Монголын хамгийн том ганга болох Хэрмэн цаваар хэрэх томилолт өвөртөлж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумыг өнгөрсөн сард зорьсон билээ.
Хэрмэн цавын эхлэл хэсэгт АНУ-ын Эрх чөлөөний хөшөө шиг хэлбэртэй хүрэн улаан арван метр орчим өндөртэй цонж байх аж. Эсвэл сүм, хийдийн орой дээрх малгай ч юм шиг. Нутгийн иргэд энэ хэсгийг Цагдаа толгой гэж нэрлэдэг гэнэ. Монголын хамгийн урт гайхамшигт тогтоцтой, хээнцэр ганган Хэрмэн цав эндээс ёслол төгөлдөр эхэлнэ. Цагдаа толгойн зүүн хаяагаар дамлаад этгээд хэлбэртэй улаан хавцлууд нь 10 гаруй километр үргэлжилдэг ажээ. Холын бүдэгхэн орчноос хараа сунгаж, цааш харвал энэ яг эртний нэгэн хотын туурь шиг. Хэдэн сая жилийн өмнө хүмүүс амьдарч байгаад орхиод явчихсан байшингийн суурь шиг. Цагдаа толгойн баруун урд талд алдарт Сэгс цагаан богд хайрхан цэнхэртэн харагдана. Харин баруун хойд талд Онгон хайрхан, хойд талд Баруун богд, Алтан уул дүнхийнэ. Замын урд талаараа явбал гангандаа ойрхон, хөрөөний ир шиг өрөөд тавьчихсан толгодыг харц салгахгүй харах боломжтой. Үргэлжилсэн урт улаан толгодын голд ирлээ. Цагдаа толгойгоос харахад зосон улаан байсан цав энэ хэсэгт шаргал, цайруу болдог аж. Гангын голоор элс шаргалтаж, улаан, шар шавар ихэсдэг ажээ. Нэгэн жигд зурчихсан юм шиг зураас цавын голоор хөндлөн явах нь яг л цайз хэрэм шиг. Гангын эрэгт машинаа байрлуулж, төгсгөл хэсэгт нь ирлээ. Энэ хэсэг Энэтхэгийн Таж Махал шиг сүрлэг аж. Эсвэл АНУ-ын Колорадо мужийн Гранд-Каньон шиг харагдана. Яг л тийм тогтоц, тийм хараа булаам төрх сүлэлдэн оршиж байна. Гангын өнгө цайрч, шар шавар шиг, эсвэл өнгө нь гандсан борог шаргал гудамж шиг харагдах аж.
Энэ хөндийд хэдэн сая жилийн тэртээд динозаврын өлгий нутаг. Үүний ул мөр нь одоо ч бий. Энд тэндгүй теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабрын яс хөглөрч байсан газар. Анх 1969 онд Монгол, Зөвлөлтийн судлаачид динозавр, мэлхий, матар, олон төрлийн шувуудын эртний олдворыг эндээс олсон гэдэг. Хэрмэн цав нь теризинозавар, забролож, тарбазабр, эвэрт үлэг гүрвэл, пинакозабр гэх мэт палеонтологийн үнэт олдвор олдсон гайхамшигт бүс нутаг. Энэ үзэсгэлэнт хэсгийг далай ёроол гэдэг юм билээ. Дэлхий сүйрсний дараа үлдсэн далай тэнгисийн ёроол гэх. Далайн ёроолыг илтгэж, бататгаж буй мэт шар, улаан, цагаан шавраар элбэг юм билээ. Говийн хөрсийг бодохоор говь яах аргагүй далайн ёроол байсан ч юм шиг. Хэрмэн цавын төгсгөл хэсэгт Баянбүрд бий. Заг, тоорой, сухай, улиас модоор өөрийгөө хучсан жижигхэн бүрд Хэрмэн цавын бас нэгэн онцгой олдвор. Үргэлжилсэн их элсэн манхан, улаан толгод, даваа, гүвээ өгсөж, уруудаад гарахын даваан дээр энэ бүрд ногооноос ногоон өнгөөр өөрийгөө хуччихаад их ангалын ёроолд оршино. Элсэн манхан дундаас булаг урсаж, урсаж байгаагаа харуулахгүй гэсэн шиг моддоор хучуулж, нам гүмхэн оршино. Энэ булаг зэрлэг ан амьтдын оршин байх талбар нь. Бүрдийн ёроолд хүн хүрэхэд бэрх. Яг л Архангай аймгийн Өндөр-Улаан суманд байх Чулуутын гол шиг ёроол нь үл мэдэгддэг юм билээ. Байгаль хамгаалагч Б.Мөнгөнхүү манай зурагчинг “Бүрдийн ёроол руу орох хэрэггүй. Зэрлэг ан амьтад байж байх магадлалтай. Хээрийн амьтан гараад ирвэл яана. Гэхдээ ч энэ жил бороо ороогүй бүрдийн ус урсахгүй байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, наашаа бай” гэлээ.
Хэрмэн цавын “жинхэнэ” эзэн нь хээрийн салхи. Түүнийг жилийн дөрвөн улирлын өдөр, шөнийн алинд ч хээрийн салхинаас өөр хэн ч манадаггүй юм шиг. Хэрмэн цав хээрийн салхитай хамт Монголын говийн буйдад аниргүй оршиж байх шиг. Энд хэдэн сая жилийн өмнө далай байсныг, үлэг гүрвэл амьдарч байсныг илтгэх маш олон тогтоц байдаг юм билээ.
Монголын говьд ийм үзэсгэлэнтэй, гоёмсог газар хүний хөлөөс хол оршин байна. Энд аялал жуулчлал хөгжөөгүй. Сүүлийн жилүүдэд Хэрмэн цавыг үзэх гэсэн жуулчдын цуваа тасрахаа больсон гэх. Гэхдээ харамсалтай нь жуулчдыг хүлээж авах жуулчны бааз нэгээс хэтрэхгүй. Палеонтологийн үнэт олдвортой газраа монголчууд алтыг нь аваад авдрыг нь хаячихсан юм шиг болгожээ. Хэдэн жилийн өмнө Гурвантэс сумынхан болон монголчууд Хэрмэн цав, Нэмэгтийн хөндий, Хонгилтын амаар хэрэн хэсүүчилж, үлэг гүрвэлийн толгой хайж байсан гэдэг. Мөн ч олон олдвор олж, хилээр хууль бусаар гаргаад дуусчихсан гэдэг юм билээ. Дэлхийд шуугиулж гайхагдаад байгаа алдарт тарбозавр батаар, динозавр энэ говиос олдсон. Чулуужсан яс нь хэдэн зуугаараа олдсон байдаг. Харамсалтай нь, одоо энд хөхрөөд үлдсэн хавцал, ангал, жалганаас өөр юу ч үлдээгүй. Нэн ховор олдворууд нь орчлонгийн хаа нэгтээ хүний гараар дамжаад хэдэн орны хил дамжин явсаар дэлхийн алдарт музейн хамгийн сор үзмэр болчихсон.
Хамт явсан жолооч үлэг гүрвэлийн толгой хайж, хоёр ч удаа шатаж байсан талаараа ярьж байна. Тэр “2001, 2002 оны үед үлэг гүрвэлийн толгой ид эрэлт болж байлаа. Хөлтэй болгон л эндээс үлэг гүрвэлийн яс хайсан байх. Би хүртэл хоёр ч удаа хайгуул хийж шатсан. Их бие нь бүтнээрээ олдоод байгаа хэрнээ толгой нь олддоггүй. Миний хийсэн хайгуулаар үлэг гүрвэлийн хоёр яс бүтнээрээ олдсон. Харамсалтай нь толгойг нь олоогүй шатсан. Хэрэв толгойг нь олсон бол баяжих байлаа. Сүүлд сонсоход толгой нь их биеээсээ хол зайнд салдаг гэдэг юм билээ. Гэтэл бид “Одоо энд хүзүү нь байна. Залгуулаад толгой нь байгаа” гээд л хайгаад байсан. Манай сумаас ганц л хүн толгой олсон гэж яригддаг. Бусад нь ч жижиг, сажиг ястай тарсан байх” гэлээ.
Зундаа нэмэх 60 градус халуун энэ газарт удаан байх аргагүй. Хэрэв ганц, нэгээрээ яваад төөрч будилбал баларч орхино. Ядахдаа худаг гаргаад, иргэдийг саадгүй хүргэх замын тэмдэглэгээ хийгээд, эртний олдворын эх нутгийг танилцуулсан жижигхэн байшин бариад, хөтчийн ажлыг дадлагажуулаад эхэлбэл тасархай аяллын бүс болох нь тодорхой. Байгаль хамгаалагч Б.Мөнгөнхүү Хэрмэн цав хэсгийг хамгаалаад 10 жил болж байгаа. Түүний төрж өссөн нутаг нь. Хэрмэн цав айлаас хол, усгүй, сүлжээгүй говьд байдгаараа онцлогтой. Байгаль хамгаалагч “Сүүлийн жилүүдэд аялал хөгжиж байна. Монголчуудаас илүү гадаадын жуулчид Хэрмэн цавыг зорьж ирж байна. Хэрмэн цав руу нэвтэрсэн иргэнд 700 төгрөгийн тасалбар тасалж өгдөг. Хүмүүс цаваа үзчихээд л бушуухан буцдаг. Ирээд зураг авахуулаад буцахаас л хэтрэхгүй байна даа. Хэрэв говийн аялал жуулчлалын гол төв болгочихвол бидэнд боломжгүй юм байхгүй” гэлээ. Хэрэв Хэрмэн цавыг алдарт, үзэсгэлэнт Гранд Каньон шиг болгочихвол хэдэн сая жуулчны хөлд бид дарагдах байх даа.
Хэрсэн юм шиг улаан толгод цөөрч, ганц, хоёрхон харагдана. Талд тарсан байх толгод айлын эдлэн газар шиг харагдах ажээ. Эндээс холгүй 10, 20 километр яваад Зуун мод, Зулганайн гол угтана. Говьд хангайгаас тасалж авчраад тавьчихсан юм шиг мод, гол, хавцлын нийлэмж Гурвантэс сумын Швейцар гэлтэй. Цагаан, улаан гоёо ургасан байгалийн үзэсгэлэн төгс газар хэн бүхний харааг булаах ажээ.
Биднийг Зулганайн голын эхэнд ирэхэд МУИС-ийн багш, оюутнууд германчуудтай хамтарсан судалгааны ажил хийж байлаа. Голын эргээр нэлэнхийд нь төмөр хавх тавьж, оготно, хулгана барихаар төлөвлөсөн байв. Тэдэнтэй хамт яваа Герман эр Монгол Улсад өмнө нь ирж байжээ. Байгаль хамгаалагчаас “2001 онд ирэхэд энэ хавьд том нуур байсан. Тэр хаана байна вэ” гэв. Б.Мөнгөнхүү орчуулагчаар нь дамжуулж, “Ган гачигийн улмаас ширгэж үгүй болсон. Гурван жил бороо орохгүй байхад байгаль тэнцвэрээ алдаж, гол, горхи ширгэж алга болж байна. Бид ч “Зулганайн голоо ширгэчих вий” амиа өгтлөө айж байна. Ийм үзэсгэлэн төгс газар минь энэ чигээрээ үлдээсэй билээ” гэлээ. Өнөөх эр толгой сэгсрээд, муу байна гэх.
Зулганайн гол 12 км-ийн урттай урсаж, элсэн доогуур шумбан алга болдог юм билээ. Энэ хавийн айл, амьтан, малын ундны усны гол амин зуулга. Эндээс л амьтад ундаалж, харангасах аюулаас хол давхиулж явна. Улаанбаатар хотоос 1100 км, Өмнөговь хотоос 450 км, Гурвантэс сумаас 150 км-ийн зайд ийм байгалийн үзэсгэлэнт газар байдаг ажээ.
Голоо уруудаад зүүн тийш сумын төв рүү чиглэлээ. Бидний явж буй замын хойд талд үлэг гүрвэлийн өлгий нутаг Хонгилтын амны элс шаргалтан харагдана. Хонгилтын амнаас түүхийн нэн ховор олдворыг олсон гэдэг юм билээ. Жолооч “Хонгилтын ам яах аргагүй үлэг гүрвэлийн өлгий нутаг. Тэндээс маш олон олдвор олдсон. Биднийг толгой хайж байхад үлэг гүрвэлийн булууны яс хүртэл хэвтэж байдаг байсан шүү дээ. Хонгилтын амнаас холдох тусам олдвор ховор болдог. Яг энэ урд харагдаж байгаа Цагаан хошуунаас 2001 онд үлэг гүрвэл бүтнээрээ олдож байлаа. Хожим ирэхэд ч ухаад аваад явсан нүх нь байдаг байсан. Одоо элсэнд дарагдаад алга болсон байх” гэв.
Ингэж давхисаар нар дөнгөж уулын ардуур жаргаж байхад бид Нарандаацад ирэв. Толгодын оройгоос Наранбулаг ундраад, шувууд жиргээд, хоёр бөх нь унжсан тэмээтэй таарснаар бидний аялал өндөрлөлөө.
Өмнийн говийн баруун хязгаарт уул толгодын завсарт хээрийн салхиар мануулан орших толгодыг Хэрмэн цав. Элсэн манхныг хааж, далайн ёроол шиг гангын төгсөлд орших ногоон талыг Баянбүрд. Алтаа алдчихсан авдар шиг үлэг гүрвэлийн олдвороо холын тэртээд явуулчихаад бараантан харагдах нутгийг Хонгилтын ам. Нар шарж, салхи сэвэлзэж, хээрийн салхинаас өөр аниргүй байхыг Хэрмэн цавын намар гэдэг юм байна.
ХЭРМЭН ЦАВЫН НАМАР |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |