“Сүүтэй сарлаг” тэмцээнд хар сарлагаас нь 3.8 литр сүү сааж түрүүлсэн. Хөвсгөл аймгийн Алаг‑Эрдэнэ сумын хоёрдугаар багийн малчин Н.Отгонжаргалтай ярилцлаа.
- Сайн байна уу. “Сүүтэй сарлаг” тэмцээнд түрүүлсэнд нь баяр хүргэе.Сарлагаас дунджаар хэдэн литр сүү гардаг вэ?
-Сайн байна уу. Өмнө нь оролцохдоо хар сарлагийнхаа бяруутай орсон байсан. Энэ жил тугалтай нь оролцлоо. Манай сарлагуудаас багадаа хоёр литр, хамгийн ихдээ 3.8 литр сүү гардаг. Түрүүлсэн хар сарлагийг манай хадмууд өгч байсан. Энэ хар сарлаг маань олон тугалласан хөгшин үхэр.
- Нөхөртэйгөө анх яаж танилцсан вэ?
- Би Эрдэнэт хотод МУИС-ын эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Хотод амьдрахдаа өөрийнхөөрөө төлөвлөж, ажил хийнэ гэж боддог байлаа. Гэхдээ амьдралын зам мөр хүн бүрт өөрөөр өрнөдөг юм билээ. Арван жилд байхад нөхөр маань надад хичээл зааж өгдөг, надаас зургаагаар ах хүн байсан. Тухайн үедээ ах шиг, багш шиг л хардаг байлаа. Цаг хугацаа өнгөрөөд бидний дунд холбоо тогтож, хоёр талын гэр бүл ч зөвшөөрч, сууж амьдрал зохиосон. Хөдөө гарахад эхэндээ жаахан хүнд байсан, гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам энэ амьдралдаа улам дурлаж, нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.
Та хоёр нэг нутгийн хүмүүс үү?
- Тийм ээ. Бид нэг сумын хүмүүс. Би дөрөвдүгээр баг, нөхөр маань хоёрдугаар багийн хүн. Надаас зургаа ах хичээл номд минь тусалдаг байсан.
- Таны өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ?
- Өглөө зургаан цагт үхэртээ гардаг. Сүүгээ хөөрүүлж, таргаа бүрэх гэх мэт өдөр бүр эхнээс нь хийдэг. Өдөрт 12 сарлаг саадаг. Зуны улиралд сүү, цагаан идээгээ хийж, өвөлдөө зардаг. Цагаан идээгээрээ өвлийн бэлтгэлээ хангадаг. Өвөлдөө хадгалсан сүү, цагаан идээгээ борлуулж, өвлийнхөө амьжиргааны гол орлогыг бүрдүүлдэг. Хөдөө цэвэр агаарт, хайртай хүмүүстэйгээ амьдрах сайхан.
- Сарлагийн сүү монгол үхрийн сүүнээс юугаараа өөр вэ?
- Монгол үхрийг бодвол сарлагаас сүү бага гардаг. Манай сарлагууд их номхон. Сүү нь өтгөн, өрөм нь сайн засагддаг. Цагаан идээ хийхэд илүү илчлэг, тослогтой болдог. Сүүлийн жилүүдэд хүмүүс идшиндээ сарлаг авах сонирхолтой болсон. Бяруу нь таван зуун мянгаас дээш үнэтэй. Бор сарлагийн мах их амттай гэж ярьдаг.
- Хөдөө амьдрахад хамгийн их таалагддаг зүйл юу вэ?
- Хөндөөний амьдралын хамгийн сайхан нь байгальтайгаа ойрхон амьдрах. Өглөө нар мандахад малаа дагуулан гарч, орой нар жаргахыг харж суухдаа бүх л ядаргаа арилдаг. Гэр бүлийнхэнтэйгээ хамт хөдөлмөрлөж, нэг нэгэндээ тусалж, бүтээж амьдарна гэдэг миний хувьд хамгийн том аз жаргал. Хотын амьдралд тийм сэтгэлийн тайван байдал, тийм амгалан оршихуй олддоггүй шүү дээ.
- Сүү, цагаан идээгээ хаана борлуулдаг вэ?
- Орон нутгийнхаа зах, худалдаанд хүргэдэг. Заримдаа хотын танилуудаараа дамжуулж захиалга өгдөг хүмүүс ч бий. Сарлагийн өрөм, аарц их эрэлттэй байдаг.
Таны цаашдын зорилго юу вэ?
- Сарлагийнхаа үүлдрийг сайжруулах, сүү цагаан идээгээ брэнд болгож гаргах хүсэлтэй. Бид хөндөөнийхөн зөвхөн малаа маллаад зогсохгүй, чанартай бүтээгдэхүүнээрээ дамжуулан үнэ цэн бүтээх хэрэгтэй гэж боддог.
-Баярлалаа.
Н.ОТГОНЖАРГАЛ: МИНИЙ ХАЙРТАЙ ХАР САРЛАГААС 3.8 ЛИТР СҮҮ ГАРЧ, “СҮҮТЭЙ САРЛАГ” ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛСЭН |
|