Энэ жилийн цас, шуурга ихтэй хүйтэн хаврыг малчид, тариаланчид зутруу давж байна. Хуучнаар бол өдийд мод гөлөглөж, ногоо цухуйчихсан байх цаг шүү дээ. Гэтэл энэ жил хүйтэн хавсарга салсангүй. Харин зуны саруудад хэр бороо хур элбэгтэй байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтнээс тодруулсан юм. Тэрбээр "Бид энэ сарын 28-нд энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээллийг судалж, бэлтгэж дуусна. Тиймээс одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Харин Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн доктор, профессор Б.Дорж, Ж.Намгар нарын өнгөрсөн намрын хөрсний чийг болон 5-7 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв байдлыг боловсруулсан судалгаа бий. Түүнд, төвийн бүс нутгаар тавдугаар сард 10 мм, зургадугаар сард 40 мм-ээс их, харин долдугаар сард 30-70 мм орчим тунадас орох төлөв гарсан гэх судалгаа гаргасан байна. Мөн тавдугаар сард олон жилийн дунджаас их, зургадугаар сард олон жилийн дунджийн орчимд байхаар байгаа нь үрийн соёололт хэвийн явагдана гэсэн үг. Энэ жилийн тариалалт хийх, буудайн бутлалт, гол хатгалтын үед үргэлжилж ургацын хэмжээ шийдэгддэг саруудад төвийн бүсэд чийгийн хангамж хүрэлцээтэй, баруун болон зүүн бүсэд дутагдалтай байх төлөв гарсан байна” гэсэн юм.
Тиймээс Б.Дорж, Ж.Намгар нар цаг агаарын урьдчилсан төлөв байдалд тулгуурлаж хаврын тариалалтыг хэрхэн бэлдэх, юунд анхаарах ёстойг зөвлөсөн байна. Тэдний гаргасан зөвлөмж мэдээллээс хүргэе.
Тариалангийн төв бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын тариалан бүхий нутаг энэ бүсэд багтдаг. Өнөө жил тариалангийн төв бүсэд уринш ба гуурстай талбайд агуулагдах хөрсний чийгийн хэмжээ ойролцоо, зарим газарт гуурстай талбайд нь илүү байгаа нь чамлахааргүй нөөц байгаа гэсэн үг. Хөрсөнд байгаа нөөц чийг ба зургадугаар сард орох тунадасыг зөв ашиглахын тулд чийг хүрэлцээтэй талбайд тарилтыг тавдугаар сарын 15-ны дотор, чийг дутагдалтай талбайд сарын сүүлчийн хагаст хийвэл зохимжтой. Хөрсний чийг хангалттай талбайд үрийг 5-6 см, дунд юм уу хангалтгүй талбайд 7-8 см гүнд тарина. Мөн долдугаар сард ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байгааг тарилтын технологид заавал анхаарах хэрэгтэй.
Хэдийгээр ургалтын хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв таатай биш байгаа ч нэг удаа ч гэсэн ахиухан хэмжээтэй бороо орвол үр ашигтай түвшинд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм. Чийг хангалттай, ялангуяа уриншаас илүү чийг агуулж буй гуурстай талбайд тариалж болох боловч бүх технологийн ажлыг чанартай хийж гүйцэтгэх нь чухал. Бороо олон удаа бага хэмжээгээр орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үед гербицид цацах хэрэгтэй.
Зүүн бүс: Одоогоор манай орны үр тариа үйлдвэрлэлийн хоёр дахь бүс нутаг. Дорнодын Халх голд өнгөрсөн намар хөрсний 0-50 см гүний чийг уринш ба гуурстай талбайд яг адил 39 мм байсан бол, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Гурванбаянд уг үзүүлэлт уриншинд 14-26 мм, гуурстай талбайд 19-27 мм байснаас үзэхэд уриншинд чийг төдийлөн хурамтлагдаагүй байна. Тавдугаар сард зүүн аймгуудын ихэнх нутгаар, зургадугаар сард зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, долдугаар сард зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас бага хур тунадас орох төлөвтэй байна.
Уриншид хуримтлагдсан чийгийн нөөц бага, зуны саруудад хур тунадасны хэмжээ ОЖД-аас бага байх төлөв байгааг харвал тариалах хугацаагаар ургацын хэмжээг зохицуулах боломж хомсхон байхаар байна. Тухайн нутаг орны хүрээнд өөрийн тариалах талбай бүрээр явж үзсэний үндсэн дээр тариалах талбайгаа сонгох шаардлагатай. Сайн элдэншүүлсэн уриншиндаа дугаарлаж фракцалсан сайн чанарын үрээр зургаан см-ээс илүүгүй гүнд тарина. Өмнөх жилүүдэд хуурай гандуу нөхцөлд илүү ургац бүрдүүлж байсан хугацааг сонгож тариалахыг эрмэлзэх хэрэгтэй. Эсвэл бүр эртийн хугацаанд нэн эртийн болон эртийн болцтой буудайн сортыг сонгож тариалах, мөн арвай, хошуу будааны эрт болцтой сортыг хугацааны сүүл рүү тариалж болц гүйцвэл хураах, үгүй бол ногоон тэжээлд хадах сонголтууд байж болно.
Ургац хураалтын өмнө буудайн болцыг түргэтгэх шаардлага гарч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Халх голын районд одоогоор бидний ашиглаж чадахгүй байгаа нөөц бол ургалтын хугацаа бөгөөд энэ чухал үзүүлэлт энд 126 хоног байдаг нь тариалангийн бусад бүсүүдээс илүү давуу талтай юм. Хэдийгээр нэг бүсэд багтдаг ч Хэнтий аймгийн төвөөс хойш орших нутаг нь өөрийн өвөрмөц онцлогтой, тариаланчид нь түүндээ тохирсон арга барилыг эзэмшиж чадсан байдаг ба Баян-Адарга сумын “Идэр онон”, “Мөнхийн дуурлиг” компаниудын жишгээр тариалах технологио боловсруулж мөрдөхийг зөвлөж байна.
Баруун бүс: Тариалангийн зонхилох хувь нь Увс аймгийн Баруунтуруунаас гадна Зүүнхангай, Завханы Тэс, Асгатад өмнө нь бухаар тариалан эрхлэж байсан тодорхой хэмжээний газрууд хамрагдана. Энэ нь Хангайн нуруу, Хан хөхийн нурууны уулзвар орчимд, уулсын араар байрласан толгодын хоорондох хотгоруудад, өөр хоорондоо нилээд алслагдсан, нийлбэр дүнгээрээ 30 шахам мянган га талбай бүхий хөрс, уур амьсгалын бичил нөхцөл хүчтэй илэрдэг газар нутаг юм.
Зуны саруудад хур тунадасны хэмжээ олон жилийн дундаас бага байхаар байна. Иймээс уриншилсан талбай нэг бүрээр явж үзлэг шалгалт хийх, чийгийн баримжаа авах хэрэгтэй бөгөөд бололцоотой гэж үзсэн талбайд тариалалт хийж болох юм. Тарилтын өмнө талбайн болон тарилтын бэлтгэл ажил, ургамал хамгааллын ажлууд аль ч бүсэд ижил байдаг тул өмнөх бүсийнхээс харж болно. Баруун бүсийн онцлог бол цас хавар оройтож хайлдаг учраас хүйтрэлгүй хоногийн тоогоор төвийн бүсээс хориод хоногоор дутуу, тарилтын хугацааг нааш цааш нь татах боломж хязгаарлагдмал байдаг. Доктор Б.Пүрэвийн судалгаагаар усалгаагүй талбайн үр тарианы ургацад цаг агаарын хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 37 хувь, технологийн буюу хүний хүчин зүйлийн нөлөө 63 хувь байгаа нь тариалалтын технологийн мөрдөлт чухлыг харуулж байна.
Улсын хэмжээнд хаврын тариалалт эхлээгүй байгаа. Жил бүрийн тавдугаар сарын эхний 10 хоногоос тариалангийн ажил эхэлдэг. Харин Хэнтий аймгийн "Хэнтий тариалан" ХХК-ийнхан хөрсөө хамгаалж жил бүр эрт тариалалт хийдэг аргыг нутагшуулаад 10-аад жил болж байгаа билээ. Тиймээс Хэнтий аймагт хаврын тариалалт хэрхэн үргэлжилж байгаа талаар тус аймгийн ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалангаас тодруулсан юм. Тэрбээр "Манай аймаг тариалангийн есөн бүстэй. Одоогийн байдлаар 1000 гаруй га талбайд хаврын тариалалт эхлүүлчихсэн байна. Эрт тарьж хөрсөө хамгаалахын хэрээр арвин ургац авах боломжтой байдаг. Үүнийхээ хэрээр есдүгээр сарын эхэн үед ургацаа хураагаад дуусчихдаг юм. Том га талбайд заавал их үр цацсанаар ургац арвин байна гэсэн үг биш" гэлээ.
ЭНЭ ЗУН ТӨВИЙН НУТГААР БОРОО ЭЛБЭГ, БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДААР ХУР БАГАТАЙ, ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙНА |
|
2025-04-18 16:03:45
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 07:00:00
2025-04-18 06:00:00
2025-04-18 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |