• Өнөөдөр 2024-04-26

Кикбоксын тамирчин Н.АЛТАНБАЯР: Өөрийгөө сорихын тулд насан хүрэгчдийн ангилалд орж, алтан медаль хүртлээ

2023-01-21,   1722

          Кикбоксын аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгчдийн 19-34 насны ангилалд тэргүүн байр эзэлж, аварга болсон 17 настай залуу тамирчин Н.Алтанбаяртай ярилцлаа. Тэрбээр өсөх ирээдүйтэй кикбоксын тамирчнаас гадна гар бөмбөгөөр есөн жил хичээллэсэн нэгэн билээ.

-Кикбоксын насанд хүрэгчдийн тэмцээнээс алтан медаль авсан танд баяр хүргэе. Тус спортоор хичээллээд хэр удаж байгаа вэ?  
 
           -Би дунд сургуулиасаа ширээний теннис, волейбол, усан спорт, жүдогоор тус тус хичээллэж байсан. Эдгээрээс волейболыг дөрөвдүгээр ангиасаа сонгон хичээллээд  есөн жил болж байна. Харин кикбоксоор хичээллээд хоёр жил болж байгаа. 
 
-Кикбоксын юу нь таны сонирхлыг татсан юм бэ. Тулааны спортоор хичээллэж эхэлсэн үеэ дурсахгүй юу?  
 
              -Анх энгийн боксын спортын талаар сонирхдог, тэмцээнүүдийг нь үздэг байлаа. Кикбоксын хувьд гар ашиглахаасаа илүү хөлөөрөө өшиглөдөг нь илүү сонирхолтой санагдсан. Гараар цохихоос илүү өшиглөдөг техник нь надад таалагддаг. 
 
 -Тулааны спортоор хичээллэж эхэлснээсээ хойш хэр олон тэмцээнд оролцсон бэ. Тэр дундаас хэдэн удаа аварга болсон бэ? 
 
               -Кикбоксоор хичээллэсэн хоёр жилийн хугацаанд найман тэмцээнд оролцож, дөрвөн удаа аваргын тавцан дээр гарсан байна. Ямарч спортоор хичээллэхэд эхнээсээ техникийн дагуу суралцах нь чухал. Тэр дундаа энэ тулааны спортыг зөв техник ашиглаж суралцах хэрэгтэй гэж боддог. Энэ удаа улсын төвийн бүсийн Кикбоксын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн насандаа биш, насанд хүрэгчдийн ангилалд нас өгсөж оролцлоо. Би 17 настай ч өөрийгөө сорьж үзэхийг хүссэн учраас насанд хүрэгчдийн 19-34 насны 70 килограммын ангилалд тулалдлаа. Миний насны төрөлд 70кг ангилал байгаагүй. Гэхдээ энэ тэмцээнд зориулж бэлтгэл хийсэн учраас, хөдөлмөрөө хий дэмий салхинд хийсгэхийг хүсээгүй ээ.  
-Өөрөөсөө ах, туршлагатай тамирчидтай өрсөлдөх ямар байсан бэ ?  
 
               -Волейболоор хичээллэж байгаа учраас биеэ жигд хөгжүүлэхийг хичээж байна. Энэ нь кикбоксын спортод давуу тал болдог. Би кикбоксын тамирчид дундаа өндрүүдийнхээ тоонд багтдаг, нэг талын давуу тал шүү дээ. Бие бялдрын хувьд насанд хүрэгчдээс илүү гарсан эсвэл дутсан зүйл байгаагүй. Илүү ухаан гаргаж тулалдах шаардлага гарсан. Тэмцээнүүдэд олон жилийн туршлага, ур чадвартай хүчтэй өрсөлдөгчид байсан.  
 
-Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?  
 
            -Олон улсын тэмцээнд оролцох эрх авсан. Гэхдээ би өөрийгөө арай болоогүй гэж боддог, илүү туршлагатай, мэргэшсний дараа оролцоно. Тулааны спортын хувьд бол хоёр жилийн хугацаа бол бага тоо шүү дээ.  
 
-Кикбокс тулааны спорт учраас бэртэх тохиолдол цөөнгүй гардаг байх. Хүү нь тулааны спортоор хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?  
 
               -Тулааны спорт учир тэмцээний дараа үргэлж жижиг, том бэртэл авсан байдаг. Энэ удаагийн тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд оролцож, толгойндоо хэд хэдэн хүнд цохилт авсан учраас тархи доргиосон байсан. Мөн байнга өшиглөлтийн техник хэрэглэдэг учраас хөл бэртдэг. Тиймээс тэмцээн бүрийн дараа эмчилгээ хийлгэдэг дээ. Гэр бүлийхэн маань спортоор хичээллэхэд үргэлж дэмждэг. Миний өвөө Хорлоогийн Цэндбаяр гэж Төв аймгийн заан үндэсний бөхөөр сайн барилддаг нэгэн байсан гэдэг. Үндэсний бөхөөр яг барилдаг хүн манай гэр бүлд байхгүй ч, үргэлж спорт сонирхож дэмжсээр ирсэн.  
 
-Дэмжээн дээр гарч тулалдахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ? 
 
              -Миний хувьд тогтмол кикбокс, волейболын бэлтгэл сургуулилт хийж туршлагатай тамирчид, багш нараасаа суралцаж байна. Бэлтгэл сайтай тамирчин сэтгэлзүй өндөр, бие бялдар, хурд хүч сайтай байдаг. Тиймээс яг тэмцээнд оролцох үед "Өрсөлдөгчтэйгөө хэрхэн тулалдах вэ" гэж боддог. Энэ дамшрамд үргэлж дэмжиж, зөвлөж, тусладаг багш дасгалжуулагч, арын албанд ажилладаг дэмждэг ах эгч,найз нөхөд, гэр бүлийхэндээ үргэлж талархаж явдагаа хэлмээр байна. Миний багш дасгалжуулагч Олон улсын хэмжээний спортын мастер, Монголын кикбокс сонирхогчдын холбооны нарийн бичийн дарга, “Мишээл” клубыг үүсгэн байгуулагч Очирбатын Алтанпүрэв Монгол Улсад кикбоксын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг энэ спортоор мэргэжлийн түвшинд хичээлэхэд үргэлж зааж зөвлөж, дэмждэгт маш их баярлалаа.  
 
-Хамгийн анхны оролцож байсан тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Залуу тамирчины хувьд дэмжээн дээр тулалдаж байхдаа юу мэдэрсэн бэ?  
 
              -Кикбоксоор зургаан сар хичээллээд шууд улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Дэвжээн дээр гарч, эхний тулаанаа хийхэд жаахан сандарсан. Тэгж эхний ялалтаа авчхаад дараагийн тулаанаа хүлээхдээ ямар техникээр тулалдах уу гэдгээ багштай ярилцаж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсэн. Манай багш тухайн тамирчинтай хэрхэн ажиллаж, харьцахаа мэддэг мундаг хүн бий. 
 
 -Тус спорт тамирчинд юуг зааж, ямар бэлтгэлтэй байхыг шаарддаг вэ? 
 
           -Миний бодлоор бид бусад тамирчнаа илүү хүндэлдэг. Өөрөөр хэлбэл бусдыг хүндэтгэх, тэвчээртэй байхыг сургадаг. Тулаан болон бөхийн бэлтгэл тамирчнаас хүнд бэлтгэл хийлгэж, хэцүүг давах тэвчээртэй болгож хүмүүжүүлдэг. Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч сургаж, ямар ч бэрхшээлийг даван туулах чадварыг суулгахад чиглэгддэг гэж ойлгодог. 
 
 -Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?  
 
           -Би ганцхан кикбоксоор хичээллэдэггүй. волейболын багт, Мишээл клубтээ кикбоксын дасгал сургуулилт хийдэг. 
 
 -Гар бөмбөгөөр яагаад хичээллэх болсон бэ. Багтаа ямар үүрэгтэйгээр тоглодог вэ?  
 
          -Би Баянгол дүүргийн волейболын шигшээ багийн тамирчин. Волейбол тоглож байхдаа хийдэг үсрэлтүүд миний анхаарлыг татаж байсан юм. Их чамин спорт шиг санагдаж байсан л даа. Би багтаа    өндрийн довтлогчийн байрлалд тоглодог.  
 
-Кикбоксын тулаан хийхээсээ өмнө дэмжээн дээр гарахдаа юуны талаар бодож төлөвлөдөг вэ? 
 
            -Би дэвжээн дээр гарахаасаа өмнө биеэ халааж эхэлдэг. Дэвжээн дээр гарахдаа үргэлж сандарсан мэдрэмж авдаг. Тиймээс дэвжээн дээрээ хоёр удаа үсэрч, орчноо мэдэрч, өөрийгөө тайвшруулдаг. 
 
 -Ахлах сургуулиа төгсөөд ямар мэргэжлээр суралцах вэ?  
 
            -Би инженерийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байна. Гэхдээ хэзээ ч спортоо орхилгүйгээр чансаагаа дээшлүүлэн суралцахыг зорьж байна. Цаашид кикбокс, волейболоор мэргэжлийн түвшинд хичээллэж, тив дэллхийд Монгол Улсынхаа нэрийг дуудуулах хүсэл мөрөөдөлтэй. Мөн инженерийн чиглэлээр суралцаж, эх орноо хөгжүүлэхэд гар бие оролцох хүсэл зорилготой байна.  
 
-Спортоор хичээллэж байх үедээ шантарсан үе бий юү? 
 
           -Гар бөмбөгөөр анх хичээллэж байх үед бага байхдаа надад тулж харьцаж зааж өгөх хүн байгаагүй. Тэр утгаарай сайжрахыг хүссэн ч тулж чиглүүлэх хүн байгаагүй учраас жаахан хэцүү санагдаж байсан.  
 
-Дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?  
 
              -Энэ жил волейболын дээд лигт орохыг хүсэж, зорьж, бэлтгэлээ хийж байна. Харин кикбоксын хувьд залуучуудын улсын аваргад амжилттай оролцохыг зорьж байна. Мөн цаашлаад илүү сайн, мэргэжлийн тамирчин болохыг хүсэж, суралцаж байгаа. 
 
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. 
 
              -Баярлалаа. 
 

Кикбоксын тамирчин Н.АЛТАНБАЯР: Өөрийгөө сорихын тулд насан хүрэгчдийн ангилалд орж, алтан медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-11 14:56:29
    Зочин: Илүү тод, гэрэлт ирээдэй хүлээж байна Залуу минь Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 17:12:37
    Ака багш: Чамд их боломж бий, бүү шантраарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-21 12:16:23
    Ягаан эгч нь: Миний дүү мундаг байна ирээдүйд сайн ьамирчин болно итгэлтэй байна бие сайн халааж бэртэл гэмтэлээс болгооижилж байгаарай манай удмаас сайн тамирчид олон төрж тив дэлхийд алдар нэрээ өргөх болно амжилт
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188