• Өнөөдөр 2025-04-30

ҮНЭ ХАНШ: ГЭР БҮЛИЙН МАЙХАН 350-580 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

2023-07-27,   925

          Баяр наадмын дараа амралт, зугаалгын улирал эхэлсэн билээ. Тэгш ойн баяр  наадам нь болж буй аймаг сумаа зорих иргэдийн тоо нэмэгддэг. Жилийн хамгийн дулаахан өдрүүдийг ашиглан салхинд гарч, цагийг хөгжилтэй өнгөрүүлэх гэсэн иргэдэд зориулан аяллын майхны үнэ ханшны  талаар болон аяллын үед бэлдэх зүйлсийг танилцуулахаар бэлдлээ.

         Зуны улирал аялал зугаалгын хамгийн гол хэрэглэгдэхүүн бол майхан билээ. Хүний багтаамж, материал, борооны хамгаалалт, угсардаг, угсардаггүй зэргээсээ хамаарч үнэ нь харилцан адилгүй. Нэг хүний майхны үнэ 65 мянган төгрөгөөс эхлэх бол 6-8 хүний багтаамж бүхий том майхан 350-580 мянган төгрөгөөр худалдаалагдана. Багтаамж олонтой майхан нь сүүдрэвч, ялааны торон хамгаалалттай эсэхээсээ шалтгаалж үнэ нь нэмэгдэнэ.  Хүмүүсийн ихэвчлэн худалдан авдаг түгээмэл 3-4 хүний майхан 250-800 мянган төгрөгийн хооронд худалдаалагдана. Сүүдрэвч болон бусад хэрэглэл, материалын зузаанаасаа хамаарч үнэ нь  ийн хэлбэлзэж байлаа.

        Тухтай аялалд майхнаас гадна ширээ сандал, чийгийн гудас, аяга тавгийн ком зэрэг хэрэгтэй. Нэг хүний жижиг аяны ширээ 40 мянган төгрөгөөр худалдаалагддаг. Харин 4-6 хүний том хэмжээтэй аяны ширээ хийцээсээ хамаараад 120-230 мянган төгрөгийн үнэтэй. Д
өрвөн сандал ширээтэйгээ 250 мянган төгрөгөөс дээш үнэтэй, эвхэгддэг сандал 20 дээш үнийн дүнтэй байв. Тухтай аяллын хамгийн хэрэгтэй зүйл бол ор билээ. Холын аялалд гарч байгаа тохиолдолд тухтай унтаж амрах хамгийн чухал. Аялалд зориулсан хийлдэг гудас хоёр хүнийх нь 90 мянган төгрөг гэнэ. Эвхэгддэг ор 1-2 хүний багтаамжаасаа хамаарч 125-340 мянган төгрөгөөр худалдаалагдана. Харин дулаахан бөгөөд авч явахад амархан аяны хэрэглэл болох мишок 35-70 мянган төгрөгийн хооронд үнэтэй байлаа. Мөн чийгийн гудас хэмжээнээсээ хамаараад 10-45 мянган төгрөгөөр худалдаалагдана. Аяны суултуур 100-120 мянган төгрөг гэнэ.

        Аялал зугаалгын үед байгаль орчинд ээлтэй, хог хаягдал багатай аялах нэг арга нь аяны аяга тавгийн цуглуулга билээ. Аялалд зориулсан 32 ширхэг бүхий цуглуулга 32 мянган төгрөг гэх бол 10 ширхэгтэй нь 20 мянгаар худалдаалагдана.

Ингээд аялалд гарахад анхаарах таван зүйлийг хүргэж байна.



1. Техникийн аюулгүй байдлыг сайтар хангах

    Хөдөө явж байх үед  шатахуун дуусах, машины дугуй хагарах, шаварт суух зэрэг асуудлууд цөөнгүй тохиолддог. Тиймээс холын замд гарахаасаа өмнө тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг нягт нямбай шалгах хэрэгтэйгээс гадна нэмэлт шаардлагатай багаж хэрэгсэлээ авч явахыг танд зөвлөе.

2. Хүнсний аюулгүй байрдлыг эрхэмлэх

     Янз бүрийн бактери агуулсан болон хоносон, муудсан хадгалалтын горим зөрчсөн хоол хүнсийг хэрэглэсэн үед хоолны хордлого болох аюултай байдаг. Энэ нь ялангуяа өндөр настан болон нялх хүүхдүүдэд маш хүндээр тусдаг тул замд идэх гэж буй бүхий л хоол хүнсийг сайтар шалгах хэрэгтэй. Мөн шаардлага хангасан, цэвэр усны хангамж нөөц сайтай байх нь таны эрүүл мэндэд тустай. Харин аялалын туршид усаа BPA free буюу бисофел бодис агуулаагүй, хүнсний хэрэгцээний стандарт хангасан саванд хадгалж явахыг зөвлөж байна. Мөн хоол хүнсээ горимын дагуу хадгалахад тохиромжтой зөөврийн хөлдөөгч авч явахад илүүдэхгүй. 

 3. Аяллын туршид хэрэгцээтэй зүйлсийг сайтар бэлтгэх

  Аяллаар явж буй үед санаанд оромгүй олон зүйлс хэрэг болдог. Эдгээрийг бүгдийг нь хангахын тулд эртнээс бичиж тэмдэглэж байх хэрэгтэй. Та эм, эмнэлгийн жижиг хэрэгслүүд, хөнжил, майхан сав, дулаан хувцас, нарны тос, малгай зэргийг марталгүй бэлтгэж болох ч чүдэнз, зүү утас, шумуулын тос гэх мэт жижиг хэрэгцээт зүйлсээ аялалд гарсны дараа санаж болох юм. Тиймээс бүхий л хэрэгцээт зүйлсийг эртнээс бэлтгэн нэг дор цуглуулж байх нь тухтай аялахад тань тустай.

4. Аяллын турш байгалиа хамгаалах талаар хэрхэвч мартаж болохгүй

    Гэр бүл, найз нөхдөөрөө сайхан байгальд амарч зугаалж явахдаа мөрдөх ёстой хэдэн зүйл бий. Үүнд:

Хогоо хаяхгүй байх: Таны санамсаргүй хаясан тамхины иш нарны туяа, бороо болон бичил биетүүдийн тусламжтайгаар байгальд шингэх гэж бүтэн 3 сарыг зарцуулдаг. Харин таны хаясан, ундааны сав, уут зэрэг нь байгальд шингэхийн тулд 100- 1000 гаруй жилийг өнгөрөөдөг. Зажилж байсан бохио ч гэсэн байгальд бүү хаяарай. Учир нь нэг ширхэг бохь байгальд задарч дуустлаа 5 жилийг зарцуулдаг. Их хотын соёлч иргэн та хаашаа ч аялсан хогоо зориулалтын цэгт хаяаарай. 

Ил задгай гал цог орхихгүй байх: Хоноглосон газраа ил задгай гал, цогийг орхиж болохгүй. Бүрэн үнс болтол нь унтрааж, шороогоор булах хэрэгтэй. Үгүй бол цог хэдэн цагийн дараа ноцон гал түймэр гарах аюултай. Мөн татсан тамхины ишийг усаар бүрэн унтраалгүйгээр ой мод болон хуурай газарт хаяж хэрхэвч болохгүй.

Гол бохирдуулахгүй байх: Гол, горхи, нуур усны ойр орчмоор хог хаях, бие засах зэрэг зохисгүй үйлдлийг гаргахгүй байх хэрэгтэй. Мөн эртнээс Монгол хүмүүс гол усаа дээдлэн, булаг шанд гол горхины усанд цус, сүү цагаа асгах, хиртэй юм угаах, усан дахь загас жараахай, усны шавьжийг хөнөөхийг ихэд цээрлэдэг байсныг бүү мартаарай. Гол ус ширгэх учраас голын сав газрын модыг огтлох, зулзаган мод, хэсэг төглөөс нэгийг ч огтолж болохгүй.

5. Бусад анхаарах зүйлс

     Аялалд явж байх хугацаандаа аюулгүй байдлын үүднээс санаж байх хэдэн зүйлс бий. Тухайлбал, хийн буюу газан плитка авч явж байгаа үед ахуйн хэрэглээний газаа наранд байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй. Ингэвэл гал алдах, тэсрэх эрсдэлтэй. Мөн машинд хэт удаан орхисон савтай усыг ууж болохгүй. Энэ нь хорт хавдар үүсгэх аюултай. Урт холын замд явж байх үедээ та ядарсан үедээ жолоо барихгүй байх, сайн мэдэхгүй замаар хурдтай давхихгүй байх, хамт явж буй хүмүүс болон өөрсдийн аюулгүй байдлын үүднээс гол, ус гатлахдаа сайн судлах хэрэгтэйг санаарай. Мөн хоноглосон, буудалласан газрын хэвлийд шалз халуун ус, шөл болон нурамтай үнсийг асгаж болохгүйн дээр шон гадасны нүхийг заавал булж үлээдгийг битгий мартаарай.


Холын замд  автомашины аюулгүй, бүрэн бүтэн байдал хамгийн чухал билээ. Тэгвэл жолоочид аялалд гарахдаа анхаарах зүйлийг танилцуулж, зөвлөж байна.

1. Автомашины хөдөлгүүрийн тос

         Та хамгийн сүүлд хөдөлгүүрийнхээ тосыг хэзээ сольсон бэ? Автомашин үйлдвэрлэгчид моторын тосыг 5,000 км тутамд солих шаардлагатай гэж зөвлөдөг. Харин Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хавар намартаа солих шаардлагатай болдог. Тэгэхлээр та эхлээд хөдөлгүүрийн аль нэг хэсгээс моторын тос хөлөрсөн, шүүрсэн, гоожсон, туссан хэсэг байгааг сайтар ажиглаарай. Хэрвээ тийм бол тос гоожилтийг зогсоох шингэн хийгээд үзэх хэрэгтэй. Мөн та аян замд гарахдаа хөдөлгүүрийн тосыг дундарсан үед нэмэх эсвэл ижил төрлийн тос 1-2 л аваад гарахад илүүдэхгүй.

2. Хөргөх шингэн

      Хөдөлгүүрийг асаагаагүй хүйтэн үед шалгах хэрэгтэй. Хэрэв дундарсан бол нэмээд бага хэмжээгээр нөөц аваад явахад илүүдэхгүй. Мөн та радиаторын салхи орох хэсэгт ялаа шумуул орж хэвийн ажиллагааг алдагдуулахаас сэргийлж урд хэсэгтээ нарийн шүүртэй тор хийгээрэй.

• Хөргөх шингэний түвшинг хөдөлгүүр асаагүй хүйтэн үед шалгах

• Хурдны хайрцгийн болон редукторын тосны түвшинг шалгуулах

3. Явах эд анги

       Таны аян замын тав тухыг хангах гол зүйлсийн нэг бол гарцаагүй явах эд анги. Тиймээс та аян замд гархаасаа өмнө шороон замаар яваад үзээрэй. Ингэхэд ямар нэг зүйл дуугарч байвал заавал засварын газраар оношлуулаарай. Өндгөн тулгуур, амортизатор, тэнцүүлэгч, рүлийн шарнерууд зэргийг шалгаж солиулах шаардлагатай.

4. Дугуй

      Дугуйн хийн даралт, дугуйн бөөрөн хэсэгт үүссэн хаван зэргийг шалгаарай. Мөн та өвлийн дугуйгаа хараахан сольж амжаагүй бол өвлийн дугуй зуны улиралд хөдөө замд тун тохиромжгүй юм. Учир нь өвлийн дугуй зөөлөн байдаг учир бартаа ихтэй замд хүнд ачаатай явснаас үүдэн хаван үүсэн, хагарах, хэт халуунаас болж буудах зэрэг асуудал гарах магадлал их байдгаас гадна хурдан элэгддэг. Хэрвээ та жийп ангиллын автомашин тай явах гэж байгаа бол олгой хамер хийхэд илүүдэхгүй. Учир нь том дугуй нь гэнэтийн цохилт болон том чулуу, нүхэнд цохиход обудны ирмэгээр маш хурдан хий алдаж тэнцвэр алдах магадлалтай байдаг.

5. Гэрэл

         Хөдөө орон нутгийн замд шөнө оройгоор явах хэрэг багагүй гардаг билгээ. Энэ тохиолдолд хол болон ойрын гэрэл дутуу, муу тусгалтай, тусгалын тохиргоогүй байх нь замын саад, огцом эргэлт зэргийг урьдчилан хараах боломж мууддаг. Ийм таны аяллын төлөвлөгөөнд шөнө оройгоор замд явах төлөвлөгөө байгаа бол хол ойрын гэрлээ заавал шалгуулаарай.

6. Ачаа

         Бүх төрлийн автомашин анх үйлдвэрлэхдээ л өөрийн гэсэн даацыг тодорхойлсон байдаг. Энэ даацын тэмдэглэл нь жолооч талын хаалган дээр юм уу эсвэл хаалганы хажууд байдаг. Энэ тэмдэглэгээн дээр автомашины стандарт дугуй хэмжээ, ачаатай болон ачаагүй үеийн дугуйн даралтын хэмжээ, даацын хэмжээг заасан байдаг. Хэрэв үйлдвэрээс заасан энэ заалтын хэтрүүлбэл явах эд ангид нөлөөлөхөөс гадна явдал хатуу болж дугуй хагарах, буудах, хавантах эрсдэлтэй байдаг.

7. Автомашин даа авч явах зүйлс

           Ямар ч тохиолдолд юунд ч бэлэн байх үүднээс дараах зүйлийг авч яваарай. Нөөц дугуй, аюулгүй гурвалжин, дугуйгаа солих өргүүр болон түлхүүр багаж ав. Түүнээс гадна танд моторын тос, шил угаагчийн шингэн ба хөргөлтийн шингэн ачаандаа хийж явахыг зөвлөе. Мөн автомашин чирэх татлага болон аккумуляторын холбогч нь байх ёстой л зүйлс юм.
8. Мэдэхэд илүүдэхгүй зөвлөмжүүд 

• Халуун өдөр бага түлштэй явахгүй байх хэрэгтэй. Энэ нь бензин насос эвдэж болох юм.

• Автомашинд аптек ба гал унтраагч заавал авч явах хэрэгтэй. Үүнээс гадна зарим нэгэн чухал зүйлс бий. Барилгачдын бээлий, канистр сав, гал хамгаалагчийн гэр, чийдэн, отвёртка, ком багаж үүнд багтана.

• Автомашины шил цуурсан бол хумсны тунгалаг лакаар тогтоож болно. Энэ нь цууралтыг зогсоож, үйлчилгээний төвд засварлуулахад хүргэж өгнө.

• Хэрэв таны автомашины дугуй хагарсан, нөөц дугуй байхгүй, гэвч насос байвал дараах аргыг хэрэглэ. Насос руу 1 л ус хийгээд, дугуй руу зөөлөн шах. Цааш нь дугуйн хошууг эргүүлж хийл. Ингэснээр хөдөлгөөний үед ус дугуйн доторх гадаргууг бүрхэж хийг алдагдуулахгүй болгоно.

• Бороотой өдөр автомашины цонх цантаад байдаг. Тэгвэл автомашины цонх цантвал алчуураар цонхоо арчихыг бүү яар. А/С асаахад салон доторх агаар хуурайшиж цонх цантахаа болино.

• Хот хөдөөгүй түлшээ хэмнэх нь чухал. Та тэгвэл машинаа зөөлөн хөдлөх ба зөөлөн тоормослох нь бензин хэмнэхэд тустай. Автомашинаа элдэв зүйлээр дүүргэх хэрэггүй. Нэмэлт 45 кг ачаа бүрт түлш зарцуулалт хоёр хувиар ихэсдэг.

 


ҮНЭ ХАНШ: ГЭР БҮЛИЙН МАЙХАН 350-580 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-07-27 17:53:17
    Иргэн : Хаанаас авч болох вэ Аялалын майхан бус ад хэгс эл хаана зарж байгаа вэ Авмаар байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188