• Өнөөдөр 2024-03-28

НОРВЕГИЙН БҮҮДГЭР ТЭНГЭРЭЭС ҮҮДСЭН ТЭМДЭГЛЭЛ

2021-01-29,   1095

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Норвегийн Хаант Улсад 2020 оны нэгдүгээр сард хийсэн айлчлалыг сурвалжлах үеэр бичсэн аян замын тэмдэглэлийг сэргээн оруулав.

 

“Амьдрал, сэтгэл, бодьгалийг минь өөрчилсөн Л.А-д...”

Муракамигийн “Норвегийн ой” зохиолын өмнөх хуудсан дээр ийм нэг мөрт байв. Хүний амьдрал, сэтгэл, оюун ухаан, бодол санаа, тэр бүү хэл бодгалийг өөрчлөх хэмжээнд нөлөөлнө гэдэг ямар их хүч вэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Норвегийн Хаант Улсад хийсэн айлчлалыг сурвалжлахаар тус улсын нийслэл Осло хотыг өнгөрсөн нэгдүгээр сард зорьсон юм. Норвегийн талаар туйлын туяагаас хэтрэхгүй мэдээлэлтэй тул тус улсын нэр орсон “Норвегийн ой”-г цүнхлэв. Гэхдээ энэ номд Норвегийн тухай нэг ч үг, өгүүлбэр үгүй. Зохиолч номоо 1986 онд Грекийн Микене арал дээр эхлүүлж, жилийн дараа Рим хотноо дуусган домогт “Битлз” хамтлагийн “Норвегийн ой” дуугаар нэрлэсэн байдаг. Онгоцонд номоо уншихаар эхлүүлтэл зохиолын гол дүр онгоцонд сууж байгаагаар үйл явдал эхэллээ. Давхцал гэдэг сонин шүү. Бид энэ олон давхцал дунд амьдарч, бас түүндээ итгэж, заримдаа түүнийгээ хувь тавилан хэмээн нэрлэдэг биз.

“Норвегийн ой” зохиолд гардаг шиг бүүдгэр гуниг, ганцаардал Ослод амь бөхтэй оршдог мэт. Цаг агаарын хувьд манайтай төстэй энэ оронд ийм уйтгар, гунигийг бий болгогч нь нар. Учир нь, газар зүйн байршлаас шалтгаалан энд нар гарах хугацаа харьцангуй богино. Биднийг зочлох үеэр л гэхэд нар 09:00 цагийн үед мандаж, 16:00 цагийн орчим жаргаж байв. Харин ч тавирчихаад байгаа нь энэ гэсэн. Норвегийн хойд хэсгийн хамгийн том хот болох Тромсод л гэхэд жил бүрийн арваннэгдүгээр сарын 22-ноос нэгдүгээр сарын 22 хүртэл гурван сарын турш нар гардаггүй. Осло хот хэдийгээр Тромсо шиг гурван сарын турш харанхуй нөмрөхгүй ч, үд дунд өнгөрөөд удаагүй байхад нар жаргах нь цөөнгүй.

Хорвоо ертөнцийг төрж өссөн Ховд аймгаараа төсөөлж, дэлхийн өөр хаана ч хүн амьдардаггүй гэж итгэдэг хүүхэд насандаа би өөртөө нэгэн нээлт хийсэн юм. Тэр нь бороо зөөлөн шивэрч, чийг үнэртсэн бүрхэг өдөрт чин сэтгэлээсээ дуртайгаа мэдсэн явдал. Түүнээс хойш олон жил өнгөрч, дэлхийн олон зуун оронд долоон тэрбум гаруй хүн аж төрж байдгийг мэдэж, энэ хугацаанд өчнөөн олон зүйл өөрчлөгдсөн ч, бороо шивэрсэн намуухан өдөрт дуртай минь өнөө хэр өөрчлөгдөөгүй. Гэтэл яг ийм бүүдгэр өдөр Норвегийн нийслэл Осло хотод газардаж таарсан юм. Ослог оноож хэлэх ганц үг бол минийхээр бүүдгэр. Өдөр, шөнө, өглөө, оройгүй бүүдгэр. Бүүдгэр атал тэндхийнхэн “Харин ч өнөөдөр нартай” байна гэлцэнэ.

Монгол, Норвег Улсын дипломат харилцаа 1968 оноос эхлэлтэй. Хамгийн анх манай улсаас тус улсад УИХ-ын дарга Р.Гончигдорж 1997 онд айлчлал хийж байжээ. Өдгөө Норвегт 250 гаруй монгол иргэн амьдардгаас 55 нь албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхэлдэг бөгөөд 20 орчим оюутан суралцдаг аж. Харин манайд Норвегийн 17 иргэн ажиллаж, амьдардаг юм байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай улсад ч, Норвегт ч тэр тусгайлсан элчин сайдын яам байхгүй. Манайх Шведийн Хаант Улсаас, Норвегийнх БНХАУ-ын нийслэл Бээжингээс тус тус хавсран суудаг. Тиймээс сэтгүүлчдийг Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны III нарийн бичгийн дарга П.Энхбаяр гэх бүсгүй тосон авч, Норвегийн тухай сонин сайхан дуулгалаа. Энэ жил 1910 оноос хойших Норвегийн хамгийн дулаахан өвөл нь гэнэ. “Урьд нь өдийд бол цас бүрхсэн байдаг юм. Харин энэ жил бороо ороод л байна. Ийм бүрхэг өдрүүд удаан үргэлжилбэл хэцүү байдаг” хэмээн тэрбээр ярив. Туйлын туяаг харахын тулд харин 400 км орчим газар явж байж, бас цаашаа чаргаар очиж, дахиад хэд хоног хүлээх шаардлагатай аж. Онгоцны буудлаас хотын төв рүү ороход цаг гаруй явж хүрэв. Замын багагүй хэсгийг тунель эзлэх бөгөөд Норвег тунелийн бүтээн байгуулалт, стандартаараа дэлхийд алдартай.

Замын зүүн талаар Европын кинонуудад ихэвчлэн дүрслэгддэг, ихэр мэт ижил загвар бүхий нэг давхар улаан байшин хоорондоо саахалтын зайтай харагдана. Харин замын баруун талд ой мод сүндэрлэнэ. Туяхан нарийхан энэ модод өнөөх Норвегийн ой бололтой. Норвег мод тайрахаас татгалзсан дэлхийн хамгийн анхны улс юм. Энэ шийдвэрээ тус улсын Засгийн газар дэлхий нийтэд 2016 онд зарлаж байсан. Төв зам нь ихэвчлэн хоёр машин л зөрөх зайтай давчуухан, гэрлэн дохио 500 метр хүрэх үгүйтэй ойрхон харагдах ч тийм гэхийн аргагүй амгалан тайван хот юм. Амралтын өдөр болоод ч тэр үү, хүмүүс нь хос хосоороо, эсвэл гэр бүлээрээ хотын төвөөрөө алхана. Амралтын өдөр дэлгүүр хоршоо нь ажилладаггүй нь бас л өмнө нь харж байгаагүй жишиг байлаа. Гэтэл гудамж эргэв үү, үгүй юу, алчуур ороож, юбка өмссөн настай эмэгтэй, мөн идэр насны эр таяг тулан гуйлга гуйж байгааг хараад нүд орой дээрээ гартал гайхаж орхилоо. Норвег нь нэг хүнд ногдох ДНБ 70 мянган ам.долларыг давсан дэлхийн гурван улсын нэг, газрын тос, байгалийн хий, загас, ой мод бусад байгалийн баялгийн нөөц ихтэй орон. Иргэдийнх нь сарын дундаж цалин л гэхэд 4150 ам.доллар. Тогтвортой эдийн засагтай, нийгмийн хамгааллын томоохон тогтолцоотой, Европ тивийн бусад оронтой харьцуулахад амьдралын түвшин өндөр гэгддэг, хувь хүний хөгжлийн индексээрээ дэлхийд нэгд эрэмбэлэгддэг энэ оронд гуйлгачин байна гэдэг сонин. Харин сүүлд сонсох нь ээ ийм хүмүүс ихэвчлэн цагаач байдаг гэнэ.

Норвег нь үндсэн хуульт хаант засаглалтай орон бөгөөд хааны гэр бүл улс төрийн хязгаарлагдмал эрхтэй. Тэд мөн Их Британи, Дани, Шведийн хаан, хатны гэр бүлийнхэнтэй садан төрлийн холбоотой гэнэ. Түүнчлэн төрийн эрх барьж буй хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байсан нь айлчлалын үеэр Ерөнхийлөгчид бараалхсан хүмүүсээс илт. Хууль тогтоох эрхийг стортинг буюу парламент эдэлдэг аж. Стортинг нь 169 гишүүнтэй, 19 тойрогт пропорционал системээр дөрвөн жил тутам гишүүдээ сонгодог юм билээ. Хотын төвд түүх, дурсгалын олон барилга байх бөгөөд ихэвчлэн XIX зуунд баригджээ. Эдгээр барилгын дотор талд засвар хийхийг зөвшөөрөхөөс, гадна талыг засах, өнгө үзэмжинд ямар нэгэн байдлаар дур мэдэн хүрэх эрх хэнд ч үгүй гэнэ. Тэр барилга хувь хүний өмч байсан ч ялгаагүй. Ийн барилга, байгууламжаа эртний өнгө, загвараар нь хадгалдаг байна. Парламент, хааны ордон зэрэг нь хотынхоо төвд байрлах агаад харуул хамгаалалт байтугай хашаа ч алга. Улс нь 385 мянган хавтгай дөрвөлжин километр буюу манайхаас даруй тав дахин бага газар нутагтай  болохоор зай талбайгаа хэмнэдэг биз. Хааны гэр бүл Трондхэйм, Берген, Ставангер зэрэг олон газар ордонтой аж. Харин Осло хот дахь хааны ордонд хаан, хатан амьдарч, өдөр тутмын үйл ажиллагаандаа оролцдог байна. 173 өрөө бүхий тус ордонд төрийн албан ёсны уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна хааны гэр бүлийн бараг бүх гишүүн өрөөтэй гэнэ. Ордны барилгыг 1824 онд эхлүүлж, 25 жилийн дараа ашиглалтад оруулжээ. Түүнчлэн зуны улиралд олон нийтэд нээлттэй байлгаж, төрөл бүрийн сэдэвчилсэн үзэсгэлэн дэлгэдэг аж. Хааны ордны урд парламентын ордон байрлана. Ордны загварыг гаргахын тулд уралдаан хүртэл зохион байгуулж, ялагчийг тодруулсан ч сүмтэй адилхан гэдэг шалтгаанаар Стортингээс дэмжээгүй аж. Харин үүний дараа Шведийн уран барималч Эмил Ланглетын өнөөгийн загвар болон дотод заслыг гаргажээ. Түүнчлэн ордныг барихдаа Франц, Италийн архитектурын загварыг ордонд шингээж, шар тоосгоор барьсан байна.

Парламентын ордны зүүн талд 146 жилийн түүхтэй “Гранд” зочид буудал байрлана. Норвегийн хамгийн өндөр зэрэглэлийн зочид буудлын нэг болох “Гранд”-д төрийн тэргүүнүүд, Нобелийн шагнал хүртсэн дэлхийн алдартнууд буудалладаг. Иймээс нэр алдар нь тэр хэрээр түгэн алдаршжээ. Энэ зочид буудалд буудаллаж байсан дэлхийн үе үеийн алдартнууд болон улс орны тэргүүнүүд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурдаг уламжлалтай гэнэ. Мөн дэвтрийг түүхийн үнэт бичиг баримт хэмээн үздэг аж. Түүнчлэн Норвегийн хамгийн алдартай барилгуудын нэг нь Осло хотын захиргаа. 1931 онд барьж эхэлсэн ч дэлхийн II дайны улмаас саатаж, 1950 онд ашиглалтад оруулсан энэ ордонд түүх, соёлын үнэт өв архитектур, уран зургийн цуглуулга хадгалагддаг байна. Жил бүрийн арванхоёрдугаар сард Нобелийн шагнал гардуулал ёслол энд болдог. Жилд дунджаар 400 орчим арга хэмжээ тус байранд зохион байгуулагдаж, хүлээн авалт, уулзалтад 300 мянга гаруй хүн оролцдог гэнэ. Харин хотын захиргааны цонхоор харагдах далай бороотой бүрхэг өдөр тэнгэртэй уусан нэгджээ. Осло хотын энэ боомтоор жилд 6000 орчим усан онгоц, зургаан тонн ачаа, таван сая гаруй хүн дамжин өнгөрдөг байна. Осло хотод 50 музей үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Эдгээрээс хамгийн том бөгөөд олон улсад алдартай нь Мюнхийн музей. Харамсалтай нь, бидэнд ямар нэгэн музейгээр орох боломж гараагүй юм. 5.5  сая хүн амтай Норвегтэй манай улс цаг агаар, байгалийн баялаг гээд олон зүйлээрээ ижил төстэй ч хөгжлөөрөө харин олон бээрийн ард алхаж явна.

Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан нэг хүнийг онгоцны буудал явахаар машин хүлээх зуур хижээл насны норвег эр зөрөхдөө “Чи яагаад амиа хорлож болохгүй гэж” хэмээн хэлсэн гэсэн. Тэрбээр түүнийг “Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч” гэж дүгнэсэн. Учир нь шинэ төрлийн коронавирусийн халдвар гараад удаагүй байхад тус улсыг зорьсон болохоор биднийг хятад хүн гэж бодсон ч байж болох. “Энэ хотод удаан байвал бачимдаж, үхмээр санагдах байх” гэх хүн олон байсан. Харин надад бол нэг тийм дулаахан, үлдчихээд удтал амьдармаар санагдсан.  

“Норвегийн ой” дээр ийм нэгэн зүйрлэл байдаг. “Гүзээлзгэнэтэй бялуу идмээр байна гэхэд ум хумгүй гүйж очоод аваад ирдэг. Одоо идэх хүсэлгүй болчихлоо гээд цонхоор шидчихэд ойлгох хүн л хэрэгтэй” гэж. Надад энэ хотод үнэнээсээ ийм хүмүүс амьдардаг юм шиг санагдсан. “Норвегийн ой” зохиолын үйл явдал хийгээд дүрүүд Норвегтэй хамааралгүй ч ямар нэгэн далд сэжмээр холбогдоод байх шиг. Муракамигийн зохиолын баатруудыг “Шийдвэрлэг бус, амьдралын урсгалыг даган хөвөгч” гэх нь бий. Гэхдээ амьдралд тэмцээд ч нэмэргүй мөч олон шүү дээ. Тэгээд ч бид бүгд тэмцэгч байх албагүй. Амьдралд амьд яваа маань заримдаа бидэнд хангалттай тэмцэл, сорил болдог.

 

 


НОРВЕГИЙН БҮҮДГЭР ТЭНГЭРЭЭС ҮҮДСЭН ТЭМДЭГЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188