• Өнөөдөр 2024-04-19

APho физикийн олимпиадын хүрэл медальт Л.Дөлгөөн: Хүрэл медаль хүртэхэд багш минь надаас илүү баярлаж, бахархсан

2023-05-29,   3179

             Л.Дөлгөөн бол 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Тэрбээр Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэж, Монгол Улсад 14 жилийн дараа дахин хүрэл медаль авчирсан бахархам амжилтын эзэн. Түүнтэй олон улсын олимпиадад гаргасан амжилт болон  хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцсанаа  хүргэж байна.

-Азийн Физикийн 23 дахь удаагийн олимпиадаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе. Физикээр хэдэн жил хичээллэж байгаа вэ?

                -Би зургадугаар ангиасаа физикийн олимпиад оролцож эхэлсэн. Хамгийн анх Ц.Ханд багшийн нэрэмжит физикийн олимпиадад оролцож, тусгай байрт шалгарч байлаа. Түүнээсээ урамшиж, тасралтгүй дүүрэг, улсын олимпиадуудад оролцох болсон. Цар тахлын хөл хорионы үеэр л олимпиадад ороогүй байх. Сүүлийн хоёр жил Казакстаны физикийн олимпиадад орсон. Энэ нь Азийн Физикийн олимпиадад  ороход их туршлага боллоо.

-Монгол Улс Азийн физикийн олимпиадаас 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртэж байгаа юм билээ. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?

                -Хүрэл медалийн болзол хангасан талаар багш маань надад хэлсэн л дээ. Тухайн үед итгээгүй багшаасаа үнэн эсэхийг хэд дахин лавлаж асуусан. Багш минь надаас илүү баярлаж, бахарсан. Гэр бүлийнхэнтэйгээ баярт мэдээгээ хуваалцахад хамгийн сайхан нь байлаа. Ээж минь бүр нулимс дуслуулсан. Намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн минь байгаагүй бол өнөөдрийг хүртэлх бүх амжилтыг гаргаж чадахгүй байх байсан. Үргэлж миний хажууд байж тусалж дэмдэг гэр бүлийнхэндээ маш их баярладаг.

- Бэлдсэн багшийнхаа  талаар дурдахгүй өнгөрч болохгүй шүү дээ. Азийн физикийн олимпиадад хэр удаан бэлдсэн бэ?

                -Өнгөрсөн жилд Азийн физикийн олимпиад Монгол Улсад зохион байгуулагдана гэдгийг мэдээд, бэлдэж эхэлсэн. Намраас бэлтгэлээ илүү эрчимжүүлж, их сургуулийн багш нар дээр очиж давтлага авсан. Тус олимпиадад Монгол Улс 16 хүүхэд шалгаруулж, багаа бүрдүүлсэн. Багт багтахын төлөөх өрсөлдөөн ширүүн байсан шүү. Нэг олимпиадад л муу оролцоход эхний 16 хүүхдийн нэгээс хасагдах магадлалтай байсан учраас их хариуцлагатай жил байлаа. Олимпиадад оролцох эрх авчхаад зорилгоо биелүүлсэн юм шиг санагдсан. Заавал шагнал авах ёстой гэж өөр дээрээ хэт дарамт аваагүй ээ. Чадах бүхнээ хийгээд гарч ирнэ л гэж бодсон. Харин хүрэл медаль хүртсэнээ сонсох зүүд мэт л байсан.

Физикийн хичээлийн суурийг тавьж, анхны хичээлийг минь заасан 11 дүгээр сургуулийн физикийн багш ,Ж.Хатанбаатар багш маань миний өнөөдрийг хүртэлх замыг хамгийн сайнаар тавьж өгсөн хүн. Хичээлээ сонирхолтой зааж, сурах хүсэл эрмэлзэл өгдөг багшдаа үргэлж талархдаг. Багш минь Азийн физикийн олимпиадад амжилттай ороорой гэсэн даалгавар өгсөн. Даалгавраа амжилттай биелүүлсэндээ баяртай байна. Их сургууль дээр хүлээж авч хичээл заасан Мөнхбаатар, Улам-Оргих, Отгонбаатар багш нартаа маш их баярлалаа. Мөн “Green school” сургуулийн Түвдэндорж багш сургууль дээрээ хүлээн авч, биднийг байршуулж, олимпиаддаа бэлдэх боломжийг олгосон.

-Олон төрлийн хичээл байгаа шүү дээ. Тэр дундаас физикийн хичээлийн яагаад сонгож, гүнзгийрүүлэн сурсан бэ?

                -Зургадугаар ангидаа анх физикийн хичээлтэй танилцаж байлаа. Сурч эхлээгүй байхдаа физикийн хичээлээс их айдаг, чадахгүй юм шиг санагддаг байсан. Тэгээд заалгаж эхлээд энэ хичээлд хамгийн дуртай болсон. Үнэхээр сонирхолтой үргэлжлүүлээд сураад л баймаар, багш заагаагүй байхад очоод асуумаар санагдуулдаг  гоё хичээл гэдгийг нь мэдсэн. Амьдрал дээр болж байгаа, бидний цаад утгыг нь мэддэггүй зүйлийг физикийн ухаан тайлж, амьдралыг илүү хялбараар харахад тусалдаг юм шиг санагддаг.

-Олимпиадад оролцох бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

                -Азийн физикийн олимпиадаас өмнө хичээлийн бус цагаар багштайгаа бэлддэг байсан. Улс, дүүргийн олимпиадад оролцохын өмнө бусад хичээлээс чөлөөлөгдөж, сургууль дээрээ бэлтгэл хийдэг. Азийн физикийн олимпиад болохоос өмнө багаараа 8-20 цаг хүртэл сууж, долоо хоног эрчимтэй бэлдсэн.

-Хүн бүрд өөрсдийн амжилттай суралцах арга гэж байдаг шүү дээ. Таны хувьд ямар арга барилаар суралцдаг вэ?

                -Хүн ер нь хамгийн их сонирхсон, дуртай зүйлээ хамгийн сайн сурдаг гэж боддог. Мэдэхгүй сэдэв, шинэ хичээл сурахдаа “цаад санаа, юуг илэрхийлэх гэж байна, бидний амьдралд юу нь ойрхон бэ” гэж бодож, амьдрал дээр ойрхон жишээ авч сурахыг хичээдэг. Мөн тууштай байдал хамгийн чухал. Нэг, хоёр сар өдөр шөнөгүй суугаад бэлдээд долоо хоног огт хичээл бодохгүй өнгөрүүлэхэд л бүх зүйлээ мартана. Тиймээс нэг дор олон цагаар хийхдээ бус өдөр бүр бага цагаар хичээллэж, бэлдэх, эргэн санах нь илүү үр дүнтэй сурах арга юм шиг санагддаг.

ДЭЛХИЙГ ЦООЖТОЙ ЗҮЙРЛЭВЭЛ ФИЗИКИЙН УХААН ТҮЛХҮҮР НЬ

-Олон олимпиадад оролцохдоо бүгдэд нь хичээл зүтгэл гаргасан байх. Тэр дундаас хамгийн их сэтгэлд үлдсэн олимпиадынхаа талаар ярихгүй юу?

                -Нийслэлийн физикийн олимпиадыг хамгийн хүнд, өрсөлдөөн ихтэй гэж боддог. Учир нь, дүүрэг, дүүргээс шалгарсан хамгийн шилдэг хүүхдүүд оролцдог. Үүнээс улсын олимпиадад есөн хүүхэд л шалгарч, оролцох эрэхээ авдаг. Би энэ жилийг хүртэл тус олимпиадаас шагнал авч үзээгүй байсан юм. Энэ жил оролцохдоо дутуугаа гүйцээхийг хүссэн учраас эрчимтэй бэлдэж, тавдугаар байрт шалгарсан. Хоёр жил дараалан улсын физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн.

-Олон олимпиад, шалгалтад бэлддэг учраас сэтгэл зүйгээ хэрхэн тайван байлгадаг вэ?

                -Өдөр бүр, цаг тутамд хичээл хийгээд  байвал сэтгэл зүй тогтворгүй болно шүү дээ. Байнга сууж, хичээл хийхээр биеийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлнө. Би багаасаа сагсан бөмбөг их сонирхдог, хичээллэдэг хүүхэд байсан. Тиймээс хичээлээ хийснийхээ дараа чөлөөт цагаараа найзуудтайгаа сагсан бөмбөг тоглодог. Хичээл хийгээд ядарсан тархиа кино үзэх, унтах зэргээр амрааж, сэтгэл зүйгээ ч тогтвортой болгодог. Гэр бүлийнхнээсээ урмыг үг сонсох хамгийн сайхан. Ер нь сурагчийн сэтгэл зүйд гэр бүлийн урмыг үг их чухал юм билээ.

-Физикийн хичээлд дуртай болгосон, сонирхлыг нь татсан зүйл юу байсан бэ?

                -Миний физикийн ухаанд дуртай болсон шалтгаан бол багш маань байсан. Хичээлийг нүдэнд харагдтал зааж өгдөг. Мөн миний хувийн зан чанартай их тохирдог юм шиг санагддаг. Аливаа зүйлийн учрыг тайлах, цаад утга учрыг нь олдог. Физик яг л эвлүүлдэг тоглоомтой ижилхэн. Дэлхий ертөнцийг цоожтой зүйрлэвэл, физикийн ухаан түлхүүр нь юм шиг санагддаг.

-Цаашид физикийн чиглэлээр сурч ажиллан гэж боддог уу, ямар мэргэжил эзэмших вэ?

                -Азийн физикийн олимпиад бол босго өндөртэй, чансаа сайтай олимпиад. Олон улсын олимпиадуудаас илүү өндөр чансаатай. Энэ жил Япон Улсад болох физикийн олимпиадын эрхээ авсан. Тус олимпиадад амжилттай оролцох юм бол гадаадын нэр хүндтэй их сургуульд элсэх боломж нээгдэнэ. Тиймээс амжилттай оролцохыг зорьж, бэлдэж байна. Ирээдүйд квантийн чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа. Гадаад сайн боловсрол эзэмшээд, сурсан мэдсэн зүйлээрээ эх орондоо хөрөнгө оруулж, хөгжүүлэхийг хүсдэг.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.


 

 


APho физикийн олимпиадын хүрэл медальт Л.Дөлгөөн: Хүрэл медаль хүртэхэд багш минь надаас илүү баярлаж, бахархсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-30 13:07:47
    С.Ариунжаргал: Дүү Хатанбаатараа улам их амжилт хүсье
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188