• Өнөөдөр 2024-04-19

ШАВЬЖ СУДЛААЧ Ч.ГАНТИГМАА:ЭРВЭЭХЭЙ өвлийг өнтэй давах эсэх нь ШОРГООЛЖТОЙ холбоотой байдаг

2020-12-20,   3610

Эрвээхэй авгалдайн үедээ сөд өвсний цэцгийн толгойд орогнож, түүгээрээ хооллож байгаад намар цэцэг хагдарч газарт унахаар шоргоолж түүнийг үүрэндээ аваачиж тэжээдэг

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу, шавьж судлалын лабораторийн эрхлэгч Ч.Гантигмаатай ярилцлаа.

-Амьдралынхаа турш шавьж судална гэдэг их сонирхолтой байх даа. Олон шинэ “найз”-тай болсон мэт?

-Энэ сэдэв маш өргөн цар хүрээтэй. Уг нь манайхаас өөр оронд нэг судлаач нэг зүйлийг, эсвэл нэг төрөлд хамрагдах хэдэн зүйлийг бүх насаараа судлах тохиолдол элбэг. Тухайлбал, зөвхөн усны шавьж эсвэл зөвхөн нэг төрлийн эрвээхэй, эсвэл зөвхөн шумуул гэх мэт тодорхой нэг бүлэг амьтныг судлах нь түгээмэл байдаг. Ингэж судлабал судалгааны цар хүрээ хумигдах, судалгаанд хамрагдах зүйлийн тоо хязгаарлагдах тул цаг хугацааны хувьд ч гэсэн уг зүйлтэй холбогдол бүхий өөр олон асуудлыг судлах боломж бүрддэг. Иймд гаднын судлаачид тухайн судлаж буй зүйлдээ маш сайн анхаарч, тал бүрээр нь нарийн судлаж, өргөн хүрээнд мэдлэг бүтээсэн байдаг.

Манай орны хувьд нөхцөл байдал огт өөр. Судлаачдын тоо цөөн, судлах шавьж нь маш олон. Цаашилбал, орон тоо хязгаарлагдмал тул ажлын байрны шаардлага хангаж чадах хүн нь ажилд орж чадахгүй, энэ чиглэлийн мэргэжилтэнг аль ч их, дээд сургууль бэлтгэдэггүй, боловсон хүчний нөөцгүй гэх асуудал бий.

Иймд нэг судлаач олон төрлийн шавьжийг судлах шаардлага тулгардаг. Бүхнийг  мэдэхгүй учраас тухайн чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэдтэй холбоо тогтоож хамтарч ажилладаг. Одоогийн байдлаар Англи, Герман, Америк, Орос, Япон зэрэг орны судлаачидтай хамтран ажиллаж байгаа, судалгаандаа их дэмжлэг авдаг.

-Амьтдын амьдрах орчин нөхцөл чухал байдаг байх. Манай оронд шавьж амьдрах таатай нөхцөл, орчин бий юү?

-Шавьж болгон өөрийн гэсэн тодорхой амьдрах орчин, нөхцөлтэй. Харин ямар орчинд, ямар зүйл, хэдий хэмжээгээр тохиолдох боломжтой вэ гэдэг асуудал байдаг. Тухайлбал, Нэг зүйл цэнхэр эрвээхэй (Maculinea teleius) эмийн сөд (Sanguisorba officinalis) ургасан нуга, ойн захын амьдрах орчинд байрших боловч үнэн хэрэгтээ тухайн орчинд Mirmuca төрлийн шоргоолж байгаа эсэх нь хамгийн чухал хүчин зүйл болдог. Энэ эрвээхэй өвлийн улирлыг өнөтэй давах эсэх тухай асуудал нь уг шоргоолжтой холбоотой байдаг. Тодруулбал, эрвээхэй авгалдайн үедээ сөд өвсний цэцгийн толгойд орогнож, түүгээрээ хооллож байгаад намар цэцэг хагдарч газарт унахаар шоргоолж түүнийг үүрэндээ аваачиж тэжээдэг. Иймд дээрх хоёр зүйлийн аль нэг нь л байхгүй бол ямар ч сайхан нуга байлаа гээд энэ эрвээхэйн амьдрах таатай орчин болж чадахгүй. Иймд амьдрах таатай нөхцлийн тухай асуудал маш нарийн юм. 

-Та шавьж судлалыг хэзээнээс сонирхон судалж, энэ чиглэлээр ямар сургуулиудад мэргэшсэн бэ?

-Мэргэжлийнхээ суурь мэдлэгийг МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн биологийн ангид суралцаж эзэмшсэн. Тухайн үед их, дээд сургуульд суралцах хугацаа таван жил байсан ба эхний хоёр жил нь бүхэлдээ суурь мэдлэг олгоход чиглэгдэж амьтан, ургамлын хичээл маш сайн заадаг байсан. Үүний дараа амьтан судлал, экологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, улмаар Герман Улсад докторын зэрэг хамгаалах хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан. Энэ хугацаанд шавьжтай холбогдол бүхий судалгаанд их, бага хэмжээгээр оролцож байсан. Тухайлбал, оюутан байх үедээ оролцсон анхныхаа эрдэм шинжилгээний хуралд шавьжийн сэдвээр илтгэл тавьсан байдаг. Сүүлд докторын сургалтад хамрагдаж, Монгол орны эрвээхэйн олон янз байдал, хамгааллын асуудлаар судалгааны ажил хийж байхдаа шавьжийг илүү сонирхох болсон. 

-Сүүлийн үед ган зуд ихтэй байх боллоо. Үүнийг дагаад ховордож, үзэгдэхгүй болж байгаа шавьж бий юү?

Энэ жилүүдэд байгаль, цаг уурын нөхцөлд гарч буй өөрчлөлтөд өртөж тоо толгой цөөрч буй зүйл, устах аюулд өртөж буй зүйл, нүүдэл хийх болсон явдлыг дэлхийн олон улс орон тэмдэглэж байгаа. Манай орны хувьд өмнө хаа сайгүй тохиолддог байсан ч сүүлийн жилүүдэд харагдах нь ховор болсон зүйл бий. Бид энэ чиглэлд судалгаа хийнэ.

-Сүүлийн үеийн судалгаагаар шавьжинд ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу. Уур амьсгал, амьдрах орчин, идэх хоолноос шалтгаалсан?

-Энэ сэдвийн хувьд тодорхой судалгаа хийгдээгүй гэхэд болно. Харин ойн хөнөөлт шавьжийн тухайд энэ чиглэлээр тусгайлан судалгаа хийж, уур амьсгалын өөрчлөлттэй холбож тайлбарласан байдаг.

-Та бүхний хувьд хээрийн судалгаа маш чухал байдаг шүү дээ.  Судалгааны ажилд зориулж улсаас хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?

-Зуны гурван сар амжиж, дээжээ цуглуулж аваад өвөл нь лабораторид тодорхойлох, шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжилтэнтэй холбоо барьж, дээжээ шалгуулах, баталгаажуулах гээд олон шат дамжсан ажил хийж, эцсийн үр дүнд хүрдэг. Мэдээж, шавьж цуглуулахад олон хоног шаардлагатай. Судалгааны зардал хээрийн судалгаандаа ч хангалттай хүрдэггүй. Томилолтын мөнгө өдрийн 12 мянга байдаг. Бидний судалгаанд багаж, урвалж бодис, дээж хадгалах сав, хайрцаг гэх зэрэг маш олон зүйл шаардлагатай. Тэр бүрд мөнгө хүрэлцдэггүй.

Эрвээхэй, соно, шулуун далавчтаны хувьд бол ихэвчлэн торон ховой ашиглаж бариад дээжийг баримт нотолгоо болгон авчирч лабораторид шинжилнэ. Цохын хувьд ихэвчлэн урхи ашиглаж барьдаг.

-Та өмнө нь 200 орчим зүйлийн эрвээхэйг ямар орчинд амьдрах боломжтойг нь судалсан байдаг шүү дээ. Одоо ямар төрлийн шавьжин дээр судалгаа хийж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Монгол орны цохын судалгааг дагнан хийж байна. Одоогоор 10 гаруй овгийн 400 гаруй зүйлийн ангилал зүй тархалтын судалгааг хийж үр дүнг нийтийн хүртээл болгосон. Монгол орны цох 3000 гаруй зүйлийг өөртөө агуулсан маш том баг юм. Энэ жилээс эхлэн 300 гаруй зүйлтэй нэг овгийн судалгааг эхлүүлж, ОХУ, Америкийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.

-Шавьжийг судлах арга ухаан, нарийн үйл явцыг тайлбарлаж өгч болох уу. Ямар аргаар шавьжийг дээж болгон авдаг вэ?

-Шавьж болгон өөрийн гэсэн амьдралын хэв маягтай байдаг. Тухайлбал, эрвээхэй, соно, шулуун далавчтан, цох зэргийг судлахдаа тухайн бүлэг болгонд тохирох арга зүйг ашиглана. Эрвээхэй, соно, шулуун далавчтаны хувьд бол ихэвчлэн торон ховой ашиглаж бариад дээжийг баримт нотолгоо болгон авчирч лабораторид шинжилнэ. Цохын хувьд ихэвчлэн урхи ашиглаж барьдаг. Байгаль дээр тэднийг шууд таних боломжгүй тул ихэнх тохиолдолд зориулалтын уусмалд хийж хадгалж судалгаанд ашиглана.

-Таныг “Монгол орны цох” номынхоо хоёр дахь ботийг удахгүй гаргана гэж сонссон. Шинэ номонд хэчнээн зүйлийн цох багтах вэ?

-“Монгол орны цох” номын хоёр дахь боть саяхан хэвлэгдсэн.

Энэ номонд монголын хар цохын овгийн 230 орчим зүйлийг таних түлхүүр бичиг, 140 орчим зүйлийн гадаад шинж тэмдгийг харуулсан фото зураг, мөн тэдгээрийн тархалтын зураглалыг оруулсан. Энэ нь Монголын шавьж судлалын салбарын цаашдын хөгжилд үнэтэй хувьд нэмэр оруулна гэдэг итгэлтэй байгаа. Учир нь, бид Монголын цохын төлөөлөгчдийн 200 гаруй зүйлийг цаг алдалгүй тодорхойлчих боломжтой болж байна гэсэн үг.

Бид зүйлээ таньдаг болчихвол хаана, хэрхэн амьдарч байна, улмаар байгальд, экосистемд ямар үүрэг, үйлчилгээ үзүүлж байгааг нь судлах, улмаар бүр нарийвчилсан судалгаа руу орох боломж бүрдэнэ.

-Шавьжийг ангилал зүйн хувьд нарийвчлан судлахын ач холбогдол юу вэ?

-Шавьж, ер нь аливаа нэг организмын ангилал зүйг нарийвчлан судлах, тэдгээрийг үнэн зөв тодорхойлох нь байгаль шинжлэлийн аль ч салбарын хувьд хамгийн чухал шийдвэрлэх асуудлын нэг. Жишээлбэл, аливаа орчин өөрийн гэсэн өвөрмөц зүйлийн бүрдэлтэй, тэдгээр нь хоорондоо харилцан үйлчлэлд орж, бие биенээ харилцан тэтгэх замаар зэрэгцэн орших боломжтой байдаг. Энэхүү шинж чанар аль ч организмын хувьд түүхэн хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон. Иймд ямарваа нэг орчинг хамгаалах, нөхөн сэргээх асуудал гарвал бид яг ямар зүйл байх ёстойг нарийн тодорхойлж байж хамгааллын арга хэмжээгээ тодорхойлох ёстой. Энгийн нэг жишээ бол хөнөөлт зүйлийн тухай асуудал байна.

Бид хөнөөлт зүйлийн эсрэг тэмцэл хийхийн тулд хамгийн түрүүнд уг зүйлийнхээ ангилал зүйн судалгааг нарийвчлан хийж ямар зүйл болохыг нь тодорхойлсны үндсэн дээр биологи онцлогт нь тулгуурлан хөгжлийн ямар үе дээр нь, орчны байгаль цаг уурын нөхцөл ямар байх тохиолдолд, ямар аргаар хийвэл зохилтой болохыг тогтоож тэмцлийн ажлын төлөвлөгөө боловсруулна. Хэрэв бид зүйлийнхээ ангилал зүйн асуудалд алдаа гаргавал цаашид хийгдэх ажил үндсэндээ буруу төлөвлөгдөж, уг ажил үр дүнгүй болно. Иймд шавьжаа үнэн зөв тодорхойлохгүйгээр дараагийн алхам руу орох ямарч боломж байхгүй гэсэн үг.

-Монгол орны ихэнх нутгаар явж, судалгаа хийсэн байх. Шавьжийн тархалт ямар байна вэ?

-Монгол орныхоо ихэнх нутгаар явсан. Манай орны шавьжийн судалгааг маш олон орны эрдэмтэд сонирхон судалсан байдаг. Тэдний судалгааны үр дүн, мөн бидний судалгаагаар ажиглагдсан мэдээлэлд үндэслэж хэлэхэд, Монгол орны шавьжийн зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, элбэгшил орон нутгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд харилцан адилгүй байдаг. Тухайлбал, эрвээхэйний хувьд Монгол орны ой, ойт хээрийн бүс, тэр дундаа Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумын нутаг дэвсгэрт орших Ерөө голын хөндий, Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Онон, Балж голын сав газарт хамгийн их зүйл тохиолдоно. Харин Хөвсгөлийн уулс, Алтай, Хангай, Хянганы нуруудад тархах эрвээхэйн зүйлүүд ихээхэн өвөрмөц байдаг. Харин цохын хувьд, ялангуяа жийгээ цох, хар цохын овогт хамрагдах зүйлүүдийн дийлэнх нь Монгол орны хээр, говь цөлийн бүсэд тархсан байдаг. Түүнчлэн царцаа, голионы хувьд зүйлээсээ хамааран тархалт нутаг нь харилцан адилгүй байдаг.  

-Монголчуудын төдийлөн мэддэггүй олон зүйлийн шавьж байгаа. Хүний биед халтай шавьж бий юү?

-Бид бүх шавьжийг таньж мэдээгүй байгаа. Шавьжийн төрөл зүйлийн тоо маш их, хамгийн багадаа арван гурван мянга гаруй зүйл байгаа. Судлаачдын тоо арав хүрэхтэй, үгүйтэй. Тэд бүх шавьжийг судлах боломжгүй. Бидний хувьд олж хараагүй зүйл маш их бий. Дэлхийн бусад улс оронд хүнд халтай шавьжийн талаарх мэдээлэл байдаг. Харин манай орны хувьд энэ асуудал бүрхэг. Хэдэн жилийн өмнө Сүхбаатар аймагт хүн шавьжинд хатгуулж хохирсон тохиолдол гарсан. Гэхдээ тухайн үед ямар зүйлийн шавьж байсныг тодорхой харж чадаагүй байдаг. Цаашид энэ чиглэлийн судалгааг хийх, эхлүүлэх шаардлагатай.

-Манайд шавьж судлалын салбарыг хөгжүүлэхийн тулд юу хамгийн чухал байна вэ?

-Шавьж судлалын салбарыг хөгжүүлэхийн тулд улсаас тодорхой зорилго, чиглэлтэй бодлого баримтлах хэрэгтэй. Тухайлбал, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхээс эхлэн анагаах ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, бэлчээр, ой, хот суурин газрын шавьж судлалын асуудалд анхаарал хандуулах, улмаар хөнөөлт шавьжтай тэмцэх ажлыг байгальд ээлтэй аргаар зохион байгуулах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, цаашлан хүмүүст эрүүл, аюулгүй орчинг бий болгох үүднээс эдгээр чиглэлийг хөгжүүлэх шаардлагатай юм. Мөн судлаачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч байдалд нь үнэлэлт дүгнэлт хийж тэднийг урамшуулах, хариуцлага тооцох механизмыг бий болгож шудрагаар үнэлэх, мэргэжлийн ёс зүйтэй судлаачдаар хүрээгээ тэлэх асуудал чухал байгаа.

-Таны сонирхлыг хамгийн ихээр татдаг ямар шавьж байна вэ?

-Би эрвээхэйн судалгааг хамгийн их сонирхдог. Сүүлийн жилүүдэд ажлын шаардлагаар цохын судалгаа руу орсон. Ерөнхийдөө боломж олдвол эрвээхэйн амьдрах орчин, тэдгээрийг хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах судалгаа хийнэ. 

-Одоо ямар судалгаан дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

Шавьжийн салбарын хувьд Монгол орны шавьжийн төрөл зүйлийн бүрдлийг тодорхой түвшинд бүртгэлжүүлэх, тэдгээрийн ангилал зүйн асуудлыг шийдвэрлэх, тодорхой зүйлүүдийн хүрээнд популяцийн төлөв байдлыг тодорхойлох, тэдний амьдрах орчны онцлогийг илрүүлэх зорилготой байна.

Учир нь эдгээр бүх асуудал нь байгаль хамгааллын арга хэмжээг төлөвлөх суурь, шинжлэх ухааны үндэслэл болох ёстой. Аливаа нэг экосистем тогтвортой байх нөхцөл нь түүнтэй зэрэгцэн оршиж буй зүйлүүдийн харьцаа ямар байх, байгаль цаг уурын нөхцөл байдалд гарч буй өөрчлөлт, хүний зүгээс учруулж буй сөрөг үр дагавар зэрэг асуудлыг маш тодорхой болгох хэрэгтэй байна.

-Хөдөө хээрийн судалгааны үед тохиолдож байсан дурсамжтай үйл явдлаас хуваалцвал?

-Хөдөө орон нутагт судалгаагаар явахад янз бүрийн юм тохиолдож байдаг. Гэхдээ голцуу тодорхой нэг зорилго тавиад явдаг, газар дээр нь очихоор байгаль орчин, цаг уурын нөхцөл тааламжгүй, хайж яваа зүйлээ олохгүй, нэг бол өвөлжилт хэр байснаас хамаараад тухайн жилд гарч ирэх хугацаа нь оройтох, эсвэл гарчихсан ид судалгаа хийвэл зохих хугацаа нь өнгөрчихсөн байх үе тохиолдоно. Тэр болгонд л баярлах эсвэл гуньж гутрах үе зөндөө тохиолддог

Монгол орныхоо биологийн төрөл зүйлийг бүртгэлжүүлээд, тэдгээрийн хамгийн тааламжтай орчинг нь тодорхойлж, популяцийн тоон мэдээлэл оруулсан сайн мэдээллийн бааз бүрдүүлэх ажлыг эхлүүлээсэй, байгаль хамгааллын асуудал бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж хийдэг болоосой гэж хүсдэг.

-Монголын “Улаан ном”-д хэчнээн зүйлийн шавьж бүртгэлтэй вэ?

-Өнөөгийн байдлаар 19 зүйл шавьж бүртгэгдсэн байдаг. Гэхдээ энэ зүйлүүдийн талаар хийгдсэн нарийвчилсан судалгаа байдаггүй. Бид цаашдаа энэ “Улаан ном”-д оруулсан зүйлүүдийнхээ популяцийн чиг хандлага ямар байгааг судалж үнэлэлт дүгнэлт хийх, үргэлжлүүлэн хамгаалах шаардлагатай. Мөн хамгааллын ямар арга хэмжээ авах ёстой байна гэдгийг тодорхойлох нь зүйтэй

-Та залуу судлаачдыг юу хийж бүтээгээсэй гэж хүсдэг вэ?

-Залуу судлаачдыг юун түрүүнд Монгол орныхоо биологийн төрөл зүйлийг бүртгэлжүүлээд, тэдгээрийн хамгийн тааламжтай орчинг нь тодорхойлж, популяцийн тоон мэдээлэл оруулсан сайн мэдээллийн бааз бүрдүүлэх ажлыг эхлүүлээсэй, байгаль хамгааллын асуудал бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлаж хийдэг болоосой гэж хүсдэг. Одоогийн нийгэмд  бүх юмыг хийсвэрээр  яриад, нэг юм хийсэн болж ам хаадаг, ард нь ямар ч бодитой үр дүн байдаггүй. Энэ нөхцөл байдлаас гарч, байгаль хамгааллын асуудлыг бодит ажил болгоосой гэж боддог.

 

 


ШАВЬЖ СУДЛААЧ Ч.ГАНТИГМАА:ЭРВЭЭХЭЙ өвлийг өнтэй давах эсэх нь ШОРГООЛЖТОЙ холбоотой байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-20 22:44:12
    Цогмаам: Сайн байна уу би чийгийн улаан үржүүлдэг хүн бна. Монголд чийгийн улаан судалдаг судлаач эрдэмиэн ббайдаг болов уу хамтарч ажиллахыг хүсч байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-03 23:09:49
    зочин 5: шавж тодорхойлох дуртай ажлын байр олдох болов уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-17 11:43:41
    Гшү: Сонирхолтой. Шавж гэж бичдэг болсон уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 17:38:37
    Зочин: Монгол оронд судалгааг мэргэжилдээ дуртай цөөн хүн хийдэг, харамсалтай нь удсаас дэмжлэг маш бага, гэвч тэд ажилсаар л байдаг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 17:38:36
    Зочин: Монгол оронд судалгааг мэргэжилдээ дуртай цөөн хүн хийдэг, харамсалтай нь удсаас дэмжлэг маш бага, гэвч тэд ажилсаар л байдаг...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 10:01:32
    Erdenechuluun: Маш сонирхолтой
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188