• Өнөөдөр 2024-04-18

ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛЫН ТҮҮХҮҮД

2020-11-27,   1325

Цар тахал гарч, хөл хорио тогтоосон ч хүмүүсийн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, залуус хайрлаж, дурласаар байгаа билээ. Цар тахлын үед бие биедээ дурлаж, хайрласан таван хайрын түүхийг хүргэж байна.

БИДНИЙ ХАЙРЫН ТҮҮХ ИХ АДАРМААТАЙ ТҮҮХ БАЙГАА ЮМ

           Шөнийн хоёр цагт болж байна. Утасны цаана унтаж байгаа энэ залуу зөвхөн надтай л үерхэнэ гэж таван жилийн турш намайг хайрлаж, надад гомдож, үзэн ядаж, санаж, догдлон хүлээсний эцэст алдарт хөл хорионы үеэр гэрийн минь гадаа манасаар байгаад зөвшөөрсөн хариу авч билээ.

       Адармаатай ч гэсэн нь бид нэг нутгийн хоёр. Манай найз залуу Эрдэнэтэд хоёрдугаар курст сурч, би энд нэгдүгээр курсын оюутан байхдаа утасны цаанаас нэг нэгэнтэйгээ танилцаж билээ. Өнөөдрийг хүртэлх таван жилийн хугацаанд бид сар сарын хугацаатай гурван ч удаа үерхжээ. Дэндүү албаны яриатай охинд яагаад сайн болсныг нь ойлгодоггүй л юм. Төрсөн өдрөөр нь кино үзчихээд, бэлгээ өгчихөөд, гэрийнхээ гадаа хүргүүлчихээд “Хоёулаа салъя” гэж хэлээд гэр лүүгээ орчихож билээ. Тэр үед ямар их уур нь хүрч, гомдсон болоо гэж бодохоор өөртөө хааяа дургүй хүрдэг юм.

      Энэ жил найзуудтайгаа агаарт гарангаа төрсөн өдрөө тэмдэглэчихээд ирэхэд “Хичээл чинь хаагдчихсан шүү” гэж байна. Хоёр хоногийн дараа гэр лүүгээ буцлаа. Манай хүн ч араас хүрээд ирсэн байж. Би “Хичээлээ хийнэ, тэрийг ч хийнэ, энийг ч хийж байна. Уулзахгүй ээ” л гэнэ. Орцонд зогсоод л байна, зогсоод л байна. Манай ээжийн арван жилийн нэг ширээний найзынх нь хүү, аавын маань шавь нь юм. “Айлын хүүхэд орцонд зогсоод л байх юм. Гарч уулз л даа, миний охин. Гараад уулзчих тэгэх үү” гээд л инээдтэй ч юм шиг, хөөрхөн ч юм шиг яриа манайд мөн ч олон хоног үргэлжилсэн дээ.  “Үгүй ээ, уулзахгүй ээ, завгүй байна” гээд л ааштай миний үгнүүд урссаар л.

Төрсөн өдрөөр нь кино үзчихээд, бэлгээ өгчихөөд, гэрийнхээ гадаа хүргүүлчихээд “Хоёулаа салъя” гэж хэлээд гэр лүүгээ орчихож билээ

      За тэгээд, хүүхдийн баяр боллоо. Тэгсэн “Хүүхдийн баярын мэнд” гээд дүүрэн чихэртэй тор барьсан залуу үүдэнд зогсож байна. “Үгүй ээ, би хүүхэд, жаахан за юу” гэж аав, ээжээсээ бэлэг нэхэж, дооглуулдаг хөгшин зөнөгт тор дүүрэн чихэр өгөх гээд зогсож байгаа тэр залуу ёстой хөөрхөн харагдаж билээ. Ингээд л өдий наслачихаад эрх нь дэндсэн би гэдэг хүн тор дүүрэн чихэрт нь л явчихсан даа. Түүнээс өмнө энэ залуу “Нараа, чи хариугаа хэл л дээ, би цэрэгт явлаа шүү” гэж их айлгадаг байж билээ. Үнэхээр явах гэж байгаа юм байхдаа гэж дотроо бодоостой. Гэхдээ энэ залуу арван жилийн даруухан охины үерхэл бүрийнх нь эзэн гэж бодохоор инээд хүрээд байдаг юм. Нэг залуутайгаа дөрвөн удаа үерхэж дээ. Юу гэж ч хэлмээр юм (инээв)

    Өнөөдөр хэдий нэг хотод ч гэлээ, хоёр талд хоригдсон бид хоёр нэгнийгээ дэндүү их санаж байна. Өглөө босонгуут царайг нь хармаар болно. Унтахдаа утсаа ширтсээр унтана. Эрхийн балай би л түрүүлж ундууцна, уулзахгүй болохоор цаанаасаа л бухимдаад, санаад, удаанаас удаан тэврээд л зогсоод, үнсмээр болох юм. “Магистрт сурахаар явахдаа яана аа” гэтэл “Хайраа, ер нь санах хэцүү байгаа биз, миний хайр ч мэдэхгүй байх л даа. Би бол таван жилийн турш чамайг ингэж санасан хүн шүү дээ” гээд намайг уйлуулчихсан.

Ойрхон байгаа хэр нь уулзахгүй байх шиг хэцүү юм гэж байдаггүй юм байна. Хоёр улсад байсан бол уулзах өдөр нь хэдий урт ч тодорхой, өдрөө тоолон хүлээнэ. Энэ үед уулзах өдөр нь тодорхой бус, ойрхон мөртлөө уулзаж чадахгүйдээ бухимдаад л. 

Бас цонхоор цас будрахыг харах хэцүү байна. Бид цас орж байхад гэрлийн шонгийн доор бүжиглэнэ гэж олон удаа ярьсан юм. Тэгээд л цонхоор цас будрахыг харахаар түүнийгээ улам их санана.

Гэхдээ зүгээр ээ. Энх цаг ирнэ. Хоёулаа цас хаялж байхад гэрлийн шонгийн доор вальс эргэнэ, чамайгаа чангаас чанга тэвэрнэ, духан дээрээ, нүдэн дээрээ үнсүүлнэ, унтахдаа үлгэр яриулна, амттай хоол хийж иднэ, номоо орчуулна, үг таалгана, бөхийн тухай ярианууд сонсоно. Чангаас чанга тэврээд л байна. 

-Н..

ГУНИГЛАХААСАА ИЛҮҮТЭЙ “САЙХАН ХАЙРТАЙ УЧРААД, ХҮН ХАЙРЛАЖ ҮЗЛЭЭ ДЭЭ” ГЭЖ БОДДОГ

      Дэлхий дахин коронавирусийн тахалд нэрвэгдэж, хаа сайгүй хөл хорио болж, айж, сандарч байх үед би хайрын "тахал"-д бүрэн нэрвэгдэж, халуундаа шатаж байлаа. Анх удаа хүн хайрлаж үзээд, хайрлах хайрлахдаа өөрөөсөө ч илүү хайрласан ч бид “Ковид-19”-ын аюул намжиж амжаагүй байхад салчихсан л даа. Гэхдээ одоо зүгээр л тэр хүнийг хайрлаж байсан үеэ бодох илүү дээр гэж боддог.

    Бид гэхдээ тахлын жил эхлэхээс нэг жил гаруйн өмнө танилцчихсан байсан. Би онлайн хичээлээсээ болоод стресстэй байхад тэрний ажил хөл хорионы улмаас түр зогсоод байсан юм. Яг тэр үеэр найзууд маань бөөндөө нэгнийхээ зуслангийн байшин руу салхинд гарах санал тавьж, очлоо. Тэнд би нэг найзынхаа нөхөртэй өмнөх болж, бүтээгүй түүхүүдээ дурсан ярьж суутал “Чи ингэж цаг үрж байхаар би чамд тохирох хүнийг хэлж өгье” гээд өрөөний буланд сууж байсан түүнийг маань заагаад “Тэр их сайн залуу даа” гэсэн юм. Би ч түүнд өөрийнхөө бодож байснаасаа ч илүү сайн гээд ойлгочихсон байсан болохоор “Ер нь хэлээд үзье. Үсрээд хоёр гурав, хоног л бантана биз” гэж бодоод зоригтойгоор “Ярилцъя” гээд дуудчихсан. Тэгээд үнэхээр зоригтойгоор “Би чамайг харж явдаг. Чи бид хоёрын дунд ийм ийм юм болж байсан. Чамайг их үнэлдэг, дотносох гэж хичээсэн ч намайг чи найзын хувиар хардаг байх” гэж яриагаа дуусгасан. Тэгсэн тэр “Би чамайг найзын хувиар хардаггүй ээ. Би бүр чамтай ирээдүйгээ төсөөлж бодож байсан. Чамтай суувал яах бол гэж бодож байсан” гэж ярьж байснаа миний гарыг атгаад “Хоёулаа оролдоод үзье. Хоёулаа үерхье” гэсэн.  

   Би краштайгаа үерхэх гээд сууж байгаадаа итгэхгүй “Үнэн үү” гэж гурван удаа асуусан. Эхний нэг сар үлгэрийн юм шиг л сайхан өнгөрсөн. Байнга бодно, зүүдэлнэ, тэврээд унтаж байхдаа л зүүдэлнэ. Миний олон хоног боловсруулсан “Үерхлийн төлөвлөгөө” бага багаар тэгж бүтсэн. Төрсөн өдрөөр нь бялуу хийж өгч, 00:00 цагт гэнэтийн бэлэг барьж, гэрт нь очно гээд боддог байсан бүхнээ биелүүлсэн. Сайхан үерхэл бүтээхэд хэрэгтэй юу байдгийг бүгдийг нь түүн дээр хэрэгжүүлсэн.

...Салсны дараа хамаг зураг, түүнтэй холбоотой бүхнийг устгасан ч энэ зурагтаа хайртай бас тэр намайг хайрлаж байсны гэрч болохоор өөртөө үлдээсэн.

Хүнийг хайрлах, хайртай хүнтэйгээ ойр байх, алдах вий гэсэн айдас, хардалт, хайртай хүндээ зориулж юм хийх, хайртай хүнээ аргадах, тайтгаруулах гээд анх удаа гэсэн тодотголтой олон мэдрэмжийг түрүү жил биш, тэрний өмнөх жил биш, тахал дайрсан жил авсан нь бас л нэгэн тохиол байх.

Дэлхий дахин коронавирусийн тахалд нэрвэгдэж, хаа сайгүй хөл хорио болж, айж, сандарч байх үед би хайрын тахалд бүрэн нэрвэгдэж, халуундаа шатаж байлаа

Дурлалдаа сохорно гэж үүнийг л хэлдэг байх. Намайг өчнөөн гомдоосон ч тэр болгоныг нь уучлаад, мартаад бараг зөвтгөх гээд байдаг. Бидний харилцаа нэг их удаан үргэлжлээгүй ээ. Бодож харамсаад, уурлаад, гуниглахаасаа илүүтэй “Сайхан хайртай учраад, хүн хайрлаж үзлээ дээ” гэж боддог. Үнэхээр ийм догдлолыг хэр баргийн хүнээс авахгүй. Догдлол, чин үнэнээсээ хайрлах нь ховор мэдрэмж гэж боддог болохоор их нандигнадаг.

-O

ТҮҮНГҮЙГЭЭР БАЙЖ ЧАДАХГҮЙГЭЭ ОЙЛГООД ХЭЛЭХ ГЭТЭЛ ХӨЛ ХОРИО ТОГТООЧИХСОН ДОО

        Өнгөрсөн зун нэг хүнтэй танилцаад, бүх зүйл маш хурдтай, нэг л эгэл бусаар гүнзгийрээд байсан болохоор “Жаахан цаг авч, юу болоод байгааг ойлгох хэрэгтэй байна” гээд гурван сар уулзаагүй. Энэ хугацаанд түүнгүйгээр байж үнэхээр чадахгүй болсонтойгоо эвлэрээд, нэг өдөр уулзах тов тавьчихсан байсан чинь хөл хорио тогтоочихсон доо. Одоо хэзээ уулзахаа мэдэхгүй л байна. Мөн биднийг уулзахад тэр хүн маань намайг хүлээсээр байх үгүйг мэдэхгүй л дээ. Арайхийж ойлгож, ухаарсан гурван үгээ зүгээр утсаар хэлэхийг хүсэхгүй байна. Нүд рүү нь ширтээд суух тэр өдрийг л хүлээнэ дээ.

-A

ТҮҮНТЭЙ БҮХ НАСААРАА ХАМТ БАЙЖ, ХАМТДАА ХӨГШРӨХИЙГ ХҮСДЭГ, ИТГЭДЭГ

         Би хайртайгаа өнгөрсөн гуравдугаар сард, хөл хорионы үед санаандгүй тохиолдлоор танилцсан юм.  Манай хүн над руу чатаар андуураад нэг юм явуулсан(Юу явуулсныг нь бичмээргүй байна).  Яагаад ч юм тэр хөвгүүн надад сонирхолтой санагдсан. Яриа өдмөөр, өөрийнх нь тухай мэдмээр санагдаад чат бичсэн. Түүн рүү баахан асуулт явуулчихаад унтахдаа “Энэ хүн над руу юм бичихгүйдээ” гэж бодож байсан.

       Маргааш нь “Өөрөө эхэлж бичихгүй бол би бичихгүй дээ” гээд бодож байтал түүнээс чат ирсэн. Арван жилийн өсвөр насны хүүхдийн дурлалын түүх шиг санагдаж магадгүй ч, би тэр үед мэдрэмжээ л дагасан. Миний амьдралд сонирхол татсан, таалагдсан хүн гарч ирсэн. Бид утасны цаанаас биш, амьдрал дээр таарсан бол зөрөөд л өнгөрөх байсан байх гэж хааяа боддог. Ер нь бараг би найрсаар байгаад л харилцдаг болчихсон доо. Улам их таалагдаад яваандаа уулзахаар тохиров.

Би анхны харцаар дурлахад итгэдэг л дээ. Тэр өдөр би хүнд анх удаа анхны харцаар дурлаж үзсэн. Зурагнаасаа хэд дахин илүү дур татам санагдаж байлаа. Тэр өдөр би ерөөсөө биеэ бариагүй, өөрийнхөөрөө байсандаа одоо ч гайхдаг. Бодоод байх нь ээ, тэр хүнтэй уулзсанаас хойш хажууд нь байхдаа ерөөсөө биеэ барьж, ичиж санаа зовж байгаагүйгээ анзаарсан. Өмнө нь хүмүүстэй болзож, уулзаж байхдаа биеэ бариад, өөрийнхөөрөө байж чаддаггүй байлаа. Тэр хүнтэй анх танилцаж байхдаа ч биеэ бариагүй. Гайхалтай шүү. Бид хамтдаа багагүй хугацааг өнгөрүүлжээ. Надад түүнтэй өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаа маш үнэ цэнтэй, сайхан. Мэдээж муудалцах үе олон. Маргалдаан болгон надад их сургамж болдог байсан даа. Бид хоёулаа түргэн зантай.

      Эхэндээ ч манай хүн тэвчээд л байдаг байсан. Сүүлдээ ширүүхэн муудалцаад, хэрэлдэж байсан ч би тэр хүнээс ерөөсөө салахыг хүсэж байгаагүй. Тэр хүн ч надаас холдохыг хүсэж байгаагүй гэдэгт итгэдэг. Тайвширсныхаа дараа бид өөр өөрсдийнхөө алдааг ойлгож ухаарч, нэг нэгэндээ чухал хүмүүс гэдгээ ойлгоцгоодог байсан. Гэхдээ муудалцаж байж бид нэгнээ илүү мэддэг бас ойлгож, тэвчиж өнгөрүүлдэг болсон. Хэрвээ түүнээс өөр хүн байсан бол би харилцаагаа аль хэдийн дуусгах байсан байх.

...Намайг хайрлаад, халамжлаад, хамгаалаад, ойлгох тусам нь би улам хичээх болсон. Түүнтэй учирснаас хойш надад олон сайн өөрчлөлт бий болсон. Тэр надад их зүйлийг үлгэрлэж, ойлгуулсан. Би өмнө нь хэзээ ч ийм өөртөө итгэлтэй байж үзээгүй. Бас хүнд ингэтлээ итгэж, дурлаж, өөрт байгаа бүхнээ зориулахыг хүснэ гэж бодож байсангүй. Миний амьдралдаа учирсан хүмүүсээс хамгийн мундаг, ухаантай нь тэр минь. Түүнтэй бүх насаараа хамт байж, хамтдаа хөгшрөхийг хүсдэг, итгэдэг. Миний анхны минь бас эцсийн минь хайр тэр гэдэгт би эргэлздэггүй.

ХӨЛ ХОРИОНЫ ҮЕЭР ХАМГИЙН ХАЙРТАЙ ХҮНТЭЙГЭЭ ХАМТ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА

           Бидний хайрын түүх эгэл гэмээр боловч мэдээж ямар ч хайрын түүх эгэл биш байх. Түүнтэй уулзахад сэтгэл доторх хоосон зай дүүрэх шиг санагдаж билээ. Түүнээс өмнө тэр л хоосон зайгаа бусдаас хайн хий дэмий тэнүүчилж явдаг байсан мэт. Анх уулзсан цагаас хойш бид хамт байна. Бид энэ жилийн анхны бороотой өдөр танилцаж байсан. Гэтэл маргааш нь хөл хорио сунгачихсан. Анх уулзсан өдрөөс долоо хоногийн дараа уулзахад түүний нүд нэг л хөөрхөн гэрэлтэн байсан нь дандаа нүдэнд харагддаг.

...Тэр миний суудаг кафед намайг олон удаа харж байсан гэсэн. Харин би түүнийг валентины өдөр харж байсан ч тэр намайг санадаггүй юм. Бид харц тулгарахад түүний харцанд ховстуулах шиг болсноо би мэддэг. Би түүнтэйгээ учраад удаагүй байхдаа хайртай гэж хэлтэл “Ийм хурдан хайртай болно гэж байхгүй” гээд итгээгүй. Түүнээс бараг сарын дараа үерхэхийг зөвшөөрсөн. Бидэнд сайдаж, муудах үе олон байсан ч тэр болгоноо уучлаад инээлдээд сууж байдаг нь сайхан.

Урьд нь хүнд дурлаж байсан ч хэзээ ч ингэж эргэлзээгүйгээр “Энэ л хүнийг хайрлана” гэж шийдэж байгаагүй. Түүний хажууд байхад тайван, өдөр бүр шинэлэг байдагт нь хайртай. Дурласан хүмүүст тэгж санагддаг байж мэдэх л юм. Заримдаа түүнгүйгээр яаж амьдарч чадаад байсан юм бол гэж өөрийгөө гайхдаг л юм. Ямартай ч хөл хорионы үед хамгийн хайртай хүнтэйгээ хамт байгаадаа баяртай байна. Хөл хориог дахиад сунгаад өгөөсэй, гэхдээ халдвар, өвчин тархахгүйгээр гэж нууцхан бодож байна...

М.

Бид энэ жилийн анхны бороотой өдөр танилцаж байсан. Гэтэл маргааш нь хөл хорио сунгачихсан

 


ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛЫН ТҮҮХҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-27 13:30:18
    zochin: awwww
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188