-Сайн байна уу, уран гимнастикийн “Starlight” клубийнхээ талаар ярихгүй юу. Тамирчдынх нь амжилт арвин байна уу?
-Монголын уран сайхны гимнастикийн "Starlit" клуб анх 2012 онд үүсгэн байгуулагдаж 12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Клубийн үүсгэн байгуулагч Олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Азийн гимнастикийн холбооны техникийн хорооны гишүүн Б.Эрдэнэзаяа анх хоёр тамирчинтай гараагаа эхэлж байсан бол өдгөө үндсэн дөрвөн дасгалжуулагч нэг балетын багш 120 гаруй тамирчинтай өнөр өтгөн гэр бүл болжээ. Энэхүү 12 жилийн хугацаанд манай тамирчид 1000 гаруй медаль хүртсэн байна. Бидний зорилго уран сайхны гимнастикаар дамжуулан монгол охидынхоо бие бялдар, зан төлөв, хүмүүжилд хөрөнгө оруулж эрүүл өсөн төлөвшихөд тус нэмэр болохын зэрэгцээ манай клубийг сонгон ирсэн бяцхан охидыг чанартай сургалтаар дамжуулан чадварлаг тамирчин болгон бэлтгэх үндсэн зорилготой. Мөн Монголын уран сайхны гимнастикийн хөгжилд бүхий л талаар гар бие оролцон Ази төдийгүй дэлхийн түвшний тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг бэлтгэн гаргах, уран сайхны гимнастикийг олон нийтэд сурталчлах, түгээх зорилт тавин ажиллаж байгаа.
-Шавь нар нь тайзан дээр үзүүлбэр үзүүлж байхад юу боддог вэ. Сэтгэлдээ тэдэнтэйгээ хамт үзүүлбэр үзүүлж байдаг байхдаа?
-Тамирчидаа талбайд зоригжуулж гаргачхаад багш нарынх нь алга хөлстэй үлддэг дээ. Хүүхдүүдээ талбай дээр алдвал дагаад сандарна, амжилттай хийгээд дуусвал баярлана. Гэхдээ бэлтгэлээс бэлтгэл, тэмцээнээс тэмцээний хооронд охид маань нүдэн дээр сайжрахыг харах хамгийн урамтай байдаг.
-Багшлаад хэр удаж байгаа вэ. Яагаад багшлах болов?
-Миний хувьд үндсэн мэргэжил маань багш биш ээ. Тамирчин байхаа больсноос хойш гимнастикийн спорттойгоо ойр байж, дасгалжуулагч болон хамт бэлтгэл хийдэг байсан найзуудтайгаа үргэлж холбоотой байсан. Амьдралд минь чухал байр суурь эзэлдэг хүмүүс учраас тэр шүү дээ. Монгол Улсад олон улсын тэмцээн болбол очиж чадахаараа тусалж, дэмжихийг хичээнэ, шүүгч нарын сургалт семинарт оролцож дотоодын тэмцээнүүдээ шүүж явсаар 2022 онд олон улсын шүүгчийн эрхээ авсан. “Starlit” клубтээ ажиллаад гурван жил болж байна. Монголын гимнастикийн холбоо, спортын сэтгэл судлалын холбооноос зохион байгуулдаг дасгалжуулагч нарт зориулсан хичээл, хөтөлбөрүүдэд хамрагдаж ур чадвараа улам бүр ахиулахыг хичээж байгаа.
-Таны хувьд гимнастикаар хичээллээд хэр удаж байгаа вэ. Анх спортыг сонгосон шалтгаан нь юу байв?
-Долоон настайгаасаа хойш энэ спортоор хичээллэж байна. Анх спортын мастер Л.Хүрлээ багш манай дүүгийн цэцэрлэг дээр ирж дүүг маань дугуйландаа шалгаруулж авч байсан. Аавтайгаа хамт дүүгээ авахаар очихдоо шохоорхож харсаар байгаад өөрөө хичээллэдэг болсон. Долоон нас гэдэг мэргэжлийн тамирчин болоход нэлээд хожуу бараг оройтсон байсан ч хичээсээр 12 настайдаа спортын дэд мастер болсон доо. Энэ хугацаанд надад олон зүйл зааж сургасан Л.Хүрлээ, Х.Үржинсүрэн, Б.Бат-Отгон, Д.Түмэнтөгс багш нартаа баярлалаа, намайг тамирчнаас гадна зоригтой дайчин, эрүүл зөв хэвшилтэй хүн болгосонд нь үргэлж талархдаг даа.
-Уран сайхны гимнастик тууз, бөмбөг зэрэг хэрэглэлүүдийг ашигладаг шүү дээ. Таны хувьд ямар төрлөөр нь хичээллэж байв. Сурахад хамгийн хэцүү байсан төрөл нь аль нь вэ?
Уран сайхны гимнастикийн үндсэн таван хэрэглэл бий. Үүнд олс, цагариг, бөмбөг, булав, тууз багтана. Мэргэжлийн тамирчид бол таван хэрэглэлээ бүгдийг нь эзэмшиж сурах шаардлагатай. Сонирхогчийн төрлөөр хичээллэж байгаа охид маань наснаасаа хамаараад хамгийн түрүүнд олс, булавнаас эхлээд сурна. Энэ хоёр хэрэглэл нь нөгөө гурван хэрэглэлээ бодвол хоёр гарын зэрэг ажиллагааг илүү шаарддаг учраас бага насны хүүхдийн баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлэх ач холбогдолтой. Олс, цагариг, бөмбөг, булавны хэмжээ нь тамирчныхаа өндрөөс хамаарна. Туузаар хамгийн сүүлд буюу 10 нас хүрээд тэмцээнд орж эхэлдэг. 16 хүртэлх насныхан 5 метртэйг, 16 ба түүнээс дээш насныхан 6 метр урттай тууз ашигладаг. Тэр урт юмыг 1:30-2:30 минутын турш зууралдуулахгүй, огт зогсоохгүй ажиллуулах шаардлагатай учраас тамирчнаас хамгийн өндөр ур чадвар шаарддаг. Гэхдээ маш гоё харагддаг учраас шохоорхсон бяцхан тамирчид маань гэртээ 2-3 метр урттай тоглоомон тууз аваад хийдэг, тэр нь том болоод мэргэжлийн тууз барихад дөхөм болж өгнө.
-Гадаад дотоодын олон тэмцээн уралдаанд оролцсон юм билээ. Бүгд л хичээл зүтгэл шаардсан байх тэр дундаас хамгийн их бэлтгэл шаардсан нь ямар тэмцээн байсан бэ?
-Таны хэлсэнчлэн охид маань том жижиг гэхгүй бүх тэмцээн дээр өөрсдийгөө дайчилж оролцдог. Гэхдээ мэдээж улсынхаа нэрийг гаргаж байгаа олон улсын болон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд илүү сайн оролцохыг хичээдэг. Монголын уран сайхны гимнастикийн техникийн хороо жил бүр Өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангиллын Ази тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам, Дэлхийн цом гээд дараа жилд зохион байгуулагдах чансаа өндөртэй тэмцээнүүдэд орох тамирчдаа сонгон шалгаруулах сорилыг сүүлийн улирлын дотоодын тэмцээнүүдээр зохион байгуулдаг. Ингээд шалгарсан багийн болон ганцаарчилсан төрөлд оролцох тамирчид хагас жилийн хугацаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээд тэмцээндээ оролцдог. Бидний хувьд ч том цуврал тэмцээнд амжилттай сайн оролцохын тулд шаргуу бэлддэг дээ.
-Хүүхдүүдийнхээ өдөр тутмын болон тэмцээний бэлтгэлийг хэрхэн хийдэг вэ?
-Монголын Гимнастикийн холбоо болон клубүүд нийлээд жилдээ дунджаар дотоодын 8-10 тэмцээн зохион байгуулдаг. Тэгэхээр бид нар тэмдэглэлт баяртай саруудаас бусад сард тэмцээнтэй байдаг гэсэн үг. Энэ нь ч тамирчдын маань ур чадвар сайжрахад чухал нөлөөтэй. Манай клубийн хувьд анхан шатны бэлтгэл долоон хоногт 2-3 удаа 90 минутаар үргэлжилдэг бол мэргэжлийн тамирчид долоон хоногт дөрвөн удаа 4-5 цаг бэлтгэл хийдэг. Охидоос тэвчээр, авхаалж самбаа шаардсан хэсэг байдаг учраас хэцүү дасгалуудаа үргэлж шинэлэг сонирхолтой байдлаар явуулах нь чухал. Хүүхдүүд хоорондоо өрсөлдөх юм уу, нэг нэгнээсээ үлгэр дуурайлал авч олон сурдаг. Дараа нь бид тэмцээн дээр хийдэг зохиомжит хөдөлгөөнөө давтдаг. Тамирчин бүр өөрөө өөртэйгөө бие дааж ажиллаад багшдаа шалгуулж алдаагаа засна эсвэл шинэ техник нэмж сурна. Хөгжимтэй дасгал хийх нь хүүхдийн сонсгол, анхаарал төвлөрөлтийг сайжруулахын зэрэгцээ урлагийн мэдрэмжтэй болгож өгдөг.
-Гимнастикаар хичээллэснээр хувь хүнд ямар эерэг өөрчлөлтүүд гардаг бол. Давуу тал нь юу вэ?
-Спорт хүнд зоригтой, дайчин, тууштай, сахилга баттай зан чанарыг суулгадаг. Спортоор хичээллэсэн эмэгтэйчүүд нийгэмд манлайлагч байх хандлага илүү өндөр байдаг гэсэн судалгаа ч бий. Уран сайхны гимнастикийн спорт гоо зүйн мэдрэмж, хөдөлгөөний эвслийг сайжруулж, бие бялдрыг гагцхүү өв тэгш хөгжүүлэхэд чиглэсэн охидын ихэмсэг атлаа эмэгтэйлэг үзэсгэлэнтэй шинж чанаруудыг илүү тодотгож өгдгөөрөө онцгой. Урлаг, спортын төгс хослол гэж нэрийддэг дээ. Миний хувьд энэ спортоор хичээллэж эхэлсэн нь миний амьдралын хамгийн том бахархал, бардамнал болдог.
-Багшлах, шавь нартай байхыг сайхныг яривал?
-Хүүхдүүдтэй ажиллах шиг аз жаргалтай ажил гэж байхгүй байх. Клубийн маань зааланд уурлаж ч чаддаггүй, тийм л эерэг дулаахан энергиэр дүүрэн байдаг. Хүүхдүүд хэлсэн үг бүрийг минь чин сэтгэлээсээ сонсож ойлгож, хэрэгжүүлэхийг хичээж байгааг харах маш сайхан байдаг. Гутал хувцсаа эмхэлж, цэгцэлж тавихаас эхлээд хийсэн үйлдлийг минь хэлээгүй байхад хүртэл дагаж байдаг нь нөгөө талаар бас их хариуцлагатай, анхааралтай байхыг шаарддаг. Тэр дундаас заасан хөдөлгөөнийг минь сарын өмнө “Яаж хийнэ дээ” гэж байсан хүүхэд нэг мэдэхэд мундаг сурчихсан байгааг харах шиг гайхалтай сайхан мэдрэмж байхгүй, хамгийн их урам байдаг даа.
-Та өөрийнхөө бодлоор тус спортыг тодорхойлбол. Эмэгтэй хүнийг хамгийн сайхан харагдуулдаг спорт гэж сонссон юм байна?
-Охидын бие бялдар, гоо зүйн мэдрэмжийг өв тэгш хөгжүүлдэг спортын төрөл бол уран сайхны гимнастик.
-Таны болон багийнхных нь дараагийн зорилго төлөвлөгөө юу байгаа вэ. Хүүхдүүдтэйгээ оролцохыг хүсдэг тэмцээн бий юү?
-Энэ сарын сүүлээр 2025 оны Насанд хүрэгчдийн болон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мөн Дэлхийн Цомын тэмцээнд явах тамирчдаа нийт долоон клубийн тамирчдаас сонгон шалгаруулсан дүн гарна. Түүний дагуу ирэх жилийн тэмцээнүүддээ бэлдэнэ. Гадаадын тэмцээнүүдээс гадна дотооддоо өөрсдөө олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээн зохиох нь манай тамирчдын хувьд чухал ач холбогдолтой. Гадаад явахад санхүү мөнгөнөөс эхлээд асуудал их тулгардаг учраас гаднын тамирчдыг эх орондоо үзэж шинэ зүйл их сурч авдаг. “Starlit” клуб 2023 онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг маш амжилттай зохион байгуулж таван орны 350 гаруй тамирчид өрсөлдсөн. 2025 онд мөн энэ тэмцээнээ илүү өргөн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
М.НОМУУНДАРЬ: ДАСГАЛЖУУЛАГЧ ТАМИРЧДАА ТАЙЗАНД ЗОРИГЖУУЛЖ ГАРГАЧИХААД ӨӨРСДӨӨ АЛГАНДАА ХӨЛСТЭЙ ЗОГСДОГ ДОО |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |