• Өнөөдөр 2024-05-06

ЗУРААЧ А.АЗЗАЯА: Үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ зургаар харуулдаг

2022-12-11,   896

      Булцгар хацар, хоёр хувааж боосон үс, ягаан малгайтай цамцтай охины дүртэй зурагт номыг харсан хүн бүрд инээд, аз жаргал мэдрэгдэнэ. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсийг хөгжилтэй комикс зураг болгодог зураач А.Аззаяатай ярилцлаа. Архитектур мэргэжилтэй тэрбээр үгээр хэлэхийг хүссэн зүйлээ зургаар дамжуулан  харуулдаг гэнэ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

             -Сайн уу, Намайг А.Аззаяа гэдэг. Чөлөөт цагаараа зурагт ном  зурж “Азука”  цахим хуудсанд нийтэлдэг.

-Зурсан зургийг нь хүлээдэг олон уншигчтай болжээ. Цахим хуудсанд зурсан зургаа хуваалцаж эхэлсэн үе нь хэзээ вэ?

           -Багаасаа зурдаг байсан. Тоглоом тоглож байгаа юм шиг л сараачаад хүссэнээрээ зурдаг байлаа. Гэхдээ илүү нухацтайгаар хандаж зурж эхэлсэн нь наймдугаар ангиас хойш юм байна. Ахлах сургуулиа төгсөж,  элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа орчихсон  завтай байх үедээ цахим хуудаснаа нээж зурсан  зургуудаа нийтэлж эхэлсэн. Ингээд бодсон чинь 2017 онд эхэлсэн гэхээр хэдийн таван жил өнгөрчээ.

-Зурсан зургууд нь өөр газар байршсан ч таны зурсан гэдэг нь танигддаг шүү дээ. Өөрийн зургийн хэв маягийг олох гэж хэр удсан бэ?  

         -Арванхоёрдугаар ангиасаа манга сонирхож зурж эхэлсэн. Анимэ, манга маягийн зураглалд анхнаасаа бусдаас илүү дуртай байсан. Эхлээд дуртай зураачдынхаа зургийг дуурайж зурдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам зурах хэв маягаа олдог юм билээ. Таалагдсан зураглалаа олсон учраас хөгжүүлж, сайжруулж эхэлсэн. Миний бодлоор хэв маягаа олох гэдэг нь зураач өөртөө хамгийн таалагддаг зураглалыг олох тасралтгүй процесс гэж боддог. Гэхдээ тухайн зураглалаараа байнга зураад байхгүй. Хүний өсөж хөгжиж, сонирхол нь өөрчлөгддөг шиг л хэв маяг ч өөрчлөгддөг.



-Зургийн олон төрөл байдаг шүү дээ. Яагаад зурагт ном зурдаг  болсон юм бэ?

           -Би дунд ангиасаа анимэ үздэг байсан. Зураглал, зохиол нь илүү боловсронгуй байдаг болохоор таалагддаг. Шинэ анимэ долоо хоногт нэг л анги гаргадаг болохоор хүлээх хэцүү санагддаг байлаа. Үзэж байгаа анимэныхаа зурагт номыг  санаандгүй байдлаар үзэж байсан юм. Будаж, хөдөлгөөнд оруулахын өмнөх зурагт номын хэлбэр нь гэсэн үг л дээ. Англиар нь олдож байсан болохоор англи хэлээ давхар сайжруулах зорилгоор уншиж эхэлсэн. Тэгээд арванхоёрдугаар ангидаа манга хийдэг “МОСТ” нэртэй  монгол сэтгүүл байдгийг мэдсэн. Уншаад үзсэн улам сонирхолтой санагдаж, таалагдсан болохоор сэтгүүлийнх нь нээлтэд дээр очиж уулзаад, манга зурж сурах сонирхолтой байгаагаа хэлсэн. Миний сонирхлыг маш уриалгахан хүлээн авч манга зурах тухай эхнээс нь зааж өсгөн. Анхны мангагаа зурж дуусгаад тус сэтгүүлд хэвлүүлж байлаа.

    МОСТ сэтгүүлд таван жил гаруй ажиллаад, өнгөрсөн жил дипломоо бичихэд бүрэн хандуулахаар шийдэж ажлаасаа гарсан. Таван жилийн хугацаанд 15 гаруй манга, нэг бүтээлийн түүвэр нийтлүүлсэн. Олон зүйл зааж өгсөн хамт олондоо их баярладаг.

    Өөрийгөө сорьж үзмээр санагдаад “Silent manga audition” тэмцээнд түрүү жил оролцсон. Ямар ч текстгүйгээр мангагаа зуран санаагаа ойлгуулах хэрэгтэй гэсэн үг. Дүрүүд нь үг хэлэхгүй учраас  олон улсаас оролцогчид бүтээлээ явуулдаг тэмцээн байгаа юм. Шагналт байранд ороогүй ч гэсэн бүтээл минь дурдагдсан. Анхны удаа гэхэд чамлахааргүй амжилт шүү дээ.

Тус тэмцээнд зориулж бүтээсэн мангаг энд дарж үзнэ үү

-Архитектор мэргэжлээр төгссөн юм билээ. Мэргэжилээ хэрхэн сонгосон бэ?

           -Ахлах сургуулиа төгсөөд ямар ч зураачийн замналын талаарх төсөөлөл байгаагүй. Зурах дуртай, хичээлдээ сайн байсан болохоор л архитектур мэргэжлийг сонгочихсон. Гэхдээ мэргэжлийн сонголтдоо харамсдаггүй. Архитектурын хөтөлбөр нь тухайн оюутныг ул суурьтайгаар ямар нэг асуудлыг судлан шинжилж түүний гарц гаргалгаа, шийдэл гаргах чадварт сургадаг. Гэтэл хүмүүс архитектурыг зүгээр дөрвөн хана зураад л болчихдог гэж ойлгодог. Зураас, хэмжээ бүр нь цаанаа шалтгаантайгаар зурагддаг. Яг гурав, дөрөвдүгээр  курст байхад коронавирус гарч, хөл хорио тогтоочихсон учраас гараад дадлага хийх, практик чадвар эзэмших боломж хязгаарлагдмал байсан. Тийм болохоор мэргэжлээ бүрэн эзэмшсэн байдал, чадвартаа итгэлгүй байдаг. Цаашид мэргэжлээ дээшлүүлэх, чадвараа хөгжүүлэхгүйгээр ажиллах бодолгүй байгаа.

-Комикс зурахдаа баримталдаг зарчим гэж бий юү?

            -Хамгийн эхэнд хасагдах хэсэг байна уу гэдгийг дахин хардаг. Нуршилгүйгээр санаагаа оновчтой илэрхийлэхийг боддог. Агуулгын хувьд хар бараан сэдэв хөндөхгүйг, уншиж буй хүнийг эмзэглүүлэхгүйг хичээдэг. Цахим хуудсан ороход ямар их хар мэдээ, стресс байдаг билээ дээ. Тэр бүр дээр нэмэр болохгүйг боддог. Гэхдээ мэдээж дугарах хэрэгтэй сэдэвтээ дугардаг.

-Таны комикс дээр хөнгөн хэлбэрээр нийгмийн болохгүй байгаа зүйлийг шүүмжилсэн байдаг шүү дээ. Комиксын санаагаа ихэнхдээ хаанаас авдаг вэ?

           -Хуудсаа хөтөлж эхлээд ер нь огт нийгмийн асуудлыг хөндөхгүй гэж боддог байсан юм. Дээр хэлсэнчлэн хүмүүст стресс нэммээргүй байсан. Гэхдээ үнэхээр болохгүй байгаа асуудлыг дугарч байх хэрэгтэй гэдгийг ойлгоод зурж эхэлсэн. Зурахдаа хүмүүсийг эмзэглүүлэлгүй байх агуулгаа алдалгүй дугарахыг хичээдэг. Автобусанд нэг эгчид баахан загнуулчхаад зурсан зураг бий. Мөн тусч ахтай ч таарсан. Сайн зүйлийг зурахдаа илүү баяртайгаар, сайн хүн олон байгаасай гэж хүсэж зурдаг.

            Коронавирусын үед өвлийн хүйтэнд эх хүү хоёрыг халат, углааштай нь гадаа гаргасан үйл явдал болсон шүү дээ. Тэрийг харчхаад би бүр байж сууж чаддаггүй ээ, сэтгэл өвддөг юм билээ. Гэхдээ энэ өвдөлтөө бусдад тараамааргүй санагдаад аль болох эерэг агуулгатай ээж хүүхэд хоёрт дэм болохыг хүсээд зураг зурсан. 

           Гэхдээ эергээр харах гээд хүчлэх нь ч бас ялгаагүй хортой болохыг ойлгосон. Инээдтэй биш сэдэв гэж байгаа. Зарим асуудал дээр маазраад өнгөрөх хандлага ажиглагддаг. Украйнд дайн эхлэх үеэр гарсан  ёс суртахуунгүй бичвэрүүдэд бухимдаад зурсан зураг бий.


-"ХҮНИЙ ЭРХ: ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БА ЦАГААТГАЛ" уралдаанд зориулан зурсан бүтээл нь олон хүнээс магтаал сонссон шүү дээ. Сэдэв санаагаа хэрхэн олсон бэ. Юу өгүүлэхийг хүсэж байв?

             - Би дипломоо “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей” сэдвээр бичсэн юм. Учир нь эмээгийн минь аав хэлмэгдэж, эмээ өлгийтэй байхдаа хүнд өргүүлсэн юм билээ. Би энэ тухай 21 нас  хүрчхээд  мэдсэн. Хэлмэгдүүлэлтийн тухай ядмагхан мэдлэгтэй  гэдгээ анзааран энэ сэдвийг сонгосон. Тэгтэл миний бодож байснаас ч том үйл явдал байсан юм билээ. Монголын түүхийн ямар эмзэг цаг үе, гашуудам үйл явдал байсныг ойлгож авсан. 30000 хүн хэлмэгдсэн гэж ярьдаг ч энэ нь цагаатгасан хүний тоо юм билээ.  Номын санд судалгаа хийж суухдаа хэд хэдэн удаа биеэ барьж чадалгүй уйлсан. Хэлмэгдэгсдийн нэрс, хаана, юунаас болж ял эдэлсэн зэргийг бичсэн “Цагаан ном” гэж ном байдаг. Нэг аймаг дээр судалгаа хийх гээд хүн бүрийн түүхийг нь уншиж байсан юм. Тэгтэл 15 настай гээд л гараад ирсэн. Үргэлжлүүлээд 58 настай хүн хүртэл 10 жил, 20 жил хоригдсон, цаазлагдсан, шархаа даалгүй нас барсан гээд үргэлжилсэн. Нэг яригдалгүй өнгөрдөг харамсалтай хэсэг нь хэлмэгдэгсдийн ар гэр. “90 насыг давсан буурал эмээ нар эр нөхрөө хүрээд ирэх байхдаа хэмээн найдан хүлээж суудаг” гэх мөрийг уншаад зүрх зүсэгдэх шиг л болж билээ. Хэлмэгдүүлэлтэд өртөн цаазлагдсан, удаан хугацаагаар хоригдож, ял эдэлсэн хүмүүсийн ар гэр гэр орон, ажлаасаа салж, гэр бүлийн амин зуулгаа авч явах гэж хүнд хүчир ажлыг нуруундаа үүрч, эсэргүүгийн ар гэр гэж ад үзэгдэн, бүхий л амьдралынхаа турш сэтгэлийн шаналал эдэлж үлдсэн юм билээ.

-Өөрийн зурсан  зургуудаараа бүтээгдэхүүн хийдэг юм билээ. Энэ талаараа яривал?

            -Зургаа ямар нэг бүтээгдэхүүн болгоё гэж боддог байсан ч түүнийгээ яаж борлуулах билээ гээд асуудалтай санагдаад зориглодоггүй байсан юм. Энэ зун “Бороо арт маркет” өдөрлөг зохион байгуулагдсан. Нийт 20 гаруй уран бүтээлчид бүтээлээ бүтээгдэхүүн болгож, худалдаалахын хажуугаар дэмжигчидтэйгээ уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн. Бас geru.mn дээр зургуудаа тавьж эхэлсэн. Миний болон бусад уран бүтээлчдийн зургуудаар бүтээгдэхүүн болгон гэр лүүгээ хүргүүлээд авах боломжтой.

-Сүүлийн жилүүдэд зурагт ном  зураг хэрэглэгчдэд илүү хүрдэг болсон байна. Сурталчилгааны санал хэр авч байгаа вэ. Хийсэн хамгийн сонирхолтой сурталчилгааны ажлаасаа хуваалцвал?

              -Тухайн газрын онцлогуудаас хамааран шинэ дүр бүтээн зурагт ном зурах, эсвэл Азукагийн дүртэйгээр зуруулах гээд янз бүр байдаг. Хамгийн сонирхолтой хийж байсан ажлууд гэвэл “Philosophy.mn” -тэй хамтран 100 философичдын хөргийг зурах байсан. Өөр өөр цаг үеийн, өөр өөр философичдын тухай мэдэж авах сонирхолтой юм билээ.
Үүнээс гадна Улаанбаатар хотын музейтэй хамтран Улаанбаатар хотын түүхэн дурсгалт барилгууд зурах байсан. Барилгуудыг өөрийн хэв маягт  хувиргах их сонирхолтой байсан.

-Тантай ижилхэн дижитал арт төрлөөр зурахыг хүсдэг ч ямар хэрэглэгдэхүүн авч, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа зураачдад өгөхийг хүссэн зөвлөгөө бий юү?

             -Дижиталаар нь зурах нь гараар зурах процессыг хялбарчилж өгдөг хэрэгсэл л гэсэн үг шүү дээ. Дижиталаар ч бай, уламжлалтаар ч бай ялгаагүй гараагаа л зурна. Тиймээс яарч үнэтэй хэрэгсэл авахаасаа өмнө гараа зүгшрүүлж зурах дасгал их хийгээрэй.

-Зураг зурах үедээ авдаг мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

          -Багаасаа ярьж илэрхийлэхдээ тааруу хүүхэд байсан. Барагтаа бол  хүнтэй юм ярьдаггүй. Бодож мэдэрч байгаа зүйлээ зурж илэрхийлж гадагшлуулдаг байсан нь надад эмчилгээ болдог байсан юм байна лээ. Одоо ч  гэсэн хэлэх санаанууд маань үгээр биш дүрслэлээр бодогддог.


 


ЗУРААЧ А.АЗЗАЯА: Үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ зургаар харуулдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188