Өмнөх хэсгийг дараах лингээр орж уншаарай. https://ergelt.mn/news_full/119/single/53468
-Яруу найраг гэдэг “өөрөө их хөндүүр зүйл” гэдгийг гадна дотнын том жижиггүй олон шүлэгч хэлж байхыг уншиж байсан. Хүн ямарваа нэгэн урлагийн бүтээл, уран бүтээл, тэр дундаасаа шүлэг, яруу найрагтай холбогдож, хайрлаж, хайрлагдаад ирэхээрээ өнөө ахуйн зовлондоо баригддаг шүү дээ. Тэгээд л зарим нь тэр цэл залуу насандаа бичиж байсан шүлгүүдээ, өөрийгөө ч орхиод амьдралд ордог эсвэл ахуйгаа бүрмөсөн хаяад ганц шүлэг бичих гэж яваа ч хүн байдаг. Ингээд харахад бичиж байгаа нь өөрт таатай ч эргээд өөрийн цаг хугацаагаа, нандин зүйлсээ алдаж байх шиг. Тиймээс сүүлчийн захидлынхаа эхлэл болгож мөн л уран бүтээлийн тухай, тэр дундаа та шүлэг, яруу найраг оролдож, бичиж, өнөө хүртэл үүгээр амьсгалж, бичих гэж яваадаа харамсаж байсан удаа бий болов уу? гэж асуумаар байна. Зарим нь жинхэнэ зохиолч, яруу найрагч хүмүүс гэр бүл болдоггүй гэнэ. Хоёул бичдэг хүн ханилж суугаад нэг нь бичихээ болиод дуусдаг гэлцэх юм. Харин Х.Болор-Эрдэнэ эгч, та хоёр хоёул бичиж байна.
Шүлэг, яруу найраг бичих гэж яваа, бичиж яваа хүмүүсийг харахад хэн нэгэнд дурлаж, даган дуурайж бичиж эхэлдэг шиг санагддаг. Жишээ нь, одоо ид бичиж байгаа залуу үе, оюутнууд Б.Батзаяа, Я.Баяраа, Ц.Дэлгэрмаа, Р.Улам-Оргих, Б.Баясгалан, Г.Лхагвадуламыг уншиж, шүлэг, уур амьсгалд нь татагдаж бичиж эхэлж байна. Харин дээр дурдсан Б.Батзаяа, Я.Баяраа, Ц.Дэлгэрмаа, Р.Улам-Оргих, Б.Баясгалан, Г.Лхагвадулам нар мөн л залуу үеийнхээ адил багадаа Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Д.Галсансүх, Б.Эрдэнэсолонго, М.Уянсүх гэж уншаад л, бичиж эхэлж байсан тухайгаа ярьдаг. Үүний нэгэн адил танд ч мөн үг эвлүүлж шүлэг бичихийн таашаалыг өгсөн, бичихэд тань очлуур болсон яруу найрагч бий юү? Тэр найрагчийнхаа тухай, тэр цагийнхаа талаар сайхан дурсамж дэлгэнэ гэж найдъя.
Өмнөх захидлынхаа төгсгөлд та “Тайзан дээр шүлэг уншихаар гарч ирээд толгой, цээж хаялаад л, “дадаа- да- да дадаа- да-да -да” гэдэг зүйл бол огтоос биш ээ” гэсэн. Тэгвэл яг үүнтэй адил шинэ залуу шүлэгчдийн хэлж буйгаар Монголын яруу найраг тайзных, тайзны бус гэж хуваагдаад байгаа. Тухайлбал, их сургуулиудын утга зохиолын нэгдэл, дугуйлан өмнөх шигээ идэвхтэй биш болж, “Болор цом”-ын нэр хогтой хутгалдахын хэрээр бага, жижиг наадмууддаа ч нөлөөлж, “яруу найргийн наадам” гэгчид ордог хүн, залуу үе байхгүй болж. Харин орж яваа нь өнөө л хэдэн таньдаг царай... Бас болоогүй, зохиолч, яруу найрагч гэсэн сэтэртэй болгон нэг шагналтай болчихсон. Та энэ зохиолч, яруу найрагчдад гуншин, сэтэр, шагнал өгч толгойг нь илж байгаа юм шиг ар араас нь өгч байгааг юу гэж боддог вэ? Ер нь “Монгол Улсад яруу найрагчаас олон юм байхгүй” гэдэг яриа газар авчээ. Хүн бүр л ярьдаг болж. Харин та үүн дээр ямар бодолтой байгаа вэ. Яруу найрагч гэх сэтрийг авах дуртай ч хүн байна, тэгж дуудуулах дургүй ч хүн байдаг. Монголд яруу найрагч, сэтгүүлч хоёр хүн, нохойн доог болж дуусаж байх шиг...
Эцэст нь, яруу найрагч Б.Эрдэнэсолонго гэж хүн энэ амьдралынхаа хамгийн том зорилгыг юу гэж төсөөлж байна вэ гэж асуумаар санагдлаа. Магадгүй мөн л бичих, бичиж үлдээх тухай байх. Тэгвэл та өөрийгөө 10 жилийн дараа эсвэл 20 жил, хүмүүсийн “буйртай зохиолч” гэдэг насан дээр очихдоо Б.Эрдэнэсолонго ямар байх бол гэж бодож байв уу. Хэрэв хэдэн зуу, мянгаар нь шүлэг бичиж, баллаж, урж тасдаж явсан ч эцэст нь “тэр” зүйлдээ хүрч чадахгүй бол яах вэ гэдэг айдас байдаг уу?
Ингээд тантай солилцож буй захидлаа өндөрлүүлэх болох нь ээ. Хэт хурдан шиг боловч 30 хоногийн хугацаанд гурван захидал солилцох гэж их ч бодож, хүлээж, олон ч юмыг ойлгож, сонирхож, мэдэж авсан гайхалтай хугацаа өнгөрлөө. Танд ч бас миний ярилцлага хийх саналыг минь хүлээн авч, цаг хугацаа зориулсанд дахин талархсанаа илэрхийлмээр байна. Хожмын нэгэн өдөр хоёул уулзан яруу найраг, амьдралын талаар дотно яриа дэлгэж суухын ерөөл тавья...
Улаанбаатар хот, Буянт-Ухаа 2 хороолол (2025.02.10)
-Хэрвээ хожим харамсах байсан бол хэзээ ч би энэ зүйлээр оролдохгүй байсан гэж боддог. Сүүлд би зохиолч Дашдоржийн Нацагдоржийн тухай “Үзэл санааны хоригдол” гэж нийтлэл бичсэн. Энэ хүн шоронд чихрийн цаасан дээр, Шинжлэх ухааны хүрээлэнгийн байшингийн модон тагтан дээр ер нь хаа тааралдсан газраа шүлэг бичиж байсан. Тэр зүгээр ч нэг сайн зохиолч төдий бус, бичиг соёлын гайхамшиг, түүний ид шидийг бүрэн мэдэрсэн хүн бөгөөд бичих үйл явц нь түүний амьдралын салшгүй хэв маяг, тайтгарал тайвшрал болон таашаал нь байжээ гэдгийг түүний тухай хүмүүсийн дурсамж, зохиолчийн намтрыг уншиж байхад ойлгосон юм. Бичих нь амьдрахаас гадна өөрийгөө илэрхийлэх, өөрөөрөө орших хэв маяг учраас би бичдэг. Бичих нь миний дур сонирхлоос гадна амьсгалах сэрүүн тунгалаг агаар, тухтай орон зай учраас би бичдэг. Бичих нь өөрийгөө амьд байгааг мэдрэх таашаал учраас би бичдэг. Тиймээс чадан ядан мөр холбож, өөрийгөө илэрхийлэх гэж буй оролдлого бүрдээ өөртөө бас амьдралд талархдаг. Бодит амьдрал дээр хүн бусдад үнэнийг хэлэхээс айдаг байж болно. Харин яруу найрагт үнэнийг илэрхийлэх эрх чөлөө байдаг. Амьдрал шударга бус байж болно. Хүний дотоод сэтгэлийн шударга байдлыг илэрхийлэх боломжийг яруу найраг бидэнд олгодог.
“Жинхэнэ зохиолч”, “Жинхэнэ яруу найрагч” гэдэг үгийг таныг дахин хэрэглэхгүй байгаасай гэж хүсэж байна. Миний бодлоор энэ үг бусдыг басамжилсан, их онцгүй томьёолол. Цөөн тооны хүний өөртөө зориулж, өөрийн өчүүхэн эгог тэжээх гэж ярьдаг тийм тулгалт юм. Бас их харьцангуй ойлголт. Тухайлбал, ярилцагч та бид хоёр баян ядуу, мэдлэг боловсрол, шашин шүтлэг, итгэл үнэмшил ямар байхаас үл хамааран хүн гэдэг бол нэг л ойлголт, ав адилхан нэг л бодгал. Тэрнээс “Би жинхэнэ хүн, чи бол жинхэнэ биш хүн” гэдэггүй шүү дээ. Тэгэхээр энэ дээрэнгүй үгнээс бид татгалзах хэрэгтэй. Сайн, муу зохиолч, зохиолын тухай ойлголт бол жичдээ асуудал аа. Д.Нацагдорж өөрийгөө хэзээ ч “Би жинхэнэ зохиолч, бусад нь нохойн баас” гэж хэлж байгаагүй. “Үзэл санааны хоригдол” цувралын дараачийн хүн нь Рэнчиний Чойном гэдэг гайхалтай хувь хүний тухай бичнэ. Түүнд ч мөн ийм эго байгаагүй. Тэгэхээр энэ мэргэжлийн зохиолч, жинхэнэ дээд уран зохиол гэдэг дүгнэлтийг одоо аль болох хэрэглэхгүй байхыг хүсье. Уран зохиол бол их урт удаан хөгжлийн явц шаарддаг нарийн төвөгтэй зүйл. Алтыг галаар шалгадаг шиг цаг хугацааны шүүлтүүрээр орж байж эцэслэгддэг. Багадаа 50 жилийн дараа бид том том дүгнэлтүүд хэлэх боломжтой. Тэгэхээр одоо энэ мундаг, жинхэнэ гэж яриад байгаа, тэгж яриулаад байгаа жинхэнэ зохиолч, яруу найрагчид чинь жинхэнэ биш ч байж мэднэ шүү дээ. Цаг хугацаа, ойлголтууд ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг зүй тогтлыг мартаж болохгүй.
Бичнэ гэдэг бол бидний хувьд зовоод, тарчлаад, золиослоод, золиослогдоод байдаг ажил биш ээ. Ингэж ярьдаг хүмүүс чадваргүй юм уу, эсвэл бичих ажилд тохирохгүй хүмүүс юм уу л гэж боддог. Бичнэ гэдэг бол бидний хувьд зүгээр л таашаал юм. Надад шүлэг бичихийн таашаалыг мэдрүүлсэн, бичих очлуур болсон яруу найрагч гэхээс илүү хоёр багшаа нэрлэмээр байна. Энэ бол Гавьяат багш Д.Мандахсан болон доктор С.Энхбаяр нар юм. “Уран-Өд” дугуйлан, Улсын багшийн их сургуулийн энэ хоёр багш маань миний хамгийн эрхэм хүмүүс. Нэг нь хүүхэд насанд, нөгөө нь залуу тархи оюунд минь энэ уран зохиол гэдэг зүйлийн үрийг суулгаж өгсөн.
Ер нь оршихуй, гоо зүй, гүн ухаан гээд аль ч талаасаа бодсон яруу найрагчин, уран зохиолчин болбоос төрөөс хамгийн хол байх ёстой субьект мөн. Даанч манайд энэ концепц эсрэгээрээ байдаг нь хачин. Энэ үгийг би чамирхаж хэлж байгаа юм биш шүү. Үзэл санаа, тогтсон ойлголт гэдэг агуулгаар нь хэрэглэж байна. Одоо бараг төрдөө үнсүүлээгүй хүмүүсийг нь тоолоход амар болсон юм биш үү. Энэ салбар унаж болох хамгийн доод хэмжээндээ тултал унасан байна. Гэхдээ өнөөдөр хүн хоорондын биш, үе хоорондын зөрчил тэмцэл чинээндээ тултал хурцдаж байна. Энэ бол маш эрүүл саруул үзэгдэл. Ямар ч айдасгүй, сэтгэл зүйн хориг саадгүй шинэ үе хүссэн, хүсээгүй ирнэ. Тэдэнд найдаж байна.
Аливааг шүүмжлэх амархан. Би өөрөө юм бичдэг, дээр нь сэтгүүлч явсан болохоор хавтгайд нь салбараа муулж гоочлохгүй. Энэ бол олон шалтгаантай, нийгэм, хувь хүнтэй холбоотой ойлголт. Уран зохиол уран панаалаас холдож туйлын минимал, туйлын бодитой болж байна. Би өмнө хэлсэн. Яруу найраг бол субьектив зүйл. Тиймээс гүйлтийн тэмцээн биш учраас шүлэг уралдуулах нь утгагүй. Яах вэ, “Болор цом”-ыг хийж ирсэн уламжлал байсан байж болно. Тэрийг шинэчлэх хэрэгтэй. Үнэндээ “Шилэн цомыг худалдаж авдаг” гэж яригдах хэмжээнд хүртэл яруу найргийн үнэлэмжийг доош нь унагах хэнд ч хэрэггүй зүйл. Гэсэн ч энэ үнэлэмжийн тухай асуудал. Одоо яруу найрагч гээд хүнд хэлэхээр нэг л базаахгүй, үл бүтэх нөхрийн дүр санаанд шууд бууна. Ерөөс Монголд зохиолч гэдэг бол дангаараа ажил биш байсан. Зохиол бичих нь ямар нэг юмны хавсарга төдий явсаар ирснээс энэ бүхэн улбаатай.
Яах вэ, шууд яруу найрагч энэ тэр гээд хүн намайг хэлэхээр жаахан санаа зовдог л доо. Тэгээд нэг удаа би Дармын Батбаяр гуайгаас асуусан юм. “Одоо энэ залуучууд юу юу ч болоогүй байж өөрсдийгөө нэг л их мундаг яруу найрагч энэ тэр гээл санаа зовмоор цоллох юм. Та юу гэж бодож байна” гэж асуухгүй юу. Тэгсэн Дармын Батбаяр гуай “Юу гэсэн үг юм бэ, хүү минь. Тэгж бодохгүй яадаг юм. Өөрийгөө хамгийн том, хамгийн агуу яруу найрагч гэж бодож бичих ёстой шүү дээ. Тэгэхгүй яаж олигтой юм бичих юм” гэж байсан шүү.
Мөнхүү захидлынхаа төгсгөлд зорилгын талаар асуужээ. Нээрэн миний хамгийн том зорилго юу юм бол... Мэдээж хийхийг хүссэн ажил, хүрэхийг хүссэн өндөрлөг байгаа. Хариулж бармааргүй том асуулт байна. Үүнд би цаашдаа хийх, хийж байгаа ажлаараа хариулах гэж оролдох болохоор хариултыг нээлттэй үлдээе. Нэг сарын хугацаанд хангалттай сайхан ярилцлаа. Яруу найраг, уран зохиол бол гоо зүйгээс гадна үзэл санааны урлаг. Миний санаа оноог сонсож, илэн далангүй ярилцсанд баярлалаа. Амьдралын утга учрыг танихад уран зохиол бидэнд гэрэл нэмдэг. Заримдаа нэг өгүүлбэр, шүлгийн нэг мөр ч хүний амьдралыг бүрэн өөрчилж мэднэ. Тиймээс үгийн урлагийг хайрлаж, уншиж, мэдэрч, шинийг эрэлхийлж яваарай гэж хүсье. Танд баярлалаа.
Франц Улс, Турэйн муж (2025.02.17)
Өнгөрсөн хугацаанд бид дөрөв, дөрвөн захиа солилцож, өглөө болгон “Хариу захидал ирсэн болов уу” гэсэн догдлол, хүлээлттэй өдрүүдийг өнгөрөөлөө. Хэдийгээр ярилцлагчдаа “сүүлчийн захидал” гэж дөрөв дэх захидлаа илгээсэн ч би өөрөө яаран цэг хатгаж, төгсгөж чадалгүй ийн тав дахь захидлаа эхлүүлж сууна.
-Энэ захиа маань манай “Эргэлт” сэтгүүл хэвлэгдэж, уншигчдад хүрсний дараа таны гар дээр очих болов уу гэж бодож байна. Тэгэхэд хэдийнэ өвс ногоо нахиалж, хавар болоод, билгийн тооллоор ч хаврын тэргүүн сар гарсан байх тул, сайхан хаваржиж байна уу? гэж мэнд мэдэх нь зүйтэй болов уу. Тиймээс ч хаврын Парист суугаа танд өвлийн Улаанбаатараас энэ захиаг хаяглая...
Дээр дурдсаны адил хаа холын Францад суугаа тантай сар гаруйн хугацаанд захиа солилцож, дүн өвлийн хүйтнийг цээж дүүрэн баяртай туулж байна. Бидэн захидалдаа ихэвчлэн уран бүтээл, яруу найраг, түүний мөн чанар, үнэ цэнийн тухай бичжээ. Хүн бүтэн сарын турш зөвхөн уран бүтээл, утга, уран зохиол, яруу найраг бодож эргэцүүлж, түүнийгээ үг үсэг холбож, захиа болгон бичээд хүнтэй солилцоно гэдэг их баяр төрүүлэм зүйл юм аа. Бас ч гэж их бичих дасгал болсон гэж бодож суулаа. Тэгээд тантай захидлаа солилцож дуусгаад, монгол уншигчид дундаа хэдийнэ “сураг алдарсан” яруу найрагч хаа холын Францад ч бичсээр, бичих хүслээ амьд халуунаар нь нандигнаж байгааг мэдэх үнэхээр сайхан байлаа. Тиймээс ч таны “Урт настай, удаан жаргалтай” романыг хэвлэгдэж, гар дээр ирэхийг нь тэсэж ядан байна. Мөн хуучин шүлгүүддээ хиймэл оюунаар ая зохиож, дуу болгож дуусаад шинэ шүлгүүдийг тань унших хүслээр дүүрэн байгаа уншигчдадаа шинэ номоор бэлэг барих болов уу гэж найдаж байна.
Өмнөө нэгэн ярилцагч маань надад “Туулсан зовлонгоо л туйлж бичиж байна даа” гэж хэлж байсан юм. Ер нь тэр хүнтэй ярилцахаас ч өмнө бичнэ, бүтээнэ гэдэг миний бодлоор “зовлон” байлаа даа. Харин тантай энэ өвөл захиа солилцоод “Амьдрал, яруу найраг үнэндээ нэг их онцын ялгаагүйг. Бас хүн туулсан зовлон, уй гунигаа бичиж байж л тайвширдаг, ангижирдаг юм байна. Тэгээд зовлонгүй хүн өнө эртийн тэр шаналангаа өөрийн хүчээр таашаал, баяр жаргал болгож чаддаг юм байна” гэж бодол төрж сууна. Зовлонгоо жаргал болгож чадна гэдэг нэг бодлын сайхан хэрнээ үнэхээр адармаатай байх. Гэхдээ энэ бүгдийг эргэцүүлж, бодож, ойлгож суух үнэхээр жаргалтай байв. Тантай захидал солилцох нь дүн өвлийн хүйтнийг дулаан болгох бодол, сэтгэл байлаа. Ёстой жинхэнэ “Дугтуй дүүрэн өвөл” байлаа.
Сэтгүүл маань хэвлэгдэж, уншигчдын гарт хүрсний дараа ярилцлагынхаа төгсгөл болгож буй эл захидлыг минь та уншвал дахин нэг хариу бичих болов уу гэж найдаж байна. Энэ захиа маань өвлийн Улаанбаатарт суугаа надаас хаврын Францад байгаа танд сэтгүүлийн маань хамт очно. Хаврын улирал бүхнийг сэрээж, шинээр эхлүүлдэг гэдэг дээ. Тиймээс ч таныг энэ захидлыг үзээд “Дугтуй дүүрэн” өнгөрөөсөн өвлөөр захидалдаа бичсэн амьдрал, уран бүтээлийн талаарх бодол, сэтгэл тань хэрхэн өөрчлөгдөж, шинээр нээгдэж байгаа талаар хариу бичээсэй гэж хүснэм. Эцэст нь, өмнөх захидалдаа ерөөсний адил хожмын нэг өдөр уулзаад дотно яриа дэлгэж, уран бүтэл, уран зохиолын тухай ярьж суухын ерөөл тавья. Тэр цаг мөчид Улаанбаатарын аль нэг гудамжинд гэгээн шүлэг ярих ч юм бил үү, эсвэл хаа холын Францын нэгэн уушийн газарт тааралдаад Дали шиг сахалтай эрд захиалга өгч зогсох ч юм бил үү, хэн мэдэх вэ...
Таныг гүнээ хүндэтгэсэн А.Азсайхан
Улаанбаатар хот, Ардын эрхийн байр (2025.02.18)
ЯРУУ НАЙРАГЧ Б.ЭРДЭНЭСОЛОНГО: МИНИЙ АМЬДРАЛ НЭГ ИХ УРТ ШҮЛЭГ ШИГ САНАГДДАГ |
|
2025-07-21 17:18:01
2025-07-21 16:48:54
2025-07-21 16:44:24
2025-07-21 16:11:41
2025-07-21 16:01:34
2025-07-21 15:47:11
2025-07-21 13:14:03
2025-07-21 13:08:10
2025-07-21 12:57:23
2025-07-21 12:44:30
2025-07-21 12:44:26
2025-07-21 12:31:22
2025-07-21 12:28:08
2025-07-21 11:42:59
2025-07-21 11:41:09
2025-07-21 11:30:06
2025-07-21 11:12:36
2025-07-21 11:00:19
2025-07-21 10:39:14
2025-07-21 10:08:33
2025-07-21 10:04:46
2025-07-21 10:01:52
2025-07-21 10:00:43
2025-07-21 09:30:44
2025-07-21 08:44:26
2025-07-21 08:42:27
2025-07-21 08:11:53
2025-07-21 07:00:23
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
2025-07-21 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |