• Өнөөдөр 2024-04-26

Хуульч Ё.Бямбатогтох: Үндсэн хуулийн цаазаар авах ялтай холбоотой хэсэг нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа

2020-09-24,   2753

Хуульч Ё.Бямбатогтохтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг Үндсэн хуулийн цэцэд цөөнгүй хандаж байсан гэж сонссон. Цаазын ялыг сэргээх тухай асуудлаар хэзээ хандаж байсан бэ?
-Би иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд арван удаа хандсан. Тухайлбал, гавьяат хуульч Н.Чадраабалтай хамтарч 2018 оны гуравдугаар сарын 14-нд  цаазаар авах ялыг сэргээх тухай асуудлаар хандсан. Лавшруулбал, Монгол Улсын олон улстай хийсэн гэрээ болон Эрүүгийн хуулийн зарим зүйл заалт зөрчсөн тухай юм. Тухайн үед ямар үндэслэл байсан бэ гэхээр УИХ-аас 2012 оны нэгдүгээр сарын 5-нд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай фактаар цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт XX протоколд нэгдэн орох тухай” гэсэн тогтоол гарсан.

Гэтэл манай Үндсэн хуулийн 10.4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ болон бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт бий. Тэгэхээр дээр дурдсан олон улсын гэрээ нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа юм. Үүнээс гадна Үндсэн хуульд цаазаар авах ял байгаа гэдгийг зохицуулсан зохицуулалт одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Мэдээж хэрэг тус хуулийн  16.1-т зааснаар Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй.

Харин Эрүүгийн хуульд “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан. Энэ заалтын ерөнхий агуулгыг авч үзвэл “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ ногдуулж болно” гээд заачихсан байна. Тиймээс манайд одоо хэр нь 1992 оны Үндсэн хуулийн цаазаар авах ялтай холбоотой хэсэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэсэн үг.

-Үндсэн хуулиа зөрчиж олон улсын ХХ протоколд орсон гэсэн үг үү. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ бол тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хийсэн ажил. Тэр үед иргэдийн дунд цаазаар авах нь зөв үү, буруу юу гэдэг судалгаа хийсэн байдаг.

Санал асуулгад оролцсон хүмүүсийн 83 хувь нь цаазаар авах ялыг халах нь буруу гэж үзэж байсан юм билээ. Мөн би саяхан олон нийтийн сүлжээнд багагүй судалгаа явуулсан. Судалгаанд оролцож, сэтгэгдэл бичсэн хүмүүсийн 98 хувь нь цаазын ялыг сэргээх нь зөв гэж үзсэн.

-Таныхаар яагаад заавал цаазаар авах ял байх ёстой гэж?
-Түүхэн талаас нь товч авч үзвэл анхны төрт улс үүссэн цагаас эхлээд монголчууд цаазаар авах ялтай байсан. Харин гүйцэтгэж байсан арга хэлбэрүүд нь өөр.

Жишээлбэл, морины сүүлэнд чирж ална ч гэдэг юм уу, тархийг нь чулуугаар хага цохиж хүртэл ял гүйцэтгэж байсан байх нь. Хэтэрхий харгис байдалтай цаазалж ч ирсэн.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаазын ялыг халах санаачилга гаргасан анхны хүн үү?
-Түүнээс өмнө бас нэг тохиолдол гарч байсан юм билээ. 1953 оны наймдугаар сарын 5-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчид хуралдаж “Энх тайван, амар амгалан ийм цаг үед цаазаар авах ял гүйцэтгэнэ гэдэг хэтэрхий харгис, хүнлэг бус юм” гэх үндэслэлээр цаазаар авах ялыг халах зарлиг гаргасан байдаг. Гэвч энэ шийдвэр нь зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн байгаа юм.

Учир нь, цаазаар авах ялыг халснаас хойш нийгмийг цочроосон онц аюултай гэмт хэргүүд удаа дараа гарсан. Улмаар иргэд, олон нийтийн эсэргүүцэл буюу шаардлагаар зургаан сарын дараа тус тогтоолоо хүчингүй болгож, цаазаар авах ялыг сэргээсэн түүх бий. 

ҮХЦ-ийнхэн Үндсэн хуулийнхаа өөдөөс “нулимаад” сууж байдаг

-Үндсэн хуулийн цэцэд таны гомдлыг хэлэлцэхгүй байх ямар шалтгаан байдаг юм бэ?
-Бид Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлдэг ч надад хэлэлцэхгүй байх талаар ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлэхгүй байгаа. Гэхдээ “Яг үүнтэй ижил мэдээлэл ирсэн. Эдгээрийг нэгтгэж хэлэлцэнэ” гэсэн тайлбарыг гурван удаа өгсөн. Мөн энэ асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг юм билээ. Яах вэ дээ, хэдэн хүмүүсийг захиалгаар хөлсөлсөн ч юм уу, яасан ч юм тэр дүгнэлтийг уншихаар инээдтэй л юм байдаг.

Тухайлбал, цаазаар авах ялыг сэргээвэл бид олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчинө. Гадаад харилцаанд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл бий болно гэсэн агуулгатай. Би хувьдаа уг дүгнэлттэй санал нийлэхгүй. Цаазын ялыг сэргээх нь зөв. Яах гэж Үндсэн хууль гэж баталсан юм. Энэ хуулийн агуулгад нийцүүлж бусад хууль, тогтоомоо батлан гаргах  ёстой. Угтаа бол Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага Үндсэн хуулийнхаа заалт зарчмыг хамгаалах ёстой. Харамсалтай нь, энэ байгууллага тодорхой эрх баригчдын гар хөл болж, тэдний захиалгаар шийдвэр гаргаж ажилладаг. Хатуухан хэлэхэд, Үндсэн хуулийн цэцийнхэн Үндсэн хуулийнхаа өөдөөс “нулимаад” суудаг байгууллага болж хувирсан.

-Цаазын ялтай байхад гэмт хэргийн гаралт ямар байсан, түүнийг халснаар ямар болсон гэж бодож байна вэ?
-Ер нь ялын бодлого гэдэг нь нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа нөлөөллийн буюу цээрлэлийн арга хэрэгсэл шүү дээ. Мэдээж хэрэг хулгай хийсэн хүнд хариуцлага хүлээлгэдэггүй байсан бол хулгайн гэмт хэрэг олширно. Нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх хандлага иргэдийн ухамсрын түвшин ямар байгаа вэ гэдгээр хэмжигддэг.

Өөрөөр хэлбэл, нийгмийн гишүүдийн ухамсрын түвшин сайжраад байх юм бол хариуцлагын тогтолцоо буюу энэ санкц нь харьцангуй сулраад явдаг гэсэн үг. Онолын хувьд ч, судалгаанаас харсан ч тэр гэмт хэрэг тодорхой түвшинд ихсэж байгаа. Жишээлбэл, зөвхөн бэлгийн хүчирхийлэлд гэхэд жилд 687 хүүхэд өртсөн. Гэтэл бид гэмт этгээдүүдэд тооцож байгаа хариуцлагын хэмжээг сулруулчихаад байна.

-Цаазын ялыг сэргээгээд нэмэргүй, гэмт хэрэгтний сэтгэлзүйтэй холбоотой гэж тайлбарлах хүмүүс ч байна. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Нэг талаар зөв ойлголт. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр аллага, садар самуунтай холбоотой кино, нэвтрүүлгүүд их гаргадаг. Үүнээс болж хүчирхийлэл гарсан кэйс ч байгаа. Тухайлбал, долдугаар ангийн хүүхэд хоёрдугаар ангийн хүүхдийг хүчирхийлсэн байдаг. Байцаалтыг нь уншаад үзэхээр тэр хүүхэд садар самуун кино үзсэн, түүнийгээ туршсан гэж хэлсэн байсан.

Энэ тохиолдолд хариуцлага тооцох ёстой. Наад зах нь цагийн хязгаарлалттай гаргах хэрэгтэй. Энэ мэт маш олон талаас нь харж шийдэхгүй бол ганцхан цаазаар авах ялыг сэргээвэл гэмт хэрэг багасаж, асуудлаа шийдчих гээд байгаа юм биш.

Монгол Улс цаазаар авах ялыг хавтгайруулан хэрэглэдэг, харгис улс байгаагүй

-Үнэхээр таны болон иргэдийн хүсэлтээр тус ял сэргэлээ гэхэд эрсдэл бий юу?
-Цаазаар авах ялыг хилсээр оноож, буруугүй хэн нэгнийг цаазаар авчихвал яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ маш том эрсдэл. Бид олон талаас нь харах хэрэгтэй. Гаднын улс орнуудын туршлагаас харж болно. Тухайлбал, Япон, Солонгос, Хятад орнуудад гэм буруутай гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогдлоо гэж үзвэл тодорхой хугацааны дараа цаазаар авах ялыг нь гүйцэтгэдэг туршлага байдаг. Бид энэ жишгээр явж болно. Гэхдээ Монгол Улс цаазаар авах ялыг хавтгайруулан хэрэглэдэг, харгис улс байгаагүй.

2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байсан жишээг татвал эх орноосоо урвасан, хүний амь насыг онц хүндээр хөнөөсөн, бага насны хүүхдийг хүчирхийлсэн зэрэг долоон төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан. Үүгээр зогсохгүй цаазаар авах ял хязгаарлалттай байсан. Жишээлбэл, онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн ч эмэгтэй хүн, насанд хүрээгүй хүүхдийг, цаашилбал 60-аас дээш насны эрэгтэй хүнийг цаазлахгүй гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан уучлал хүсэх эрхтэй байсан.

-Манай улс цаазаар авах ялыг хавтгайруулаагүй гэлээ. Энэ ялыг хэчнээн хүнд гүйцэлдүүлсэн байдаг вэ?
-1965-2005 оны хооронд Улсын дээд шүүхээс 806 хүнд цаазаар авах ял оноосон гэдэг судалгаа бий. Үүнээс хэдэн хүнд Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн бэ гэдэг нь тодорхой бус. Учир нь, цаазаар авах ял, гүйцэтгэх ажиллагаа нь төрийн нууцад хамаардаг болохоор нууц байдаг. Бид Америкийг ардчилсан улс гэдэг. Гэтэл тус улсын ихэнх муж цаазаар авах ялтай шүү дээ.

-Нэгэнт ялын бодлогын талаар ярьж байгаа болохоор цахим гавны талаар асуулгүй өнгөрч чадахгүй нь. Таны бодлоор энэ хэр зөв шийдвэр вэ?
-Үндсэн хуулийн цэцэд арван удаа хандсан гэж дээр дурдсан. Үүний нэг нь ялын төрөл байсан. Зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл бий. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж заасан. Гэтэл үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг нь Эрүүгийн хуулиар хязгаарлачихаж байгаа юм.

Уг нь “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд зорчих эрхийг хязгаарлана” гэсэн зохицуулалттай. Гэтэл ийм ялын төрөл гаргаж ирээд тэрийгээ Үндсэн хуулийн цэц нь “Олон улсын нийтлэг жишгээр хэрэглэдэг ял учраас манай улс хэрэглэх нь зүйтэй” гэж тайлбарладаг. Миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гав зүүж зорчих эрхийг нь хязгаарлана гэдэг нь “Чи гэрээсээ гарч болохгүй шүү” гэж байгаа мэтээр хязгаарлах төдий үйлдэл. Тэгэхээр тэр хүн ямар үйлдэл хийж байгааг хянах боломж байхгүй. Ер нь бол бид хүчирхийллийг хүчирхийллийн замаар шийднэ гэдэг гаргалгаагаар яваад байна. Үнэн хэрэгтээ тэр хүн яагаад хүчирхийлэл үйлдээд байгаа вэ гэдэг шалтгааныг нь судлах хэрэгтэй.

-Цахим гавны цаана ашиг сонирхлын зөрчил байна гэж үү?
-Сүүлийн үед энэ парламентаас гарч байгаа хууль, тогтоомжийн чадамж маш их буурсан. Энэ нь Монголд улс төр, бизнесийн тодорхой бүлэглэл үүссэнтэй холбоотой. Өөрсдийнхөө булхай, луйврыг хуулиар хаацайлдаг. Тэр хууль нь жирийн иргэдийн нуруун дээр очдог болжээ. Гэтэл хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй.


Хуульч Ё.Бямбатогтох: Үндсэн хуулийн цаазаар авах ялтай холбоотой хэсэг нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-15 11:06:46
    Болдоо: Цаазын ялыг сэргээх нь зөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-24 17:33:37
    Баянмөнх: Зөв зүйтэй асуудлаар мэдээлэл өгсөн баярлалаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188