Уянга яруу дууны хорвоод тэр “Монголын тал нутаг”-аа бахдаж, “Бодлын цагаан хун”-гаа аялж, “Аргалд явсан ээж минь та арай дэндүү удлаа” гэж үгүйлэн хүлээхдээ “Сэтгэл мөнхрөн үлдэж дээ” гэж хайрлан санаж дуулсан. Магнаг цэнхэр дэлхийдээ мөн эрчүүдээ магтан дуулж, “Засагт ханы хөх харчууд” гэж тодотгож, “Зүүдний хайртай нутаг”-аа ч эгшиглүүлсэн. Ингэж дуу бүхэн нь ард түмний сэтгэлд хөвөө хязгааргүйгээр эгшиглэдэг Ардын жүжигчин А.Долгор гуай Хөдөлмөрийн баатар хүртлээ, энэ наадмаар.
“Аргадаж ядсан аялгууг сонсоод
Асгартал уйлмаар болдоггүй гэж үү...” гэж Загдын Түмэнжаргал гуайн бичсэн шиг дахин давтагдашгүй хоолойгоороо тэр аргадаж дуулдаг. Аль ч дууг нь сонсоход зүрх сэтгэлийн гүн рүү буудаг. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай тэргүүтэй агуу хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын билиг авьяасаар бүтсэн олон сайхан дуу түүний дуулалтаар эгшиглэж, ард түмэнд хүрсэн.
“Дүүжүү алсаас ирээд
Дүүрэн амьсгаа авахад минь...” гэж З.Түмэнжаргал гуай “Монголын тал нутаг” дууны үгийг ямар сайхан онон тэрлэж, Б.Шарав гуай хэчнээн сайхан сэтгэл уужрам аялгуу хийлээ. Тэгээд тийм сайхан бүтээлийг бид А.Долгор гуайн хоолойгоор сонсоход ямархан тансаг, агуу, ёстой чиг уудам байдаг билээ дээ. Үүнийг бичиж байхуйд хүртэл чихэнд сонсогдож, сэтгэлд эгшиглэж байна. Уран бүтээлчид ингэж нэгдэж, уран бүтээл ингэж төрдөг байх нь. Тэдний хамтралын нэгэн жишээ л энэ. Ерөөс А.Долгор гэж ийм л уран бүтээлч. Нэгэн цагийн сор уран бүтээлчидтэй эгнээ зэрэгцэн жагсаж, тэдний бүтээлийг аргадсан, аархсан хоолойгоороо бахдам сайхан эгшиглүүлж чадсан, одоо ч дуулсаар яваа эрхэм. Яруу найрагч Б.Амгалан гуайн шүлгээр бүтсэн “Бодлын цагаан хун” дуугаараа 1991 оны “Морин хуур” наадмын тэргүүн байрыг эзэлсэн нь түүний амжилтын мөн нэгэн шат. Өөрөө ч “Бодлын цагаан хун” надад даль жигүүр ургуулсан” гэж ярьсан байдаг. Үнэхээр ч энэ дуугаар тэр түмэнд хүрч, энэ л бүтээлээрээ “дүүлэн ниссэн” байдаг.
Төв аймгийн Баянцагаан суманд эхээс хүй цөглөж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд эрдмийн их үйлсээ үргэлжлүүлсэн байдаг. Алтанбулаг суманд тэр ийнхүү Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникчээр 1970-1973 он хүртэл суралцаж, төгсөөд, төрөлх аймгийнхаа Соёлын ордонд жүжигчнээр ажиллаж уран бүтээлийн гараагаа эхэлсэн түүхтэй. Зоотехникчээр төгссөн атлаа юун Соёлын ордон гэж уншигч та гайхаж байгаа байх. Гэхдээ тэр багаасаа дуулах хүсэл мөрөөдөлтэй байсан болохоор шууд мэргэжлээрээ ажиллахаас татгалзаж, нутаг буцсан юм билээ. Ингээд Соёлын ордонд орсноос гурван он улирсны хойно А.Долгор дуучин ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуулийг дуулаачийн мэргэжлээр дүүргээд, Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллаж эхэлсэн байдаг. Үүнээс хойш театрын тайзнаа тэр 2012 он хүртэл дэлхийн болон Монголынхоо сонгодог олон сайхан дуурийн гол болон туслах дүрийг бүтээсний дотроос 1988 онд Д.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн гол дүрээрээ тухайн үеийн Соёлын яамнаас шилдэг дүрийн шагнал хүртэж байжээ.
Тэрбээр тайзнаа Ж.Бизегийн “Кармен” дуурийн Кармен, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”-ын Эх, Ж.Вердигийн “Риголетто” дуурийн Мадделена, Т.Хренниковын “Шуурганаар”-ын Аксинья, П.И.Чайковскийн “Евгений Онегин”-ы Ольга тэргүүтэй дэлхийн сонгодог бүтээлийн дүрүүд хөврөх бол хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө намжил”-ын Алтайн дагина, Б.Шарав гуайн “Чингис хаан”-ы Өэлүн ээж зэрэг Монгол сонгодог дуурийн нэрт дүрүүд нь ч тодхон байдаг билээ.
Мэдээж бүтээсэн дүр бүхэн нь түүний хөдөлмөр, зүтгэл, авьяас билгээр бүтэж буй. Тэдгээрээс онцолж “Кармен” дуурийн дүрийнхээ тухай “Миний ааш зан Карменаас огт өөр. Цогтой, золбоотой, эрч хүчтэй испани цыган бүсгүйн дүр намайг их эвдсэн” гэж ярьсан байдаг. Ингэж л тэр тайзнаа олон сайхан дүрийг амилуулж, ард түмний сэтгэлийг чанартай, чансаатай аялгуут дуунуудаараа гэгэлзүүлсээр өнөөдөр хүрчээ. Мөн олон сайхан шавь нартай багш. Дуурийн урлагт шинээр төрж байгаа залуу уран бүтээлчдийн дотроос “А.Долгор багшийн шавь” гэсэн олон уран бүтээлч байх бөгөөд тэд эрхгүй хоолойны өнгө, биеэ авч яваа байдал, дэгжин хувцаслалтаараа багшийгаа дуурайсан байх нь илхэн харагддаг билээ. Тэгэхээр А.Долгор дуучин бол гарцаагүй энэ цагийн хөдөлмөрийн баатар, урлагт өөрийн бүтээсэн бүтээл, туурвисан он цаг, урлагийн хүн ямар байх ёстойг бие, сэтгэлээрээ үлгэрлэж яваа эрхэм уран бүтээлч билээ.
| ТҮҮНИЙ ДУУНУУД АРГАДАЖ ЭГШИГЛЭДЭГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |