• Өнөөдөр 2024-05-03

Г.МИШЭЭЛ: Шагнал гардуулах ёслолын дэлгэц дээрээс Монгол Улсынхаа далбааг хараад догдолж, баярласан

2023-07-18,   1513

         Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдсан Олон улсын Биологийн 34-р олимпиадаас Монгол Улсаас дөрвөн сурагч оролцсоноос хоёр хүрэл медаль, болон тусгай байрт шалгарсан билээ. Дэлхийн 80 орны 304 сурагчтай өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Шинэ-Үе сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Мишээлтэй ярилцлаа.

-Олон улсын биологийн олимпиадаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. 80 орны 304 хүүхэдтэй өрсөлдөж хүрэл медаль хүртэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

                -Бусад орнуудын шилдэг хүүхдүүдтэй өрсөлдөж байгаагаа мэдэж байсан ч өөртөө итгэлтэй байсан. Олимпиадад бэлтгэсэн Д.Чинзориг багшийн олон улсын биологийн олимпиадад өндөр амжилт үзүүлсэн шавь нартай уулзаж зөвлөгөө авсан нь надад урам өгсөн. Шагнал гардуулах ёслолын дэлгэцэн дээр Монгол Улсынхаа далбааг хараад их догдолж, баярласан. Миний нэрийг дуудсаны дараа суудлаасаа тайз руу очих зам дуусашгүй мэт санагдсан. Хамгийн хурдаараа алхаж байхдаа  бүх хүмүүс над руу харж байгааг мэдрээд бүдрээд уначихгүй юмсан гэж их бодсон.

-Оролцсон анхны олон улсын олимпиад байв уу. Сандарсан уу сандралаа хэрхэн давсан бэ.Юун дээр анхаарах хэрэгтэй юм шиг санагдав?

                -Биечлэн оролцсон анхны олон улсын олимпиад байлаа. Арванхоёрдугаар сард анх удаа олон улсын биологийн цахим олимпиадад оролцож, хүрэл медаль хүртсэн. Арабын Нэгдсэн Эмират Улсад очоод бусад орны хүүхдүүдтэй танилцаж, хэзээнээс бэлдэж эхэлсэн, улсаас нь олимпиадын бэлтгэлийг хэрхэн дэмжиж өгдгийг сонсоод медаль авах нь амаргүй даваа мэт санагдсан. Шалгалт эхлэхээс өмнө танхим нь хүйтэн байснаас болсон уу, сандарснаас болсон уу, гар чичрээд л байсан. Дулаацах боломж байгаагүй болохоор шалгалтынхаа турш чичирсэн хэвээрээ даалгавруудаа хийгээд гарч ирсэн. Ер нь биологийн олимпиадын хувьд асуултуудаа анхааралтай уншихаас гадна их хэмжээний текст унших шаардлагатай байдаг учраас чадахаараа хурдан хийх хэрэгтэй.

-Өмнө нь ямар олимпиадад орж амжилт гаргасан бэ. Олимпиадад оролцохын юу нь хамгийн гоё санагддаг вэ?

                -Дунд ангид сурч байхдаа сургуулийн болон ОХУ-ын их сургуулиудаас цахимаар зохион байгуулдаг орос хэл, математикийн олимпиадуудад ордог байсан. "Кенгуру" олон улсын математикийн олимпиадад тогтмол ордог байсан. Нэг удаа алтан медаль, хэд хэдэн удаа хоёрдугаар зэргийн диплом авсан. Зорилт тавьж олимпиадад бэлдээд зорилтдоо хүрэх нь гоё санагддаг.

-Биологийн олимпиадаас хамгийн хэцүү даалгавар нь юу байсан бэ?

                -Онолын болон дадлагын шалгалтууд бүгд цагтаа амжихгүй хүндрэлтэй байсан ч биохимийн дадлага ажил дээр тааруухан оноо авсандаа жаахан харамссан. Спектрофотометрийн хэмжилт орж ирнэ гэж төсөөлж байсан ч энзимийн хроматографи гээд төсөөлснөөс өөр даалгавар орж ирсэн учраас яах учраа мэдэхгүй хэсэг сандарсан. Өмнө нь тийм туршилт хийж байгаагүй, хөнгөн уншаад өнгөрсөн сэдэв байсан болохоор учрыг нь олох гэж нэлээн цаг алдсан. Туршилтын үр дүн нь тухайн дадлага ажлын нийт онооны гуравны нэгийг эзэлдэг. Нэг л алдаа гаргавал ихэнх оноогоо алдах эрсдэлтэй учраас сэтгэл санааны хувьд хэцүү санагдсан. Дээрээс нь нарийн гар ажиллагаа шаарддаг учраас хамгийн амаргүй сорилт байсан.

-Тус олимпиадад хэр хугацаанд бэлдсэн бэ. Олимпиадад оролцох бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

                - Анх биологийн олимпиадад аравдугаар сараас бэлдэж эхэлсэн. Гэхдээ олон улсын олимпиадад оролцох болсноо мэдээд илүү эрчимтэй бэлдсэн. Хоёрхон сарын хугацаанд арав гаруй сурах бичиг унших хэрэгтэй болсон учраас өдөрт зургаагаас илүү цаг унтаагүй. Хичээлийн дараа цонхтой цагаараа биологийн Д.Чинзориг багшаасаа давтлага авдаг байсан. Биологи сонирхогч хүн бүрийн ширээний ном болсон Кэмпбеллийн Биологи номыг энэ хичээлийн жилдээ багтааж дуусгах төлөвлөгөө гаргасан. Багшийнхаа чиглүүлсний дагуу сурах бичиг уншиж мэдлэгээ бататгах сорил тест хийдэг байсан. Үүнээс гадна өмнөх жилүүдийн Олон улсын биологийн олимпиадын материал дээр ажиллаж анализ хийсэн. Дадлагын шалгалтуудад бэлтгэж, МУИС-ийн биологийн тэнхимийн багш нарын давтлагад дөрвөн долоо хоногийн турш хамрагдсан.

-Олон төрлийн хичээлүүд дундаас биологийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах болсон шалтгаан байгаа юу?

                -Дунд ангид байхдаа биологийн чиглэлээр мэргэжил эзэмшинэ гээд шийдчихсэн байсан. Тухайн үед биологийн хичээл долоо хоногт ганц удаа л ордог байсан. Хичээл дээр үзэж амжаагүй сэдвүүдээ бие дааж уншихаас гадна видео хичээл үзэж биологид дуртай болсон. Дунд ангийн хими, биологийн багш Данилова Е.В намайг урамшуулж хими, биологийн хичээлд илүү сонирхолтой болгосон.

-Гэр бүлийнхэн, багш нар нь хэрхэн тусалж, дэмждэг вэ?

                -Гэр бүлийнхний  минь хувьд намайг олимпиадад бэлдээд завгүй байгааг ойлгож гэрийн ажилд аль болох бага оролцуулдаг. Бусад хичээлийн багш нар мөн ойлгож даалгавруудаа нөхөж хийх боломж олгосон. Д.Чинзориг багш  хэрэгтэй сурах бичиг, материалаар хангаж, ойлгоогүй хичээл бүрийг  тайлбарлаж өгдөг байсан. "Шинэ-Үе" сургуулийн биологийн лабораторид бэлтгэлээ хангахад их тухтай байдаг. Мөн энэ жилийн улсын олимпиадад түрүүлэхэд миний гаргасан амжилтыг урамшуулж сургалтын төлбөрийг 100% хөнгөлөх тэтгэлэг олгоход үнэхээр их урам авсан.

-Биологийн хичээл хамгийн сонирхолтой зүйл нь юу байдаг вэ?

                -Амьд бие организмыг бүрдүүлдэг хамгийн жижиг хэсгүүд болон механизмуудыг биохими талаас нь судлах хамгийн сонирхолтой. Мөн атом молекул, эсийн бичил түвшнээс авхуулаад экосистем хүртэлх том түвшинд судалдаг, судлагдахууны хүрээ өндөр зэрэг онцлогтой.

-Хүн бүрд өөрсдийн амжилттай суралцах арга гэж байдаг шүү дээ. Таны хувьд ямар арга барилаар суралцдаг вэ?

                -Товч бөгөөд тодорхой, өөрт ойлгомжтойгоор тэмдэглэл хөтөлдөг. Миний хувьд номоо уншаад дэвтэр дээр тэмдэглэл хийхээр орон зай болон харааны ойд сайн тогтож үлддэг. Жишээлбэл дэвтрийнхээ аль хуудсан дээр ямар үгийг ямар өнгөөр тодруулснаа санадаг.

-Биологийн хичээлийг сайн хийхийн тулд юуг хамгийн сайн ойлгох хэрэгтэй вэ?      

                -Зарим хүн биологийг байгалийн ухааны хичээлүүд дундаас хамгийн амархан нь гэж ойлгодог. Гэхдээ биологийн хичээлийг сайн ойлгохын тулд хими, физик, математикийн суурьтай байх хэрэгтэй юм билээ.

-Ирээдүйн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

         -Ойрын зорилт гэвэл дараа жил Казахстан Улсад болох Олон улсын Биологийн Олимпиадад оролцож амжилтаа ахиулах. Цаашдын зорилтуудаас дурдвал англи хэлний оноогоо авахаас эхлээд personal statement эсээгээ бичих, дэлхийн шилдэг их сургуульд тэтгэлэгтэй тэнцэхийг зорьж байна.

-Үеийн найзууддаа хэлэхийг хүсдэг үг, зөвлөгөө бий юу?

            - Дуртай болон дургүй зүйлээ ялгаж, өөрийгөө мэддэг болох нь чухал. Гэхдээ дургүй байлаа гээд дөлөөд халшрах хэрэггүй. Өөрийн жишээнээс хуваалцахад анх биологи миний хамгийн дургүй, сайн дүн авч чаддаггүй хичээл байсан. Шалгалтандаа муу авчхаад ээждээ гомдоллоход ээж маань "Арай биологич болчих юм биш биз дээ" гэж хэлж байлаа. Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэдэг шиг хэлсэн үг нь үнэний ортой бололтой. Мөн ирэх жил олимпиадад оролцохоор бэлдэж байгаа үе тэнгийхэндээ амжилт хүсье.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

 


Г.МИШЭЭЛ: Шагнал гардуулах ёслолын дэлгэц дээрээс Монгол Улсынхаа далбааг хараад догдолж, баярласан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 13:32:04
    zochin: Erdemt xun daruu ix murun dulguun gedeg dee Erdemiin orgil ruu matsaj garax zam chini shuluun dardan baix boltugai
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-18 12:37:18
    Б.Нарантуяа: Мундаг багш ,шавь хоёрт баяр хүргэж ,улам их амжилт хүсье.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188