Жавар тачигнасан энэ өдрүүдэд УИХ Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ид хэлэлцэж байна. Хэрхэн газар олгох, байнга хэл ам дагуулж байдаг бэлчээрийг хэрхэх зэрэг олон асуудлыг энэ хуулиар шийдэхээр төлөвлөсөн аж. Тэдгээрийн дотор нэгэн заалт яах аргагүй анхаарал татаад эхэллээ. Энэ нь дэлхийд Монгол орны нэрийн хуудас болдог тусгай хамгаалалттай газар нутгийн тухай юм. Тодруулбал, тус хуулийн 17.1-д, “Энэ хуулийн 16.1.1-16.1.4-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, байршил, хил заагийг тогтоох асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заажээ. Тэгвэл 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Газрыг дараах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч болно гээд үүн дотроо улсын тусгай хамгаалалттай газрыг оруулсан байх юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд гар өргөн дэмжээд баялгыг нь авахаар тусгай хамгаалалттай газруудыг хамгаалалтаас гаргадаг болох үүд нээгдэнэ гэсэн үг.
Хамгаалагдсан газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргаж болно гэсэн хууль эрх зүйн үндэс Монголд байхгүй, харин янз бүрийн хуулийн сиймхийгээр далимдуулж гаргахаар оролдож байсан тохиолдлууд цөөнгүй бий. Алтыг нь авахын тулд тусгай хамгаалалтаас гаргах гэж оролдон дэлхийд шившиг болохоо шахсан түүх ч байгаа.
.jpg)
Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байхдаа Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаатарт 2013 оны есдүгээр сарын 13-нд санал авах албан бичиг явуулсан байдаг. Үүнд “Говийн их болон бага дархан цаазат газрын зарим хэсэгт ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах, тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа тул саналаа яаралтай ирүүлнэ үү” гэжээ. Саналыг иргэдийн оролцоотой бус зөвхөн аймгийн удирдлагуудын хэмжээнд хэлэлцэхийг үүрэгдсэн байдаг. Тухайн үед Засгийн газраас боловсруулсан хуулийн төслөөр Говийн их дархан цаазат газрын Талын мэлтэс, Хатан суудал зэрэг газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар тусгажээ. Хатан суудлыг мазаалайгаар, Талын мэлтэс орчмын газрыг хавтгай тэмээгээр нь олон улсад мэддэг. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ИТХ-ын төлөөлөгчид, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлснээр Говь-Алтайн иргэд дархан цаазат газраа хамгаалах хөдөлгөөнийг өрнүүлж болиулсан юм.
Тун саяхандаа, ковидын үед ч дээрхтэй төстэй үйл явдал болох шахсан. “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хууль”-ийн төсөл боловсруулж нийгмийн хүчтэй шүүмжлэлд өртөж байв. Энэ хуулийн төслийн 27.1.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт болон хил орчмын нутаг дэвсгэрт ашигт малтмал, газрын тос олборлох үйл ажиллагааг Засгийн газрын өргөн мэдүүлснээр шийдвэрлэх” гэх заалтыг тусгасан байжээ.
Ухаж ойлговол тусгай хамгаалалтад авсан газар нутагт Засгийн газар ашигт малтмалын зөвшөөрөл олгож, газрын хэвлийг нь ухуулах эрхтэй болох байсан юм байна. Энэ зүйл заалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.1, 18.1, 21.2, 24.2 заалтууд (ашигт малтмалын хайгуул хийх, олборлохыг хориглох тухай)-ыг зөрчсөн юм. Олон нийт эсэргүүцсэн тул бас л чимээгүй болсон байдаг. Боломж гарвал тусгай хамгаалалтаас гаргах гээд байдаг ийм жишээ олныг дурьдаж байна. Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үүний үргэлжлэл явж байхыг үгүйсгэх аргагүй, хардах эрх ч иргэдэд бий.
.jpg)
Газар нутгаа тусгай хамгаалалтад авна гэдэг зөвхөн дотоодын асуудал биш болсон. Үүнийг дагаад улс орны нүүр царай харагддаг. П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа “Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авна” хэмээн олон улсын өмнө амлалт өгсөн түүхтэй. Үүнийг нь дэлхий нийт алга ташин хүлээн авч, тэр хэмжээгээрээ Монголын нэр хүнд өсч байлаа. Өнөөдөр манай улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ 21 хувьтай л байна.
Бас энд заавал анхаарах асуудал бий. 1993 оны есдүгээр сарын 30-нд Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол Улс анх нэгдэж орсноос эхлэн одоогоор манай улс нийт 11 конвенци, гурван протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны тал болсон билээ. Эдгээр гэрээ конвенцүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, гаднын улс орнуудаас дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ нь улсаас зарцуулж буй хөрөнгөөс тав дахин их байна. Эндээс харахад тусгай хамгаалалттай газар нутгийг байгуулснаар хамгааллын хүрээнд шууд хөрөнгийг татах бүрэн боломж байдаг, байгаль хамгааллын асуудал хурцаар тавигдаж буй энэ цаг дор бидэнд гаднаас хөрөнгө татах боломж улам л нэмэгдэх боломжтой юм. Тиймээс хууль санаачилах, батлах үүрэгтэй УИХ-ын гишүүд үүнд онцгой анхаарал хандуулж алдааг даруй засах биз ээ. Ингэхийн тулд тусгай хамгаалалттай газрыг тусгай хэрэгцээний ангилалаас хасч газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд оруулах нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.

Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал олборлохоос илүүтэй үнэ цэнийг нь нэмэгдүүлж, хуульд нийцсэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжин эдийн засгийг үр өгөөжийг нэмэгдүүлэх олон боломж бий. Тиймээс онгон дагшин газруудаа хэвээр нь авч үлдэхэд Засгийн газар, ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн идэвхи, зүтгэл их чухал буйг эрдэмтэн судлаачид онцлон хэлж байна. Тэгээд ч Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь хүргэх зорилт тавьсан билээ. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд 2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүрэх зорилт тавьсан бөгөөд ингэснээр 8.7 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Түүнчлэн Монгол Улс Биологийн олон янз байдлын суурь конвенци, Нүүдэллэдэг зүйл амьтдыг хамгаалах олон улсын конвенцид нэгдэн орсноороо дэлхий нийтийн өмнө үүрэг хүлээсэн. Тэгэхээр энд Б.Бат-Эрдэнэ сайдын үүрэг улам тодорхой харагдаж байгаа юм.
Газрын ерөнхий хуультай зэрэгцээд удахгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) тухай хуулийг шинэчлэн оруулж ирэхээр төлөвлөж байгааг холбогдох албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр хэлж байна лээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүнд их үүрэгтэй оролцож байгаа бөгөөд удахгүй хуулийг Засгийн газрын хуралдаанаар оруулах сураг сонсогдсон. ТХГН-ийн тухай хуулийг шинэчлэн найруулсан төслийг боловсруулах ажил 10 гаруй жил үргэлжилж байна. Удсан шалтгааныг Газрын багц хуулийн дараа шийдвэрлэнэ гэсэн тайлбар хэлсээр өдийг хүрчээ.

Ямартай ч шинэ хуулийг Б.Бат-Эрдэнэ сайд удахгүй гардаж танилцуулах нь тодорхой болжээ. Харин тусгай хамгаалалттай газрыг хамгаалах энэ хууль үндсэн зарчмаасаа хазайсан эсэхэд онцгой анхаарч, алхам тутамд хянах хэрэгтэйг байгаль орчны салбарынхан сануулж байна. Хуулийн төсөлд тусгай хамгаалалтаас гаргаж болох заалт байжээ. Тодруулбал, 6.1-д “Газар нутгийг тусгай хамгаалалтад авах, гаргах, тусгай хамгаалалттай газрын нутгийн дэглэм, менежмент болон тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглуулахтай холбогдсон харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулна” гэж заасан байв. Харин сүүлийн хувилбарт энэ заалтаас “гаргах” гэдэг үгийг хассан нь олзуурхууштай. Гэхдээ энэ бол тайвшрах шалтгаан биш юм. Засгийн газарт дэнслэгдэж, УИХ-аар хэлэлцэх хүртэл “гаргах” гэдэг үг буцаад ороод ирэхийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Ялангуяа Богдхан уулын суурьшлийн бүстэй холбоотойгоор тодорхой хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах гэж оролдохыг үгүйсгэх аргагүй. Үүнтэй холбоотой өнгөрсөн хугацааны алдаа дутагдлыг Тусгай хамгаалалттай газрын тухай шинэ хуулиар зохицуулна гэж албаныхан саяхан УИХ-ын чуулганы үеэр зүгээр ч нэг хэлээгүй байх. Нэгийг нь цэгцлэх гэж байгаад тусгай хамгаалалтаас гаргадаг хаалгыг нээчихвэл тун харамсалтай.
Чухамдаа ийм байдалд оруулахгүй байхад сайд Б.Бат-Эрдэнийн идэвхи, зүтгэл чухал гэж онцлоод байгаа хэрэг. Залуу сайдын хувьд салбарын бодлогыг тодорхойлдог болсноосоо хойш Улаанбаатарын утааг бууруулах, аялал жуулчлалыг сонгодог утгаар нь хөгжүүлэх, хамгааллын ажлын хүндийг нугалдаг байгаль хамгаалагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Тиймдээ ч нэн тэргүүнд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах ажлыг эхлүүлэхээр болсон нь цаг үеэ мэдэрсэн ажил болсон. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд Нүхтийн аманд газар ашиглах эрх шинээр олгохыг хориглосныг олон нийт алга ташин хүлээж авсан билээ.
Байгаль, зэрлэг амьтнаа хамгаалах үүрэгтэй яамны удирдлага одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нэг сөөм газрыг ч тусгай хамгаалалтаас гаргахгүй байх хуулийн заалтуудыг хадгалж үлдэх байр суурин дээр хатуу зогсвол олны дэмжлэгийг авах нь гарцаагүй. Тэгэхгүй бол Б.Бат-Эрдэнэ сайдын үед экологийн үнэ цэнтэй газруудаа тусгай хамгаалалтаас гаргах эхлэл тавигдаж билээ гэсэн муу дурсамж л үлдэх бодит эрсдэл өнөөдөр хүлээж байна.
Н.Батбаяр
| Б.Бат-Эрдэнэ сайдад хаяглав |
|
А.УУГАНБИЛЭГ: Боомилж нас барсан цэрэгт албанаас шалтгаалах зүйл тогтоогдоогүй
2026-04-29 17:34:05
Д.МӨНХХУЯГ: Т.Даваадалайг Туулын хурдны замын төсвөөс 6.6 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдийнхээ данс руу шилжүүлж, мөнгө угаасан хэргээр шалгаж байна
2026-04-29 14:00:44
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд ашиглалтад орно
2026-04-29 12:54:05
ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОРТ ЗУРШЛААС СЭРГИЙЛЭХ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-29 12:40:29
Г.Төрболд элсний наадмаас хүрэл медаль авлаа
2026-04-29 11:42:49
З.Болортунгалаг элсний наадмаас мөнгөн медаль хүртэв
2026-04-29 11:22:01
Өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
2026-04-29 09:28:40
СЭХҮҮН БАЯРАА, СЭТГЭЛ ЗӨӨЛӨН Н.БАДРАЛ
2026-04-29 08:58:45
“Хангардь” клуб улсын аваргаас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ
2026-04-29 07:45:49
Жүдо бөхийн залуучуудын улсын аварга эхэллээ
2026-04-29 07:10:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-04-29 07:00:30
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭС Г.ЁНДОН ЯВЖ, Б.ЦЭНГЭЛ ИРЭХ ТОХИРОО ХИЙСЭН ГЭВ ҮҮ
2026-04-29 07:00:00
ХОТЫН ЗОДООНД Х.НЯМБААТАР ДИЙЛЭХ ҮҮ, А.БАЯР ЯЛАХ УУ
2026-04-29 07:00:00
2026-04-29 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН КЁКҮШЮҮЗАН БАТБАЯРЫН “ARTSAT LUXURY VILLAGE” “GREEN HILL” “ARTSAT TOWN”
2026-04-29 07:00:00
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл
2026-04-28 16:45:19
Испани Улсад амьдарч буй монголчуудад төрийн үйлчилгээ үзүүлжээ
2026-04-28 15:55:48
ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА”
2026-04-28 14:10:00
Жүдочид “Душанбе-2026” их дуулгыг зорилоо
2026-04-28 12:36:57
Эмэгтэй баг "САНЬЯА-2026"-д Макаогийн багийг 21:6-гаар хожлоо
2026-04-28 12:18:35
Монголын хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо
2026-04-28 11:37:42
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Д.Ихбаярыг НИТХ-ын даргад дэмжлээ
2026-04-28 11:23:27
Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгаж байна
2026-04-28 11:21:56
Э.Цэндбаатар 15 дахь тулаанаа тавдугаар сарын 1-нд АНУ-д хийнэ
2026-04-28 11:19:05
“ЛАМБУГАЙН НУЛИМС"-ЫН ЦЭРЭНЛХАМААС "СЭТГЭЛИЙН УЯА"-ГИЙН ЭЭЖ ХҮРТЭЛХ С.САРАНГЭРЭЛИЙН ДҮРҮҮД
2026-04-28 08:52:56
ХОТЫН ДАРГЫН ХҮРЭЭЛЛИЙНХНИЙГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААС НАМНАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-28 07:16:46
“Хаан хүнс импкес” клуб сурагчдын улсын аваргаас 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-04-28 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Л.ПҮРЭВДОРЖИЙН ХОЁР ХАУС ХОТХОН, ХОЁР ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ
2026-04-28 07:00:40
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-04-28 07:00:00
УРАН ЗУРАГ, ХАЛУУН КОФЕТОЙ “АРТУ”-ГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДҮҮРЭН НЭГ ӨДӨР
2026-04-28 07:00:00
СЭТГҮҮЛЧ Л.БАЯРЖАРГАЛЫН ЭГЧ Л.БАЯРМАА: БАГААСАА Л СЭТГҮҮЛЧ БОЛОХЫГ МӨРӨӨДСӨН ДҮҮГ МИНЬ ШАЛГАЖ БОЛНО, ГЭХДЭЭ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ГАДУУР ШАЛГАХЫГ ХҮСЭЖ БАЙНА
2026-04-28 07:00:00
НЭГЖ АВАХААР ГАРААД АМИА АЛДСАН ОХИНЫ ЭЭЖ Х.ОДГЭРЭЛ: ГАНЦ ОХИНЫХОО ЦОГЦСЫГ УУЛНААС ОЛЖ, УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЭЛ ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРГИЙГ НЬ ХААЛГАСАН ДАА
2026-04-28 07:00:00
Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн
2026-04-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |