• Өнөөдөр 2026-04-24

ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН

2026-04-24,   91

     Хүмүүс өнгөрсөн таагүй дурсамжийг аль болох мартахыг хичээдэг. Ер нь би ч гэсэн өнгөрсөн амьдралтайгаа зууралдаад байх тийм дуртай биш. Ихэнх хүн гэгээлэг мартагдашгүй гоё, сайхан дурсамжийг санан дурсахыг хүсдэг шүү дээ. 1982 оны намар Деревенд болсон аймшигт дэлбэрэлт, дэлбэрэлтийн дараах хашхираан одоо хүртэл миний чихэнд хадаатай үлдчихсэн байдаг. Яг нөгөөх АНУ-ын жүжигчин Жоди Фостер, Энтони Хопкинс, Скотт Гленн, Тед Ливайн нарын гол дүрд нь тоглосон “Хурга майлахаа болино” гэдэг кино шиг. Тэр таагүй дурсамжийг үргэлж мартахыг хичээж ирсэн боловч 30-40 жилийн турш миний тархинаас арчигдахгүй, чихэнд хашхираан сонсогдсон хэвээр л байгаа.

    Би 1978 онд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орсон.  Сэрээтэр багштай 1-ийн “А”, Оюун багштай 1-ийн “Б”, Бадамханд багштай 1-ийн “В”, Цэвэл багштай 1-ийн “Г” ангиуд байв. Биднийг хоёрдугаар ангид ордог жил дөрвөн бүлгийг хувааж, таван бүлэг болгон, Мягмарсүрэн багштай 2-ын “Д” ангийг байгуулж байлаа. Бага ангийн анхны эрэгтэй багш нь, баян хуур хөгжим тоглодог Мягмарсүрэн багш байсан юм. Гуравдугаар ангид орохын өмнөх жил Оюун багштай 2-ын “Б”, Цэвэл багштай 2-ын “Г”, Мягмарсүрэн багштай 2-ын “Д” ангиуд VII сургууль руу шилжиж, Сэрээтэр, Бадамханд багш нарын анги үлдсэн түүхтэй.

   Тэр үед төрөлтийн оргил үе байсан байж магадгүй. Деревенгийн IV дунд сургууль 400-500 хүүхдийн багтаамжтай. Гэтэл сурагчдын тоо нь 1000 хол давчихаж билээ. Анги, танхим парт, ширээ хүрэлцэхгүй олон сурагч, гурваараа суудаг байв. Тухайн үед би бие муутай, сул дорой, туниа муутай хүүхэд байлаа. Юм л бол ханиад, томуу хүрчихнэ. Цагаан толгой үсэг үзээд “М” үзэж явж байтал миний бие муудаад эмнэлэгт хэвтчихлээ. Сар гаруйн дараа хичээлдээ иртэл манай ангийнхан унших бичгийн ногоон ном руугаа орчихсон байв. Тэд номыг дурчижнуулан уншдаг болчихсон байж билээ.  

      Өвчтэй байх хугацаандаа эгчээрээ үсэг, тоо заалгаж байсны хүчинд ангийнхаа нэг минутад 130-160 үг уншдаг “Аварга уншигч” сурагчдын хэмжээнд хүрэхгүй ч дундаж хэмжээнд үлгэн салган сажилж явлаа. Урт үетэй үгийг унших гэж хамаг цагаа алддаг байсан. Тэр бүхнээс гарахын тулд сүүлдээ унших бичгийн номын өгүүлэг, шүлэг, туужийг цээжилдэг болов. Одоо хүртэл тэр  нэгдүгээр ангийн унших бичгийн номын зарим нэг шүлгийг цээжээр мэднэ. Манай ангийн “Аварга уншигч” нь В.Чулуунбаатар гэдэг хүү байлаа. Тэр үеийн ангийн хүүхдүүдээс хамаагүй жижигхэн биетэй. “Олби оготно” шиг хөдөлгөөнтэй, овжин сэргэлэн хүү байсан. Түүний аав Ваанчиг Дархан хотын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч, харин ээж нь Дотрын тасгийн их эмч Цэцгээ.  Гэхдээ В.Чулуунбаатар өвөө, эмээ, эгч Энхтуяагийн хамт амьдардаг хүүхэд байж билээ. Деревенгийн VI дэлгүүрийн залгаа хажуугийн хашаанд амьдардаг байлаа. Өвөөг нь Дашдорж гэх, тэднийх эрлийз голдуу өндөр хэдэн содон морьдтой. Дашдорж гуай намар морин хадуураар хадлан хаддаг хүн байж билээ.

     В.Чулуунбаатар  байнга ном уншина. Номоос сална гэж байхгүй. Хэзээ дуусандаа гэмээр зузаан, том романуудыг бариад л суучихна. Бас болоогүй уншсан номынхоо тэмдэглэлийг хүртэл хөтлөнө. Гэтэл би, юун ном унших нь битгий хэл, унших бичгийн номоо ч уншиж чадахгүй үсэглэж сууна. Чука их шоогч хүүхэд 1-5-р ангийн  хооронд ангийнхаа хамаг хүүхдүүдэд нэр, хоч өгчихсөн байсан. Одоо хүртэл түүний өгсөн мэлхий, ямаа, заан, эмээ, гахай, нохой, гунж, хулгана, эрүү, мэнгэт, гитлер гэх хоч нэр мартагдаж хаягдахгүй явсаар л байгаа. Би Зургаагийн байрын хүүхдүүдтэй зүг нийлдэг болохоор хичээл тараад хамт явдаг байлаа. Намайг тэднээс холдож, салаад явах болгонд араас Чука “Хөөе муу хулганаас айдаг хулчгар заан. Урт хошуутай, ууртай догшин заан гуай, уур чинь хүрэхгүй байна уу” гээд хор шар малтана. Намайг байнга өддөг байсан.

     Би сул дорой биетэй болохоор манай биеийн тамирын Хишигт багш, 1981 оны намар, өвлийг хүчний дасгал хийж өнгөрөөхийг санал болгосон юм. Багшийн заавар, зөвлөгөөг дагаад өвлийн саруудад хүчний дасгал хийгээд байсан чинь хавар ангийнхаас хөвгүүдийг бараадуулахгүй хүч, тэнхээтэй болчихсон. Бөхийн секцэнд явдаг ангийн зургаан хүүхдийг цувуулаад шиддэг болчихсон байв. Тэгээд л Чука намайг хүч, бяр тэнхээтэй заан гэж хочилдог болсон. Тухайн үед өөрийгөө тийм их бяр, тэнхээ суучихсан гэж бодоогүй явсан. Надтай цуг бэлтгэл хийдэг хүндийн  өргөлтийн тамирчид  илүү их хүндийг өргөдөг байсан болохоор тэдний зиндаанд хүрэх өдий байна даа гэж боддог байсан.

     Харин одоо эргээд бодоход багагүй тэнхээтэй байж. Хишигт багш намайг штангийн суулт, шахалт, штангтай үсрэлтийн дасгал хийж, хөлийн булчингаа сайн хөгжүүлсэн гэсэн юм. Хүүхдийн хөнгөн атлетикийн дөрвөн төрөлтийн тэмцээнд бэлтгэж байгаа нь тэр. Гэтэл би хавар 60 м-ийн зайд 7.9 секунд гүйж багш нарын нүдийг “Орой дээр” гаргах шахав. Ингээд л намайг улам сайжруулахын тулд Нэгдүгээр сургуулийн Отгонбаяр багш дээр бэлтгэл хийлгэж эхэлсэн. Отгонбаяр багш сорил авах үед 60 м-ийн зайд мөн л 7.9 секунд гүйлээ. Олон улсын хүүхдийн наадмын рекорд амжилт гээд намайг учиргүй магтсан. Гэтэл байдаггүй ээ. Хотын аварга шалгаруулах тэмцээн дээр гарааснаас хоцорч гараад 8.5 секунд гүйсэн. “Магтсан хүүхэн хуриман дээрээ” гэдэг шиг л юм болсон.

     Ер нь би тэмцээнд их “Од” муутай хүүхэд байж билээ. Сэтгэлзүй муутай байсныг шинж байх. Би тавдугаар ангид байх үедээ 42 кг жинтэй. Биеийн өндөр 157 см-тэй сурагч байсан. Тэр үед хоёр 40-ын бидонтой усыг мөрлөөд явдаг. Мөн 70 кг жинтэй шуудайтай гурилыг үүрээд гүйдэг байсан. Хүндийн өргөлтийн техникийг сайн  мэдэхгүй ч гэсэн 60 кг-ыг түлхэж, 37 кг-ыг огцомоор өргөдөг байсан. Хоёр гарын шууны  хүчээр өргөж байгаа нь тэр. Надад хүндийн өргөлтийн багш нар “Манай хүндийн өргөлтөөр хичээллээч” гэсэн санал их тавьдаг байсан. Надтай ижил жинтэй ОУХМ Цэцгээгийн Амар агсан тэр үед 50 кг-ыг түлхэж, 40 кг-ыг огцомддог байж билээ. Мэдээж би Ц.Амараас илүү бяртай байсан ч техник сайн мэдэхгүй болохоор, ур чадварын хувьд хол дутдаг байж билээ.

       1982 оны намар аравдугаар сарын 22-ны өдөр хаягдал түүхий эд цуглуулах аян өрнөсөн юм. Тэр өдөр хүйтэн зэврүүн, жиндүүхэн салхитай бүрхэг өдөр байв. Сурагчид хаягдал цаас, яс цуглуулж гарав. Ангийн дарга Чука хараахан ирээгүй байсан. Манай ангийн хөвгүүд “Мах компинатын урт талын Оросын байгууллагын одоогийн (Геомаш) хашаан дотор 1920-1930 оны хуучин модон вагон дотор хэрэггүй цаас уул, овоо шиг их байна.Түүнийг очиж авчиръя. Бусад ангиас илүү их хаягдал цаас цуглуулж багшийгаа нэг баярлуулъя” гэсэн санал гаргав.  

    Ингээд манай ангийн хөвгүүд, нөгөө ангийнхаа хөвгүүдтэй цуг Оросын вагон руу явлаа. Вагоны хагархай цонхоор орж цаас гаргаж шидэж байсан нөгөө ангийн Гансүх гэдэг хүүхэд, “Найз нараа гоё юм оллоо” гээд жижиг цаасан хайрцагтай зүйлийг гаргаж ирээд цацав. Хүүхдүүд чухам юу болохыг нь мэдэхгүй байж тэр харандаа шиг нарийхан төмөр зүйлийг булаацалдаад авчихлаа. Хоосон үлдсэн хүүхдүүд нь бусдаас гуйж, бөөн шуугиан дэгдлээ. Бид сургууль руу хаягдал цаасаа зөөж, ангийн охин Г.Мажигсүрэнгийн хашаанд бөөгнүүлэв. Манай ангийн Г.Мажигсүрэнгийн аав нь IV сургуулийн нярав Гочоо гэдэг хүн байсан.

     Хөвгүүд өнөөх юу нь мэдэгдэхгүй зүйлийг хазаж, хадаасаар хатгаж, тоосго, чулуун дээр тавьж цохиж, бүр дискинд хүртэл хавчуулан шахаж янз бүрээр  задлах гэж оролцож байлаа. Яг тэр үед ангийн дарга В.Чулуунбаатар хүрээд ирэв. Тэрээр хүүхэд бүрээс нөгөө зүйлийг “Надад өчих тэгэх үү” гээд гуйж байлаа. Гэтэл Б.Балжинням гэдэг хүүхэд Чукад нэгийг өгчихсөн байж билээ. Тэгсэн Чука нөгөөх зүйлийг ухах том хадаас хайж эхэлсэн. Харин яг тэр үед манай ангийн хүүхдүүд шуудайтай хаягдлаа сургуулийн хашаа руу зөөж эхэлсэн юм. Чукатай цуг Г.Мажигсүрэн, Д.Мөнхгэрэл, Д.Мөнхтүшиг, Б.Баярмаа, Б.Дамдинбаатар, Л.Отгонцогт гээд Зургаагийн гудамжны найзууд нь яагаад ч юм хамт үлдсэн байлаа.

    Намайг сургуулийн хашаа руу орох үед ард тэнгэр дуугарах шиг хүчтэй дуу чимээ гарч дэлбэрэлтийн нүргээн мэдрэгдэв. Газар доргиж, чичирхийлэх шиг санагдсан. Багш “Юу болов оо. Юу дэлбэрчихэв” гээд миний хажуугаар Гочоо гуайн хашаа руу гүйлээ. Би ч багшийг дагаад гүйв. Аймшигтай дүр зураг, Чука маань газарт түрүүлгээ хараад уначихсан, гар нь цусанд будагдаад салбарчихсан байв. Багш гүйж очоод Чукаг өндийлгөх гээд өргөтөл цээж, гэдэс нь онгойсон хар нүх шиг юм болчихсон байсан. Багш орилж, хашхираад явчихлаа. Түүний хажууд байсан манай ангийн хүүхдүүд бүгд “Шок”-д орчихжээ. Зарим нь чихээ, ухаад ухаан мэдрэл алга. Чих нь дүлийрсэн бололтой. Харин нөгөө хэд нь Гочоо гауйн гэрийг тойроод гүйгээд байж билээ. Би ч яг юу хийхээ мэдэхгүй, хамаг бие салганаж, чичэрсэн амьтан, багшийн хашхираанд цочирдоод ухаан жолоогүй буцаад гүйсэн байлаа.

     Гурван хайрцаг уулын тэсэлгээний капсулаас  ганц цэнэгтэй ажиллаж байсан нь Чукад маань таарсан нь тэр байж. Тэр хадаасаар ухаж байгаад тэсэлчихжээ. Гэдэс рүүгээ шахаж тэсэлсэн болохоор Түүнийг тойроод зогсож байсан бусад хүүхдүүдэд ямар нэгэн гэмтэл учруулаагүй байсан гэдэг. Чука маань хэрэв гэдэс, цээжээрээ хамгаалж, тэслээгүй байсан бол хэдэн хүүхэд тэр дэлбэрэлтэд өртөж, осолдох байсныг таашгүй. Түргэн тусламжийн эмч ирсэн ч орж, хараад ахин харж чадахгүйнэ гээд уйлаад суучихлаа. Цагдаа, сэргийлэхийн ажилтан нар ирж, хэргийн газрыг битүүмжилж, хамгаалалтад авсан. Чукагийн маань жижиг хуруунууд дэлбэрэлтийн хүчинд тасарч шидэгдээд 5-10 м хол хашаанд очоод наалдсан байж билээ. Чукагийн аав, мэс заслын Ваанчиг эмч ирээд эмнэлгийн машинаар хүүгийнхээ хөрсөн цогцосыг аваад явсан. Ваанчиг эмч “Би хүүгийнхээ зүрх нь зогсоогүй байсан бол түүнийг аварч чадах байсан” гээд уйлаад байсан гэнэ лээ.

    Тэр аймшигт явдлаас хойш 3-4 жилийн  дараа ангийн багш Цээлсүрэн, нөхөр, охиныг хамт машинтай явж байгаад авто ослоор өөд болсон. Хүмүүс “Ангийнхаа сурагчийнхаа аймшигт байдлыг хараад сүнс нь зайлсан байх” гэж ярьдаг байлаа. Чука маань өнөөдрийг хүртлэх хугацаанд олон ч найз нараа, ангийн багшийгаа хүртэл араасаа дагуулаад аваад явж дээ.Тэр таагүй зүйлийг би нүдээр хараагүй байсан бол амархан мартах байсан байх. Тухайн дэлбэрэлт болсон өдрөөс хойш би арав гаруй хоног, хар даран зүйдэлж, айдас, түгшүүр нүдэнд харагдаад, багшийн хашхираан чихнээс арилахгүй  сонсогдож болсон.

     Социалист нийгмийн чанга, хатуу цаг үе байсан учраас гэрч “Элдэв, цуу үг тарааж, иргэдийг айдаст автуулж, худал мэдээлэл түгээж болохгүй” гэсэн амлалт өгч, гарын үсэг хүртэл зуруулж авсан юм. Хэрэв ямар нэгэн худал яриа, цуу үг  гарвал аав, ээжид чинь чанга, хатуу арга хэмжээ авна шүү гэсэн анхааруулга өгсөн. Дэмбэрэлтийн аймшигт дүр зураг, багшийн хашхираан одоо болтол нүдэнд харагдаж, чихэнд сонсогдсон хэвээр байдаг.  Би одоо хүртэл “Хурга хэзээ майлахаа болихыг мэдэхгүй” л явна.

 

 

 

 

 

 

 

 

 


 

 


ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188