• Өнөөдөр 2024-05-02

УТААГҮЙ ТҮЙМЭР МОНГОЛЫН ОЙГ ХУЙХЛАХ НЬ

2023-03-02,   956

       Өвлийн хорт утаанаас дөнгөж салахтай залгаад Монголын ой, тайга төдийгүй ус, ургамал, байгальд утаагүй түймэр “дэгдэх” нь ээ. Тодруулж хэлбэл, байгалийн амин судас, гол эрчим хүч төдийгүй Монголын эдийн засагт дам болон шууд байдлаар томоохон үүрэг гүйцэтгэдэг ой моддод хөнөөлт шавж бүрэн үүрлээд, цаг дулаарахыг хүлээн ичиж байна. Урь орж, байгаль сэргэхэд модод эсрэгээрээ шим тэжээлээ алдан доройтох, хаа сайгүй үйрэн унах аюул нүүрлэж, ялангуяа Монголын нийт ойн нөөцийн 78.6 хувийг эзэлдэг шинэсний ихээхэн хувь дахин сэргэхээргүй хатах нь тодорхой байгааг судлаачид онцолж буй. Энэ “түймэр” хүний нүднээс далд, ой тайгынхаа гүнд эрчимтэй “дүрэлздэгийг, энэ хавар улам идэвхжихийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн мэргэжилтнүүд, шавж судлаачид онцлон ярьж байна.

ХЭДХЭН ЭРВЭЭХИЙД ХЭЧНЭЭН ГА ОЙГОО СҮЙТГҮҮЛЭХ ҮҮ, ЭРҮҮЛЖҮҮЛЭН АВРАХ УУ

     Урин, дулааны цагт хаа сайгүй навчсаа дааж ядан байдаг ойн сан харагдаж байгаа шигээ эрүүл байхаа болиод удсаныг шавж судлаачид ярих болсон. Өөрөөр хэлбэл, Монгол орны нийт газар нутгийн ердөө 11.7 хувийг эзэлдэг модод хамгаалж, цэвэрлэж, эрүүлжүүлэхгүй бол тэр аяараа хөнөөлт шавжинд идүүлж, цөөнгүй нь дотроосоо үйрэн унахад ойрхон болжээ гэсэн үг. Энэ тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг  “Ойд учирч буй эрсдлийг мэргэжлийнхэн хомсдох, доройтох гэж хоёр ангилдаг. Хомсдох гэдэг нь хүмүүсийн нөлөөгөөр мод үгүй болгохыг хэлж байгаа юм. Доройтох нь өвчин, хортон шавж, бусад нөлөөллөөс сэргэн ургах чадвар нь багасах, үхэхийг хэлж байгаа хэрэг. Доройтлын шалтгаан нь хүний санаатай, санаандгүй тавьсан түймэр, утаагүй түймэр буюу шавжийн хор хөнөөл байдаг. Монгол орны хэмжээнд 12 мянга орчим шавж байгаагаас 737 орчим нь модны ямар нэг эд, эрхтнээр хооллодог. Эдгээрээс 360 орчим нь модны зөвхөн навч, шилмүүсээр хооллодог бол үлдсэн нь модны модлог эд, холтос, хатуу биетээр хооллодог. Навч, шилмүүс иддэгийг нь анхдагч, нөгөөхийг нь хоёрдогч шавж гэдэг. Анхдагч шавж модны навч, шилмүүсийг идсэнээр хоёрдогч шавж мод руу орох нөхцөл бүрдэж, дотроос нь идэж, мод үхдэг. Иймд модыг хамгаалах хамгийн тохиромжтой буюу нэн шаардлагатай арга нь анхдагч шавжнаас навч, шилмүүсийг хамгаалах юм. Одоогийн байдлаар Монгол Улсын 14 аймгийн 109 сум орчмын 737 мянган га талбайд 4-5 зүйлийн хөнөөлт шавжийн голомт үүссэнийг судалгаагаар тогтоогоод байна. Бид энэ жилээс ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг тасралтгүй хийхээр төлөвлөж байна. Гэхдээ хөнөөлт шавжийг бүр мөсөн устгана гэсэн үг биш юм”  гэсэн юм.

      Модод ийн өвчилж, хатаж, доройтож байгаа гол шалтгаан нь ойн хөнөөлт шавжинд “бариулсан” моддын голомт урин цагт өдрөөр биш цаг, минутаар хүрээгээ тэлж, хөнөөлт шавжийн тархалт улсын хэмжээнд түгшүүр зарлах хэмжээнд үржиж, хэт олширсоных билээ. Үүгээр зогсохгүй энэ хавар сибирийн хүр эрвээхийн тоо толгой эрчимтэй өсөж, үржих идэвхжилийн үечлэлийнх нь хоёр дахь жил юм байна. Энэ үед нь л ойг, ялангуяа шинэсийг, моддын навчийг хамгаалж, эрүүлжүүлэхгүй бол ердөө хэдхэн зүйл эрвээхий Монголын ойн санг тэр чигт нь хатааж дөнгөх аюултай.

     Энэ тухай шавж судлаач Ж.Пунцагдулам “Шинэс, шилмүүст модонд нэг удаагийн гэмтэл онцын нөлөөгүй. Дараа жил нь сэргэж хэвийн ургах боловч, хоёр дахь удаагийнх нь дээр маш амархан гэмтэж, навчаа бүрэн алдах нь элбэг. Хөнөөлт шавж нэгэнт навчийг нь идсэн бол модны ургах чадвар доройтож, хуурай мөчир олон болж, зарим титэм хатна. Ингэснээр модны өсөлт удааширч, сульдаад зогсохгүй экосистемд нь бүрэн нөлөөлж, мод үхэж, ишний хөнөөлт шавьж модонд бүрэн суурьшина” хэмээн “Монгол орны ойн шавж” номондоо онцолжээ. Өөрөөр хэлбэл, сибирийн хүр эрвээхий тэргүүт хөнөөлт шавжийн хэт олшрол идэвхжлийн хоёр, гурав дахь жил рүүгээ орж байна гэдэг нь монголчууд чанга дуугаар түгшүүр зарлаж, шинжлэх ухаанчаар ойн сангаа хамгаалахаас өөр сонголтгүй болсны баталгаа яах аргагүй мөн.

       Шинэс хэмээн онцолсны учир нь, Монголын ойн сангийн 80 орчим хувийг дангаар бүрдүүлдэг уг модонд хамгийн их хөнөөл учруулдаг шавж нь сибирийн хүр эрвээхий, өрөөсгөл хүр эрвээхий, якобсоны төөлүүр эрвээхий, эгэл бийр сүүлт эрвээхий, шинэсний шилмүүс хуйлагч тэргүүт юм. Уур амьсгалын дулаарлын нөлөө, шинэст ойг хөнөөлт шавжаас хамгаалах зориулалтын бодис хангалттай цацаж, хамгаалахгүй ирсэн зэргээс шалтгаалан өнгөрсөн оны байдлаар эдгээр шавжийн хөгжил хурдсан, хөнөөлийн голомт хурдацтай томорч, 950.6 мянган га талбайд хөнөөлт шавжийн тархалт үүсээд байгаа юм. Энэ хэмжээ ирэх хавар сар, өдрөөр бус цаг, минутаар томорч, шинэст ойгүй болох бодит аюул нүүрлээд байна.

1.8 САЯ ГА ОЙН САН ХӨНӨӨЛТ ШАВЖ, ЭРВЭЭХИЙД “БАРИУЛЖЭЭ”

     Ойн сангаа онцгойлон хамгаалах ёстойг ойлгуулах бяцхан тоон мэдээлэл сонирхуулъя. Манай орны ой нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, бичил биетийн амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн чухал ач холбогдолтойгоос гадна Сибирийн их Тайгын үргэлжлэл, дэлхийн гурван том усан хагалбарыг дагаж ургадаг уулын ой юм.

      Монгол Улс 18.5 мянган га ойн сангийн талбайтай. Гэхдээ үүний ердөө 7.86 хувийг л ойгоор бүрхэгдсэн талбай буюу ой эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, хайрлан хамгаалахгүй л бол ойн маш бага сантай гэсэн үг. Гэхдээ бага талбай эзэлдэг гэлтгүй манай ойн сан баялаг бөгөөд 140 гаруй зүйлийн мод, сөөг тархан ургадаг. Ингэхдээ ойн нөөцийн 78.6 хувийг шинэс, 9.4 хувийг хуш, 6.1 хувийг хус, таван хувийг нарс, 0.3 хувийг бургас, 0.23 хувийг гацуур, 0.2 хувийг улиас, 0.02 хувийг жодоо, 0.05 хувийг улиангар, 0.15 хувийг заган ой, 0.01 хайлаас, 0.002 тоорой эзэлдэг байна. Манай орны ойн сангийн зонхилогч гол мод нь шинэс бөгөөд байгалийн ойн талбайн 62.5 хувийг, нөөцийн 78.6 хувийг эзэлдэг.

     Энэ хэдхэн тоо бол монголчуудыг ус, ургамал, хөрс, цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль, ан амьтад гээд бүх юмтай байлгах тэнцвэрийг хадгалж буй гол хүчил төрөгч, амин судас болсон ойн сангийн тухай баримт. Гэхдээ эрүүлжүүлэхгүй,  хамгаалахгүй, үржүүлэхгүй л бол байгалийн болон хүний нөлөө, хүчин зүйлсээр минут, секунтээр цөөрч буйг илтгэх баримт гэвэл илүү зохино. Учир нь, Монголд 15 мянга гаруй зүйл шавж бүртгэгдсэн бас үүний 70 орчим хувь нь ойгоос хамааралтай оршдог байна. Өөрөөр хэлбэл, ойн тэнцвэрийг сахиулангаа моддод дайн зарлан амьдардаг зохилдлоготой гэсэн үг. Бүр тодруулбал, манайд ойн хөнөөлт долоон баг, 68 овог, 240 төрлийн 468 зүйл шавж бүртгэгдсэн байдаг. Үүний дийлэнхийг модлог ургамлаар хооллодог цох, хайрсан далавчтан буюу эрвээхий, хальсан далавчтан, ижил далавчтаны баг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ойн хөнөөлт шавжны дийлэнхийг модны аль нэг “эрхтэн”-ээр хооллогч дайсан эзэлдэг гэсэн үг.

      2022 оны аравдугаар сарын байдлаар Монгол орны нийт ойн сангийн 1.8 сая га талбай хөнөөлт шавж, эрвээхийд идэгдсэн, үүнээсээ болж өвчилсөнийг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг ярьж байсан. Үүний хамгийн ойрын жишээ бол Улаанбаатар орчмын Богдхан уулын Нүхтийн ам, Баянгол, Санзай, Гүнт зуслангийн ойролцоох ойн дийлэнх нарсны шилмүүс якобсоны төөлүүрч эрвээхий, сибирийн хүр эрвээхийд идэгдсэний улмаас хар хүрэн өнгөтэй болж, өгөрөн хатсан байдал юм.

ӨВӨЛ НЬ ХӨРӨӨДҮҮЛЖ, МУНАДУУЛЖ, ЗЭРЭМДЭГЛҮҮЛСЭН ОЙ ХАВАР НЬ ХҮР ЭРВЭЭХИЙ, ХӨНӨӨЛТ ШАВЖИНД ИДҮҮЛЭН АВРАЛ ЭРСЭЭР...

    Хүр эрвээхий, хөнөөлт ямар ч шавжнаас дутахааргүй өөр нэг дайсан моддод бий. Тэр бол хүн. Хүмүүс техникийн хүчээр моддыг хөрөөдөж, сүхдэж, хугалж, тайрч, мунадаж, түймэрдэх гээд байж болох бүх аргаар гэмтээж, “эрэмдэглэдэг”. Жилийн дөрвөн улиралд, ялангуяа намар, өвөлд моддыг түлш, хэрэгцээндээ үй олноор нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хагалж, хөрөөдсөөр хэчнээн сая га талбай мод хүний гарт сүйдэж, ахин сэргэхээргүй болсныг таах аргагүй. Ойд цахилгаан хөрөө, сүх, мунын дуу арайхийн татрахтай зэрэгцэн элдэв хөнөөлт шавж, хэчнээн төрлийн эрвээхий моддыг дотроос нь идэж эхэлдэг. Хөнөөлт “дайсан”-ууд моддод амсхийх ч зав өгөхгүй ийн тарчилгаж, “зовоосоор” байна. Эдгээрийн дундаас хамгийн аюултай нь модыг шим тэжээлгүй, дахин сэргэхгүй болгон устгадаг хөнөөлт шавж юм. Өөрөөр хэлбэл, хэдхэн эрвээхийд ойгоо тэр чигт нь сүйтгүүлэх үү, эрүүлжүүлэн аврах уу гэдэг сонголтын өмнө монголчууд ирээд байна. Гэхдээ модоо аврах гээд хөнөөлт шавж бүрийг устгах уу, эсвэл...

Үргэлжлэл бий.

 


УТААГҮЙ ТҮЙМЭР МОНГОЛЫН ОЙГ ХУЙХЛАХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188