Үгээр илэрхийлэх аргагүй тансаг үнэр ялгаруулдаг хүдэр гэдэг амьтны талаар амьтан судлаач Ц.Бадарчтай ярилцлаа.
-Хүдэр гэдэг амьтныг зүс үзэж байсангүй. Олон хүн хүдэрийн заар гээчийг мэдэхээс биш өөрийнх нь талаар сонссоноос цаашгүй, таарвал танихгүй байх?
-Хүдэр одоо бараг үзэгдэхээ больсон гэдэг юм. Тэгсэн хэрнээ л хүдэрийн заар зарж, аваад байгаа нь сонин. Гадаад төрхөөр нь шинжвэл жижиг биетэй гөрөөс гэмээр. Ихэнхдээ хүрэн бордуу зүстэй, хондлой, зоогоороо багахан толботой, хүзүүндээ хүнээр яривал зангиа гэмээр сааралдуу зураастай. Энэ содон тэмдэг гэмээр зураас хүдрээс өөр амьтанд байдаггүй. Ой тайга, бөглүү, хүйтэн, мөнх цаст газрыг сонгож амьдардаг, хүйтэнд маш сайн дасан зохицсон амьтан. Нас бие гүйцсэн хүдэр 9-17 кг жинтэй байдаг юм. Өмнө нь Хөвсгөлийн уулс, Хан хөхий, Хангай, Хэнтийн нурууны орчмоор идээшдэг байсан. Одоо үлдсэн цөөхнийг нь хаана амьдарч байгааг нь хэлчихвэл буугаа үүрээд гарах хүн олон байгаа. Тийм болохоор нарийн хэлмээргүй байна. Манай орны хамгийн тансаг үнэртэй амьтан.

-Эрэгчинг нь гэрээ, эмэгчнийг нь гэрэгчин гэдэг юм билээ. Тэдний амьдралын хэв маягаас сонирхуулаач?
-Гэрээний эзэмшлийн 200-300 га газрыг өөрсдийн нутаг дэвсгэрээ, хүнээр бол өмчөө гэж үзнэ. Гэрээ хамраасаа өвөрмөц үнэртэй бодис ялгаруулдаг юм. Үүгээрээ эзэмшил нутагтаа тэмдэг тавина. Бусдын эзэмшил нутагт тэр бүр орохгүй.
-Амьтан болгоноос тусгай үнэр ялгардаг бололтой. Хүдэр заараасаа өөр үнэр ялгаруулдаг хэрэг үү?
-Амьтан, хүнд өөрийн гэсэн үнэр бий. Бусад амьтнаас өөрийгөө хамгаалах, таниулах, эзэмшил газартаа тэмдэг тавих зориулалт бүхий тусгай дааврыг амьтан бүхэн ялгаруулдаг юм. Хүдэр заараасаа гадна исгэлэндүү үнэртэй даавар ялгаруулдаг. Энэ даавар хорголоос нь ч үнэртдэг юм билээ. Өөрийн эзэмшлийн нутгийн хилийн хязгаарт хорголоо гаргадаг. Мөн туурайн завсар нь шүүрэл ялгаруулдаг булчирхай байдаг бөгөөд бэлчээрлэдэг газар, усанд хүрдэг замдаа ялгаруулж, тэмдэг тавина. Тэгээд зөвхөн өөрийн тэмдэг тавьсан жимээр л ирж, очдог.
Тийм сахилга сайтай амьтан. Амьдрах хэв маягийн хувьд гэрээ, гэрэгчин бараг хамт амьдарна. Бараг гэдэг нь үргэлж хамт байдаггүй гэсэн үг. Гэрээ нь гэрэгчингээ алсаас харж, ямар нэг аюулаас хамгаалах, аюул ойртож явааг мэдэгдэх маягаар амьдардаг. Тэгсэн хэрнээ бүр салаад явчихгүй. Бараа бараагаа хараад л амьдардаг гэх юм уу даа.

-Сонин юм байна. Гэрэгчин нь үр төлтэйгээ эзэмшил нутагтаа амьдардаг байх нь ээ. Идэш тэжээлийн хувьд ямар байдаг бол?
-Хүдрийн үр төлийг шовшоорой гэдэг юм. Шовшооройгоо 6-7 сар хүрмэгц гэрээ эзэмшил нутгаасаа хөөчихдөг. Гэрээ ганцаараа дийлэхгүй бол гэрэгчинтэйгээ хамждаг гэдэг юм билээ. Энэ нь эрт биеэ даах, өөрийн гэсэн эзэмшил нутагтай болгох гэсэн эцэг амьтны л ухаан байх гэж боддог юм. Идэш тэжээлийн хувьд өвсөн тэжээлтэн. Хуш модны хөвд, газрын болон хадны хагт их дуртай. Дээхнэ үед хаг ихтэй хаданд цоройгоод зогсчихсон харагддаг байлаа. Ер нь өндөрлөг газарт дуртай.
-Зургаас нь харахад соёотой бололтой?
-Дээд жавьжнаас нь 7-10 см орчим урт соёо цухуйсан байдаг.
-Шовшооройгоо төрүүлэхдээ их зовдог амьтан гэж дуулсан юм байна. Энэ талаар танд харсан, мэдэж байгаа зүйл байна уу. Салаа модны завсар орж, тээглүүлж төрдөг гэсэн үү?
-Хүдэр жилд ганц удаа л үржилд ордог. Арванхоёрдугаар сард үржилд орж найман сар хээлээ тээгээд шовшооройгоо төрүүлнэ. Төрөхдөө их зовж төрдөг амьтан гэж дуулж байснаас биш харж байгаагүй.
-Хүдэрт дайсан олон биз. Хэр хурдан амьтан бэ?
-Хурданаа хүрвэл хурдан. Гэхдээ махчин амьтдыг яаж барах вэ дээ. Шилүүс, чоно, үнэг гээд бүгд л түүгээр хооллохыг оролдоно. Хүдэр маш үнэрч. Дайсан хийгээд бусад амьтныг үнэрээр нь танина. Тэгээд дайсан ирж байвал чихарч байгаа ч юм шиг сонин эвгүй дуу гаргаж, бусдадаа дохио өгнө. Түүний дуугаар жирх, хулгана, үхэр огодой гээд бусад жижиг амьтад ч үүр, нүхэндээ орж, амиа аргалцгаадаг юм.
-Хоёулаа хамгийн гол зүйл болох заар гээч шидтэй зүйлийнх нь талаар яриагаа үргэлжлүүлье.
-Эр хүдрийн хүйснийх нь хажуу талд арьс, мах хоёрынх нь завсарт 4-6 см уут байдаг. Тэр уутны хананд олон тооны булчирхай бий. Тэр булчирхайнаас 60-70 гр цавуу шиг өтгөн, хар хүрэн бодис буюу заар ялгардаг. Тэр нь анхилам сайхан үнэрийг удаан хугацаанд хадгалах чадвартай бодис гэсэн үг. Заар нь 400 гаруй тан хийхэд ордог чухал түүхий эд болдог юм билээ. Эмийн чанарыг сайжруулж, хүний биед нөлөөлөх чанарыг нь идэвхжүүлдэг гэсэн. Гэрэгчинд заар байхгүй. Тийм болохоор манайд нутагт амьдардаг гэрээний тоо толгой маш цөөрсөн гэсэн үг. Заарыг авахын тулд гэрээг хөнөөхөөс өөр арга байхгүй.
-Та үнэрлэж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Заарыг орлуулах бүтээгдэхүүн гаргахаар эрдэмтэн, судлаачид маш олон оролдлого хийсэн боловч гүйцэх нэг ч бодис гарч байгаагүй гэдэг юм билээ. Ямар сайндаа л “Хүнээс илүү ханилна гэж
Хүдрийн заарыг шингээсэн юм аа хө” гэж дуулж байх вэ дээ.
-Манайх хүдэр агнахыг хориглосон хууль 1953 онд гаргасан байлаг. Гэтэл өдгөө 300 хүртэлх тоо толгой болтлоо хоргодсон гэх юм билээ?
-Хүдрийн заарыг гаднын улсууд тэр дундаа Дорно дахинд худалдаалахыг 1932 онд хориглосон байдаг юм. Харин 1953 онд агнахыг бүр мөсөн хориглож, дархалсан. Үүний ачаар одоогоос 25 жилийн өмнө хүдрийн тоо толгой 44 мянгад хүрсэн гэдэг. Ардчилал ялж, бүх юм чөлөөтэй боллоо гэх сургаар буутай, машинтай бүхэн хүдрийг хөөж, агнаж эхэлсэн. Үүний уршгаар тэр сайхан амьтан улаан номд орж, мөхлийн ирмэгт ирээд байна. Уг нь бол дэлхийн арав хүрэхгүй оронд идээшин амьдардаг амьтан байсан юм. Одоо хэдэд нь үлдсэнийг хэлж мэдэхгүй байна.
.jpg)
-Хэд насладаг вэ?
-Ихэвчлэн 4-7 жил амьдардаг. Гурван настайг нь нас биед хүрсэн гэж үздэг. Эхийнхээ хөхийг хөхөхөд нь шов шовхийсэн авиа гардаг болохоор төлийг нь шовшоорой гэж нэрлэсэн байх гэж таамагладаг юм.
-Хүдрийн сангийн аж ахуй, гаршуулан тэжээж байгаа иргэд цөөнгүй байгаа бололтой. Энэ талаар таны бодол?
-Гаршуулан тэжээж, тоо толгойг нь өсгөж байгаа бол сайн хэрэг. Хэд хэдэн тийм газар би мэднэ. Ихэвчлэн ашгийн талдаа л байдаг юм. Яг хүйсийг нь тэнцвэртэйгээр өсгөж, үржүүлж байгаа хүн цөөхөн л байх.
| Шов шовхийн хөхдөг шовшооройн эцэг гэрээ |
|
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |