• Өнөөдөр 2024-04-23

А.НОМИН-ЭРДЭНЭ: Би “Үе залгамжилсан жүжигчин" гэж бардам дуудуулахын тулд өдөр бүр хичээж байгаа

2022-10-29,   2739

    Гурав дахь үеийн уран бүтээлч болохоор СУИС-ийн дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа Ариунбямбын Номин-Эрдэнийг энэ удаагийн “Шинэ үе" буландаа урьж, ярилцлаа. Түүний өвөө Дундговь аймгийн Хөгжимт драмын театртай салшгүй холбоотой, БНМАУ-ын гавьяат жүжигчин агсан Ч.Сүхээ юм. Харин түүний аав нь бидний сайн мэдэх “эсрэг дүрийн мастер” жүжигчин Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба билээ. А.Номин-Эрдэнэ нь хэдийгээр оюутан ч түүний анхны гол дүрд тоглосон “Есдүгээр сарын цас” богино хэмжээний бүтээл нь 79 дахь удаагийн Венецийн кино наадмаас “Orrizonti” шагналыг хүртсэн бол Торонтогийн наадамд  шилдэг бүтээлээр шалгарсан юм.

      Мөрөөдөл биелдэг болохоор бодитой мөрөөдөх нь маш чухал 

-Таны анхны гол дүр дээр ажилласан “Есдүгээр сарын цас” кино гаднын томоохон шагналуудыг хүртсэнд баяр хүргэе. Тус кинонд та Анука гэх охины дүрд тоглосон. Номин-Эрдэнээс Анука болох хэцүү байв уу? 

   -Баярлалаа. Би Анука гэдэг охины дүрд тоглохын тулд “Өнөө үеийн 16 настай охид яг 16-тай мөн үү” гэсэн асуултаас ажлаа эхэлсэн. Яг 16 настай охин ямар байдгыг эрэн хайж, бий болгох гэж хичээсэн. Өнөөдөр нийгэмд 16 настай ч 20 гаруй настай хүн шиг амьдарч байгаа олон хүүхэд байна шүү дээ. Тэр бүхнийг дүрээрээ дамжуулж илэрхийлэхийг хүссэн. Бас зураг авалтын туршид найруулагч, баг маань надад маш ихийг заасан. Манай найруулагч тухайн үед ямар мэдрэмжтэй байна, түүгээр нь жүжигчдээ хөглөж явуулдаг. Тухайлбал, уйлдаг сценд тоглож байхад инээмээр санагдвал инээх ёстой гэсэн. Иймээс би дүр дээр ажиллахдаа тухайн үед ямар байгаа тэр мэдрэмжийг алдахгүйгээр илэрхийлэхийг хичээсэн.

-Тун удахгүй таны тоглосон ахин нэг уран бүтээл нээлтээ хийх гэж байна. Оюутан, хажуугаар нь уран бүтээлд тоглож байна, хэрхэн цаг заваа хуваарилж, ажиллаж байгаа вэ?

    -Энэ жил олон уран бүтээлд оролцож, өдөр бүр л завгүй өнгөрч байна. Уран бүтээлийн дүр дээр ажиллахад ангийн багш маань маш сайн ойлгож, дэмжсэн. Би СУИС-ийн багш, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Б.Хишигзаяагаар удирдуулсан ангид суралцаж байгаа. Ангийн багшийн дэмжлэг юун түрүүнд чухал санагдсан даа. Тэгээд би “Хүн амжуулъя гээд хичээх юм бол ямар ч ажлыг амжуулах боломжтой” гэж боддог. Гол нь цагаа зөв тооцоолох хэрэгтэй юм билээ. Тун удахгүй хэд хэдэн дүр дээр нь ажилласан уран бүтээлүүд маань нээлтээ хийх гээд тов нь гарсан байна.

-Ирэх сард нээлтээ хийх гэж байгаа уран бүтээл тань таны хувьд юугаараа онцлог байв?

   -Арваннэгдүгээр сарын 4-нд найруулагч Б.Батдэлгэрийн “Сорил” кино нээлтээ хийх гэж байгаа. Энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кинонд анх удаа гол дүр дээр ажиллалаа.

Уран бүтээлч, жүжигчний ур чадвар талаасаа “Сорил” киноны дүр намайг маш их задалж өгсөн дүр гэж бодож байгаа. Ер нь ямар ч  дүр дээр тоглохоос өмнөх Номин-Эрдэнэ болон тоглосны дараах Номин-Эрдэнэ хоёр хоорондоо асар их ялгаатай байдаг.

- Анхны бүхэн алдаа, оноотой хамгийн чухал нь дурсамжтай байдаг шүү дээ?

    -Зөндөө хөгжилтэй явдлууд тохиолдсон. Тэр дундаас хөгжилтэй ч юм  шиг, азгүй ч юм шиг нэг үйл явдлыг хуваалцъя. Манай кино ихэвчлэн шөнийн сцентэй байсан. Би нэгдүгээр гол дүр болохоор хамгийн их ачаалалтай оператор, найруулагчтайгаа нойрны хувьд бараг ижилхэн байлаа.  Гэтэл би хоёр сцен дээр яг унтаагаараа тоглосон. Одоо тэр хоёр сценд яаж тоглосноо санадаггүй.

-Анхныхаа уран бүтээлийн дүр дээр ажиллахад аав тань ямар нэгэн үг захиж хэлсэн үү?

   -Манай аав "Урлагт арын хаалга огт байхгүй. Жүжигчин хүн тэр тусмаа өөрийнхөө юмыг өөрөө л хийх ёстой" гэж хэлдэг. Иймээс уран бүтээл рүү орохын өмнө зөвлөгөө өгдөггүй. Би өөрийнхөөрөө дүр дээр ажиллачихаад, дараа нь аавтайгаа хамт үзэж, дүгнэж, ярилцдаг даа.

 - Урлагийн гэр бүлд төрж өссөн учраас жүжигчин болохоор шийдсэн үү?. Эсвэл өөр мэргэжилтэй болно гэж мөрөөддөг байсан уу?

    -Би “Гурав дахь үеийн уран бүтээлч болно” гэж зорьж яваа хүн. Багаасаа л театрын хүүхэд байсан болохоор эргэлт буцалтгүй урлагийн хүн болох нь ойлгомжтой байсан. Гэхдээ жүжигчин биш бүжигчин болохыг хүсдэг байсан. Би багадаа балетчин болно гэж мөрөөддөг байлаа. Тэгээд Хөгжим бүжгийн коллежид балетын ангид орох гэсэн боловч анги нь таарахгүй ардын бүжгийн ангид орсон. Ардын бүжгийн ангид орчихоод хөл, нуруундаа гэмтэл авсан. Бэртэл авсны дараа эмч нар “Чи эрт мэдээгүй байсан бол сууугаа болж магадгүй байх байлаа. Дахиж бүжиглэж болохгүй. Бүжгээ орхи” гэж хэлж байсан. Тэр үед л зорилгоо буруу тодорхойлсноо ойлгож, болох ёсгүй юмыг хүчээр болгож болдоггүй гэдгийг ухаарсан. Хүн болгон намайг жүжигчин болно гэдэг. Тэгээд л Би жүжигчин л болох юм байна гээд шийдсэн.

- Бүжигчин болох мөрөөдлөө орхих мэдээж маш хэцүү байсан байх. Хүнд үеэ хэрхэн даван гарсан бэ?

   -Би тухайн үед хөлөө дааж чадахгүй болсон. Бүжигчин хүний хувьд хөл гэдэг зүрхтэй адилхан. Иймээс бүх хүсэл мөрөөдөл, итгэл найдвар унтраад маш хэцүү байдалд орсон. Зөндөө олон удаа уйлсан л даа. Гэхдээ би шантраад ирэхээрээ мөрөөддөг.

Мөрөөдөх л шантралаа давах гол зам юм шиг надад санагддаг. Тухайн үедээ өөртөө олон зорилго тавьсан. Зорилгоо дахиад жижиг, жижиг алхмуудад хуваасан.

-Та ер нь их мөрөөдөгч хүн үү?

   -Тийм ээ, би мөрөөдөх дуртай. Зүүдэндээ хүртэл бараг мөрөөддөг. Надад багаасаа хөтөлсөн мөрөөдлийн цомог бий. Би нэг дүр ажиллахыг хоёр жилийн өмнөөс мөрөөдсөн л дөө. Тэр дүрдээ тоглох боломжгүй болчихоод уйлаад, мөрөөдлийн дэвтрээ гаргаж ирэн, хэд хэдэн удаа дахин "Тэр дүрд заавал тоглоно" гэж бичиж байсан. Одоо би хүссэн дүр дээрээ ажиллаж, олон улсын уран бүтээлд оролцож байна. Мөрөөдлийн цомгийг маань анх ээж нээж, өгөөд Биелнэ гэж бодож байгаа сайхан мөрөөдлүүдээ бичиж байх хэрэгтэй” гэж захиж  байсан.

     Гэр бүл гэдэг бол юутай ч зүйрлэшгүй, юугаар ч орлуулшгүй нандин зүйл 

                                     

- Анхны мөрөөдлөө орхиход, өөр мөрөөдлөөр жигүүрлэхэд ээжийн тань үг маш их нөлөөлжээ гэж ойлголоо. Ээж тань таны сайн зөвлөгч, бас сайн ар тал байх?

  -Ганцхан миний ар талыг биш аавын маань ч ар талыг бүрэн хариуцдаг. Амжилттай яваа эр хүний ард сайн эхнэр байдаг гэдэг шиг “Амжилттай яваа үр хүүхдийн ард сайн ээж байдаг юм болов уу” гэж боддог. Манай ээж бас жүжигчин мэргэжилтэй хүн. “Би багаасаа урлаг, уран сайхан гээд явсан болохоор ээж минь миний ирээдүйн сайн сайхны төлөө өөрийгөө золиосолчихсон” гэж хэлж болно. Тийм учраас ээждээ маш их хайртай.

-Та өөрийгөө аав ээжийнхээ ямар зан чанаруудыг дуурайсан гэж боддог вэ?

    -Манай аав, ээж маш гайхамшигтай хүмүүс. “Аав, ээжийнхээ бүх л сайхан зан чанаруудыг авч, өсөж байгаа болов уу” гэж өөрийгөө боддог. Ээжийнхээ дайчин занг дуурайсан болов уу. Аав маань маш зарчимч хүн. Тэрийг нь би яг таг дуурайсан байх. Царай төрхийн хувьд бол ээжтэйгээ илүү төстэй.

-Хичээл, ажил гээд завгүй л байгаа байх. Гэртээ хэр их цаг гаргаж байгаа вэ?

   -Миний хувьд гэр бүл гэдэг бол юутай ч зүйрлэшгүй, юугаар ч орлуулшгүй нандин зүйл. Би “Жүжигчин болъё” гэж бодсоноос хойш 10 жил тасралтгүй бэлтгэгдэж байгаа гэж хэлж болох байх. Гэр бүлийнхэн маань ард минь бат зогсдог болохоор бусад хүүхдийг бодвол айх айдасгүй, олон асуудалтай нүүр тулахгүй яваа байх. Би амралтын өдрүүдээр гэр бүлтэйгээ л хамт байхыг хичээдэг. Манай гэрийнхэн ч хамтдаа байх дуртай, их бүлсэг хүмүүс.

-Та өвөө, эмээтэйгээ ойр өссөн үү. Өвөө, эмээгийн хүүхэд үү?

   -Хоёр өвөө маань бурхан болсон. Харин хоёр эмээ маань хоёулаа намайг маш их дэмждэг. Тэгтээ аавын талын эмээтэйгээ илүү ойр өссөн. Эмээ маань бага байхаас эхлээд л тоглолтын бүх хувцсыг бэлдэж өгдөг байсан. Одоо ч тайзны бүх л хувцсыг маань урлаж өгдөг.

-Аав болон өвөөгийнхөө бүтээж байсан дүрүүдээс нь ямар дүрийг хамгийн их биширч байсан бэ? 

   -Өвөөгөө бол сайн мэддэггүй. Өвөөгийн маань дүр дээр ажилласан ажиллагааны “Ролийн дэвтэр” болон уран бүтээлийн зурагт цомог гээд зузаан баримт манайд байдаг. Өвөөгийн ажиллаж байсан дүрүүдээс хүмүүс “Ленин”, “Сүхбаатар”, “Үлэмжийн чанар” жүжгийн дүрийнх нь талаар маш их ярьдаг. Хүмүүс өвөөгийн маань талаар маш мундаг гэж багаас минь л ярьдаг байсан болохоор “Маш мундаг хүн байсан байх” гэж боддог. Аавынхаа хувьд тоглосон бүх дүрүүдэд нь дуртай, хайртай. Манай аав нэг уран бүтээл дээр ажиллахаар бол цаг наргүй маш их боддог. Бодож байгаа нь нүднээс нь харагддаг. Аавынхаа дүрээс онцолж хэлж чадахгүй юм байна. Гэхдээ сүүлийн “Зура II” гэдэг уран бүтээлд тоглосныг хараад аавыгаа биширсэн. Аав маань олон жилийн хугацаанд уран бүтээлд оролцохгүй байж байгаад “Зура II” киногоор эргэн ирсэн. Насандаа баймааргүй эрч хүчтэй харагдсан даа.

-Мэдээж ааваасаа их үлгэр дуурайлал авдаг байх даа?

  -Тэгэлгүй яах вэ. Би аавыгаа маш гайхалтай жүжигчин гэж хардаг. Аав биш уран бүтээлч талаас нь харвал аав маань уран бүтээлч хүнд байх ёстой бүх шинж чанарыг өөртөө агуулсан. Аав маань дүрийг амилуулахдаа маш их боддог. Бодож байгаад түүнийгээ зургаар буулгадаг. Тэр тайз, кино бүх зүйлд дүрээрээ амьдарч чаддаг. Уран бүтээлч хүний үнэ цэнийг алдахгүй байж чаддаг уран бүтээлч болов уу гэж боддог.

Ирээдүйд аав шигээ мундаг жүжигчин болж чадахгүй байсан ч түүн шиг уран бүтээлч хүний сайн зан чанаруудыг өөртөө суулгасан уран бүтээлч болох юм сан гэж хичээдэг.

-Та гурав дахь үеийн жүжигчин болохоор хичээж байгаа болохоор хүмүүсийн танаас хүлээх хүлээлт их байдаг уу. Үүнээс болоод бага ч гэсэн дарамт мэдэрч байсан уу?

    -Бусад хүүхэд, суралцагч өөрийнхөө нэрийг авч явдаг. Харин би уран бүтээлч хүний хүүхэд учраас гурван хүний нэрийг зэрэг авч явдаг. Ер нь бол их хүнд л дээ. Хүн болгон намайг аавтай  маань харьцуулдаг. “Чи Ариунбямбын хүүхэд юм чинь тийм байх ёстой, ийм байх ёстой” гээд асар өндөр шаардлагууд тавьдаг. Би тэр шаардлагад нь нийцэхийн тулд дор хаяж 20 жилийн хөдөлмөр зарцуулна гэж боддог. Тийм учраас бага зэрэг дарамттай. Гэхдээ маш их бахархмаар санагддаг.

-Та теарт өссөн хүүхэд гэсэн шүү дээ. Театрын юунд хамгийн их дуртай вэ?

    -Театрын уур амьсгал нь юм болов уу. Театрын уран бүтээлч хүнд өгч байгаа сэтгэгдэл, мэдрэмж нь илүү амьд юм шиг санагддаг. Хүн чинь хүрээлэн буй орчноосоо шалтгаалж хүн болдог гэдэг дээ. Би бага байхдаа театраас өөр газар байж үзээгүй. Намайг хүрээлж байсан хүмүүс ихэнх нь театрын хүмүүс байсан болохоор дурлахгүй байхын аргагүй. Хоёрдугаарт хүмүүсийн хоорондын, уран бүтээл үзэгч хоёрын харилцаа татсан юм болов уу.

-Ирээдүйд тайз, дэлгэцийн ямар уран бүтээл дээр ажиллах сонирхолтой. Театр талдаа илүү ажиллах сонирхолтой байгаа вэ?

   -Ирээдүйд "Ийм дүр дээр ажиллая” гэсэн дүр бол байхгүй. Өөрт оноогдсон дүрээ мэргэжлийн түвшинд гаргаж чадах чадалтай жүжигчин болохыг хүсдэг. 

-Сурч буй мэргэжлээс тань өөр сонирхдог хобби бий юу?

   -Би бүжиглэх дуртай. Бүжиг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Бас би зураг зурах дуртай. Манайх удмаараа зураг сайн зурдаг. Тэр чадварыг нь бас өвлөж авсан. Үүнийгээ бас цаашдаа хөгжүүлээд жүжигчин мэргэжилтэйгээ хослуулж явахыг хүсдэг.

-Өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл?

  -Дайчин, хөдөлмөрч, тэвчээртэй

     Тэр ингэж ярилцчихаад дараагийн дүр дээрээ ажиллахаар зургийн талбай руу явахаар яаравчиллаа. Монголын урлагт цахиур хагалж, өөрийнхөөрөө гэрэлтэхээр инээмсэглэн, ирээдүйн зүг алхаллаа. Тун удахгүй түүний тоглосон тайз, дэлгэцийн олон дүрээр ахин учрах өдрүүд ирэх байх.


А.НОМИН-ЭРДЭНЭ: Би “Үе залгамжилсан жүжигчин" гэж бардам дуудуулахын тулд өдөр бүр хичээж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-28 18:33:37
    Baatarhuu Odbayar: Duudee amjilt husie mundag shuu hicheegeerei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 17:02:25
    Баярмаа: Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 13:56:20
    irgen: ohind amjilt husye. ariunbyamba, mongonhuyag gdg 2 jujigching mundag jujigchin gej boddog. hoyulaa daruuhan, urdah yumaa hiigeed yavdag yum shig sanagddag. daldaganaj baihiig ni ogt haraaguim bna, hoshin shogiinhon hsig, kkk. hoshin hsogiinhon, sorry.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 10:49:03
    Плас: Ариунбямба жүжигчин бол жинхэнэ жүжигчин мөн. Монголд олон хиймэл жүжигчид байна. (Шоуны пиарчин поп) Чин үнэнч шударга зарчимч байна гэдэг өнөө энэ үед тийм ч тохирох зан биш юм байна. Тийм учраас өөрийгөө нээх дөвийлгөдөггүй байх. Та бол шилдэг шүү. Охинд нь амжилт хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 10:24:50
    Зочин: Сайхан ярилцлага байна шүү. Гэр бүлийн хүмүүжил төлөвшил сайтай охин байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-26 08:40:10
    Зочин: Мундаг аавын авьяасыг өвлөсөн охин байна, ийм аавын охин дундаж саарал жүжигчин баына гэж баыхгүй. Ариунбямба арай л зэвүүн тоглолттой шүү, тэр охиныхоо үсийг самнаж байгаа зураг хөөрхөн юмаа, аавууд яг ингээд маш хтчээж самнадаг ккк. Амжилт хүсье дүү минь. Кино урлагт удам дамжсан нэг авьяас нэмагдлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188