуутаа цочоод зугтаачихсан. Ээж нь ч хүүгээ аваад муухай үгээр хараагаад холдсон доо. Үнэхээр муухай санагдаад, гомдож байлаа.

Сургууль дээр ази царайтай хүүхдүүдээс илт зайгаа барьж, гудамжинд явахад биднийг "Корона" гэж хочилж, эрэгтэй оюутнууд маань зодуулсан тохиолдол ч гарч байлаа

Аз болж, өрөөний маань өөр хотоос ирсэн орос хөрш "Очих газаргүй бол манай гэр рүү хамт яваарай, би ээжээсээ аль хэдийн зөвшөөрөл авчихсан" гэж хэлсэн. Бусад монголчуудад маань ч бас орос хөршүүд гэртээ байхыг зөвшөөрч санаа тавьсан байсан. Нүдэнд нулимс цийлгэнээд л явчихаж билээ. Гэхдээ аз таарч, улсын хилийг хөлөөрөө давахыг зөвшөөрч байгаа гэсэн мэдээ бидэнд ирсэн. Ийнхүү Москва-Улаан Үд гэсэн нислэгээр дамжин, Улаан Үдээс такси түрээсэлж, хил дээр ирлээ. Оросын хилээр гарахад ажилтнууд нь амны хаалт ч үгүй байсан бол Монголын хилийн ажилчид биднийг маш хатуу журмын доор хүлээж авсан. Сургуулийн маань 20 гаруй оюутан хамт явсан бөгөөд бүгд урьдчилсан үзлэгээр сөрөг хариу гарсан учраас биднийг Дарханы нэгэн коллежийн дотуур байранд тусгаарлахаар авч явлаа. Цэвэрхэн бас дулаахан газар байсан.

Тусгаарлалтад байсан бусад найзуудынхаа түүхийг сонсоод "Надад аз таарч дээ" л гэж бодогдсон доо. Эмч нар нь гоё харьцаатай, гэхдээ сул тал нь заримдаа хэт зөөлөн ханддагаас болж оюутнууд нэгнийхээ өрөөгөөр орж, гарах мэр сэр үйлдлүүд гарч байсан л даа. ОХУ-д тохиолдлын тоо цөөн байсан учраас нэг их тоогоогүй байж ч мэдэх юм. Биднээс шинжилгээ аваагүй, зөвхөн шинж тэмдэг шалгах зорилгоор биеийн температур л үздэг байлаа. Өдөр бүр өрөөнд чийгтэй цэвэрлэгээ хийж, бүхий л талаар тусалж, нулимсанд итгэдэггүй хотоос ирсэн бидэнд ээж шиг сайхан хандаж байсанд нь талархаж  хэдэн оюутан тусгаарлалтаас гарсан өдрөө эмч, ажилчдад талархлын зүйл ч бэлэглээд амжиж билээ.

Харин гэртээ байх 14 хоног үнэхээр хачин байсан. Биднийг Дарханаас Улаанбаатар руу зам тээврийн жижиг машинуудад хуваарилж суулгасан. Гэтэл өнөө жолоочид нь биднээс гурав дахин их төлбөр нэхэж, Драгон дээр асар олон хүний дунд буулгаад орхичихсон. Хүмүүс биднээс даажиж, бүр харааж байсан болохоор нулимс цийлгэнээд, муухай санагдаж билээ. Одоо эргээд санахад ч муухай байна. Би ганцаараа амьдардаг болохоор такси бариад л харьсан. Гэхдээ “Миний оронд халдвартай хүн байсан бол яана даа” гэж маш их бодсон доо. Ингээд гэртээ хаашаа ч гаралгүй 14 хоноход өрхийн эмч мессэж бичиж, хоёр удаа утсаар ярьсан. Хэн ч намайг тусгаарлагдаж байгаа эсэхийг шалгах гэж ирээгүй дээ. Энэ хугацаанд онлайнаар хичээлдээ суугаад, тусгаарлалтын дараа ажилд орсон, ажил хичээлээ зэрэг хийж явсаар дипломоо имэйлээр ч гардав.

Эндээс хэд хэдэн зүйлийг маш сайн ойлгосон. Нэгт, үргэлж хадгаламжтай байх хэрэгтэй юм билээ. “Гурав хоногийн дотор байраа сулла” гэхэд ямар ч хадгаламжгүй бол метронд хонохоос өөр гарцгүй тийм нөхцөл байдал үүссэн. Хоёрт, ямар ч үед бусадтай зөвшилцөж, алсын хараатай хөдлөх хэрэгтэй. Би ОХУ-д сурч байхдаа монголчуудтайгаа нэг их харьцдаггүй байсан ч тухайн үед бүлэг болоод хамт явахад маш их ачаа хөнгөлөгдсөн бөгөөд бүгдээрээ хэлэлцээд зөв шийдвэрүүд гаргаж байсан. Хэрвээ би ганцаараа байсан бол тэндээ үлдэж ч мэдэх хүн л дээ. Гуравт, ямар ч буруугүй хэрнээ хүнд нулимуулах үе  гардаг учраас хар сохроор тэвчихээс өөр гарцгүй үеүд байдаг юм билээ.

Гэхдээ сайхан хүмүүс олон бийд итгээд, өөрийгөө л унтрааж, гутарч болохгүйг их сайн ойлгосон.

Н.Ө

ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЛЭЭС БОЛЖ БЭЛТГЭЛГҮЙ ТУСГААРЛАГДСАН

          Өнгөрсөн нэгдүгээр сард удаан бодож төлөвлөсөн үүргэвчтэй аялал хийхээр хилээр гараад (тухайн үед цар тахал гараагүй байлаа) гуравдугаар сарын 2-нд Москвагаар дайрч Монголдоо ирсэн. Тухайн үед МИАТ-ын ажилчид Тайланд Улсын Бангкок хотоос ирсэн хүмүүсийг тусгаарлалтад оруулахгүй гэж ярьж байсан учраас  хүнс ч цуглуулж чадаагүй. Онгоцны буудал дээрээс жаахан хүнс цуглуулж бэлдэж болох байсан боловч зөрүүтэй мэдээллээс болж бэлтгэлгүй, мэдээлэлгүй тусгаарлагдсан. Багбаян гээд цогцолборын хуучин байранд тусгаарлагдсан юм. Гуравдугаар сард маш хүйтэн байранд 14 хоногийг өнгөрүүлсэн. Хоол нь амт, чанарын хувьд дажгүй ч байрласан өрөөний хана, булан тохойд мөөгөнцөртсөн, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, маш тухгүй байсан. 14 хоног тусгаарлагдах хугацаанд коронавирусийн нэг ч шинжилгээ аваагүй.

           Энэ хугацаанд коронавирусийн шинж тэмдэг илрээгүй ч, ямар ч бэлтгэлгүйгээр орсон болохоор жаахан таагүй байсан. Мөн тусгаарлалтад хүмүүсийг хольж оруулж байгаа нь таалагдаагүй. Тухайн үед зарим оронд коронавирусийн тохиолдол илрээгүй байсан болохоор нэг нэгээр нь оруулах боломжгүй юмаа гэхэд нэг улсаас ирсэн хүмүүсийг тусгаарлах хэрэгтэй санагдаж байсан. Тусгаарлалтад байх хугацаанд эмч өдөрт нэг удаа халуун үзэж, тоогоо бичээрэй гээд тэмдэглэх хуудас өгч байсан. Бид аягаа өөрсдөө угаадаг байсан ч тухайн газар хүйтэн устай, аяга угаагч байхгүй зэрэг наад захын асуудал байсан. Унтахдаа гадуур хувцастайгаа шахуу хонож байсан болохоор хүйтэн байранд, хүйтэн усанд орох боломжгүй байсан.

Тухайн үед тусгаарлалтын ямар нэгэн мөнгө авахгүй гэж байсан ч намайг гарах өдөр төлбөр авах шийдвэр гарч төлбөр төлөх болсон. Удалгүй буцаад тусгаарлалтаас гарч ирсэн хүмүүс төлбөр төлөхгүй гэсэн шийдвэр гарч мөнгө төлөх шаардлагагүй болсон. Энэ мэтээр эргэж буцсан, тодорхойгүй шийдвэрүүд биднийг маш их төөрөгдөл, бухимдалд оруулж байсан.

Одоо тусгаарлагдаж байгаа хүмүүсийн байр ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэх, хэдийг төлж байгааг мэдэхгүй байна. Намайг тусгаарлагдахад иргэддээ төөрөгдүүлэхээр олон төрлийн мэдээлэл гарч байсан. Тухайн үеийнхээс тусгаарлалтын байр сайжирсан гэж найдаж байна.

Э.С

 


Тусгаарлагдсан өдрүүдийн ТЭМДЭГЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188