• Өнөөдөр 2024-04-20

СҮҮН ЗАМЫН ГЭРЭЛД ЦАЙРАХ ДОРНЫН БУУРАЛ ТАЛ

2022-09-02,   618

            Дорнын цэнхэр хязгаар нутгийг зорих аянчдын цуваа тасрахгүй юм даа. Жилээс жилд, өдрөөс өдөрт цуварсаар л байх. “Монголын орны зүүн хязгаар нутаг. Хамгийн түрүүнд алтан нарыг алган дээрээ тосож, тэнгэр өөд хөөргөн шиддэг гэхэд болно” хэмээх үгийг хаа нэгтэйгээс сонсож байсан минь бодогдоно. Энэ нутгаас олон яруу найрагч, дуучид төрсөн байдаг. Дорнын цэнхэр хязгаарыг найзаасаа “Их уудам нутаг” гэж сонсож билээ. Тиймээс л очиж үзэх юм сан гэх хүсэл, тэмүүлэлдээ хөтлөгдөн тус нутгийг зорихоор болсон минь энэ. Ер нь аялал явж, шинэ газар очно гэдэг миний хувьд үргэлж шинэ нээлт байдаг. Тиймээс би өөрийнхөө оюун санаа, сэтгэл зүрхийг баясгах нэгэн нээлтийг хийж, туузыг нь хайчлахаар дорнын шаргал нутгийг халуун намраар, од түгсэн шөнөөр зорьж явна. Хэдхэн цагийн өмнө орон нутгийн унаа явдаг “Тэнгэр плаза” дээр сандарч явсан минь гэнэт бодогдлоо. Цаг нэлээд орой болсон тул орон нутаг руу гардаг унаа олдоогүй юм л даа. Байгаа ганц, нэг нь “Хүн багтахгүй. Дайвар авна” гэх. Жолооч нарын хөлөглөсөн унааны олонх нь приус 20, 30 маркийн автомашинууд байв. Тиймээс жаахан айдас төрж байсныг нуух юун. Учир нь Монгол Улсад гарч буй зам тээврийн ослын дийлэнх хувийг приус маркийн автомашинтай жолооч нар гарсан байдаг. Ихэнх нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй осол. Иймийн тул хариуцлагатай жолоочтой, албан унаанд суучих санаатай хайгаад л байв, хайгаад л...

Ер нь аялал явж, шинэ газар очно гэдэг миний хувьд үргэлж шинэ нээлт байдаг

             Эндээс Дорнод руу таваас зургаан цаг давхиад хүрдэг гэнэ. Жолооч нар өөр хоорондоо “Зам дээр цагдаа битгий хурд хэмжээд зогсож байгаасай билээ. Надад хоёрхон оноо үлдсэн байгаа” гэх мэтчилэн ярьцгаах нь улам ч жихүүцэл төрүүлнэ. Хүний амь хариуцан олон зуун километр газар явах жолооч нар цагдаа битгий хурд хэмжиж таараасай. Хурд хэтрүүлж, зорьсон газартаа түргэн очих юмсан гэж ярих нь цаанаа л айдас төрүүлнэ. Гэтэл дунд оврын автобус ирж зогсоод жолооч нь “Дорнод аймаг явлаа. Ганцхан суудал байна” гэв. Энэ бол миний хайж байсан надад тохирсон унаа яг шиг мөн. Тиймээс шууд л сууж хамгийн арын суудалд тухалсан даа.  Хүн амаасаа давсан шахуу автомашинтай нийслэл хотын түгжрээ гэж том даваа. Хотоос гарах гэж багадаа л хоёр, гурван цаг болно. Тиймээс тухтай унаанд суусан би хэсэг зуур дуг хийхээр нүдээ анив.

Оддын туяанд сүүн зам гэрэлтэж, хээр талын уулс цавцайн харагдана

Сэрээд хартал аниргүй дүнхийх хөдөө нутгийн тал, од түгсэн тэнгэрт сүүн зам зурайж, тэрлэгэн цагаан үүлс хөвөрсөөр угтлаа. Оддын туяанд сүүн зам гэрэлтэж, хээр талын уулс цавцайн харагдана.  Энэ үед аян замыг минь хөглөх хээрийн салхийг мэдрэхийн тулд бага зэрэг цан татсан цохоо нээж нүдээ анилаа. Гэтэл зорчигч “Хүүе ээ. Хэн цонх онгойлгоод байгаа юм. Хурдан хаагаач, даарчихлаа” хэмээн ууртай гэгч хэлэв. Ингээд бусдын амар тайван төлөө миний эрх ашиг хязгаарлагдах нь энэ. Урд талын суудал зорчиж яваа хоёр хүн “Энэ нутаг чинь их зохиолч  Д.Нацагдоржийн төрж өссөн өлгий нутаг даа. Бороо, хур сайтай болохоор барагтай бол ган, зуд болоод байдаггүй. Чи энд нэг өвөлжөө, хаваржаатай бол хэдий болтол баруун аймгаас нутаг, нутаг руу отор хийх вэ дээ” гэлцэнэ.  Бодвол нэг баруун аймгаас зүүн аймагт нутаг үзэхээр яваа бололтой. Энэ жил баруун аймгуудад бороо ороогүйн улмаас гантай байгаа талаар ч тэр хоёр ярилцана. Гэхдээ энэ хоёрын ярианаас надад Д.Нацагдоржийн төрж, өссөн нутаг гэдэг үг чихэнд наалдлаа. Харанхуй бүрхсэн хээр талд сэрсэн би ч хаана яваагаа ч мэдлээ. Удалгүй өнгө, өнгийн гэрэл анивчсан Багануур дүүрэгт ирлээ. Замын хажуугаар эгнэн байх зоогийн газарт зогсож, жолооч “Хоол идэх хүн байна уу” гэхэд өлөн чононууд ямар нэгэн олз харсан мэт хаалга руу дайрцгаана.

            Харанхуйн дунд дүнхийх уулсын орой цайвартаж, салхины үзүүрт өвсний сэрчигнээн сонсогдоно. Үүнээс илүүг яаж ч үзэх билээ харанхуйд дунд

              Одтой тэнгэр ширтэж, зорин очих газраа төсөөлөн тамхи сорж, утаагаа манаруулан зогстол хятад мотоциклтой залуус давхин ирж хажуугийн дэлгүүрт орцгоолоо.  Нэг их удалгүй нөгөө залуус цувран гарч ирээд тас тас инээлдэж, эв хавгүй гэгч нь тамхи сорж утааг нь үлээнэ. Араас хоёр гартаа  хүрэн үнээ олноор барьсан залуу санжганан гарч ирээд “Алив тамхинаасаа” гэхэд нэг татаж байсан тамхиа аманд нь зуулгаад “явцгаая” гэж хэлээд мотоциклдоо мордон давхицгаах. Замаар баруунаас зүүн, зүүнээс баруун руу салхи татуулан машинууд давхилдаж, тэртээ талын анирт од мэт гэрлүүд цацарч харагдана. Харанхуйн дунд дүнхийх уулсын орой цайвартаж, салхины үзүүрт өвсний сэрчигнээн сонсогдоно. Үүнээс илүүг яаж ч үзэх билээ харанхуйд дунд.

Цэлэлзэн мяралзах голын хажуугаар модод ярайжээ. Хэд хоногийн өмнө бороо орсны улмаас үерлэсэн бололтой улаанаар эргэлдэн байв

            

 

 Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг шулуунд сийлэн мөнхжүүлжээ. Үүнээс гадна энэ талбайд өөр олон хөшөө бий. Өнгийг нь сэргээн засварласан танкны хөшөө одоо ч буудахад бэлэн мэт харагдана

        Автобусны жолооч зорчигдоо бүртгээд хөдлөлөө. Хүмүүс “Машиныхаа дотор гэрлийг унтраа” гэж жолоочийг зандарна. Жолооч ч гэрлээ унтраалаа. Энэ үед их талын харанхуй бүрхээд ирэх шиг л болов. Түрүүхэн л шивэр, авар гэцгээж байсан зорчигчид дуржигнатал хурхирах аж. Машины дуунаас илүү хүмүүсийн хурхирах чихэнд чийртэй гэж жигтэйхэн. Гэтэл юу юугүй намайг ч бас нойр гэгч далдын хар малгай өмссөн лусын гүнж эзэмдэн авч нүд анилдлаа. Харанхуйн дунд салхи зүсэн яваа гэдэгтээ итгэн дуг хийв ээ.

            Адуу янцгаах дуунаар сэрлээ. Номин ногоон тал мэлтийсээр угтав. Замын хажуугаар адуу, үхэр сүрэг идээшилж, сүүдэр үгүй тал нутгийн өглөө дүнхийнэ. Манайд нутагт бол нар мандах, жаргахад уулсын сүүдэр дагаж байдаг. Харин тал нутаг өөр ажээ. Тохоо өндөр ургасан ногоо салхины сэвшээнд бөхийж, үзүүрээс нь шүүдрийн ус дуслан харагдана. Намирах дэрсний дэргэд болжмор жиргээд, өргөө цагаан гэр тал талд цоохортон байна. Тал нутгийн уудмыг бишрэн явсаар Хэрлэн гол дээр ирлээ. Цэлэлзэн мяралзах голын хажуугаар модод ярайжээ. Хэд хоногийн өмнө бороо орсны улмаас үерлэсэн бололтой улаанаар эргэлдэн байв. Хамт яваа зорчигчид ээлж дараалан сэрж “Ашгүй нэг юм ирлээ. Ямар ч удаан явдаг юм. Жижиг унаанд суудаг байж” гэх бол зарим нь “Ёстой сайхан яваад ирлээ. Ямар тухтай унаанд суугаад ирэв” гэлцэнэ. Хүн гэдэг хүмүүжил, үзэж харсан зүйлээсээ хамраад өөр байдаг нь хорвоогийн жам юм даа. Автобус явсаар Дорнод аймгийн авто тээврийн вокзал дээр ирж зогслоо. Энэ нутагтаа л шүлэг яруу найргаа бичин аж төрж буй Н.Мөнхсайхан ах тосон угтлаа. Н.Мөнхсайхан ахынд очиж хоол, унд идэж, хол ойрын сонин сайхан ярилцаад нэлээд хугацаанд суув. Удаан хугацаанд уулзаагүй хүмүүст ярих зүйл юу мундах билээ.

Эх орон, тусгаар тогтнол, энх тайвны төлөө олон эрчүүд цусаа ургаж, ясаа дэвссэн. Энэ нутаг эх орны минь хамгийн үнэт, хамгийн үнэн түүхийг өгүүлэх газруудын нэг мөн

            Дорнын тэнгэрт нар аргамжжээ. Өнгө, өнгийн далавчтай эрвээхэй алаглан нисэж, гандангийн ногоон дээвэрт тагтаанууд эмжээрлэн буусан харагдана. Хуучин социалист нийгмийн үес аж үйлдвэрийг олноор бий болгож хөгжин, цэцэглэж ирсэн Чойбалсан хотод үзэж харах зүйл ихтэй аж. Тэр дундаа Залуус талбай хамгийн сайхан санагдаж байлаа. Хэрлэн гол хөвөөнд байгуулсан энэ талбайд ажлаа тараад нутгийнхан ажлаа тайлан амардаг гэнэ. Мөн залуус болзож, хүүхдүүд тоглох том орон зайтай нь сайхан. Тус талбайд дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлгийг шулуунд сийлэн мөнхжүүлжээ. Үүнээс гадна энэ талбайд өөр олон хөшөө бий. Өнгийг нь сэргээн засварласан танкны хөшөө одоо ч буудахад бэлэн мэт харагдана. Угаас энэ нутагт танкны хөшөө байхгүй бол гунигтай биз ээ. Учир нь эх орны зүүн хязгаар нутгийг хамгаалсан Халх голын дайн энд л өрнөж байлаа. Эх орон, тусгаар тогтнол, энх тайвны төлөө олон эрчүүд цусаа ургаж, ясаа дэвссэн. Энэ нутаг эх орны минь хамгийн үнэт, хамгийн үнэн түүхийг өгүүлэх газруудын нэг мөн. Дорнын их талд одоо ч хөх өвгөдийн минь санаашрал салхины үзүүрээс сонсогдож байдаг ч юм билүү, хэн мэдлээ. Ийнхүү бодон Залуус талбайгаар хэдэнтэй тойрсон юм бүү мэд.   Хэсэг хугацааны дараа Д.Нямсүрэн гуайн хөшөөний дэргэд амсхийн суулаа. Энэ үед Н.Мөнхсайхан ах “Мардай” киног үзсэн үү” хэмээн асуув. Би ч “Үзсэн, үзсэн” гэв. Гэтэл тэрбээр “Оросуудын байгуулсан Эрдэс хотыг тухайн үед нутгийнхан ч мэддэггүй байсан юм билээ. Хотод юу болдог, ямар ажил хийж, хүмүүсийн амьдрал өрнөдөг тухай мэдээлэл огт байдаггүй байж. Тиймээс зарим нэг худлаа, үнэн цуу яриа гарч байсан юм шиг байна лээ. Ер нь уран олборлодог, цаазын ялтай орос хоригдлууд ажилладаг байсныг нь сүүлд Эрдэс хот татан буугдсаны дараа хүмүүс мэдэж эхэлсэн байх. Одоо бол тэр хотын балгас л байдаг. Эндээс 130 гаруй километрийн зайтай” хэмээн ярив. Нээрээ л нутагт олон түүх, түүхт хүмүүс бий дээ.

             Гандангийн ногоон дээвэрт тагтаанууд эргэлдэж, хонх дамар нүргэлнэ. Надад лам нарын ном хурж буй нь сонин биш. Харин Т.Содномнамжил альхан хэсэгт суудаг байсан нь л сонин

           Үдийн их наран хэвийж сэвшээ хонгор салхи үлээлээ. Бид энэ нутгаас төрөн гарсан эгэлгүй нэгэн найрагч Т.Содномнамжилын шавилан сууж байсан Баруун зуугийн хийдэд зочлоо. Гандангийн ногоон дээвэрт тагтаанууд эргэлдэж, хонх дамар нүргэлнэ. Надад лам нарын ном хурж буй нь сонин биш. Харин Т.Содномнамжил альхан хэсэгт суудаг байсан нь л сонин. Гэхдээ үнийг одоо мэдэх лам байхгүй нь мэдээж биз. Ийнхүү Чойбалсан хотоор явсаар байтал нэг л мэдэхэд үдшийн бүрий болсон байв. Миний зорьж буй Эрээнцав руу галт хөдлөхөд цаг гаруйхны хугацаа үлджээ. Тиймээс төмрийн вокзал орж, тасалбар бичүүллээ.

            Тэнгэрт одод ярзайж, Чойбалсан хотын гэрэл цацарч, үхэр мөөрөөд өвс сэрчигнээд сайхан гэж жигтэйхэн. Талын хөх салхины сэвшээ зөөлөн үлээж, үүлс тунаран байлаа. Намайг Эрээнцавын галт тэргэнд суулгаж өгөхөөр нутгийн найрагч ах П.Гэрэлхүү ирсэн байв. Бид машинд сууж элдэв хол, ойрын сонин сайхан ярилцаж, шүлэг уншиж суухад онгорхой хаалгаар зөөлөн хүлээх салхи хацрыг минь илбэж байлаа. Ийнхүү суутал 10:00 цаг болж галт тэрэг дуут дохио хангинуулан нүргэлэх нь сүртэй. Би салах ёс хийгээд гүйсээр галт тэргэндээ амжиж суулаа. Удалгүй галт тэрэг их талын анирыг эвдэх мэт хүнгэнэсээр хөдлөв.  Дахиад л харанхуй. Яг л Улаанбаатараас Дорнод аймгийг зорин ирсэн урьд шөнө шиг нам жим. Гэхдээ галт тэрэг тажигнан, тажигнан сажилсаар. Галт тэрэгний цонхны халхавч хөшгийг яран гадаах ертөнцийг харахад сүүн замын гэрэлд дорнын буурал тал зах хязгааргүй мэт цайран харагдаж байлаа.

Үргэлжлэл бий...


СҮҮН ЗАМЫН ГЭРЭЛД ЦАЙРАХ ДОРНЫН БУУРАЛ ТАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-02 09:30:50
    Уянгын халил: Манай сэтгүүлч,зохиолч нэртэнгүүд хэт Уянгын халил ихтэй. Энэ нь тэд байгаль дэлхийгээ таньж мэдэх наад захын мэдлэггүйтэй холбоотой. Энэ ертөнцийг гэрэлтүүлдэг ганц л зүйл бий, тэр нь нар. Шөнө ч ялгаагүй сар, од биш, түүн дээр тусаж ойсон нарны туяа л гэрэлтүүлдэг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188