• Өнөөдөр 2024-05-10

Г.УУЖИМ: "Robot Challenge World 2023" тэмцээний цомын эзэн болохдоо багийнхаа гишүүдээр хамгийн их бахархсан

2023-08-22,   1006

          Бээжин хотноо зохион байгуулагдсан "Robot Challenge World 2023" тэмцээнд дэлхийн 24 орны 3000 гаруй оролцогчдын 1600 гаруй роботmой өрсөлдсөн "Монгол тэмүүлэл" сургуулийн баг 13 медаль хүртсэн билээ. Тэмцээнд амжилттай оролцсон багийн ахлагч Г.Уужимтай ярилцлаа.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?

            -Сайн байна уу, намайг Г.Уужим гэдэг. “Монгол тэмүүлэл” сургуулийн төгсөх ангийн сурагч, Atom роботын зохион бүтээгч. “Монгол тэмүүлэл” роботын клубийн ахлагч болж, багтаа чухал үүрэг гүйцэтгэсэн дээ үнэхээр баяртай байгаа.

- "Robot Challenge World 2023" тэмцээнд оролцсон талаараа ярихгүй юу. Олон амжилт үзүүлсэн баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

            -Маш гайхамшигтай, адармаатай, хөгжилтэй, гунигтай мэдрэмжүүдээр галзуу хулганад суусан юм шиг өдрүүд өнгөрлөө. Тэмцээнд оролцож, шагнал авч байх үедээ амьдралын хамгийн жаргалтай мөчүүдийг мэдэрсэн. Урт хугацааны хичээл зүтгэлийнхээ үр дүнг сайнаар авсан. Гэхдээ одоог хүртэл гайхдаг юм нь тэмцээний өмнөх Г.Уужим одоо ингээд медаль авсан талаарх түүхээ яриад сууна гэж огт бодоогүй. Багийнхан маань мөн адил бодоогүй л байсан байх. Ер нь бодох ч зав байгаагүй байх унтах ч завгүйгээр тэмцээндээ бэлдэж, оролцсон.

-Багийн ахлагчийн хувьд багийнхантайгаа, багштайгаа хамт амжилт үзүүлэх ямар байсан бэ?

            -Медаль гардуулах ёслолын үеэр Монгол Улсын төрийн далбаагаа өргөөд индэр дээр багаараа гарах мөч үгээр илэрхийлшгүй сайхан цаг үе байсан. Яг л кинон дээр гардаг үзэгдлийг биеэрээ туршиж буй мэт огшиж, догдолж нүдэнд нулимс бүрхээд л ирсэн. Тэр үед миний бодолд "Бид чадсан, бид чадсан. Энэ бүхэн та нарын минь ач шүү" гэдэг үг л орж ирээд байсан. Багийнхандаа үнэхээр их баярласан.

-Тэмцээнд ямар робот бүтээж оролцов. Роботынхоо санааг хэрхэн гаргасан бэ?        

            -Миний робот биеэ олон сольсон л доо. Анхны робот цэвэр оноо авах зориулалттай байсан. Харин энэ тэмцээн дээр terror буюу роботыг түлхэх цаашлуулах зориулалттай робот хийсэн юм. Гэхдээ миний робот энэ хоёр үйлдэлийг хийж чаддагаараа бусдаас өөр. Роботын санаа бол аль болох айлын роботыг олноор нь хамж авдаг байхаар бүтээгдсэн. Гурван мотор холбож араа тааруулсан учир хурд, хүчний гайхамшиг л гэсэн үг. Араанаас бусад бүх юм гараар бүтсэн, дугуйнаас авхуулаад их биеийг нь хүртэл гараараа хийсэн. Нэр бол алдарт "Real steel" киноны гол дүрийн роботын нэр байгаа юм. Шалтгаан нь “Хэчнээн жижигхэн харагдах ч хэнд ялагдахгүй шүү” гэж ерөөж энэ нэрийг өгсөн. Харин загвар нь хөл бөмбөгийн хаалгач шиг сунасан хоёр гартай, урдаас нь харвал муухай харчихсан мэт загвартай.

-Тэмцээнд хэр удаан хугацаанд бэлдсэн бэ. Роботоо хийхэд хүндрэлтэй зүйл гарсан уу?

            -Роботынхоо ерөнхий загварыг арванхоёрдугаар сард гарсан түүнээс хойш нэлээн хэдэн удаа засаж, янзалсан. Хийхэд мэдээж их хугацаа зарцуулна, зөндөө олон юм бодсон олон ч алдаа гаргаж, зассан. Алдаа болгон өртөг нэмж, засвар болгон цаг авсан. Ер нь робот бол яг л хүн шиг хэт их ачаалуулбал гэмтэх учраас удаан ажиллуулж болохгүй. Энэ бүхнээс илүүтэйгээр бичсэн код ажиллахгүй байх хамгийн хэцүү байсан. Тэр бүгдийн учрыг багш олдог учраас багшийгаа хүндлэхгүй байхын аргагүй. Ганцхан алдаа бус энэ хугацаанд гарсан бүх алдааг олж, засаж, зөвлөж дэмжсэн. Багш байгаагүй бол медаль авах нь битгий хэл роботоо бүтээж, ажиллуулж чадахгүй байх байсан.

-Бусад орны тэмцээнд орсон сурагчдаас Монгол Улсын багийн ялгарах давуу тал нь юу байсан бэ. Мөн эсрэгээрээ багт нь дутуу байсан сурах зүйл байсан уу?

            -Тэмцээнд оролцож байгаа бусад роботуудын бараг 70 хувь нь хийц, үүргийн хувьд адилхан байсан. Бүгд бөмбөг харвал дайр гэдэг нэг үүрэгтэй. Харин бидний хийсэн роботууд бүгд тусдаа үүрэгтэй, нэг нь роботтой мөргөлдөх, нөгөө нь бөмбөгөө оруул, үлдсэн нь нь хамгаал гэх мэт. Бодит "rugby" баг. Бас айлын роботууд зуурамтгай газар гөлгөр дугуйтай байсан нь маш тус болсон. Сүүлийн тоглолт болох хүртэл манай роботууд том хэмжээний гэмтэл аваагүй. Харин сөрөг тал нь гэвэл нэгт багийн ажиллагааны тогтворгүй байдал. Анхны том тэмцээн учраас бүгд сандарч нэгнээ сонсохгүй, оновчтой зөв үйлдэл хийхгүй байх асуудал гарсан ч дор бүр нь шийдвэрлэсэн. Багын спорт нэг нь мэрийгээд хождог биш шүү дээ.

Миний хувьд шүүгч нар бидний талд биш байгаа мэт санагдсан. Сүүлийн хэсэгт манайх Хятад Улсын багтай алтан медалийн төлөө өрсөлдсөн юм. Харин шүүгч нар нь жижиг алдаа гэхээргүй зүйлийг алдаа гэж үзэж эсрэг багт оноо өгч байсан. Цаг асуух үед эхлээд 50 секунд байснаа гэнэт 70 секунд болсон. Гэхдээ бид эцсийн дүнд ялж чадсан.

-Таны хувьд роботыг яагаад сонирхож судлах болсон бэ. Юу нь хамгийн их сонирхлыг татсан юм бэ?

            - Миний багын дурсамжид "Iron man"  кино үргэлж байдаг. Жаахан байхаасаа л роботтой тоглоом авахыг хүсдэг, болохгүй бол өөрөө ямар нэг юм эвлүүлээд тоглодог байсан. "Lego sumo " гэдэг роботын уралдаанд долдугаар ангидаа орсон.Роботод дуртай хүний хувьд үнэхээр гайхалтай эрдэнэс олсон мэт байсан. Гэхдээ хурдан гүнзгий явж чадаагүй. Харин аравдугаар ангид багшийн санал болгосон роботын клубт орсон. Анх ороод юу ч мэдэхгүй хүнд гар өрөм бариулаад "Энийг өрөмд" гэхэд нь өмнө нь өрөм барьж үзээгүй ч өрөмдөөд боолтын нүх байхаар нь боолт хийчихсэн. Тэгсэн тахийсан хэсэг байхаар нь  бас аваад янзалсан. Тэр үед харин яагаад ч юм “Tony Stark” агуйдаа роботоо хийж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ажиллуулж үзтэл хөдөлж байхаар илүү их арчилж, тордож эхэлсэн. Яг л дүүгээ өсгөж байгаа мэт мэдрэмж авсан. Тэр мэдрэмжийг мэдэрснээс хойш эргэлт буцалгүй роботын талаар судалж эхэлсэн.

-Тэмцээний үеэр болон өмнө нь багийн ахлагчийн хувьд ямар үүрэгтэй ажиллаж байсан бэ?

            - Багийн ахлагч багш нарын доор хариуцлага хүлээж, ажлын хөнгөвчилдөг. Мөн багынхаа тулгуур болж өгөх ёстой хүн юм билээ. Багын гишүүн гутрахад дээш нь сэргээдэг сэтгэл хөөрлийн зөв чиглүүлдэг байх ёстой. Ахлагч гэдэг бол багийг чирэх нь гол биш бусдад хөшүүрэг болж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй гэж миний хувьд бодогдог. Тоглолтын үед ахлагчийн гаргасан шийдвэр тоглоомын үед гол түлхүүр болж өгч чадна. Алдах эрх ховор учраас үргэлж гярхай байх шаардлагатай. Гэхдээ үнэнийг хэлэхэд би сайн үүрэг гүйцэтгэсэн гэж бодохгүй байна. Нуулгүй хэлэхэд тэмцээн дээр хамгийн их сандарсан хүн би байсан. Багийн хүмүүсээ байтугай өөрийгөө ч тайвшруулж чадаагүй. Баг хамт олонхоо ачаар сэргэлт авч тоглолтдоо анхаарсан.

-Багийнхантай хамтарч робот бүтээхээр болбол ямар робот бүтээнэ гэж боддог вэ. Энэ талаар бодож, мөрөөддөг зүйл бий юү?

            - Манай клубийн төсөлд бол хийж үзье гэсэн нэг том төсөл байгаа. Тэр нь цахилгаан машин бүтээх. Биеллээ болоогүй байгаа төсөл ч гэсэн боломжтой бол төгсөхөөсөө өмнө дуусгахгүй ч эхлүүлэхийг хүсэж байгаа.

-Монголчууд инженерчлэлийн чиглэлд сонирхолтой, энэ чиглэлээр сурч байгаа хүүхдүүдэд юу хамгийн том дэмжлэг болох вэ?

            - Олон жижиг  нийгэмлэг биш нэг том нийгэмлэг болоод тэмцээн уралдаан зохиовол илүү олон хүн оролцох байх. Учир нь нэг том нийгэмлэг төсөв сайн учир шагнал сайн өгнө. Мөн үйлдвэрлэл гэж хэлэхээр байна. Одоо ашиглаж байгаа материалын дийлэнхийг гадаадаас захиалж авдаг. Энэ асуудал дотоодоо шийдэгдвэл энэ чиглэл илүү хөгжих боломжтой гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд монгол хийгдсэн роботын загвар тоног төхөөрөмж, мотор дэлхийн жишигтэй тэнцүү байгаа.

-Ирээдүйд ямар чиглэлээр суралцах вэ?

            - Би ирээдүйд AI буюу хиймэл оюун ухааны чиглэлийг сонгоно. Тоологдошгүй их боломж, харьцуулшгүй их хурдаар өсөж буй мэдлэг гайхамшигтай шүү дээ.Хүмүүсийн гайхалтай нээлтүүдийг нэг. Бид шаардлагагүй мэргэжлүүдийг хийх хэрэггүй болж, хүмүүсийн буруугаас үүсдэг алдаа байхгүй болно. Би тийм л нийгмийг бүтээдэг хүн болмоор байна.

-Ирээдүйд роботын чиглэлээр суралцаж, бүтээхийг хүсдэг робот, программ бий юү?

            - Байгаа, "Iron man" Jarvis гэдэг хиймэл оюун ухаантай робот хийхийг хүсдэг. Хүн бүрийн найз байдаг, сэтгэл хөдлөлтэй робот бүтээх зорилго бага байхаас минь хойш байсан.


 

 


Г.УУЖИМ: "Robot Challenge World 2023" тэмцээний цомын эзэн болохдоо багийнхаа гишүүдээр хамгийн их бахархсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188