Баянзүрх дүүргийн XXII хорооны “Алтансан” хорооллын ... тоот айлын эхнэр гэртээ согтуу ирсэн байна. Сархад хүртээд ирсэн эхнэртээ нөхөр нь уурсан хилэгнэж, гутал, хувцсаа шидсэн бололтой, гэр дүүрэн хөглөрч харагдана. Мөн энд тэндгүй хагархай аяга харагдах аж. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн цагдаа нарын хамт эхнэрээ зодсон эрийн үйлдлийг таслан зогсоохоор гэрт нь ийнхүү ороход 3-5 настай тэрсхэн хүүхдүүд айж эмээсэн бололтой уйлсаар угтлаа. Хүүхдүүдийн нүд бүлтэгнэж, айж түгшсэн байгааг харах өр өвдөм байв. Бага хүү нь айснаасаа болоод удаан хугацаанд ээрч уйлсан бололтой. Манай сайтын сурвалжлах баг Улаанбаатар хотын нэгэн шөнийн амьдралын үйл явдлыг хүргэж байгаа нь энэ.
Ахуйн архидалтаас үүдэлтэй хэрүүл маргаан, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл хөл хорио суларснаас хойш хоёр дахин нэмэгджээ. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст хатуу хөл хорионы үед хоногт 20-30 дуудлага ирдэг байж. Харин одоо 50-60 болж нэмэгдсэн гэнэ. Мөн автомашины цонх хагалж, доторх эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг сүүлийн үед эрс нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дүүрэгт ийм төрлийн гэмт хэрэг гурав бүртгэгдсэнийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлагч, цагдаагийн хошууч Ш.Баатархаан хэллээ. Гэр бүлийн хүчирхийлэл болсон газраас бид цааш хөдөллөө.

Ресторан, уушийн газраас гарч ирсэн охид, залуус энд тэндгүй холхилдоно. Тэд “Ээ ингээд салах юм уу. Нэг газар олоод уумаар байна ш дээ” хэмээн бие биенийгээ уруу татах. Архи, шар айргандаа манарч, улаан зээрд болсон залуус цар тахал гарсныг ч мэдэж байгаа шинж ер алга. Бүгд амны хаалтаа авчихсан тамхи татан шүлсээ хаян зогсох ажээ. Хэн нэгнийдээ очиж архи уух гэж байгаа бололтой. Эсвэл буудлын үйлчлэгчийг аргалж байгаад нэг өрөөнд орж аваад, шөнөжин уухаар такси барин одно.
Хорин хэдтэй бололтой гурван залуу гар дээрээс согтууруулах ундаа зарж байхтай “Натур” төвийн “Болор” авто угаалгын үүдэнд 01:00 цагийн үед халз таарлаа. Тэд улаан, саарал өнгийн хоёр “приус” автомашин хөлөглөчихсөн, том хар цүнхнийхээ цахилгааныг татаж чадахгүй болтол нь том, жижиг савлагаатай шар айраг, янз бүрийн хэмжээтэй шилтэй архи, кола ундаа “чихжээ”. Ийн атлаа “Бид ажлаа хийж байна” хэмээн хэнэг ч үгүй эргүүлийн цагдаа нарын өөдөөс хариулах аж. “Амташсан хэрээ 13 дахина” гэдэг шиг тэд бүр шагийн наймаандаа амташсан нь хэгжүүн үг, үйлдлээсээ илт байлаа.
“Бид архи, шар айргаа дэлгүүрээс худалдаж авдаг. 2.5 литрийн хэмжээтэй шар айраг 15 мянган төгрөг. 0.5 мл-тэй “Соёрхол” 40-50 мянга, 0.75-тайг нь 60-70 мянгаар зардаг” хэмээн бувтнав. Тэднийг хэсэг шалгаасны эцэст авч яваа архи, пивийг нь газар эгнүүлэн өртөл муухан дэлгүүрийн архины тасгаас дутахгүй бараатай харагдана. Ийн тэдэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс рүү авч явав. Гар дээрээс архи, согтууруулах ундаа зарсан гурван залууг, эд зүйлтэй нь хүлээлгэж өглөө. “Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг төрийн өмч болгон хурааж, 50 мянган төгрөгөөр торгодог. Хураасан болон устгах эд зүйлсийг дүүргийн ЗДТГ-ын орон тооны бус комисст шилжүүлнэ. Долоо хоногт дунджаар 100-аад архи, согтууруулах ундааг тус газарт хүлээлгэж өгдөг” хэмээн цагдаа нар онцолсон юм.

Мөн он гарснаас хойш 26 иргэнийг архины эмчилгээнд явуулахаар бүртгэхэд зургаа нь эмэгтэй байсан гэнэ. “Сүүлийн үед эмэгтэйчүүд архинд орж, үр хүүхэд, ахуй амьдралаа хайхрахаа больсон шүү” хэмээн халаглав.
Цагдаа нарын хэлж буйгаар архинд орсон эмэгтэй өөрийгөө авч явах чадамжгүй болж, агсан согтуу тавих, орилж хашхирах, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй гээд олон асуудал дагуулдаг байна. Бүр архи уух болгондоо гэртээ агсам тавьж, нөхөр, хүүхдээ айлгадаг зартай эмэгтэйчүүд байдаг гэсэн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсээс гарахаар эргэхдээ цаг харвал, 01:30 цаг болж байлаа. Хүмүүсийн унтлагын цагаар үүдний өрөөнд таван настай болов уу гэмээр хүү дагуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр дуудлага өгөхөөр ирсэн байв. Учрыг асуутал хажуу айлынх нь хүмүүс агсам тавьцгааж, арга буюу гурвуулаа зугтааж, хэлтэс дээр ирсэн гэнэ.
Энэ өгүүлбэрийг хана дагуулан бичсэн Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэх байрны эмч суудаг өрөөний хаалга татлаа. Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эрүүлжүүлэх байрны алба хаагчид халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, нэг удаагийн хамгаалалтын хувцастай сууцгаана. Тус байранд 24 цагийн хугацаанд тогтмол 10-15 хүн эрүүлжүүлэгддэг гэнэ.
01:40 цагийн үед 21-50 насны 17 хүн эрүүлжүүлэгдэж байлаа. Тэд хэсэг бие бие рүүгээ дайрч, тэнгэрт хадтал орилж, хашхиран бужигнуулах нь тэр. Эрүүлжүүлэх байрны үүдээр ороод ирэхэд архи, бөөлжис, шивэр тэргүүтний эхүүн үнэр хамар цоргиж, хөлчүү эрсийн дуу тэр хавиар хадна. Сармагчин шиг л төмөр торийг хоёр гараараа тас атгачихаад, нааш цааш тачигнуулан “Би гармаар байна. Би үхлээ. Цагдаа нарыг ална даа” гээд л тавьтиргүйтэн орилолдох юм.

Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэгдэх байрны эмч, ахмад П.Бямбасүрэн “Харин ч хүмүүс согтуурхаж, агсамнах нь гайгүй байна. Эрүүлжүүлэх байр руу дөнгөж оруулсны дараа их л дөвчигнөнө шүү дээ. Зарим нь бүр барьж аваад зодох нь холгүй байдаг” хэмээв. Тэрбээр үргэлжлүүлэн “Халдварын үед эрүүлжүүлэгдэж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримтлуулах хэцүү байна. Согтуу иргэдийг угтаж авахдаа биеийн халууныг нь үзэж байгаа. Гэхдээ халдварын голомт болчих вий гэж санаа зовж сууна. Манайх 20-25 хүн эрүүлжүүлэх хүчин чадалтай. Баяр ёслолын үед 30-35 хүн хүлээн авч эрүүлжүүлэх нь олонтаа. Эрүүлжүүлэгдэж байгаа иргэдийн зүрхний хэм алдагдах, архи нь гарахаар өлдөж, салганах тохиолдол элбэг. Тухай бүрт нь анхан шатны тусламж үзүүлж, чихэртэй бор цай болон тайвшруулах эм, тариагаар бөөцийлдөг. Хамгийн залуу 21, хөгшиндөө 60 настай хүн эрүүлжүүлэхэд ирдэг” гэлээ. Ерөнхий боловсролын сургууль амарч байгаатай холбоотойгоор хүүхдүүд эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэх явдал ойрын хэдэн сар гараагүй гэсэн.

Нийслэлд 2020 онд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг 2019 онтой харьцуулан үзэхэд 30.2 хувь өссөн байна. Согтуугаар хүний аминд хүрсэн гэмт хэрэг 2019 онд 60 гарсан бол өнгөрсөн онд 82 болсон гэдгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн хэлсэн юм.
Архи гэгч савнаасаа бусдыг дийлдэг ундаа хэчнээн эцэг эх, үр хүүхэд, охид эмэгтэйчүүдийн нулимсыг “нэрдэг” гэдгийг цагдаагийн байгууллагаас гаргадаг хэрэг зөрчлийн тоон мэдээлэл хангалттай нотолж байгаа ч архидан, согтуурах байдал буурахгүй байгаа юм.
Гэмтлийн эмнэлгийн зам дагуу эргүүлийн цагдаа нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарыг илрүүлэхээр драйгер үлээлгэж үүрэг гүйцэтгэн ажиллаж байлаа. Тэд согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан гурван жолоочийн үнэмлэхийг хурааж, автомашинуудыг нь цувруулан зогсоосон байв. Согтуу жолоочтой хамт архидаж, автомашинтай “нисэж” явсан залуус хоёр гурваараа хэлхэлдэн, шивнэлдэж, заримдаа чанга дуу хадаан маргалдацгаана. Цагдаа дараагийн жолоочид зогсож шалгуулах дохио өгч, бичиг баримт шалгуулахыг шаардахад жолооч “Би жолооны үнэмлэхээ гээчихсэн. Шинэ үнэмлэхээ авч амжаагүй явна” хэмээн учирлав. Цагдаа хурууны хээг уншуулж үнэмлэх нь хэвлэгдсэн эсэхийг шалгасны эцэст үнэмлэхээ даруй авч, жолооны үнэмлэхтэй зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж, 25 мянган төгрөгөөр торголоо.
Улаанбаатар хотын нэг шөнийн хэсэгхэн хугацаанд сурвалжилга бэлтгэхэд архи уусан эхнэр нь нөхөрдөө агсамнаж, нөхөр нь уурсахдаа эхнэртээ гар хүрч, шөнийн цагаар архины наймаа цэцэглэж, эрүүлжүүлэх байр хүнээр дүүрч, согтуу жолооч нар машин барин хурдлах дүр зургийг хэдэнтээ харав. Гэтэл цагдаагийн алба хаагчид "Харин ч өнөөдөр хэрэг, зөрчил бага гарлаа шүү. Дуудлагын дийлэнхийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн дуудлага эзэлдэг. Нэгнийхээ аминд хүрэх тохиолдол ч бий" хэмээн халаглан ярьсан юм.
| ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Архи уусан эхнэр нь нөхөртөө агсамнаж, шагийн наймаа “цэцэглэж”, эрүүлжүүлэх байр хүнээр дүүрчээ |
|
Солонгосын Гадаад хэргийн сайд асан Пак Жин “Алтан гадас” одон хүртэв
2026-05-17 09:49:41
2026-05-17 08:28:45
“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН”, “ЧИЛҮГЭН”, “СЭТГЭЛ”-ЭЭС АНИРДАХУЙ
2026-05-17 07:29:49
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-05-17 07:28:08
МУГЖ Н.ТӨМӨРХУЯГИЙН ХҮҮ Т.УЧРАЛ: ААВ МИНЬ АВЬЯАС БИЛИГИЙН ХУВЬД ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, СОД ХҮН БАЙСАН ДАА
2026-05-17 07:26:48
2026-05-17 07:20:06
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-05-17 07:18:20
“ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
2026-05-17 07:17:14
Ж.Энхтөр “Russian Judo Tour” тэмцээнээс алтан медаль хүртэв
2026-05-17 07:12:00
Бүст барилдааны аваргууд тодорлоо
2026-05-17 07:10:00
Байтын Ц.Дагвадорж мастер, Монгол Улсын гавьяат багш” боллоо
2026-05-17 07:00:00
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |