• Өнөөдөр 2024-04-25

Ю.ОЮУНБИЛЭГ: Хунчир, чихэр өвс, дэрэвгэр жиргэрүү зэрэг ургамал нь коронавирусийг эмчлэх үйлчилгээтэй

2021-02-17,   2671

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораторийн эрхлэгч, доктор, дэд профессор Ю.Оюунбилэгтэй ярилцлаа.

-Kоронавирусийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжтой юу. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

-“Ковид-19” халдварт өвчнийг эмчлэхэд дэлхийн улс орнууд орчин үеийн анагаах ухааныг уламжлалт эмчилгээтэй хослуулан хэрэглэж, үр дүнд хүрсэн талаарх олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлж нийтлүүлсэн нэлээд баримт, мэдээлэл байдаг. Манай оронд ч энэ чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгаа гэж үзэж болно. Харин сүүлийн үед Энэтхэг Улсад “Ковид-19” өвчнөөс сэргийлэх, эмчлэх боломжийг уламжлалт анагаах ухаанаас эрэлхийлж мэдэхийн тулд уушгины бронхитийн эсрэг үйлчилгээтэй, дархлааны системийг дэмжих, зүрхний өвчинд сайн, вирус, бактерийн эсрэг өндөр идэвхтэй ургамлуудын талаар судалгааг ихээхэн өргөн хэмжээнд хийж байна. Юуны өмнө вирусийн халдварт өвчний эсрэг үйлчилгээтэй, дархлааг дэмжих эм хийхэд сонгино, сармис, цагаан гаа, хан боргоцой, киви, папаяа, анар, батраш зэрэг хүнсэнд өргөн хэрэглэдэг ургамлуудыг ашиглаж болох талаар уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурлан судалгаа хийж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлэгдсэн байдаг. 

-Дээрх ногоо, жимс, ургамлууд нь яагаад халдварт өвчний эсрэг үйлчилгээтэй гэж?

-Бидний хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг сонгино гэхэд вирусийн эсрэг үйлчилгээтэй химийн нэгдлүүд болох флавоноид, антиоксидантаар баялаг бөгөөд бактерийн эсрэг идэвхтэй. Ялангуяа амьсгалын замын өвчин үүсгэдэг вирусийн эсрэг идэвхтэй учир эм хийхэд гол нөлөөтэй, мөн амьсгалын замын өвчний үед утаж хэрэглэх боломжтой. Сонгино нь чихрийн шижин өвчний эсрэг үйлчилгээтэй болохоор ийм өвчтэй хүмүүс санаа зоволтгүй хэрэглэдэг. Харин хан боргоцойн жимс болон ишнээс нь ялгаж авдаг бромелин хэмээх  бодис нь цусны бүлэгнэлт болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Анар жимс нь цусны улаан бөөмийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг, исэлдэлт явагдахаас хамгаалдаг, вирустэй холбогдох идэвхийг нь бууруулдаг. Урт чинжүү нь эмийн ургамлын био үйлчилгээг нэмэгдүүлдэг  хамгийн ач холбогдолтой халуун ногооны нэг юм. Харшлын өвчний эсрэг болон дархлааг дэмждэг. Түүнд агуулагддаг пиперин нь амьсгалын замыг дарангуйлахын эсрэг, амьсгалахад бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд ач холбогдолтой.  Хар чинжүү, цагаан гаа зэргийг хавсран хэрэглэснээр элэг болон амьсгалын замын янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Сармисанд агуулагдах гол идэвхт нэгдэл нь аллицин юм. Энэхүү бодис нь зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд микробийн эсрэг өндөр идэвхтэй, том хүн өдөрт ойролцоогоор дөрвөн грамм хэрэглэхийг зөвлөдөг.

-Коронавирусийг эдгээхийн тулд эрт дээр үеэс хэрэглэж ирсэн эмийн ургамлуудыг судалж байна уу?

-Тийм ээ, судалж байгаа. Ялангуяа “Ковид-19” халдварт өвчин гарснаас хойш 2020, 2021 онд хэвлэгдсэн дэлхийн олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлийн олон өгүүлэлд

Морин шарилж, сарьслаг хунчир, чихэр өвс, дэрэвгэр жиргэрүү, байгалийн гүүн хөх зэрэг ургамлыг коронавирусийг саатуулах үйлчилгээтэй талаар дурьдсан байдаг. Эдгээр ургамлыг “Ковид-19-ийн эсрэг эм хийх гол төлөөлөгч  ургамлууд болох боломжтой

Мөн дээрх ургамлуудад агуулагдах хоёрдогч нэгдлүүд нь томуугийн вирус, амьсгалын замын цочмог хам шинж өвчний вирус, Ойрхи Дорнодын амьсгалын хам шинжийн титмэн вируст халдварын эсрэг үйлчилгээтэй байсан учраас Австрали, Непал зэрэг улсын эрдэмтэн, судлаачид вирусийн эсрэг эм, туршилт судалгаа хийх боломжтой 93 ургамлыг төлөөлүүлэн авч үзсэн байдаг.

-Дээрх ургамлуудыг коронавирусийн эсрэг хэрхэн ашиглаж байна вэ. Үр дүн гарсан уу?

-Олон жилийн судалгааны үр дүнгээр чихэр өвсний үндсийг элэгний В вирус, хоол боловсруулах замын өвчин, ханиад зэргийг эмчлэхэд дэлхийн олон улс хэрэглэж ирсэн билээ. Үүний үр дүнд үндэслэн “Ковид-19” өвчний үед илрэх шинж тэмдгийг xязгаарлахад  туршин, амжилтад хүрч байна. Иймээс вируст халдварын эсрэг нэгдлийг ургамлаас хайж олох, тодорхойлох ажлууд  дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байхын зэрэгцээ вирусийн эсрэг идэвхтэй олон зүйл эмийн ургамлаас ашигт нэгдлүүдийг ялган авч, тэдгээрийн механизмыг судлах ажлууд маш ихээр хийгдэж байна.

-“Ковид-19” нь хүн, амьтны амьсгалын замыг гэмтээхээс гадна бусад эрхтнийг өвчлүүлэх магадлалтай юу?

-Энэ талаар мэргэжлийн хүмүүс илүү доторхой хариулах байх. Миний хувьд коронавирусийн эсрэг идэвхтэй ургамлын мэдээллүүдтэй танилцаж байхад, энэхүү вирус нь ихэвчлэн амьсгалын замын эрхтнийг гэмтээх төдийгүй цаашид бусад эд, эрхтэнд нөлөөлдөг. Ийм учраас юуны өмнө амьсгалын замын эрхтэнг эмчлэх, дархлаа дэмжих, зүрх судасны өвчнийг эмчлэхэд хэрэглэж ирсэн олон зүйл ургамлаас коронавирусийн халдварт өвчний эсрэг эм хийхээр эрэл хайгуул, туршилт судалгааны ажлууд өргөн хийгдэж байна.

-Гаднын улсууд коронавирусийн эсрэг ямар эм хэрэглэж байгаа вэ. Вирусийн эсрэг эм хийхээр судалж байна уу?

-Вирусийн эсрэг идэвхтэй молекул нь ихэвчлэн вирусийг эсийн хүлээн авагч уурагтай холбогдохоос хамгаалах, идэвхгүй болгох, мембраныг өөрчлөх, вирусийн энзимийн идэвхийг бууруулах, экспрессийн түвшинг бууруулах үйлчилгээтэй. Харин одоогийн байдлаар протеазаг саатуулагч, вирусийг устгадаг эмүүдийг урьдчилсан байдлаар хэрэглэж байна. Протеазагийн идэвхийг саатуулагч эмүүдийг ДОХ-той хүнийг эмчлэхэд хэрэглэдэг. Хятад Улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос SARS-CoV 2003 болон MERS-CoV-2012-ийн үед өвчтөнүүдийг эмчилж байсан туршлага дээрээ түшиглэн тэр үед хэрэглэж байсан ургамлын гаралтай эмүүдийг хэрэглэж байна. Олон зүйл эмийн ургамлаас вирусийн эсрэг идэвхтэй, түүнийг устгах үйлчилгээтэй эм хийх судалгааны ажлууд үргэлжилж байна.

-ДЭМБ-аас коронавирусийн халдвартай хүнд витамин С сайтар хэрэглэхийг зөвлөсөн.  Бодит үр дүн гарсан байдаг  уу?

-“Ковид-19”-ийг эмчлэх өвөрмөц эмчилгээ гараагүй байгаа энэ үед шинээр хэрэглэх эмийн ургамлыг хайх нь чухал гэж дэлхийн олон орны эрдэмтэн, судлаачид үзэж байна. Харин одоогоор вирусийн эсрэг үйлчилгээтэй, тухайн улс оронд хэрэглэдэг хоол, хүнсний ургамлуудыг өргөн хэрэглэх талаар анхааран ажиллаж байна. Жишээлбэл, Нигерийн Абужа хотод амьдардаг нэгэн өвчтөнд сармис, цагаан гаа, лимоныг хольж нухаад, усанд хийж буцалгаад хөрөхөөс нь өмнө уулгаж, гурав хоног витамин С буюу аскорбиний хүчилтэй хавсарган хэрэглүүлсэн. Ингэхэд өвчин эдгэсэн төдийгүй гэр бүлийн хүнийг нь тусгаарлаагүй учир халдвар авахаас сэргийлж витамин С буюу аскорбиний хүчлийг хэрэглэхэд өвчлөөгүй талаар олон улсын өгүүлэлд дурьдсан байна лээ. Магадгүй энэ нь өвчний хөнгөн хэлбэрийн үед үр дүнтэй байгааг харуулж байгаа байх.

-Цар тахлын үед гаднын улсууд ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж байна вэ?

-Энэтхэг, Хятад, Мадакасгар, Африк, Нигер зэрэг орнууд “Ковид-19”-ийн эсрэг эмчилгээнд тэжээллэг шинж чанартай хүнсний болон эмийн ургамлуудыг өргөн хэрэглэж байна. Витамин C-ээр баялаг хүнсний ургамал, жимс нь  гэрийн нөхцөлд коронавирусийг эмчлэхэд тустай байгаа талаарх олон мэдээлэл хэвлэгдсэн. Мөн эфирийн тостой үнэрт ургамлууд ч олон төрлийн вирусийн эсрэг үйлчилгээтэй,  төдийгүй “SARS-Cov1” нь “SARS-Cov2”-той 96 хувь ижилхэн гэж үзэж байгаа талаар өгүүлсэн байдаг. 

-Үнэрт ургамлуудыг ямар төрлийн өвчинг анагаахад хэрэглэдэг бэ?

-Үнэрт ургамлыг хумхаа, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэдэг. Үнэрт эфирийн тост ургамлын молекулууд нь хамар, амаар дамжин уушгинд орж, тэндээс биеийн бусад хэсэг рүү нэвтэрч, улмаар тархи, лимфийн системд хүрч, гормоныг тэнцвэржүүлэхэд нөлөөлдөг. Үнэрт ургамлын хамгийн гол молекул нь эфирийн тос байдаг. Энэ нь ууршимтгай нэгдлүүд болох монотерпен, сесквитерпен, фенилпропаноид нэгдлүүдтэй нийлж тааламжтай үнэртдэг. Эфирийн тосны биологийн идэвх нь мутагений эсрэг байхаас гадна хавдрын эсрэг, антиоксидант шинж чанартай. Үрэвсэл, микроб, вирусийн эсрэг, мөн дархлааг зохицуулах, коронавирусийн эсрэг үйлчилгээтэй гэж үзэж байна.

 

 


Ю.ОЮУНБИЛЭГ: Хунчир, чихэр өвс, дэрэвгэр жиргэрүү зэрэг ургамал нь коронавирусийг эмчлэх үйлчилгээтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188